Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 49

Ажиллах хийгээд амрах цаг

Ажиллах хийгээд амрах цаг

«Хүнгүй газар очоод жаахан амаръя» (МАРК 6:31).

ДУУ 32 Тууштай, гуйвшгүй байя!

ТОЙМ *

1. Өнөөгийн хүмүүс ажил хөдөлмөрт хэрхэн ханддаг вэ?

ТАНАЙ нутгийн ихэнх хүн ажил хөдөлмөрт хэрхэн ханддаг вэ? Олон улс оронд хүмүүс шургаж унатлаа ажиллаж байна. Энэ нь урьд хожид байгаагүй үзэгдэл юм. Ажилд дарагдсан ийм хүмүүст амрах, гэрийнхэнтэйгээ хамт байх, Бурхны тухай судлах цаг гардаггүй (Ном. 2:23). Харин ажил хийх дургүй зарим хүн өөрийгөө өмөөрч шалтаг тоочдог (Сур. 26:13, 14).

2, 3. Ехова Есүс хоёр ажил хөдөлмөрийн талаар ямар үзэлтэй вэ?

2 Энэ ертөнцийнхөн ажил хөдөлмөрийн талаар өрөөсгөл үзэлтэй байх нь ээ. Тэгвэл Ехова Есүс хоёр ямар вэ? Ехова ажил хөдөлмөрт дуртайг Есүсийн хэлсэн үгээс мэдэж болно. Тэрбээр: «Миний Эцэг одоо болтол ажиллаж байгаа. Би ч ажиллана» гэжээ (Ёох. 5:17). Бурхан тоо томшгүй сүнсэн бүтээлүүд болон огторгуйн уудамд орших од гаргийг бүтээснийг бодоод үз дээ. Бидний амьдарч буй үзэсгэлэнт дэлхий дээр Бурхны бүтээлч хөдөлмөрийн үр шим тодоос тод харагддаг. Дуулалч: «Өө, ЭЗЭН, Таны үйлс хичнээн их вэ! Мэргэн ухаанаар Та тэд бүхнийг бүтээсэн. Газар дэлхий Таны баялгаар дүүрэн юм» хэмээн тун зөв хэлжээ (Дуу. 104:24).

3 Есүс бол Эцгийгээ дуурайсан Нэгэн. «Тэнгэрийг бүтээхэд» нь Эцэгтээ тусалж «уран дархан мэт» байжээ (Сур. 8:27–31, АББН, 2000). Хожим нь Есүс дэлхийд ирээд гайхалтай ажил хийсэн бөгөөд түүнийгээ хоолтой зүйрлэдэг байв. Тэрбээр дэлхий дээр байхдаа хийсэн бүхнээрээ Бурхны илгээсэн нэгэн гэдгээ батлан харуулжээ (Ёох. 4:34; 5:36; 14:10).

4. Амрах талаар Ехова Есүс хоёроос юу сурч болох вэ?

4 Ажил хөдөлмөрт дуртай Ехова Есүс хоёрын жишээг бодохоор бид амрах хэрэггүй гэсэн үг үү? Үгүй дээ, яалаа гэж! Ехова огт ядардаггүй учраас амрах шаардлага байдаггүй. Гэхдээ тэнгэр газрыг бүтээснийхээ дараа «ажлаа зогсоон, сэргэсэн» гэж Библид бичжээ (Ег. 31:17). Өөрөөр хэлбэл, Ехова түр завсарлаж, бүтээсэн бүхнээ хараад ихэд баярласан. Есүс дэлхий дээр байхдаа нөр их хөдөлмөрлөдөг байсан ч амарч, найз нөхөдтэйгөө хамт хоол иддэг байжээ (Мат. 14:13; Лук 7:34).

5. Танд юу амаргүй байдаг вэ?

5 Ажилсаг байхыг Бурхан үйлчлэгчдэдээ уриалдаг. Бурхны үйлчлэгчид залхуу байж болохгүй (Сур. 15:19). Та гэр бүлээ тэжээхийн тулд ажил хийдэг байх. Түүнээс гадна, сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд оролцох нь Христийн шавь бүрийн үүрэг юм. Гэхдээ бас сайн амрах шаардлагатай. Ажлаа хийх, дэлгэрүүлэх, амрах цагаа зөв хуваарилахад хэцүү санагдсан үе танд байдаг уу? Хэр их ажиллаж, хэр их амрах вэ?

АЖИЛЛАХ Ч ХЭРЭГТЭЙ, АМРАХ Ч ХЭРЭГТЭЙ

6. Марк 6:30–34-ийг үзвэл, Есүс ажил амралтын талаар зөв үзэлтэй байсан гэхийн учир юу вэ?

