Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 8

Атаархлаа ялж, эвтэй байцгаая

Атаархлаа ялж, эвтэй байцгаая

«Эвтэй байхын тулд, бие биеэ урамшуулан зоригжуулахын тулд чадах бүхнээ хийцгээе» (РОМ 14:19).

ДУУ 39 Амар тайвныг эрхэмлэе

ТОЙМ *

1. Атаархлаас болж Иаковын гэр бүлд юу тохиолдсон бэ?

ИАКОВ бүх хүүгээ хайрладаг ч 17 настай Иосефт онцгой хайртай байжээ. Иосефын ах нар яасан бол? Дүүдээ атаархаж, яваандаа үзэн яддаг болжээ. Уг нь Иосеф ах нарынхаа дургүйг хүргэх юу ч хийгээгүй билээ. Тэглээ ч гэсэн тэд Иосефыг боол болгон худалджээ. Тэгээд аавыгаа хуурч, зэрлэг араатан хайртай хүүг тань барьчихсан гэж хэлсэн. Тэд атаархалд автсаны улмаас гэр бүлийнхээ эв нэгдлийг эвдэн бусниулж, аавыгаа зовоон өр зүрхийг нь шархлуулжээ (Эх. 37:3, 4, 27–34).

2. Галат 5:19–21-ийг үзвэл атаархал яагаад аюултай вэ?

2 Бурхны Хаант төрд багтахад саад болдог, үхэлд хүргэдэг «нүгэлт хандлагыг» Библид жагсааж бичихдээ атаархлыг * оруулжээ (Галат 5:19–21-ийг уншина). Хортой ургамалтай зүйрлэм дайсагнал, хэрүүл маргаан, уур хилэнгийн үндэс нь атаархал юм.

3. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Атаархал нь ах дүүгийн харьцааг муутгаж, эв нэгдлийг эвдэн бусниулдгийг Иосефын ах нарт тохиолдсон явдал харуулдаг. Тэдний гаргасан алдааг бид хэзээ ч давтахгүй. Гэхдээ бүх хүн төгс бус, хуурамч зүрхтэй (Иер. 17:9). Тийм болохоор атаархах сэтгэл төрж магадгүй. Яагаад бидний зүрхэнд атаархал төрдгийг мэдэхэд тус болох хэдэн жишээг Библиэс үзье. Дараа нь атаархлыг хэрхэн ялан дийлэхийг, эвтэй байхын тулд яах хэрэгтэйг ярилцъя.

ХҮМҮҮС ЯМАР ХҮНД АТААРХДАГ ВЭ?

4. Филистчүүд яагаад Исаакт атаархсан бэ?

4 Эд хөрөнгөтэй хүнд. Исаак баян чинээлэг хүн байлаа. Эд хөрөнгө, мал сүрэг нь өсөн нэмэгдэж байгааг хараад филистчүүд атаархсан (Эх. 26:12–14). Тэгээд малаа усалдаг худгуудыг нь шороогоор дүүргэн бөглөжээ (Эх. 26:15, 16, 27). Өнөө үед бас өөрөөсөө илүү хөрөнгөтэй хүнд атаархдаг хүмүүс бий. Тэд бусдын юманд санаархаад зогсохгүй, салган авч өөрийн болгохыг боддог.

5. Шашны удирдагчид яагаад Есүст атаархсан бэ?

5 Хайр хүндэтгэл хүлээсэн хүнд. Жирийн ард түмэн Есүсийг хайрлан хүндэтгэдэг байв. Тийм учраас иудейн шашны удирдагчид түүнд атаархсан (Мат. 7:28, 29). Есүс бол Бурхны төлөөлөгч, үнэнийг заадаг хүн байсан. Гэлээ ч шашны удирдагчид Есүсийн нэр хүндийг унагах зорилгоор гүтгэсэн (Марк 15:10; Ёох. 11:47, 48; 12:12, 13, 19). Энэ явдлаас ямар сургамж авч болох вэ? Хурлынхны хайр хүндэтгэлийг хүлээдэг, сайхан зан чанартай ах дүүдээ өчүүхэн ч гэсэн атаархахын оронд тэднийг дуурайхыг хичээх нь зүйтэй (1 Кор. 11:1; 3 Ёох. 11).

6. Диотреф атаархсан нь юунаас харагддаг вэ?

