Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 9

Залуучууд аа, бусдын итгэлийг олоорой

Залуучууд аа, бусдын итгэлийг олоорой

«Таны залуучууд шүүдэр мэт Танд ирнэ» (ДУУ. 110:3).

ДУУ 4 Бурхны өмнө сайн нэр олъё

ТОЙМ a

1. Гэрч залуучуудын тухай юу хэлж болох вэ?

 ЗАЛУУС та нар хуралдаа их хэрэгтэй хүмүүс шүү. Та нар чадал тэнхээтэй, эрч хүчтэй (Сур. 20:29). Тийм учраас хурлынхныхаа төлөө олон зүйлийг хийж чадна. Туслах үйлчлэгчээр томилогдох цагаа тэсэн ядан хүлээж буй хүн та нарын дунд байгаа биз ээ. Гэхдээ хүмүүс та нарт чухал ажил даалгахад арай залуудна, туршлагагүйднэ гэж боддог юм шиг санагдаж магадгүй. Тийм байж болно. Гэхдээ хурлынхныхаа хүндэтгэлийг хүлээж, итгэлийг нь олж авахын тулд яг одоо хийж чадах юм та нарт бий.

2. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Энэ өгүүллээр, Давид хааны тухай голлон авч үзнэ. Бас Иудагийн хаан Аса Иехошафат нарт тохиолдсон явдлыг товчхон ярилцана. Энэ гурван хүнд ямар бэрхшээл учирсан, хэрхэн давсныг болон Гэрч залуус тэднээс юу сурч болохыг үзнэ.

ДАВИД ХААНААС СУРАЛЦААРАЙ

3. Хурлынхаа ахмад хүмүүст туслах нэг арга юу вэ?

3 Давид бага залуудаа олон сайхан чадвар эзэмшжээ. Еховатай дотно байсан нь тодорхой харагддаг. Тэрбээр хөгжим сайн тоглодог байсан бөгөөд энэ чадварынхаа ачаар Бурхны томилсон Саул хааныг тайвшруулдаг байсан (1 Сам. 16:16, 23). Залуус та нар хурлынхандаа тустай чадвар эзэмшсэн үү? Тийм байх. Ахмад хүмүүс цуглаан дээр болон бие дааж судлахдаа таблет зэрэг цахим хэрэгслээ ашиглах гэж мунгинадаг. Тэр үед нь туслаад өгвөл тэд их баярладгийг та нар анзаарсан биз ээ. Цахим хэрэгслийн талаарх мэдлэгээ ашиглаад тэдэнд тусалж байгаарай.

Давид аавынхаа хонийг сайн хариулдаг, тэр бүү хэл баавгай дайрахад хоньдоо хамгаалан тулалддаг байсан. Ийнхүү найдвартай, хариуцлагатай хүн гэдгээ баталжээ (4-р догол мөрийг үзээрэй)

4. Залуучууд Давидыг дуурайн ямар хүн болох ёстой вэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

4 Давид хариуцлагатай, найдвартай хүн гэдгээ амьдрал дээрээ харуулсан. Жишээ нь хүүхэд байхдаа аавынхаа хонийг сайн хариулдаг байв. Хонио хариулж явахад нь аюул учирдаг байжээ. Хожим тэрбээр Саулд «Таны боол би эцгийнхээ хонийг хариулж байсан. Арслан, эсвэл баавгай ирээд, хонин сүргээс минь хурга авч явбал, би араас нь хөөн очиж, түүнийг довтолж, хургаа авардаг байв» гэжээ (1 Сам. 17:34, 35). Давид хониндоо санаа тавих ёстойгоо ойлгодог байсан бөгөөд хонио хамгаалж зоригтой тэмцдэг байсан. Залуучууд Давидыг дуурайн ямар ч даалгаврыг сайн биелүүлэх хэрэгтэй.

5. Сургаалт үгс 3:32-ыг үзвэл Гэрч залуучуудын хийх хэрэгтэй хамгийн чухал юм юу вэ?