6 Ажил хөдөлмөрийн талаар зөв үзэлтэй байх нь чухал. Соломон хаан: «Бүх юм тогтоогдсон цаг мөчтэй» хэмээн Бурхнаар удирдуулан бичихдээ «бүх юм» гэдэгт тариалах, барьж босгох, уйлах, инээх, бүжиглэх зэргийг дурджээ (Ном. 3:1–8). Амьдрал бол ажил, амралт гэсэн үндсэн хоёр хэсэгтэй байх нь ээ. Есүс ажил амралтын талаар зөв үзэлтэй байсан. Нэг удаа элч нар нь дэлгэрүүлж яваад буцаж иржээ. «Тэдэнд юм идэх ч завдал» гараагүй болохоор Есүс: «Хэдүүлээ хүнгүй газар очоод жаахан амаръя» гэсэн (Марк 6:30–34-ийг уншина). Амаръя гэж бодсон ч хэнд нь ч боломж олдоогүй байв. Гэхдээ бүгд амрах ёстойг Есүс мэдэж байлаа.

7. Амралтын өдрийн хуулийг судлах нь ямар ач холбогдолтой вэ?

7 Хэвшлээ өөрчилж амрах шаардлага заримдаа гардаг. Үүнийг харуулах нэг үйл явдлыг авч үзье. Долоон хоногийн нэг өдөр амарч байхыг Бурхан ард түмэндээ тушаажээ. Бид Мосегийн хуулийг сахидаггүй ч Амралтын өдрийн хуулийг судалбал их юм мэдэж авна. Мэдсэн зүйлдээ үндэслээд ажил амралтын талаар ямар үзэлтэйгээ шалгаарай.

АМРАЛТЫН ӨДӨР БОЛ АМРАХ, ШҮТЭХ ЦАГ МӨН

8. Египетээс гарсан нь 31:12–15-ыг үзвэл Амралтын өдрийг юунд зориулах ёстой байсан бэ?

8 Бурхан зургаан «өдөр» ажиллаад дэлхий дээрх ажлаа түр зогсоосон гэж Библид бичжээ (Эх. 2:2). Гэхдээ Ехова ажиллах дуртай учраас одоо ч ажиллаж байгаа (Ёох. 5:17). Ехова долоо дахь «өдрөө» амарсан бөгөөд израйлчуудад бас долоо дахь өдөртөө амарч байхыг тушаажээ. Тэрбээр Амралтын өдрийг «Би болон та нарын хоорондох тэмдэг» гэж хэлсэн байдаг. Энэ нь «ЭЗЭНд ариун болоод бүтэн амрах амралтын өдөр» байв (Египетээс гарсан нь 31:12–15-ыг уншина). Хүүхэд, боол, тэр бүү хэл, мал адгуус ч ажил хийж болохгүй байсан (Ег. 20:10). Ийнхүү Бурхныг шүтэх асуудлыг илүү их анхаарах боломжийг бүх хүнд олгожээ.

9. Есүсийн үед хүмүүс Амралтын өдрийн талаар ямар буруу ойлголттой байсан бэ?

9 Амралтын өдөр нь Бурхны ард түмэнд ач тустай байв. Харин Есүсийн үеийн шашны удирдагчид Амралтын өдрийн хуулийг сахихтай холбоотой дүрэм зохиож туйлширсан. Жишээ нь тэр өдөр тариан түрүү шувтрах эсвэл өвчтэй хүн эдгээхийг хоригложээ (Марк 2:23–27; 3:2–5). Энэ нь Бурхны хүсэл биш гэдгийг Есүс сонсогчдодоо хэлж өгсөн.

Иосефын гэр бүл Амралтын өдрийг Бурхнаа шүтэхэд зориулдаг байв (10-р догол мөрийг үзээрэй) *

10. Матай 12:9–12-ыг үзвэл, Амралтын өдрийн талаар Есүс ямар үзэлтэй байсан бэ?

