Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 41

Баптисм хүртэх шаардлага хангахад нь суралцагчдаа тусалъя (I хэсэг)

Баптисм хүртэх шаардлага хангахад нь суралцагчдаа тусалъя (I хэсэг)

«Та нар бол Христийн захидал. Энэ захидлыг Бурхны үйлчлэгч бид ... бичсэн» (2 КОР. 3:3).

ДУУ 40 Эхлээд Хаанчлалыг хайгтун

ТОЙМ *

Баптисм хүртэж байгаа суралцагчийг харахаас илүү баяр бахдалтай явдал хурлынханд тохиолдоно гэж үү? (Догол мөр 1-ийг үзнэ үү).

1. 2 Коринт 3:1–3-ыг үзвэл, хүмүүст Библийн хичээл зааж баптисм хүртэхэд нь туслахыг яагаад завшаантай хэрэг гэж үзэх нь зүйтэй вэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

ТАНАЙ хурлын Библийн суралцагч баптисм хүртвэл танд ямар санагдах вэ? Маш их баярлах нь мэдээж (Мат. 28:19). Хэрэв та өөрөө тэр суралцагчид хичээл зааж байсан бол хэнээс ч илүү баярлах нь лавтай! (1 Тес. 2:19, 20). Баптисм хүртэж буй шинэхэн шавь багшийгаа төдийгүй хурлынхаа бүх хүнийг «танилцуулсан захидалтай» адил юм (2 Коринт 3:1–3-ыг уншина).

2. а) Ямар чухал асуултыг авч үзэх вэ? Яагаад? б) Библийн хичээл гэж юу вэ? (Зүүлтийг үзнэ үү).

2 Дэлхий дахины тайланг үзвэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сар бүр дунджаар 10 сая Библийн хичээл * заасан нь сайшаалтай. Мөн хугацаанд жилд дунджаар 280 мянга гаруй хүн Еховагийн Гэрч, Есүс Христийн шавь болж баптисм хүртжээ. Библи судалж буй бусад олон сая хүнд хэрхэн тусалж баптисм хүртээх вэ? Ехова одоо ч Христийн шавь болох боломжийг хүмүүст олгож байна. Аль болох хурдан ахиц гаргасаар баптисм хүртэх шаардлага хангахад нь тэдэнд туслахын тулд энэ боломжийг ашиглан чадах бүхнээ хийх нь зүйтэй. Цаг хугацаа биднийг хүлээхгүй! (1 Кор. 7:29а; 1 Петр 4:7).

3. Энэ өгүүллээр юуны тухай үзэх вэ?

3 Шавь бэлдэх нь хойшлуулшгүй чухал ажил болоод байна. Тиймээс манай байгууллагын салбарууд баптисм хүртэх шаардлага хангахад нь суралцагчид хэрхэн илүү сайн туслах талаар судалгаа явуулжээ. Энэ болон дараагийн өгүүллээр, туршлагатай эхлэгч, миссионер, дүүрэг хариуцагчдаас юу сурч болохыг авч үзнэ (Сур. 11:14; 15:22). Библийн хичээлийнхээ үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд багш суралцагчийн хэн хэн нь юуг анхаарах хэрэгтэйг тэд ярьжээ. Суралцагч ямар таван зүйлийг анхаарвал тогтмол ахиц гаргасаар баптисм хүртэх шаардлага хангахыг энэ өгүүллээр авч үзье.

7 ХОНОГ БҮР ХИЧЭЭЛЛЭЭРЭЙ

Хамт тухалж суугаад Библийн сэдвээр ярилцаж болох эсэхийг суралцагчаасаа асуугаарай (4–6-р догол мөрийг үзээрэй)

4. Библийн хичээлийг айлын үүдэнд хийх нь ямар үр дүнтэй вэ?