5 Залуу Давид Еховатай маш дотно байсан. Энэ харьцаа нь эр зориг эсвэл хөгжим тоглох чадвараас ч илүү чухал байжээ. Ехова Давидын Бурхан нь төдийгүй Найз нь байсан. Бүр хамгийн дотнын Анд нь байв (Сургаалт үгс 3:32-ыг уншина). Залуус аа, та нарын хийх хэрэгтэй хамгийн чухал юм бол тэнгэрийн Эцэгтэйгээ улам дотносох явдал юм. Дотносохын хэрээр хурлынхандаа тустай, хариуцлагатай ажил даалгавар гүйцэтгэдэг болно.

6. Зарим хүн Давидын талаар ямар бодолтой байсан бэ?

6 Давидад ямар бэрхшээл тулгарсан бэ? Зарим хүн түүний талаар таагүй бодолтой байв. Жишээлбэл Голиаттай сайн дураараа тулалдах гэхэд нь Саул хаан «Чи бол залуу» гэж хэлж түүний зоригийг мохоохыг оролдсон (1 Сам. 17:31–33). Үүний өмнөхөн, ах нь Давидыг хариуцлагагүй гэж буруутгажээ (1 Сам. 17:26–30). Харин Ехова Давидыг туршлагагүй, хариуцлагагүй гэж бодоогүй. Тэрбээр Давидыг сайн мэддэг байв. Давид ч өөрийн Анд Еховад найдсан учир Голиатыг ялсан (1 Сам. 17:45, 48–51).

7. Давидаас юу сурах вэ?

7 Давидаас юу сурах вэ? Тэвчээртэй байхыг сурч болно. Чамайг бага байхаас чинь мэддэг зарим хүн одоо эрийн цээнд хүрсэн том залуу болсон гэдгийг чинь ойлгоход цаг хугацаа хэрэгтэй байж болох юм. Харин Ехова гаднах байдлыг чинь л хардаг юм биш ээ. Чиний хэн болохыг, юу хийж чаддагийг чинь ч мэддэг (1 Сам. 16:7). Бурхантай улам дотносоорой. Давид бүтээлийг нь сайн ажиглаж Бурхантай дотносжээ. Бүтээл нь Бүтээгчийнхээ талаар юу хэлдгийг гүн гүнзгий эргэцүүлэн боддог байсан (Дуу. 8:3, 4; 139:14; Ром 1:20). Чиний хийх хэрэгтэй бас нэг зүйл бол Еховагаас хүч гуйх юм. Жишээ нь, ангийн чинь хүүхдүүд чамайг Еховагийн Гэрч гэдгээс чинь болж шоолдог уу? Тэгдэг бол энэ бэрхшээлээ давахад туслахыг Еховагаас гуйгаарай. Бас Бурхны Үг болон Библид үндэслэсэн хэвлэл, видеоноос олсон зөвлөгөөгөө хэрэгжүүлээрэй. Бэрхшээлийг давахад Ехова тусалж байгааг харах бүрд итгэл чинь улам батажна. Мөн Еховад найддагийг чинь харсан бусад хүн чамд итгэл хүлээлгэнэ.

Залуучууд даруу байж, бусдадаа янз бүрийн аргаар тусалдаг (8, 9-р догол мөрийг үзээрэй)

8, 9. Давид, хаан ширээнд суух цагаа тэвчээртэй хүлээж чадсаны учир юу вэ? Залуучууд түүнээс юу сурах вэ?

8 Давидад тохиолдсон өөр нэг бэрхшээлийн тухай ярилцъя. Тэрбээр хаан болж тослогдсон ч Иудагийн хаан ширээнд албан ёсоор залартлаа олон жил хүлээх шаардлагатай болсон (1 Сам. 16:13; 2 Сам. 2:3, 4). Энэ хугацаанд тэвчээртэй хүлээхэд нь юу тус болсон бол? Давид сэтгэлээр унахын оронд чадах юмаа анхаарсан. Жишээ нь Филистийн нутагт оргож босож явахдаа Израйлын дайснуудтай тулалдах боломжийг алдалгүй ашигласан. Ийнхүү Иудагийн нутаг дэвсгэрийн хил хязгаарыг хамгаалжээ (1 Сам. 27:1–12).

