Эртний хуйлмал бичгийг «дэлгэсэн» нь
Эйн Гедигийн хуйлмал бичгийг 1970 онд олсон ч тайлж уншиж чадаагүй аж. Харин саяхан энэхүү хуйлмал бичигт «Левит» номын хэсэг, түүний дотор Бурхны нэр байгааг 3D сканнераар илрүүлсэн юм
Археологичид 1970 онд малтлага хийж байгаад нүүрс болтлоо шатсан хуйлмал бичиг олжээ. Сөнөсөн тэнгисийн баруун эрэг дээрх Эйн Геди (Израйл) гэдэг газар нэгэн тосгон байсан бөгөөд МЭ 6-р зуунд устгагдсан бололтой. Тэр үед шатсан синагогийн балгаснаас олдсон уг хуйлмал бичгийг унших нь бүү хэл гэмтээхгүйгээр дэлгэх ч боломжгүй байв. Харин 3D сканнер (гурван хэмжээст сканнер) ашиглан хуйлмал бичгийг «дэлгэж» чаджээ. Ийнхүү юу бичсэнийг унших боломж бүрдсэн.
Сканнераар юу олж илрүүлсэн бэ? Шатсан хуйлмал бичигт Библийн «Левит» номын эхний хэдэн зүйлийг бичсэн байжээ. Мөн тэдгээр зүйлд Бурхны нэр (Тетраграмматон) байв. Археологийн энэхүү дурсгал МЭ 50–400 оных бололтой. «Иерусалим пост» сонинд Гил Зохарын бичсэн тайлбарыг үзвэл, урьд нь еврей хэлээрх хамгийн эртний Библид тооцогддог Күмраны гар бичмэлүүдийн (МЭӨ 100-гаад оных) дараа Алеппогийн кодекс (МЭ 930-аад оных) ордог байжээ. Энэ хоёрын хоорондох цаг үед хамаарах баримт бичиг байгаагүй юм. Харин Эйн Гедигийн олдвор нь хамрах цаг хугацааны хувьд Күмраны гар бичмэлүүд буюу Сөнөсөн тэнгисийн хуйлмал бичгийн дараа, Алеппогийн кодексын өмнө орох болжээ. Шинжээчдийн дүгнэлтээр бол, Эйн Гедигийн хуйлмал бичиг нь 1) Тора (Библийн эхний таван ном) хэдэн мянган жил найдвартай хадгалагдаж ирснийг; 2) Тораг хуулан бичих явцад жижиг сажиг алдаа гарсан ч утга санаа нь алдагдаагүйг баталж байна.