Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 47

«Левит» номоос суралцъя

«Левит» номоос суралцъя

«Судар бүрийг Бурхан бичүүлсэн. Судар бүр ... тустай» (2 ТИМ. 3:16).

ДУУ 37 Бурхны бичүүлсэн ном

ТОЙМ *

1, 2. Бид яагаад «Левит» номыг шимтэн судлах ёстой вэ?

ЭЛЧ Паул залуу анд Тимотдоо «Судар бүрийг Бурхан бичүүлсэн. Судар бүр ... тустай» хэмээн сануулсан байдаг (2 Тим. 3:16). Судар гэдэгт «Левит» ном ч орно. Библийн энэ номын талаар та ямар бодолтой явдаг вэ? Орчин үед тохирохгүй дүрэм журмын жагсаалт гэж зарим хүн боддог байхад, Христийн жинхэнэ дагалдагч бидний бодол өөр.

2 «Левит» ном 3 500 гаруй жилийн өмнө бичигджээ. Ехова үүнийг «биднийг сургахын тулд» хадгалан үлдээжээ (Ром 15:4). «Левит» ном нь Еховагийн үзэл бодлыг ойлгоход тустай учраас үүнийг шимтэн судлах учиртай. Бурхны агуу хүчээр удирдуулан бичигдсэн энэ номоос сурах юм их бий. Дөрвийг нь авч үзье.

ЕХОВАД САЙШААГДАХЫН ТУЛД

3. Жил бүрийн Эвлэрүүллийн өдөр яагаад тахил өргөдөг байсан бэ?

3 Нэгдүгээрт, Еховад сайшаагдахын тулд таалалд нь нийцэх тахил өргөх шаардлагатай. Израйлын ард түмэн жил бүрийн Эвлэрүүллийн өдөр нийтээрээ цуглаад амьтдаар тахил өргөдөг байжээ. Нүглээ ариусгах хэрэгтэйг нь тэдгээр тахил сануулдаг байв! Тэр өдөр тэргүүн тахилч тахилын амьтны цусыг Ариунаас ариун газар авч орохоосоо өмнө өөр нэг чухал даалгаврыг биелүүлэх ёстой байсан. Энэ нь ард түмний нүглийг уучлуулахаас ч илүү чухал байжээ.

(4-р догол мөрийг үзээрэй) *

4. Левит 16:12, 13-т бичсэнийг үзвэл, тэргүүн тахилч Эвлэрүүллийн өдөр Ариунаас ариун газар эхний удаа ороод юу хийдэг байсан бэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

4 Левит 16:12, 13-ыг уншина. Эвлэрүүллийн өдөр юу болдог байсан бэ? Дараах дүр зургийг төсөөлөөрэй. Тэргүүн тахилч мөргөлийн асарт орж байна. Ер нь тэр өдөр Ариунаас ариун газар гурван удаа орох ёстой. Эхний удаа орохдоо нэг гартаа анхилуун утлагатай сав, нөгөө гартаа галтай нүүрсээр дүүрэн алтан бойпор барьсан байна. Тэргүүн тахилч Ариунаас ариун газрыг тусгаарласан хөшигний өмнө зогсосхийлээ. Тэгээд ихэд хүндэтгэлтэйгээр тийшээ орж, гэрээний авдрын өмнө зогсов. Энэ нь Ехова Бурхны өмнө зогсож байгаа хэрэг юм! Тэрээр ариун утлагыг галтай нүүрсэн дээр болгоомжтой асгав. Өрөө анхилуун үнэрээр дүүрлээ. * Ариунаас ариун газар луу дахин орохоороо нүглийн төлөө тахил болгосон амьтны цусыг өргөнө. Харин цус өргөхөөсөө өмнө утлага уугиулсныг анхаараарай.

5. Эвлэрүүллийн өдөр утлага уугиулдаг байсан явдлаас юу мэдэж авах вэ?

