Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 29

«Явж ... шавь болгогтун»

«Явж ... шавь болгогтун»

«Иймээс явж бүх үндэстнийг шавь болгогтун» (МАТ. 28:19).

ДУУ 144 Амь аврах мэдээ

ТОЙМ *

1, 2. а) Матай 28:18–20-д бичсэн Есүсийн тушаалыг үзвэл, Христийн дагалдагчдын хурлын гол үүрэг юу вэ? б) Энэ өгүүллээр ямар дөрвөн асуултыг авч үзэх вэ?

 ЕСҮС амилсныхаа дараа элч нартайгаа уулан дээр уулзахаар болжээ. Тэд товлосон газар нь цуглараад Багшийгаа сэтгэл догдлон хүлээсэн нь лавтай (Мат. 28:16). Энэ бол «[Есүс] нэг дор цугласан 500 гаруй хүнд үзэгдсэн» хэмээн Сударт өгүүлдэг тэрхүү үйл явдал бололтой (1 Кор. 15:6). Есүс яагаад шавь нартайгаа уулзахаар болсон юм бол? «Иймээс явж бүх үндэстнийг шавь болгогтун» гэсэн маш чухал тушаал өгөхийн тулд ажээ (Матай 28:18–20-ийг уншина).

2 Есүсийн энэ тушаалыг сонссон шавь нар Христийн І зууны дагалдагчдын хурлын анхны гишүүд болсон. Хурлын гол үүрэг нь илүү олон хүнийг Христийн шавь болгох байлаа. * Эдүгээ Христийн дагалдагчдын хурал дэлхий даяар хэдэн арван мянга бий. Гол үүрэг нь яг хэвээрээ. Энэ өгүүллээр дөрвөн асуултыг авч үзнэ. Үүнд: Шавь бэлдэх ажил яагаад тийм чухал вэ? Энэ ажлыг хэрхэн хийдэг вэ? Христийн бүх дагалдагч шавь бэлдэх ажилд оролцдог уу? Шавь бэлдэхэд яагаад тэвчээр хэрэгтэй вэ?

ШАВЬ БЭЛДЭХ АЖИЛ ЯАГААД ТИЙМ ЧУХАЛ ВЭ?

3. Ёохан 14:6; 17:3-ыг үзвэл, шавь бэлдэх ажил яагаад тийм чухал вэ?

3 Шавь бэлдэх ажил яагаад тийм чухал гэж? Христийн шавь нар л Бурхны найз болох боломжтой. Түүнээс гадна, Христийг дуурайдаг хүмүүс одоо сайн сайхан амьдардаг бөгөөд ирээдүйд мөнх амьдрах найдвар өвөрлөдөг (Ёохан 14:6; 17:3-ыг уншина). Есүс энэ чухал ажлыг бидэнд оноосон нь үнэн. Гэхдээ бид энэ ажлыг өөрсдийн хүчээр л гүйцэтгэдэг юм биш ээ. Элч Паул өөрийнхөө болон хамт үйлчилдэг нөхдийнхөө тухай бичихдээ «Бид бол Бурхны хамтран зүтгэгчид» гэсэн байдаг (1 Кор. 3:9). Ехова Есүс хоёр төгс бус хүмүүст ямар агуу завшаан олгоо вэ!

4. Иван Матилде хоёрт тохиолдсон явдлаас юу ойлгож болох вэ?

4 Шавь бэлдэх ажилд оролцвол баяр баясгалантай болдог. Колумбид амьдардаг Иван, түүний эхнэр Матилдег жишээ болгон авъя. Тэд Давиэр гэдэг залууд дэлгэрүүлжээ. Тэр залуу: «Би амьдралаа өөрчилмөөр байгаа ч чадахгүй байна» гэжээ. Давиэр хар тамхи хэрэглэдэг, архи дарс хэтрүүлдэг, мэргэжлийн боксчин бөгөөд Эрика гэдэг найз охинтойгоо хамт амьдардаг нэгэн байв. Иван: «Бид хоёр тэдний тосгонд очих гэж шавар шавхайтай замаар хэдэн цаг мотоциклтой давхидаг болсон. Давиэрийн биеэ авч явах байдал, зан төлөв өөрчлөгдөхийг Эрика хараад бас Библи судалж эхэлсэн» гэж ярьсан юм. Давиэр аажмаар хар тамхи, архи дарснаасаа гараад бокс тоглохоо ч больжээ. Тэгээд Эрикатай гэрлэсэн байна. Матилде: «Давиэр Эрика хоёрыг 2016 онд баптисм хүртэхэд “Би өөрчлөгдмөөр байгаа ч чадахгүй байна” гэж хэлж байсныг нь санасан. Бид хоёр нулимсаа барьж дийлээгүй» гэжээ. Бидний тусламжийг авч Христийн шавь болж байгаа хүмүүсийг харах шиг баяр баясгалан үгүй.