9 Залуучууд Давидаас юу сурч болох вэ? Ах дүү нартаа үйлчлэхийн тулд чадах бүхнээ хийгээрэй. Рикардо b гэдэг Гэрч залуугийн тухай ярилцъя. Тэрбээр хүүхэд байхаасаа л байнгын эхлэгчээр үйлчлэхийг мөрөөддөг байсан ч ахлагчид түүнийг болоогүй байна гэдэг байжээ. Рикардо сэтгэлээр унасангүй, уурлаж дургүйцсэнгүй. Харин илүү идэвхтэй дэлгэрүүлдэг болов. Тэрбээр: «Энэ нь ахиц дэвшил гаргахад надад хэрэг болсон гэж одоо боддог юм. Би сонирхсон хүн болгонтой дахин уулзахыг голлон анхаарч, давтан уулзалт бүрдээ сайн бэлддэг байсан. Тэгээд бүр, Библийн хичээлтэй болсон. Дэлгэрүүлэхийн хэрээр өөртөө итгэлтэй болсон» гэсэн юм. Одоо Рикардо байнгын эхлэгчээр үр өгөөжтэй үйлчлэхийн зэрэгцээ туслах үйлчлэгч болжээ.

10. Давид нэг удаа чухал шийдвэр гаргахаасаа өмнө яасан бэ?

10 Давидын амьдралд тохиолдсон бас нэг явдлыг ярилцъя. Давидын талынхан Саулаас зугтаж явахдаа эхнэр хүүхдээ гэртээ орхиод дайснуудтай тулалдахаар оджээ. Тэр хооронд дээрэмчид ирээд гэрийг нь тонож, эхнэр хүүхдүүдийг нь олзлон авч явсан байлаа. Давид цэрэг дайны туршлагадаа дулдуйдан гэрийнхнээ аврах сайн төлөвлөгөө боловсруулж чадна гэж бодож болох байсан. Гэвч үүний оронд Еховагаас тусламж гуйжээ. Тэрбээр: «Эдгээр дээрэмчдийн бүлгийг би мөрдөх үү?» гэж тахилч Абиатараар асуулгасан. Тэгэхэд нь Ехова: «Мөрдөгтүн, чи тэднийг заавал хөөж гүйцэн, бүхнийг аварч чадна» хэмээн хариулав (1 Сам. 30:7–10). Энэ явдал ямар сургамжтай вэ?

Залуучууд аа, ахлагчдаас зөвлөгөө авч байгаарай (11-р догол мөрийг үзээрэй)

11. Шийдвэр гаргахаасаа өмнө яах хэрэгтэй вэ?

11 Шийдвэр гаргахаасаа өмнө хүмүүсээс зөвлөгөө авч байгаарай. Аав ээжтэйгээ ярилцаарай. Бас туршлагатай ахлагчид чамд сайн зөвлөгөө өгч чадна. Яагаад гэвэл Ехова томилсон хүмүүстээ итгэдэг. Тиймээс чи ч тэдэнд итгэж болно. Ехова тэднийг «бэлэг» гэж үздэг (Эф. 4:8). Бат итгэлтэй тэднийг дуурайгаарай. Мэргэн зөвлөгөөг нь сонсоорой. Ингэдэг бол зөв шийдвэр гаргана. Одоо Аса хаанаас юу сурч болохыг ярилцъя.

АСА ХААНААС СУРАЛЦААРАЙ

12. Аса хаан залуудаа ямар зан чанартай хүн байсан бэ?