5 Эвлэрүүллийн өдөр утлага уугиулдаг байсан явдлаас юу мэдэж авах вэ? Еховагийн үнэнч үйлчлэгчдийн залбирлыг Библид утлагатай зүйрлэдэг (Дуу. 141:2; Илч. 5:8). Тэргүүн тахилч, Еховагийн залран байгаа газар утлагаа барьсаар ихэд хүндэтгэлтэй орсныг санаарай. Үүнтэй адил, бид Еховад залбирахдаа гүн хүндэтгэлтэй байх учиртай. Жаахан хүүхэд аавтайгаа дотно байдаг шиг, бид орчлонт ертөнцийг Бүтээгч Ехова Бурхантай дотно байх боломжтой. Ийм боломж олгосонд нь талархаад баршгүй (Яак. 4:8). Тэрээр биднийг дотнын найзаа гэж үздэг! (Сур. 3:32). Бид энэ завшаанаа өндөр үнэлдэг учраас Бурхнаа гомдоохыг өчүүхэн ч хүсдэггүй.

6. Тэргүүн тахилч тахил өргөхөөсөө өмнө утлага уугиулдаг байсан явдлаас Есүсийн талаар юу мэдэж авах вэ?

6 Тэргүүн тахилч тахил өргөхөөсөө өмнө утлага уугиулдаг байсныг санаарай. Энэ шаардлагыг хангасан бол Ехова тахилыг нь хүлээж авдаг байв. Эндээс юу мэдэж авах вэ? Есүс амиа тахил болгон өргөхөөсөө өмнө хүн төрөлхтнийг аврахаас ч илүү чухал юмыг хийх хэрэгтэй болжээ. Тэр нь юу байсан бэ? Дэлхий дээр амьдарч байх бүхий л хугацаандаа Еховад үнэнч, дуулгавартай байх ёстой байлаа. Ингэвэл Ехова тахилыг нь хүлээж авах ажээ. Бүхнийг Еховагийн зааснаар хийх нь амьдралын хамгийн зөв замаар явж байна гэсэн үг. Бас Бурхны хэмжээгүй эрх мэдэл хууль ёсных бөгөөд удирдах арга нь шударга гэдгийг батална.

7. Есүсийг яагаад Эцгийнхээ хүсэл таалалд нийцүүлж амьдарсан гэж хэлж болох вэ?

7 Есүс дэлхий дээр амьдарч байхдаа Еховад төгс дуулгавартай байв. Хорхой хүргэм зүйл, сорилт бэрхшээл тулгарсан ч, тэр байтугай тарчилж үхэх гэж байсан ч Еховагийн удирдах арга хамгийн сайн гэдгийг баталъя гэсэн хүсэл нь унтраагүй (Флп. 2:8). Хүнд бэрх сорилтын үед Есүс «чанга дуугаар, нулимс унаган» залбирдаг байв (Евр. 5:7). Еховад зүрх сэтгэлийнхээ угаас шаргуу залбирснаас нь үнэнч хүн байсан нь харагддаг. Тийнхүү залбирч байхдаа дуулгавартай байя гэж эргэлт буцалтгүй шийджээ. Есүсийн залбирал Еховад анхилуун үнэртэй утлага мэт байв. Есүс, Эцгийнхээ хүсэл таалалд нийцүүлэн амьдарч хэмжээгүй эрх мэдлийг нь зөвтгөжээ.

8. Есүсийг дуурайдаг хүн ямар байдаг вэ?

8 Есүсийг дуурайдаг хүн ямар байдаг вэ? Бурханд дуулгавартай, үнэнч байхын тулд чадах бүхнээ хийдэг. Еховад таалагдахыг хүсдэг учраас сорилт тулгарсан үед тусламж гуйж шаргуу залбирдаг. Ингэснээрээ удирдах аргыг нь дэмждэгээ батлан харуулдаг. Хэрэв үзэн яддаг юмыг нь хийдэг бол Ехова залбирлыг маань сонсохгүй гэдгийг бид мэддэг. Харин хэм хэмжээнийх нь дагуу амьдардаг бол чин сэтгэлийн залбирал маань Еховад анхилуун үнэртэй утлага мэт санагдана гэдэгт итгэлтэй байдаг. Үнэнч, дуулгавартай байвал тэнгэрийн Эцэгт маань таатай байна гэдэгт итгэж болно (Сур. 27:11).

ХАЙР, ТАЛАРХАЛ—ЕХОВАД ҮЙЛЧЛЭХ ХӨШҮҮРЭГ

(9-р догол мөрийг үзээрэй) *

9. Яагаад эвийн тахил өргөдөг байсан бэ?