10 Есүс болон иудей дагалдагчид Мосегийн хуулийг сахидаг учраас Амралтын өдөр амардаг байжээ. * Гэхдээ туйлширч болохгүй гэдгийг, мөн сайхан сэтгэлийн, тустай үйл хийх нь хууль зөрчсөн хэрэг биш гэдгийг Есүс үгээрээ ч, үйлсээрээ ч баталсан. Тэрбээр: «Амралтын өдөр сайныг үйлдэх нь Хуульд нийцнэ» гэж тодорхой хэлжээ (Матай 12:9–12-ыг уншина). Израйлчууд Бурхнаа шүтэх асуудлыг голлон анхаарахын тулд тэр өдөр ажлаа хийлгүй амардаг байжээ. Энэ бол Амралтын өдрийн хууль гаргах болсон гол шалтгаан юм. Есүсийн төрж өссөн гэр бүл Бурхантай дотносохын тулд Амралтын өдрийн хуулийг сахидаг байжээ. «Есүс өссөн хот Назартаа очоод заншсан ёсоороо Амралтын өдөр синагогт орж Судраас уншихаар босов» гэж бичсэнээс ийн дүгнэж болно (Лук 4:15–19).

ТА АЖИЛ ХӨДӨЛМӨРИЙГ ЮУ ГЭЖ ҮЗДЭГ ВЭ?

11. Ажилсаг байх талаар Есүст хэн сайн жишээ үзүүлсэн бэ?

11 Иосеф Есүсийг мужааны эрдэмд сургаж байхдаа ажил хөдөлмөрийн талаарх Еховагийн үзлийг зааж өгсөн нь дамжиггүй (Мат. 13:55, 56). Мөн өнөр бүлээ тэжээхийн тулд өдөр бүр нөр их хөдөлмөрлөдөг байв. Үүнийг нь Есүс ажигладаг байсан нь лавтай. Есүс хожим нь шавь нартаа «Ажилчин хөлсөө авах зохистой» гэж хэлсэн (Лук 10:7). Тэрбээр ажилсаг байна гэж юу гэсэн үг болохыг мэддэг байжээ.

12. Ажил хөдөлмөр эрхлэх хэрэгтэй гэдгийг Библийн аль зүйлүүдээс мэдэж болох вэ?

12 Элч Паул бас ажилсаг хүн байв. Есүс болон сургаалынх нь талаар хүмүүст ярих нь түүний гол ажил байсан. Бас өөрийгөө тэжээхийн тулд ажил хийдэг байжээ. Паул Тесалоник дахь дагалдагчдад «Та нарын хэнд ч дарамт болохгүй гэсэндээ өдөр шөнөгүй хөдөлмөрлөсөн» гэж бичжээ (2 Тес. 3:8; Үйлс 20:34, 35). Майхан оёж байсныгаа хэлсэн бололтой. Паул Коринт хотод очоод Акул Прискила хоёрынд байхдаа тэдэнтэй хамт майхан хийдэг байжээ. «Өдөр шөнөгүй» ажилласан гэдэг нь зогсоо зайгүй ажилласан гэсэн үг биш юм. Паул зарим өдөр, тухайлбал, Амралтын өдөр майхан оёдоггүй байсны учир нь тэр өдөр амарч байгаа иудейчүүдэд сайн мэдээ дэлгэрүүлэхийн тулд ажээ (Үйлс 13:14–16, 42–44; 16:13; 18:1–4).

13. Паулаас юу сурах вэ?

13 Элч Паул сайхан жишээ үзүүлжээ. Ажил хөдөлмөр эрхлэхийн зэрэгцээ «Бурхны тухай сайн мэдээ тунхаглах ариун ажилд» тогтмол оролцдог байсан (Ром 15:16; 2 Кор. 11:23). Бас ийм байхыг бусдад уриалдаг байв. Тийм учраас Акул Прискила хоёр «Христ Есүсийн даалгасан ажлыг» Паултай хамтран хийдэг байжээ (Ром 12:11; 16:3). Паул Коринт дахь дагалдагчдад «Эзний үйл хэргээр үргэлж бялхахыг» уриалсан (1 Кор. 15:58; 2 Кор. 9:8). Мөн «Ажил хийх дургүй хүн бүү идэг» хэмээн Бурхнаар удирдуулан бичжээ (2 Тес. 3:10).

14. Ёохан 14:12-т байдаг Есүсийн үг ямар утгатай вэ?

14 Эцсийн энэ өдрүүдэд өрнөж буй ажлуудаас хамгийн чухал нь дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажил юм. Шавь нар нь өөрийнх нь хийснээс ч илүү агуу ажил хийхийг Есүс зөгнөжээ! (Ёохан 14:12-ыг уншина). Гэхдээ өөр шиг нь гайхамшиг үйлдэнэ гэж хэлээгүй. Харин илүү олон газар, илүү олон хүнд, илүү удаан хугацаагаар дэлгэрүүлж, шавь бэлдэнэ гэсэн утгаар хэлжээ.

15. Өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ? Яагаад?