4 Итгэл нэгтнүүд маань айлын үүдэнд Библийн хичээл хийх нь цөөнгүй. Энэ нь сонирхол төрүүлэх сайн арга мөн боловч хэтэрхий богино хугацаатайгаас гадна тогтмол биш байдаг. Зарим дэлгэрүүлэгч тухайн хүнд улам сонирхолтой болгохын тулд утасны дугаар, э-мэйл хаяг зэргийг аваад, давтан уулзалт хийхээсээ өмнө Библид байдаг урамтай зүйлийг утсаар товчхон ярих юм уу мессеж бичдэг. Ийм байдал хэдэн сар үргэлжилж болох ч үр дүнтэй Библийн хичээл болдоггүй. Хэрэв суралцагч илүү их цаг зав, хичээл зүтгэл гаргахгүй бол баптисм хүртэх шаардлага хангах уу? Үгүй л болов уу.

5. Лук 14:27–33-т бичсэнийг үзвэл, Есүс шавь бэлдэх ажилд тустай юуг онцолсон бэ?

5 Шавь нь болъё гэвэл юу хийх ёстойг Есүс жишээгээр тайлбарлажээ. Тэрбээр цамхаг барихыг хүссэн хүн ба дайнд оролцох гэж буй хааны тухай ярьдаг. Энэ хоёр хүний нэг нь цамхгаа барьж дуусгахын тулд «эхлээд ... суугаад, зардлыг нь» тооцоолох бөгөөд нөгөө нь дайснаа дарж чадах эсэхээ мэдэхийн тулд «эхлээд сууж байгаад зөвлөлдөх» ёстой (Лук 14:27–33-ыг уншина). Үүнтэй адил, шавь болох хүсэлтэй хүн Есүсийг дагана гэж юу гэсэн үг болохыг сайтар эргэцүүлэн бодож, ойлгосон байх ёстой. Ийм учраас бид 7 хоног бүр хичээл хийхийг суралцагчдаа уриалах нь зүйтэй. Яаж?

6. Яавал Библийн хичээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх вэ?

6 Юуны түрүүнд, айлын үүдэнд хийдэг хичээлийн хугацааг уртасгаарай. Жишээ нь Библиэс ярилцдаг эшлэлийнхээ тоог ирэх болгондоо нэмээрэй. Айлын хүн илүү удаан ярилцах дуртай байвал хамт тухалж суугаад яриагаа үргэлжлүүлэх газар байгаа эсэхийг асуугаарай. Тэр хүний хариултаас Библи судлахыг хэр чухалд үзэж байгаа нь харагдана. Яваандаа арай илүү ахиц гаргахад нь суралцагчдаа туслахын тулд 7 хоногт хоёр удаа хичээл хийх боломжтой эсэхийг асууж болох юм. Гэхдээ 7 хоногт ганц хоёр удаа хичээл хийдэгтээ сэтгэл ханаж болохгүй.

ХИЧЭЭЛ БОЛГОНДОО БЭЛДЭЖ БАЙГААРАЙ

Библийн хичээлдээ сайн бэлдээрэй. Хэрхэн бэлдэхийг суралцагчдаа заагаарай (7–9-р догол мөрийг үзээрэй)

7. Библийн багш хичээл болгондоо хэрхэн бэлдэх вэ?

7 Библийн багш та хичээл болгондоо сайн бэлдэж байгаарай. Эхлээд, үзэх материалаа уншаад, Библийн зүйлүүдийг хараарай. Гол санааг тодорхой ойлгож аваарай. Малгай гарчиг, дэд гарчгууд, судлах асуултууд, унших ёстой Библийн зүйлүүд, зураг, тухайн сэдвийг тайлбарлахад тус болох видеог анхаараарай. Дараа нь суралцагчийнхаа тухай бодоорой. Энэ мэдээллийг суралцагч маань шууд ойлгоод ажил болгох ёстой учраас яаж энгийн хэр нь ойлгомжтой тайлбарлах вэ гэдгээ эргэцүүлээрэй (Нех. 8:8; Сур. 15:28а).

8. Колосай 1:9, 10-т байдаг элч Паулын үгээс юу ойлгож авах хэрэгтэй вэ?