9 Хоёрдугаарт, бид талархдаг учраас Еховад үйлчилдэг. Үүнийг онцлон авч үзэхийн тулд эртний израйлчуудын өргөдөг байсан эвийн тахилуудын тухай ярилцъя. * Израйл хүн талархлаа илэрхийлж эвийн тахил өргөдөг байсныг «Левит» номоос мэдэж болно (Лев. 7:11–13, 16–18). Тэрээр энэ тахилыг заавал өргөх ёстой гэж бодсондоо бус, харин өөрөө хүсээд өргөдөг байжээ. Тиймд энэ нь Ехова Бурхнаа гэсэн хайрандаа хөтлөгдөөд өгдөг сайн дурын өргөл байв. Эвийн тахилын махнаас өргөлийн эзэн, гэр бүлийнхэн нь, мөн тахилчид иддэг. Гэхдээ заримыг нь зөвхөн Еховад зориулан өгнө. Тахилын малын юуг нь Еховад өгдөг байсан бэ?

(10-р догол мөрийг үзээрэй) *

10. Левит 3:6, 12, 14–16-д гардаг эвийн тахил болон Есүсийн үйлчлэл юугаараа төстэй вэ?

10 Гуравдугаарт, бид хайрандаа хөтлөгдөөд хамгийн сайныгаа Еховад өгдөг. Ехова малын өөхийг, мөн бөөр зэрэг зарим эрхтнийг хамгийн сайн, үнэ цэнтэй гэж үздэг байжээ (Левит 3:6, 12, 14–16-г уншина). Тиймд израйл хүн тэдгээр чухал гэсэн эрхтнийг болон өөхийг сайн дураараа өргөвөл Ехова онцгой их баярладаг байжээ. Тахил өргөж буй тэр хүн Бурханд хамгийн сайн юм өгөх чин хүсэлтэйгээ харуулдаг. Үүнтэй адил, Есүс Еховаг гэсэн хайрандаа хөтлөгдөн хамаг чадлаараа үйлчилсэн (Ёох. 14:31). Есүс Еховагийн «хүслийг гүйцэлдүүлэхдээ баярладаг», хуулийг нь сэтгэлийнхээ угаас хайрладаг байжээ (Дуу. 40:8). Чин сэтгэлээсээ, дуртайяа үйлчилж буй Есүсийг хараад Ехова ямар их баярласан бол оо!

Бид Еховад хайртай учраас хамгийн сайныгаа өгдөг (11, 12-р догол мөрийг үзээрэй) *

11. Бидний үйлчлэл юугаараа эвийн тахилтай адилхан бэ? Энэ нь яагаад тайвширмаар вэ?

11 Бидний үйлчлэл эвийн тахилтай адилхан. Яагаад гэвэл бид Еховаг бүхий л зүрх сэтгэлээсээ хайрладаг. Тийм учраас хамгийн сайныгаа өгдөг. Сайн дураараа, хайрандаа хөтлөгдөн үйлчилдэг олон сая шүтэгчээ хараад Ехова ямар их баярладаг бол оо! Ехова бидний юу хийж байгааг төдийгүй ямар сэтгэлээр хийж байгааг маань хараад, үнэлж цэгнэдэг гэдгийг санахаар тайвширдаг. Жишээ нь та өтөлж хөгшрөөд өмнөх шигээ үйлчилж чадахаа больсон бол Ехова таныг сайн ойлгож байгаа гэдэгт итгээрэй. Их юм хийж чадахгүй гэж та боддог ч Ехова хайрыг тань мэдэрдэг. Та тэр л хайрандаа хөтлөгдөөд чадах юмаа хийдэг шүү дээ. Өгч чадах хамгийн сайн юмыг тань Ехова дуртайяа хүлээж авдаг.

12. Эвийн тахил Еховад ямар санагддаг байсан бэ? Эндээс юу мэдэж болох вэ?

12 Эвийн тахил болгон өргөсөн малын хамгийн сайн нь галд шатахад утаа нь Еховад тааламжтай үнэртдэг байсан. Эндээс юу мэдэж болох вэ? Биднийг сайн дураараа, хамаг зүрх сэтгэлээрээ үйлчлэхэд Еховад мөн л тааламжтай санагддаг (Кол. 3:23). Ехова таныг сайшаан инээмсэглэж байна гээд төсөөлөөрэй. Еховагийн төлөө ихийг хийсэн үү, багыг хийсэн үү гэдэг нь чухал биш. Харин таны хичээл зүтгэлийг Ехова өндөр үнэлж, үүрд мөнхөд дурсан санана (Мат. 6:20; Евр. 6:10).