6 Хариуцлагатай үүрэгтэй хүнд. Нэгдүгээр зуунд амьдарч байсан Диотреф гэдэг дагалдагч удирдах үүрэгтэй эрчүүдэд атаархсан. Хурлын гишүүдийн дунд «тэргүүн болохыг» дурласан учир элч Ёохан нарын хариуцлагатай үүрэгтэй эрчүүдийн талаар хаа сайгүй муулж ярьдаг байжээ (3 Ёох. 9, 10). Бид Диотреф шиг болохыг хүсэхгүй. Гэхдээ бидний хүсэл мөрөөдөл болсон үүргийг өөр хүн гүйцэтгэхээр болбол яах вэ? Тэр хүн шиг эсвэл түүнээс ч илүү сайн биелүүлж чадна гэж бодоод атаархаж мэднэ.

Бидний зүрхийг хөрстэй, сайхан зан чанарыг гоё цэцэгтэй, харин атаархуу занг хортой ургамалтай адилтгаж болно. Атаархал бол хайр, өрөвч сэтгэл, сайхан сэтгэл зэрэг зан чанартай болоход саад болдог хортой ургамалтай адил юм (7-р догол мөрийг үзээрэй)

7. Атаархлыг яагаад хортой ургамалтай адилтгадаг вэ?

7 Атаархал бол хортой ургамалтай адил юм. Үрийг нь зүрхэндээ үндэслүүлбэл сугалж хаяхад хэцүү болно. Хардалт, бардам зан, аминч үзэл гэх мэтээс болж атаархах сэтгэл улам хүчтэй болдог. Хайр, өрөвч сэтгэл, сайхан сэтгэл зэрэг зан чанарыг бий болгоход атаархал саад болдог. Зүрхэнд маань атаархал соёолж эхэлснийг анзаарсан даруйдаа үндсээр нь зулгааж хаях хэрэгтэй. Атаархлыг хэрхэн ялах вэ?

ДАРУУ БӨГӨӨД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙГААРАЙ

Хортой ургамалтай зүйрлэм атаархлыг хэрхэн ялан дийлэх вэ? Атаархахаа больж, даруу, сэтгэл хангалуун байж сурахад Бурхны агуу хүч тусална (8, 9-р догол мөрийг үзээрэй)

8. Бусдад атаархахгүй байхад ямар зан чанар тустай вэ?

8 Даруу бөгөөд сэтгэл хангалуун байж сурвал бусдад атаархахгүй. Ийм сайхан зан чанартай хүн атаархуу болохгүй. Өөрийгөө их юманд бодохгүй байхад даруу зан тустай. Даруу хүн өөрийгөө чухалд үздэггүй (Гал. 6:3, 4). Байгаа юмандаа сэтгэл хангалуун байдаг хүн өөрийгөө бусадтай харьцуулдаггүй (1 Тим. 6:7, 8). Даруу, сэтгэл хангалуун хүн сайн яваа хүний өмнөөс баярладаг.

9. Галат 5:16 болон Филиппой 2:3, 4-ийг үзвэл, агуу хүч гуйх хэрэгтэйн учир юу вэ?

9 Атаархахаас зайлсхийхийн зэрэгцээ даруу, сэтгэл хангалуун байж сурахын тулд Бурхнаас агуу хүчийг нь гуйх хэрэгтэй (Галат 5:16; Филиппой 2:3, 4-ийг уншина). Сэтгэл зүрх, оюун бодлоо шалгаж, хорон муу хандлагыг эерэг сайн болгож өөрчлөхөд агуу хүч тусалдаг (Дуу. 26:2; 51:10). Атаархалд автаагүй Мосе Паул нарын жишээг авч үзье.

Нэг хөвгүүн Мосе Иошуа хоёрт мэдээ хүргэж иржээ. Хуаранд хоёр хүн зөнч шиг аяглаж байгааг дуулгасан ажээ. Тэднийг болиулаач гэсэн Иошуагийн гуйлтыг Мосе хүлээж авсангүй. Харин ч Ехова тэр хоёрт агуу хүчээ өгсөнд нь баярлаж байгаагаа хэлж байна (10-р догол мөрийг үзнэ үү)

10. Мосе хэрхэн соригдсон бэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

10 Мосе бол Бурхны ард түмнийг захирах маш их эрх мэдэлтэй нэгэн байсан. Гэлээ ч эрх мэдлийнхээ төлөө үхэн хатан тэмцэж яваагүй. Жишээ татъя. Нэг удаа Ехова агуу хүчээ Мосегоос авч, хурлын майхны хажууд цугласан хэдэн ахлагчид өгчээ. Дараахан нь Мосе нэг мэдээ сонсов. Хурлын майхан руу хүрч ирээгүй хоёр ахлагч бас Бурхны агуу хүчийг авч, зөгнөж байсан ажээ. Тэр хоёрыг болиулаач гэж Иошуаг гуйхад Мосе яасан бэ? Еховагийн онцгой хайр халамжийг үзсэн тэр хоёр ахлагчид атаархахын оронд зөгнөдөг болсонд нь баярласан (Тоол. 11:24–29). Даруу байсан Мосегоос юу сурах вэ?