ШАВЬ БЭЛДЭХ АЖЛЫГ ХЭРХЭН ХИЙДЭГ ВЭ?

5. Шавь бэлдэхийн тулд эхлээд яах шаардлагатай вэ?

5 Шавь бэлдэхийн тулд эхлээд Еховагийн тухай мэдэх хүсэлтэй хүмүүсийг эрж «олох» шаардлагатай (Мат. 10:11). Уулзсан хүн болгондоо Еховаг гэрчилдэг бол үнэхээр Еховагийн Гэрч гэдгээ батална. Мөн дэлгэрүүл хэмээсэн Христийн тушаалыг дагадаг бол Христийн жинхэнэ дагалдагч гэдгийн баталгаа болно.

6. Дэлгэрүүлэх ажилдаа амжилт олъё гэвэл яах хэрэгтэй вэ?

6 Зарим хүн Библийн үнэнийг мэдэж авахыг хүсдэг. Гэхдээ анх уулзахад тийм биш юм шиг харагдах нь бий. Тиймээс сонирхлыг нь татах хэрэгтэй. Дэлгэрүүлэх ажилдаа амжилт гаргая гэвэл сайтар бэлдэх нь чухал. Тэдний сонирхлыг татах сэдвүүдийг сонгоорой. Тэгээд аль сэдвээр яаж ярихаа бодоорой.

7. Яриагаа хэрхэн эхлэх вэ? Хүнийг сонсож хүндлэх нь яагаад чухал вэ?

7 Жишээлбэл гэрийн эзнээс ингэж асууж болох юм. «Танаас нэг юм асууя. Өнөөдөр зовж зүдэрдэггүй хүн дэлхийн хаана ч байхгүй. Бидэнд тулгардаг хэцүү асуудлыг бүгдийг нь шийдвэрлэж чадах засгийн газар хэрэгтэй гэж та боддог уу?». Дараа нь Даниел 2:44-ийг үзүүлээд тайлбарлаж болно. Эсвэл «Хүүхдийг сайн хүмүүжүүлэхийн нууц нь юу вэ? Та юу гэж боддог вэ?» гэж асуугаад дараа нь Дэд хууль 6:6, 7-г ярилцах нь тохиромжтой. Ямар ч сэдвээр ярилцсан, тухайн хүнээ бодох хэрэгтэй. Библид юу гэж байдгийг мэдэж аваад ямар ач тус хүртэхийг нь төсөөлөөрэй. Үзэл бодлоо илэрхийлэхийг нь чих тавин сонсож тэр хүнийг хүндлээрэй. Ингэвэл та тэр хүнийг илүү сайн ойлгоно, тэр хүн ч таныг дуртайяа сонсоно.

8. Айлын хүн дээр яагаад дахин дахин очих хэрэгтэй вэ?

8 Айлын хүнд Библи судлах хүсэл төрүүлэх зорилгоор дахин дахин уулзаарай. Үүний тулд ихээхэн цаг зав, хүчин чармайлт гаргах шаардлагатай. Яагаад? Дахиж уулзахаар ирэхэд гэртээ байхгүй байх нь олон. Түүнээс гадна, дахин дахин очиж уулзаад байвал гэрийн эзэн Библийн хичээл заалгах хүсэлтэй болох биз ээ. Ургамлыг тогтмол услаад байвал ургадаг. Үүнтэй адил, сонирхсон хүнтэй Бурхны Үгээс тогтмол ярилцаад байвал Еховаг, Христийг хайрладаг болох нь дамжиггүй.

ХРИСТИЙН БҮХ ДАГАЛДАГЧ ШАВЬ БЭЛДЭХ АЖИЛД ОРОЛЦДОГ УУ?

Дэлхий дахинд буй Гэрчүүд зохистой хүнийг эрж хайх ажилд оролцдог (9, 10-р догол мөрийг үзээрэй) *

9, 10. Чин сэтгэлтэй хүнийг олох ажилд Христийн дагалдагч бүр оролцдог гэж яагаад хэлж болох вэ?

9 Еховаг таньж мэдэх хүсэлтэй хүнийг олох ажилд Христийн дагалдагч бүр оролцдог. Энэ ажлыг төөрсөн хүүхдийг эрж хайхтай зүйрлэж болох юм. Яагаад? Амьдралд тохиолдсон нэг явдлыг жишээ болгон авъя. Гурван настай хүү гэрээсээ төөрчихжээ. Хүүг эрэн хайх ажилд 500-гаад хүн оролцсон байна. Эрлийнхний нэг нь төөрсөн хүүг 20-оод цагийн дараа эрдэнэ шишийн талбайгаас олжээ. Тэр хүн үүнийхээ төлөө магтаал сонсохыг хүссэнгүй. Харин «Хүүхдийг эрж хайхад хэдэн зуун хүн оролцсон шүү дээ» гэжээ.