8 Суралцагчийнхаа талаар, мөн түүнд юу хэрэгтэй байгаа талаар Еховад залбирах нь бэлтгэл ажлын нэг хэсэг юм. Библийг ашиглан тэр хүний сэтгэлийг хөдөлтөл заахад туслаач гэж Еховагаас гуйгаарай (Колосай 1:9, 10-ыг уншина). Юуг ойлгоход эсвэл хүлээн зөвшөөрөхөд суралцагчид амаргүй байж болохыг бодоорой. Таны зорилго бол ахиц гаргаж баптисм хүртэх шаардлага хангахад нь туслах явдал гэдгийг бүү мартаарай.

9. Хичээлдээ бэлдэхэд нь суралцагчдаа хэрхэн туслах вэ? Тайлбарлана уу.

9 Библийн хичээлийг тогтмол хийвэл суралцагч маань Ехова Есүс хоёрын хийсэн бүхнийг үнэлж эрхэмлэн, илүү ихийг сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй болно гэж бид боддог (Мат. 5:3, 6). Суралцагч анхаарлаа сайн төвлөрүүлсэн цагт хичээлээ бүрэн гүйцэд ойлгоно. Тийм учраас үзэх материалаа урьдчилж уншаад, хэрхэн хэрэгжүүлэхээ бодох нь чухал гэдгийг багш нь тайлбарлаж өгөх хэрэгтэй. Хичээл болгондоо бэлдэхэд нь хэрхэн туслах вэ? Хамт бэлдээрэй. * Асуултын шууд хариуг яаж олохыг тайлбарлаарай. Мөн зөвхөн гол үг хэллэгийг зурж тодруулбал хариултаа санахад тустай байдгийг хэлж өгөөрэй. Дараа нь өөрийнх нь үгээр хариулуулаарай. Тэгвэл тухайн материалыг хэр сайн ойлгосныг нь мэдэх боломжтой. Суралцагчдаа зөвлөх хэрэгтэй бас нэг юм бий.

ЕХОВАТАЙ ӨДӨР БҮР ЯРИЛЦАХЫГ ЗААГААРАЙ

Еховатай хэрхэн ярилцахыг суралцагчдаа заагаарай (10, 11-р догол мөрийг үзээрэй)

10. Библийг өдөр бүр унших нь яагаад чухал вэ? Библи уншихын ач тусыг хүртэхийн тулд суралцагч яах хэрэгтэй вэ?

10 Суралцагч хүн багштайгаа 7 хоног бүр хичээл хийхээс гадна өөрөө өдөр бүр хийх ёстой юм гэж бий. Энэ нь Еховатай харилцан ярилцах юм. Яаж? Еховаг сонсохын зэрэгцээ Еховатай ярих хэрэгтэй. Библийг өдөр бүр уншвал Бурхныг сонсоно (Иош. 1:8; Дуу. 1:1–3). «Библи унших хуваарь»-ийг jw.org сайтаас хэвлэж аваад хэрхэн ашиглахыг зааж өгөөрэй. * Библийг уншаад илүү их ач тус хүртэхийн тулд Еховагийн талаар юу өгүүлж байгааг, мэдэж авсан зүйлээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ эргэцүүлэн бодож байхыг зөвлөөрэй (Үйлс 17:11; Яак. 1:25).

11. Яавал суралцагч маань зөв залбирч сурах вэ? Еховад олон удаа залбирах нь яагаад чухал вэ?

11 Өдөр бүр залбирч Еховатай ярихыг суралцагчдаа зөвлөөрэй. Хичээл бүрийнхээ эхэнд болон төгсгөлд суралцагчийнхаа нэрийг дурдаад чин сэтгэлээсээ залбирч байгаарай. Таны залбирахыг суралцагч сонсоод Ехова Бурханд Есүс Христийн нэрээр хэрхэн чин сэтгэлээсээ залбирахыг сурч авна (Мат. 6:9; Ёох. 15:16). Суралцагч тань Библийг өдөр бүр уншдаг (Еховаг сонсдог), залбирдаг (Еховатай ярьдаг) болбол Бурхантай улам дотносно гэдгийг бодоорой! (Яак. 4:8). Үүнийг хэвшил болговол суралцагч ахиц гарган Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэх шаардлага хангана. Өөр яах хэрэгтэй вэ?

