Skip to content

Гарчиг руу орох

Үүрэг даалгавартаа сэтгэлээ зориулаарай!

Үүрэг даалгавартаа сэтгэлээ зориулаарай!

ТА ДОТНЫН андаасаа урам сэргээм захиа авбал яах вэ? Христийн шавь Тимот элч Паулаас тийм л захиа авчээ. Тэрбээр хайртай найзынхаа юу бичсэнийг бушуухан мэдэх гэж хүнгүй газар хайсан нь лавтай. Библид байдаг уг захидлыг «Хоёрдугаар Тимот» гэдэг. Тимот: «Паул ах маань яажшуухан байгаа бол? Даалгавраа амжилттай биелүүлэхэд минь тус болох ямар зөвлөгөө өгсөн бол? Дэлгэрүүлэх, заах болон бусдад туслах талаар зөвлөсөн болов уу?» гэж бодсон байх. Тэрбээр эдгээр болон бусад олон асуултын хариуг энэ чухал захианаас мэдэж авсан. Паулын өгсөн тустай зөвлөгөөнөөс цөөн хэдийг энэ өгүүллээр ярилцъя.

«БИ БҮХНИЙГ ТЭВЧИЖ ЯВДАГ»

Тимот захиагаа дөнгөж уншиж эхлэнгүүтээ Паул өөрт нь хэчнээн их санаа тавьдгийг ойлгосон. Паул түүнийг «хайрт хүү» хэмээн дотночлон бичжээ (2 Тим. 1:2). Тимот МЭ 65 оны орчим энэ захиаг хүлээж авахдаа 30 гаруй настай, хэзээний туршлагатай ахлагч болчихсон байлаа. Паултай 10 гаруй жил хамтран ажиллахдаа түүнээс их юм сурчээ.

Тохиолдсон бэрхшээлийг давж буй үнэнч Паулын тухай унших нь маш их урамтай байсан биз ээ. Паул Ромын шоронд хоригдож байсан бөгөөд удахгүй цаазлагдах гэж байлаа (2 Тим. 1:15, 16; 4:6–8). Тэгсэн хэр нь хэчнээн зоригтой байгааг Тимот «Би бүхнийг тэвчиж явдаг» гэж бичсэнээс нь ойлгосон (2 Тим. 2:8–13). Паулын энэ сайхан жишээ бидэнд бас сэтгэлийн тэнхээ өгдөг.

«БЭЛГЭЭ ХАЙХРАХГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ»

Бурханд үйлчлэх даалгавраа эрхэмлэж явахыг Паул Тимотод захижээ. «Бурхан чамд бэлэг өгсөн. Бэлгээ гал мэт бадраа» гэж хэлсэн (2 Тим. 1:6, зүүлт). «Бэлэг» гэж орчуулсан харисма гэдэг грек үгээр ямар ч гавьяа байгуулаагүй, хүртэх зохисгүй хүнд өгөх бэлгийг хэлдэг. Тимот хуралтай холбоотой тусгай үйлчлэлд томилогдон энэхүү бэлгийг хүлээж авсан (1 Тим. 4:14).

Тимот энэ бэлгээ яах ёстой байсан бэ? Тэрбээр «гал мэт бадраа» гэж уншихдаа зуухан дотор сүүмэлзэх галыг төсөөлсөн байх. Цогшсон нүүрсийг хутгахад гал бадран асдаг. Нэгэн тольд тайлбарласнаар, Паулын хэрэглэсэн грек үйл үг нь (аназопирео) «дахин асаах, сэргээх, ноцоох» гэсэн утгатай. Үүнийг шилжсэн утгаар хэрэглэвэл, хүлээж авсан үүрэг даалгавраа идэвх зүтгэлтэй биелүүлэх гэсэн үг юм. Тэгэхээр Паул Тимотод «Үүрэг даалгавартаа сэтгэлээ зориулаарай» гэж зөвлөсөн хэрэг. Өнөөдөр бид бас ийм байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, идэвх зүтгэлтэй үйлчлэх ёстой.