Ахлагчид Мосег хэрхэн дуурайх вэ? (11, 12-р догол мөрийг үзээрэй) *

11. Ахлагчид Мосег хэрхэн дуурайх вэ?

11 Та ахлагч уу? Хэрэв тийм бол дуртай ажил үүргийг тань өөр хүнд шилжүүлэхээр болж, тэр хүнийг сургаарай гэсэн даалгаврыг танд өгч байсан уу? Жишээ нь, 7 хоног бүр «Харуулын цамхаг» судлалын цуглаан удирддаг гэж бодъё. Гэтэл өөр эрэгтэйг сургаж, энэ цуглааныг удирдах чадвартай болгох даалгаврыг танд өгчээ. Хэрэв та Мосе шиг даруу бол өөрийгөө хэрэггүй хүн болжээ гэж бодохгүй. Харин тэр хүнд туслах болсондоо баярлана.

12. Олон Гэрч даруу, сэтгэл хангалуун гэдгээ хэрхэн харуулдаг вэ?

12 Настай ахлагчдад тулгардаг өөр нэг асуудлын тухай бодож үзье. Хэдэн арван жил ахлагчдын зөвлөлийн зохицуулагчаар үйлчилсэн хүн олон байдаг. Тэд 80 хүрэхээрээ үүргээ өөр хүнд дуртайяа шилжүүлдэг. Дүүрэг хариуцагчид даруу учраас 70 хүрэхээрээ үүргээ хүлээлгэн өгч, өөр томилолт авдаг. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд буй олон бетелчин шинэ томилолт аван Бетелээс гарч байна. Хийж байсан ажлыг нь өөр хүн хийх боллоо гэхэд үнэнч ах дүү нар маань эгдүүцдэггүй.

13. Паул яагаад 12 элчид атаархаагүй вэ?

13 Элч Паул бол даруу, сэтгэл хангалуун байж сурсан хүмүүсийн бас нэг жишээ юм. Тэрбээр атаархалд автаагүй. Еховагийн ажлыг махран хийдэг зүтгэлтэй хүн байсан ч «Би элчүүдийн дундаас хамгийн өчүүхэн нь бөгөөд элч байх хүндтэй хүн биш ээ» гэж хэлжээ (1 Кор. 15:9, 10). Есүсийг дэлхий дээр үйлчилж байхад тэр 12 элч дагалдагч нь байсан. Харин Паул Есүсийг нас бараад амилснаас хойш л дагалдагч нь болсон билээ. Хожим нь элч болж «харь үндэстнүүд рүү илгээгдсэн» ч 12 элчийн тоонд багтах онцгой завшааныг хэзээ ч эдлээгүй (Ром 11:13; Үйлс 1:21–26). Паул тэр 12 хүнийг Есүстэй ойр дотно байсан гэж атаархаагүй. Харин байгаа юмандаа сэтгэл хангалуун байжээ.

14. Сэтгэл хангалуун, даруу хүн яадаг вэ?

14 Бид сэтгэл хангалуун, даруу бол Паул шиг байна. Бас Еховагаас эрх мэдэл авсан хүмүүсийг хүндэлнэ (Үйлс 21:20–26). Ехова Христийн дагалдагчдын хурлыг удирдах үүргийг ахлагчдад оноосон. Төгс бусыг нь үл харгалзан тэднийг «бэлэг» гэж үздэг (Эф. 4:8, 11). Хэрэв бид томилогдсон эрчүүдийг хүндэлж, зааврыг нь дагаж даруу байдаг бол Еховатай дотно, итгэл нэгтнүүдтэйгээ эвтэй байна.

«ЭВТЭЙ БАЙХЫН ТУЛД ... ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙЦГЭЭЕ»

15. Бид яах хэрэгтэй вэ?

15 Атаархал байгаа газар эв нэгдэл үгүй. Бид атаархал хэмээх хортой ургамлыг сэтгэл зүрхнээсээ зулгааж хаях шаардлагатай. Бас бусдад атаархал төрүүлэхээс болгоомжлох ёстой. «Эвтэй байхын тулд, бие биеэ урамшуулан зоригжуулахын тулд чадах бүхнээ» хийгээрэй гэсэн Еховагийн тушаалыг дагадаг бол дээрх хоёр зөвлөгөөг ажил хэрэг болгож чадна (Ром 14:19). Атаархлаа ялан дийлэхэд нь бусдад хэрхэн туслах вэ? Яавал амар тайван ноёлох вэ?