ЕХОВАТАЙ ДОТНОСОХОД НЬ ТУСЛААРАЙ

12. Еховатай дотносоход нь суралцагчдаа хэрхэн туслах вэ?

12 Библиэс мэдэж авсан зүйл нь суралцагчийн оюун ухаанд төдийгүй зүрх сэтгэлд шингэх учиртай. Яагаад гэвэл зүрх буюу хүсэл эрмэлзэл, сэтгэл хөдлөл, мэдрэмж нь хүнийг ямарваа нэгэн үйлдэл хийхэд хүргэдэг. Есүс орой руу ортол тайлбарладаг байсан тул хүмүүс заалгах дуртай байв. Гэхдээ олон хүн Есүсийг дагадаг байсны учир нь сэтгэлийг нь хөдөлтөл заадагтай холбоотой (Лук 24:15, 27, 32). Ехова бол амьд оршигч Нэгэн бөгөөд Эцэг, Бурхан, Найз гэдгийг суралцагчдаа ойлгуулаарай (Дуу. 25:4, 5). Үүний тулд Библийн хичээл хийх бүрдээ Бурхныхаа сайхан зан чанарт анхаарлыг нь хандуулаарай (Ег. 34:5, 6; 1 Петр 5:6, 7). Ямар ч сэдвээр ярилцсан, Ехова ямар Бурхан бэ гэдгийг онцолж байгаарай. Еховагийн хайр, сайхан сэтгэл, өрөвч сэтгэл зэрэг чанаруудыг ойлгож мэдрэхэд нь туслаарай. «Эхний бөгөөд хамгийн чухал тушаал» бол «Ехова Бурхнаа хайрла» гэж Есүс хэлсэн (Мат. 22:37, 38). Бурхныг хайрладаг болоход нь суралцагчдаа туслаарай.

13. Еховагийн сайхан зан чанаруудыг мэдэж авахад нь суралцагчдаа хэрхэн туслахыг жишээгээр хэлнэ үү.

13 Суралцагчтайгаа ярилцаж байхдаа Еховаг яагаад хайрладгаа хэлж байгаарай. Ингэвэл суралцагч тань бас Бурхныг хайрлаж, түүнтэй дотносох ёстойгоо ойлгох биз ээ (Дуу. 73:28). Жишээ нь одоо хамт үзэж буй материал юм уу Библийн зүйлд Еховагийн хайр, мэргэн ухаан, хүч, шударга зангийн талаар зүрх сэтгэлийн тань утсыг хөндсөн үг, өгүүлбэр байна уу? Үүнийг суралцагчдаа уншуулаад, тэнгэрийн Эцгээ хайрлах болсон олон шалтгааны нэг нь энэ гэдгийг хэлж өгөөрэй. Ахиц гаргаж баптисм хүртэх шаардлага хангахын тулд Библийн суралцагч бүрийн хийх ёстой өөр нэг юм бий.

ЦУГЛААНД ОЧИХ ХҮСЭЛТЭЙ БОЛОХОД НЬ ТУСЛААРАЙ

Суралцагчаа аль болох эртнээс цуглаанд очих хүсэлтэй болгоорой (14, 15-р догол мөрийг үзээрэй)

14. Еврей 10:24, 25-ыг үзвэл, цуглаанд очих нь Библийн суралцагчид ямар ач тустай вэ?

14 Суралцагч маань ахиц гаргаад баптисм хүртээсэй гэж бид бүгдээрээ хүсдэг. Тэдэнд туслах нэг чухал арга нь цуглаанд очих хүсэлтэй болгох юм. Туршлагатай багш нарын хэлж байгаагаар бол, цуглаанд шууд очдог болсон суралцагчид илүү хурдан өсдөг (Дуу. 111:1). Библиэс мэдэж авах юмны талыг нь хичээлээс, талыг нь цуглаанаас авдаг гэдгийг зарим багш нар суралцагчдаа тайлбарладаг. Суралцагчтайгаа хамт Еврей 10:24, 25-ыг уншаарай. Тэгээд цуглаанд очвол ямар ач тус хүртэхийг тайлбарлаж өгөөрэй. «Еховагийн Гэрчүүдийн цуглааны танхимд юу болдог вэ?» * видеог үзүүлээрэй. Долоо хоног бүр цуглаанд очихыг амьдралынхаа салшгүй хэсэг болгоход нь туслаарай.