12 Аса хаан залуудаа даруу, зоригтой хүн байжээ. Жишээ нь эцэг Абиагийнхаа хаан ширээг залгамжилж авмагцаа хиймэл шүтээнүүдийг устгах аян өрнүүлсэн. Бас «эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг хайн, хууль тушаалуудыг сахихыг иудачуудад тушаав» (Ш.дэд 14:1–7). Етиоп хүн Зера нэг сая цэрэгтэй довтлохоор ирэхэд Аса ухаалаг байж Еховагаас тусламж гуйсан. «ЭЗЭН, хүчирхэг болон сул дорой хоёрын хоорондох тулалдаанд Танаас өөр тусалдаг хэн ч байхгүй. Иймээс бидний Бурхан ЭЗЭН, бидэнд туслаач. Учир нь бид Танд итгэсэн» гэжээ. Еховаг ард түмнээ аварч чадна гэдэгт хэчнээн итгэлтэй байсныг нь энэ үг харуулдаг. Аса тэнгэрийн Эцэгтээ найдсан. Ехова ч «етиопчуудыг ... бут цохисон» (Ш.дэд 14:8–12).

13. Асад юу тохиолдсон бэ? Яагаад?

13 Сая цэрэгтэй армитай нүүр тулна гэдэг үнэхээр аймаар. Гэхдээ Аса хаан Еховад найдаж байсан учир ялсан. Харамсалтай нь, өөр бэрхшээл тулгарахад Еховад найдаагүй. Израйлын хорон муу хаан Баашаг довтлон ирэхэд Аса Арамын хаанаас тусламж гуйдаг. Ийм шийдвэр гаргаснаасаа болоод муу үр дагавар амсжээ! Ехова түүнд «Чи өөрийн Бурхан ЭЗЭНд найдалгүй, Арамын хаанд найдсан учраас Арамын хааны цэргүүд чиний гараас нэгэнт мултарчээ» хэмээн зөнч Хананигаар хэлүүлсэн. Тэр цагаас хойш Аса ямагт дайн тулаантай байх болсон (Ш.дэд 16:7, 9; Х.дээд 15:32). Энэ нь ямар сургамжтай вэ?

14. Чи Еховад найддагаа хэрхэн батлах вэ? 1 Тимот 4:12-ыг үзвэл Еховад найдахын ач тус юу вэ?

14 Даруу байж, Еховад үргэлж найдаарай. Чи баптисм хүртсэнээрээ Еховад итгэж найддагаа баталсан. Ехова ч чамайг гэр бүлдээ баяртайгаар хүлээж авсан. Одоо чиний хийх юм бол Еховад үргэлж найдах явдал юм. Амьдралыг өөрчлөх чухал чухал шийдвэр гаргахад Еховад найдах нь амархан байж болох юм. Гэхдээ бусад үед яах вэ? Амралт, чөлөөт цагаараа юу хийх, ямар ажилд орох, ямар зорилго тавих зэрэг шийдвэр гаргахдаа Еховад найддаг байх нь маш чухал. Өөрийнхөө мэргэн ухаанд найдахын оронд нөхцөл байдалдаа тохирсон Библийн зарчмыг олоод, амьдралдаа хэрэгжүүлээрэй (Сур. 3:5, 6). Ингэдэг бол Еховагаа баярлуулна, хурлынхныхаа хүндэтгэлийг хүлээнэ (1 Тимот 4:12-ыг уншина).

ИЕХОШАФАТ ХААНААС СУРАЛЦААРАЙ

15. Шастирын дэд 18:1–3; 19:2-т бичсэнээр, Иехошафат хаан ямар алдаа гаргасан бэ?

15 Бүх хүн төгс бус. Чи ч төгс бус. Тийм учраас заримдаа алдаа гаргах нь мэдээж. Тэглээ ч гэсэн Еховад хамаг чадлаараа үйлчилсээр байгаарай. Иехошафат хааны тухай ярилцъя. Тэрбээр олон сайхан зан чанартай хүн байжээ. Залуудаа «өөрийн эцгийн Бурханыг эрэлхийлэн, Түүний тушаалуудыг дагасан». Бас ард олонд Еховагийн тухай заах түшмэдийг Иудагийн хотууд руу илгээсэн (Ш.дэд 17:4, 7). Гэхдээ хэчнээн чин сэтгэлтэй ч заримдаа буруу шийдвэр гаргадаг байжээ. Жишээ нь нэг удаа буруу шийдвэр гаргаснаасаа болоод Еховагийн төлөөлөгчдийн нэгэнд зэмлүүлсэн (Шастирын дэд 18:1–3; 19:2-ыг уншина). Энэ явдал чамд ямар сургамжтай вэ?