16. Атаархал төрүүлэхээс хэрхэн зайлсхийх вэ?

16 Хүний үйлдэл, хандлага бусдад маш хүчтэй нөлөөлдөг. Энэ ертөнц биднийг байгаа юмаараа гайхуулаасай гэж хүсдэг (1 Ёох. 2:16). Гэтэл ийм хандлага атаархал төрүүлдэг. Бусдад атаархал төрүүлэхээс зайлсхийе гэвэл өөртөө байгаа эсвэл худалдан авах гэж байгаа зүйлийнхээ талаар байнга яриад байх хэрэггүй. Өөр нэг арга нь, хуралд хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг хүн даруу байх хэрэгтэй. Ямар үүрэг гүйцэтгэдгээ ярьж, бусдын анхаарлыг татаад байвал атаархал төрүүлнэ. Харин чин сэтгэлээсээ санаа тавьж, сайн талыг нь онцолдог бол сэтгэл хангалуун байхад нь тусална. Мөн хурлаараа эв нэгдэлтэй, амар тайван байна.

17. Иосефын ах нар хэрхэн өөрчлөгдсөн бэ? Яагаад?

17 Атаархлыг ялан дийлэх боломжтой! Иосефын ах нарын тухай дахин бодъё. Тэд Иосефыг худалдсанаасаа хойш олон жилийн дараа Египетэд очоод дүүтэйгээ учирчээ. Иосеф хэн болохоо илчлэхээсээ өмнө өөрчлөгдсөн эсэхийг нь мэдэх гэж ах нараа сорьдог. Тэдэнд зориулж зоог барихдаа дүү Бениаминдаа бусдаас нь илүү их хувь хүртээсэн (Эх. 43:33, 34). Тэгсэн хэдий ч ах нар нь Бениаминд атаархсан шинжгүй байлаа. Харин ч дүү Бениамин болон эцэг Иаковтаа чин сэтгэлээсээ санаа тавьж буй нь илт байжээ (Эх. 44:30–34). Иосефын ах нар атаархахаа больсон учраас гэр бүлээрээ дахин амар тайван болсон (Эх. 45:4, 15). Үүнтэй адил, бид сэтгэл зүрхнээсээ атаархлыг үндсээр нь суга татан хаявал гэр бүл, хурлынхаа эв нэгдэлд ихээхэн хувь нэмэр оруулна.

18. Яаков 3:17, 18-д бичсэнээр, амар тайван орчинг бүрдүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?

18 Атаархлаа ялан дийлээсэй, эв нэгдэлтэй байгаасай гэж Ехова биднээс хүсдэг. Хүслийг нь биелүүлэхийн тулд бид маш их хичээх ёстой. Атаархах хандлага хүн бүхэнд байдгийг энэ өгүүллээр үзлээ (Яак. 4:5). Бид атаархлыг хөхиүлэн дэмждэг ертөнцөд амьдарч байна. Гэхдээ даруу, сэтгэл хангалуун, талархдаг байж сурвал атаархалд автахгүй. Харин ч сайхан зан чанартай болоход тустай амар тайван орчинг бүрдүүлнэ (Яаков 3:17, 18-ыг уншина).

ДУУ 35 Тэвчээртэй Бурхандаа талархъя

^ д/м 5 Еховагийн байгууллага эв эеийг эрхэмлэдэг. Гэхдээ бид атаархвал эв нэгдлээ эвдэн бусниулж болзошгүй. Юунаас болж атаархдагийг энэ өгүүллээр ярилцана. Мөн атаархлаа хэрхэн ялахыг, эвтэй байхын тулд яах хэрэгтэйг авч үзнэ.

^ д/м 2 ҮГИЙН ТАЙЛБАР: Библид тодорхойлсноор, атаархуу хүн бусдын юманд санаархаад зогсохгүй, салгаж авахыг оролддог.

^ д/м 61 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Ахлагчдын зөвлөл хуралдаж, «Харуулын цамхаг» судлалын цуглааныг залуу ахлагчаар удирдуулахаар болж, түүнийг сургахыг настай ахлагчид даалгаж байна. Хэдийгээр настай ахлагч уг цуглааныг удирдах дуртай ч ахлагчдын шийдвэрийг чин сэтгэлээсээ дэмжин залуу ахлагчийг магтаж, зөвлөгөө өгч байна.