15. Суралцагчаа цуглаанд тогтмол явдаг болгохын тулд яах хэрэгтэй вэ?

15 Суралцагч тань цуглаанд явж үзээгүй эсвэл тогтмол явдаггүй бол яах вэ? Сүүлийн цуглаанаас юу сурснаа урам зоригтой ярьж өгөөрэй. Энэ нь цуглаанд очоорой гэж зүгээр нэг хэлэхээс илүү үр дүнтэй. «Харуулын цамхаг» сэтгүүл юм уу «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал» өгөөд дараагийн цуглаан дээр юу үзэхийг харуулаад, аль нь илүү сонирхолтой санагдаж байгааг асуугаарай. Цуглаанд анх удаа очоод сонссон, харсан зүйл нь өөр шашны цугларалтад үзэж сонссон ямар ч зүйлээс илүү байх болно (1 Кор. 14:24, 25). Суралцагч үлгэр дуурайлтай хүмүүстэй танилцана, тэд ч ахиц гаргахад нь түүнд тусална.

16. Баптисм хүртэх шаардлага хангахад нь суралцагчдаа хэрхэн туслах вэ? Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

16 Баптисм хүртэх шаардлага хангахад нь суралцагчдаа хэрхэн туслах вэ? Долоо хоног бүр хичээл хийх болон хичээлдээ байнга бэлдэх нь хэчнээн чухал болохыг ойлгуулах хэрэгтэй. Еховатай өдөр бүр харилцан ярилцаж, дотносохыг зөвлөх нь зүйтэй. Цуглаанд явах хүсэл төрүүлэх нь чухал ( «Баптисм хүртэх шаардлага хангахын тулд суралцагч яах хэрэгтэй вэ?» гэсэн хавсралтыг үзээрэй). Өөр ямар таван зүйл хийвэл суралцагч баптисм хүртэх шаардлага хангахыг дараагийн өгүүллээр үзье.

ДУУ 153 Ямар гоё байдаг гээч!

^ д/м 5 Юм заах гэдэг бол «шинээр эсвэл өөрөөр боддог, мэдэрдэг, үйлддэг болоход нь» тусална гэсэн үг. Манай 2020 оны уриа болсон Матай 28:19-д Библийн хичээл заахын чухлыг болон Есүс Христийн шавь болж баптисм хүртэхэд нь хүмүүст туслахын ач холбогдлыг онцолсон байдаг. Ийм чухал ажлыг сайн хийж чаддаг болохын тулд яах хэрэгтэйг энэ болон дараагийн өгүүллээр үзнэ.

^ д/м 2 ҮГИЙН ТАЙЛБАР: Хэн нэг хүнтэй Библид үндэслэн, тодорхой сэдвээр тогтмол, дэс дараатай ярилцдаг дэлгэрүүлэгчийг Библийн хичээл зааж байна гэж үзнэ. Анх уулзсан хүнд Библийн хичээл яаж хийдгийг үзүүлсний дараа дахин хоёр удаа хичээл хийсэн бөгөөд цааш үргэлжлүүлэх нь тодорхой бол тайлан өгөхдөө хичээл гэж бичнэ.

^ д/м 9 «Хичээлдээ бэлдэхийг суралцагчдаа заах» гэдэг 4 минутын видео үзээрэй. JW Library®-д МЕДИА > ЦУГЛААН, ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖИЛ > ЧАДВАРАА САЙЖРУУЛЦГААЯ гэж орно уу.

^ д/м 10 БИБЛИЙН СУРГААЛ > БИБЛИЙН ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ гэж орно уу.

^ д/м 14 JW Library®-д МЕДИА > ЦУГЛААН, ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖИЛ > ДЭЛГЭРҮҮЛЭХДЭЭ ҮЗҮҮЛЭХ ВИДЕО гэж орно уу.