«ЧАМД ДААЛГАСАН ЭНЭ ЭРДЭНЭСИЙГ ... ХАМГААЛ»

Паул хайртай найз Тимотдоо сайн үйлчлэхэд нь тустай өөр нэг зөвлөгөө өгчээ. Тэрбээр: «Чамд даалгасан энэ эрдэнэсийг бидэнд байдаг Бурхны агуу хүчээр удирдуулан хамгаал» гэжээ (2 Тим. 1:14). Тимотод даалгасан эрдэнэс гэж юу вэ? Өмнөх зүйлд нь бичсэнээр, энэ бол «үнэн үг» буюу Библид бичсэн үнэн юм (2 Тим. 1:13). Христийн дагалдагч Тимот энэ үнэнийг хурлын дотор ч, гадна ч дэлгэрүүлэх ёстой ажээ (2 Тим. 4:1–5). Тимот бас Бурхны сүргийг хариулах ахлагчаар томилогдсон (1 Петр 5:2). Тэрбээр эрдэнэсийг хамгаалах буюу үнэнийг заахын тулд Еховагийн агуу хүч болон Үгэнд нь найдах ёстой болсон (2 Тим. 3:14–17).

Өнөөгийн бидэнд бас үнэнийг даалгасан. Бид үүнийг хүмүүст заах ёстой (Мат. 28:19, 20). Энэ эрдэнэсээ үргэлж эрхэмлэе гэвэл тогтмол залбирч, Бурхны Үгийг судлах хэвшилтэй байх хэрэгтэй (Ром 12:11, 12; 1 Тим. 4:13, 15, 16). Зарим маань хурлын ахлагч эсвэл бүрэн цагийн үйлчлэгчээр томилогдож магадгүй. Хэрэв ийм завшаан эдлэх болбол даруу байх учиртай. Бас даалгавраа биелүүлэхэд Бурхан тусална гэж найдах ёстой. Тэгдэг бол Бурхны өгсөн энэ завшааныг үнэхээр эрхэмлэдэг гэсэн үг юм.

«ЭДГЭЭР ЗҮЙЛИЙГ НАЙДВАРТАЙ ХҮМҮҮСТ ДААЛГА»

Тимот хийж байгаа ажлаа бусдад заах ёстой байсан нь хүлээж авсан үүрэг даалгаврынх нь нэг хэсэг байлаа. Тийм учраас Паул Тимотод «Чи надаас сонссон ... зүйлийг найдвартай хүмүүст даалга. Тэгвэл тэд бусдад заах чадвартай болно» гэсэн (2 Тим. 2:2). Тийм ээ, Тимот итгэл нэгт эрчүүдээсээ суралцахаас гадна бусдыг сургах ёстой байлаа. Орчин үеийн хурлын ахлагч бүр ийм байх нь маш чухал. Сайн ахлагч гүйцэтгэдэг үүрэг даалгаврынхаа талаарх мэдлэг туршлагаа бусадтай хуваалцахаас хойш суудаггүй. Харин ч тухайн ажлыг сайн хийхэд нь туслах гэж хичээнгүйлэн заадаг. Өөрөөс нь илүү мэддэг, чаддаг болчихно гэж айдаггүй. Тийм учраас ахлагч хүн зөвхөн наад захын юмыг заагаад л болчихдоггүй. Сургаж буй хүнээ аливааг эргэцүүлэн боддог, гүнзгий ойлгодог хүн болгохыг, өөрөөр хэлбэл, төлөвшсөн хүн болгохыг хичээдэг. Ийм ахлагчаар заалгасан «найдвартай хүмүүс» хуралд ихээхэн тус дэм болдог.

Тимот Паулаас хүлээж авсан сэтгэл сэргээм захиагаа ихэд нандигнадаг байсан байх. Тэрбээр зөвлөгөөнүүдийг нь дахин дахин уншиж, ажилдаа хэрхэн хэрэгжүүлэхийг эргэцүүлэн боддог байсан нь дамжиггүй.

Бид бас Паулын зөвлөгөөг дагах хэрэгтэй. Яаж? Бурхнаас авсан даалгавраа хичээл зүтгэлтэй биелүүлж, үнэнийг зааж, мэдлэг туршлагаа бусадтай хуваалцах нь зүйтэй. Ингэвэл «Бурхандаа сайн үйлчилж» чадна (2 Тим. 4:5).