15 Та ажил эрхэлдэг бол дараах асуултыг бодож үзээрэй. «Манай хамт олон намайг ажилсаг хүн гэж боддог уу? Би ажлаа цагт нь дуусгадаг уу? Чадлаараа ажилладаг уу?». Тийм гэж хариулж байвал та даргынхаа итгэлийг хүлээх нь дамжиггүй. Бас таныг Хаант төрийн тухай сайн мэдээ дэлгэрүүлбэл танай ажлынхан дуртайяа сонсох биз ээ. Дэлгэрүүлэх, заах ажилтай холбогдуулан дараах асуултыг өөрөөсөө асуугаарай: «Итгэл нэгтнүүд маань намайг Бурхны төлөө нөр их хөдөлмөрлөдөг хүн гэж боддог уу? Би анхны уулзалтад сайн бэлддэг үү? Сонирхсон хүмүүстэй даруйхан уулздаг уу? Янз бүрийн аргаар тогтмол дэлгэрүүлдэг үү?». Тийм гэж хариулж байвал та ажлаа баяр хөөртэй хийнэ.

ТА АМРАЛТЫГ ЮУ ГЭЖ ҮЗДЭГ ВЭ?

16. Есүс ба элч нар амралтын талаар ямар үзэлтэй байсан бэ? Харин ихэнх хүн юу гэж боддог вэ?

16 Есүс болон элч нар жаахан ч гэсэн амрах хэрэгтэйг мэддэг байв. Харин тухайн үеийн болон өнөө үеийн олон хүн Есүсийн ярьсан жишээний баян хүнтэй адилхан. Тэр хүн: «Санаа амар бай, идэж уу, зугаацаж цэнгэ» гэж өөртөө хэлдэг (Лук 12:19; 2 Тим. 3:4). Амралт, зугаа цэнгэлийг амьдралын хамгийн чухал зүйл гэж бодож л дээ. Харин Есүс болон элч нар өөрсдийгөө баясгахыг чухалчилдаггүй байсан.

Ажиллах амрах цагаа зөв хуваарилдаг бол сэтгэл сэргээдэг сайн ажлыг голлон анхаарч чадна (17-р догол мөрийг үзээрэй) *

17. Бид амарч байхдаа Есүсийг хэрхэн дуурайдаг вэ?

17 Бид Есүсийг дуурайхыг хичээдэг. Яаж? Амралтаараа зөвхөн амраад зогсохгүй хүмүүст сайн мэдээ дэлгэрүүлэх, цуглаанд явах зэрэг сайн үйл хийдэг. Шавь бэлдэх, цуглаанд явах нь бидний хувьд маш чухал учраас эдгээр ариун үйлчлэлд тогтмол оролцохын тулд чадах бүхнээ хийдэг (Евр. 10:24, 25). Тэр байтугай хаа нэгтээ аялж явахдаа ч цуглаан тасалдаггүй. Мөн тааралдсан хүмүүстэйгээ Библийн сэдвээр ярилцах боломжийг эрэлхийлж явдаг (2 Тим. 4:2).

18. Бид яах хэрэгтэй вэ?

18 Ажиллах амрах цагаа зөв хуваарилахад тусалдаг ухаалаг Хаан Христ Есүст бид талархдаг (Евр. 4:15). Бид сайн амарч байх учиртай. Бас бие махбодынхоо хэрэгцээг хангахын тулд нөр их хөдөлмөрлөхийн зэрэгцээ шавь бэлдэх ажил хийн сэргэж байх нь чухал юм. Дараагийн өгүүллээр, Есүс биднийг боолчлолоос чөлөөлөхийн тулд юу хийж буйг ярилцана.

ДУУ 60 Бурхан таныг бататгана

^ д/м 5 Ажил амралтын талаар зөв үзэлтэй болоход Библи тусалдаг. Израйлчууд 7 хоног бүр Амралтын өдрийн хуулийг сахиж байсныг энэ өгүүллээр ярилцангаа ажил амралтын талаар ямар үзэлтэйгээ мэдэж авцгаая.

^ д/м 10 Шавь нар нь Амралтын өдрийн хуулийг ихэд дээдэлдэг байсан учир Есүсийг оршуулах бэлтгэл ажлыг Амралтын өдрийг дуустал хойшлуулжээ (Лук 23:55, 56).

^ д/м 55 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Амралтын өдөр Иосеф эхнэр хүүхдээ дагуулаад синагогт очиж байна.

^ д/м 57 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Энэ аав гэр бүлээ тэжээхийн тулд ажил хийдэг. Харин бусад үед, тэр байтугай гэр бүлээрээ аялахдаа ч Бурхны ажлыг хийдэг.