Ажилсаг, найдвартай залуучууд нэр сайтай байдаг (16-р догол мөрийг үзээрэй)

16. Раживт тохиолдсон явдал ямар сургамжтай вэ?

16 Зөвлөгөөг хүлээн авч хэрэгжүүлээрэй. Еховад үйлчлэхийг амьдралынхаа гол зүйл болгох нь залуучуудад амаргүй байдаг. Чамд бас ингэж санагддаг байж болох юм. Гэхдээ бүү гутраарай. Ражив гэдэг залуу өсвөр насаа дурсан: «Би заримдаа юу хүсээд байгаагаа ойлгодоггүй байсан. Бусад хүүхэд шиг спорт сонирхдог байсан. Энэ нь цуглаанд явах, дэлгэрүүлэхээс ч илүү гоё юм шиг санагддаг байлаа» гэжээ. Тэгээд яасан бэ? Сайхан сэтгэлтэй нэг ахлагч түүнд зөвлөгөө өгчээ. Ражив: «Тэр ах 1 Тимот 4:8-д байдаг зарчмыг бодуулж, зөв дүгнэлтэд хүрэхэд минь тусалсан» гэв. Ражив зөвлөгөөг даруухнаар хүлээн авч, амьдралд минь юу чухал вэ гэж эргэцүүлэн боджээ. Тэрбээр: «Би Еховад үйлчлэхийг амьдралынхаа гол зорилго болгохоор шийдсэн» гэсэн юм. Үр дүн нь ямар байсан бэ? Ражив: «Тэр зөвлөгөөг авснаас хойш хэдэн жил өнгөрсний дараа би туслах үйлчлэгч болсон» гэжээ.

ТЭНГЭРИЙН ЭЦГЭЭ БАЯРЛУУЛААРАЙ

17. Ахмад хүмүүс Еховад үйлчилдэг залуусыг хэрхэн үздэг вэ?

17 Ахмад хүмүүс Еховад «мөр зэрэгцэн» үйлчилдэг залуус та нарыг өндөр үнэлдэг (Зеф. 3:9). Тэд та нарыг ажил даалгавраа идэвх зүтгэлтэй, эрч хүчтэй, урам зоригтой хийдэгт баярладаг. Та нар ахмад үеийнхнийхээ хайр хүндэтгэлийг хүлээдэг шүү (1 Ёох. 2:14).

18. Сургаалт үгс 27:11-ийг үзвэл өөрт нь үйлчилдэг залуус Еховад ямар санагддаг вэ?

18 Залуучууд аа, Ехова та нарт хайртай бөгөөд та нарт итгэдгийг хэзээ ч бүү мартаарай. Эцсийн өдрүүдэд залуучуудаас бүрдсэн арми сайн дураараа үйлчилнэ гэдгийг Ехова зөгнөсөн (Дуу. 110:1–3). Өөрийг нь хайрлаж, хамаг чадлаараа үйлчлэхийг хүсдэгийг чинь Ехова мэддэг. Тиймээс бусдад ч, өөртөө ч тэвчээртэй хандаарай. Алдаа гаргавал зөвлөгөө, зэмлэлийг хүлээж аваарай. Ехова сахилгажуулж байна гэж бодоорой (Евр. 12:6). Ямар ч даалгаврыг хичээнгүйлэн биелүүлж байгаарай. Юу ч хийсэн, хамгийн гол нь, тэнгэрийн Эцгээ баярлуулж яваарай (Сургаалт үгс 27:11-ийг уншина).

ДУУ 11 Еховаг баярлуулъя

a Залуучууд Еховатай дотносохоороо түүнд түлхүү үйлчлэхийг хүсдэг. Туслах үйлчлэгч болох шаардлага хангая гэвэл хурлынхныхаа хүндэтгэлийг хүлээж, итгэлийг нь даах шаардлагатай. Үүний тулд яах нь зүйтэй вэ?

b Зарим нэрийг өөрчлөв.