10 Тэр хүүхэд шиг төөрч будилж яваа хүн олон. Итгэж найдах юмгүй болсон тэдэнд тусламж хэрэгтэй (Эф. 2:12). Бид 8 саяулаа ийм хүмүүсийг олох гэж мэрийдэг. Бурхны тухай үнэнийг мэдэх, Библи судлах хүсэлтэй хүнийг та олоогүй байж магадгүй. Гэхдээ таны дэлгэрүүлдэг хэсгээр явдаг бусад дэлгэрүүлэгч олж болох юм. Итгэл нэгтний маань нэг нь Христийн шавь болох хүнийг олбол эрэн хайх ажилд оролцсон бүх хүн баярладаг.

11. Та суралцагчгүй ч гэсэн шавь бэлдэх ажилд хэрхэн оролцож болох вэ?

11 Тантай Библийн хичээл хийдэг хүн одоохондоо байхгүй ч шавь бэлдэх ажилд өөр аргаар оролцох боломжтой. Жишээлбэл шинэ хүмүүсийг цуглаанд ирэхэд угтан авч, найз нь болоорой. Ингэвэл тэд Христийн жинхэнэ дагалдагчдыг таних гол шинж нь хайр гэдгийг ойлгоно (Ёох. 13:34, 35). Бас та цуглаан дээр товчхон хариулаад байвал итгэл үнэмшлээ чин сэтгэлээсээ, хүндэтгэлтэйгээр илэрхийлэх боломжтойг шинэ хүмүүс мэдэж авна. Түүнээс гадна, шинэ дэлгэрүүлэгчтэй цуг дэлгэрүүлээрэй. Хүмүүстэй Библид үндэслэн ярилцахад нь туслаарай. Ингэвэл тэд Христийг дуурайж сурна (Лук 10:25–28).

12. Шавь бэлдэхэд онцгой чадвар хэрэгтэй юү? Жишээ хэлнэ үү.

12 Шавь бэлдэх ажилд онцгой авьяас чадвар хэрэгтэй гэж хэн ч бодох учиргүй. Яагаад? Боливид амьдардаг Фаустинагийн тухай ярья. Тэрээр Еховагийн Гэрчүүдтэй анх уулзахдаа уншиж чаддаггүй байжээ. Түүнээс хойш бага зэрэг уншиж сурсан байна. Одоо тэрээр баптисм хүртсэн Гэрч бөгөөд хүмүүст Библийн тухай заах дуртай ажээ. Долоо хоногт таван Библийн хичээл заадаг. Фаустина суралцагчид шигээ сайн уншиж чадахгүй ч зургаан хүнд баптисм хүртэхэд нь тусалжээ (Лук 10:21).

13. Хэчнээн завгүй байлаа ч шавь бэлдэх ажилд оролцвол ямар ивээл хүртэх вэ?

13 Христийн дагалдагчдын дунд ажил ихтэй, завгүй хүн олон байдаг. Гэхдээ тэд Библийн хичээл заах зав гаргадаг. Энэ ажлыг хийгээд баяр баясгалантай болдог. Мелани гэдэг бүсгүйн тухай ярилцъя. Тэрээр 8 настай охинтойгоо хоёулаа Аляскийн алс бөглүү нутагт амьдардаг. Өдөржин ажиллахын зэрэгцээ хорт хавдартай аавыгаа асардаг байжээ. Тэндхийн ганц Гэрч нь Мелани. Библи судлах хүн олохыг үнэхээр их хүсэж байсан тул хүйтнийг ажралгүй дэлгэрүүлэхэд туслаач гэж тогтмол залбирдаг байв. Нэг удаа Сара гэдэг эмэгтэйд Бурхны нэрийг хэлж өгчээ. Сэтгэл нь ихэд хөдөлсөн Сара яваандаа Библийн хичээл заалгахаар болов. Мелани: «Баасан гаргийн орой бүр үхтэлээ ядарчихсан байдаг ч охинтойгоо хамт Библийн хичээл рүүгээ явдаг байлаа. Энэ нь ч бид хоёрт сайн байсан. Сарагийн асуултад хариулахын тулд судалгаа хийнэ. Сараг Еховагийн найз болохыг харах үнэхээр сайхан байсан» хэмээн ярьсан юм. Сара эсэргүүцлийг зоригтой давж, сүмээсээ гараад, баптисм хүртжээ.

ШАВЬ БЭЛДЭХЭД ЯАГААД ТЭВЧЭЭР ХЭРЭГТЭЙ ВЭ?

14. а) Шавь бэлдэхийг яагаад загас барихтай зүйрлэж болох вэ? б) 2 Тимот 4:1, 2-т байдаг Паулын үг танд хэрхэн нөлөөлдөг вэ?

14 Үр дүнгүй дэлгэрүүлээд байх шиг санагдсан ч зохистой хүнийг олно гэсэн итгэл найдвараа бүү алдаарай. Есүс шавь бэлдэхийг загас барихтай зүйрлэснийг санаарай. Загасчид загас барих ажилд олон цаг зарцуулдаг. Шөнө орой болсон хойно эсвэл өглөө эрт, заримдаа бүр хол явж загасчилдаг (Лук 5:5). Үүн шиг, шавь бэлдэх ажилд оролцдог зарим хүн өөр өөр цагт, янз бүрийн газар очиж тэвчээртэйгээр «загасчилдаг». Яагаад? Аль болох олон хүнтэй уулзахын тулд тэр шүү дээ. Нэлээд их хичээл зүтгэл гаргадаг дэлгэрүүлэгчид сонирхсон хүмүүсийг олох нь их байдаг. Хүнтэй уулзаж болох цагаар эсвэл газраар дэлгэрүүлээд үзвэл ямар вэ? (2 Тимот 4:1, 2-ыг уншина).

Еховаг мэдэж, хайрлаж, үг тушаалыг нь дагадаг болоход нь суралцагчдаа тэвчээртэй туслаарай (15, 16-р догол мөрийг үзээрэй) *

15. Библийн хичээл заахад яагаад тэвчээр хэрэгтэй вэ?

15 Библийн хичээл заахад яагаад тэвчээр хэрэгтэй вэ? Суралцагч маань Библийн сургаалыг мэдэж аваад эрхэмлэдэг болохоос гадна Библийн Зохиогч Ехова Бурхныг мэддэг, хайрладаг болох учиртай нь нэг шалтгаан юм. Бас Есүс шавь нараасаа юу шаарддагийг суралцагчдаа хэлж өгөхийн зэрэгцээ Христийн жинхэнэ дагалдагчийн ёсоор амьдрах аргыг заах хэрэгтэй. Библийн зарчмыг баримталж сурахад нь тэвчээртэй туслах ёстой. Зарим суралцагч хэдхэн сарын дотор бодол санаагаа өөрчилж, дадал зуршлаасаа салдаг байхад заримд нь нэлээд хугацаа шаардагддаг.

16. Раулын тухай уншаад та юу ойлгосон бэ?

16 Перуд үйлчилдэг нэг миссионер тэвчээртэй байхын ач тусыг биеэрээ үзжээ. Тэрээр: «Би Раул гэдэг суралцагчтайгаа хоёр ном судалсан. Гэсэн ч Раулд төвөгтэй асуудал зөндөө байлаа. Эхнэртэйгээ таарамж муутай, эвгүй үг яриатай, хүүхдүүд нь аавыгаа хүндэлдэггүй байсан. Раул цуглаанд тогтмол явж байсан болохоор би тэднийд очсоор байв. Анх уулзсанаас хойш 3 жилийн дараа баптисм хүртсэн» гэж ярьсан юм.

17. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

17 Есүс бидэнд «Явж бүх үндэстнийг шавь болгогтун» гэсэн даалгавар өгсөн. Энэ даалгаврыг биелүүлэхийн тулд янз бүрийн үзэл бодолтой хүмүүстэй ярилцах хэрэгтэй болдог. Жишээ нь ямар ч шашин шүтдэггүй эсвэл Бурхан байдагт итгэдэггүй хүмүүстэй ч таарч болох юм. Тийм хүмүүст сайн мэдээ хэрхэн хүргэхийг дараагийн өгүүллээр ярилцъя.

ДУУ 44 Ургацын ажилд баяртай оролцъё

^ Христийн дагалдагчдын хурлын гол үүрэг бол хүмүүсийг Христийн шавь болгох явдал юм. Үүргээ биелүүлэхэд тустай зөвлөгөөг энэ өгүүлэлд бичсэн.

^ ҮГИЙН ТАЙЛБАР: Христийн шавь нар Багшийнхаа заасан сургаалыг мэдэж аваад зогсохгүй, сурснаа ажил хэрэг болгодог. Тэд Есүсийн мөрөөр яг таг дагахыг хичээдэг (1 Петр 2:21).

^ ЗУРГИЙН ТАЙЛБАР: Амралтаараа явж буй залуу онгоцны буудал дээр Гэрчүүдээс хэвлэл авч байна. Хожим нь нийтэд дэлгэрүүлж буй Гэрчүүдийг олж харав. Гэртээ ирснийх нь дараа дэлгэрүүлэгчид хаалгыг нь тогшжээ.

^ ЗУРГИЙН ТАЙЛБАР: Нөгөө залуу Библийн хичээл заалгахаар болсон байна. Эцэст нь баптисм хүртэж байна.