ЕХОВА БАЙГУУЛЛАГАА ИВЭЭДЭГ

13. Левит 9:23, 24-ийг үзвэл, Ехова шинэхэн тахилчдыг сайшааж байгаагаа хэрхэн харуулсан бэ?

13 Дөрөвдүгээрт, Ехова байгууллагынхаа дэлхий дэх хэсгийг ивээж байна. МЭӨ 1512 онд Синаи уулын бэлд мөргөлийн асар босгоход юу болсныг ярилцъя (Ег. 40:17). Аарон болон хөвгүүдийг нь тахилч болгох ёслолыг Мосе удирдсан. Израйлын ард түмэн анхныхаа тахилыг өргөж буй тахилчдыг харахаар хуран цугларчээ (Лев. 9:1–5). Ехова шинэхэн тахилчдыг сайшааж байгаагаа хэрхэн харуулсан бэ? Аарон Мосе хоёр ард олныг ерөөсний дараа Ехова тэнгэрээс гал илгээн, тахилын ширээн дээрх тахилыг хуу шатаажээ (Левит 9:23, 24-ийг уншина).

14. Ехова Аароны удмын тахилчдыг сайшаадаг байсныг бид яагаад анхаарах ёстой вэ?

14 Тэргүүн тахилчдыг томилох үед Ехова тэнгэрээс гал буулгаснаараа Аароны удмын тахилчдыг дэмжиж байгаагаа батлан харуулсан. Энэ явдлыг нүдээрээ үзсэн израйлчууд тахилчдыг дэмжих учиртайгаа ойлгожээ. Ехова тахилчийн үйлчлэлийг сайшаан дэмжиж байсныг бид яагаад анхаарах ёстой вэ? Эртний Израйлын тахилчийн үйлчлэл илүү чухал үйлчлэлийн сүүдэр байжээ. Есүс бол агуу Тэргүүн тахилч юм. Мөн тэнгэрт Есүстэй хамт үйлчлэх 144 000 хаан, тахилч бий (Евр. 4:14; 8:3–5; 10:1).

Еховагийн ивээж, удирдаж байгаа байгууллагыг дэмжихийн тулд бид чадах бүхнээ хийдэг (15–17-р догол мөрийг үзээрэй) *

15, 16. Ехова «итгэмжит, ухаалаг боолыг» сайшаадаг нь юунаас харагддаг вэ?

15 1919 онд Есүс цөөн хэдэн тослогдсон эрчүүдийг «итгэмжит, ухаалаг боол» болгон томилжээ. Энэ боол дэлгэрүүлэх ажлыг удирдаж, Христийн дагалдагчдад «цагт нь хоол унд» өгдөг (Мат. 24:45). Бурхан итгэмжит, ухаалаг боолыг сайшаадгийн баталгаа тодорхой харагддаг уу?

16 Сатан ба түүний талынхан итгэмжит боолын ажлыг зогсоохыг оролддог. Ехова энэ боолд туслаагүй бол ажил нь бүтэмжгүй болох байв. Дэлхийн хоёр дайн, харгис ширүүн хавчлага, дэлхийн эдийн засгийн хямрал, шударга бус хандлагын аль нь ч итгэмжит, ухаалаг боолыг зогсоож чадаагүй. Тэд Христийн дагалдагчдад «хоол ундыг» нь тасралтгүй өгч байна. Өчнөөн олон ном хэвлэлийг 900 гаруй хэлээр үнэ төлбөргүй авдгаа бодоод үз дээ! Энэ бол итгэмжит боолыг Бурхан дэмжиж буйн хөдөлшгүй нотолгоо юм. Ехова ивээж буйн бас нэг баталгааг бодоод үз дээ. Сайн мэдээг «бүх үндэстэнд гэрчлэл болгон дэлхий даяар тунхаглаж» байна (Мат. 24:14). Ехова байгууллагаа удирдаж, өгөөмрөөр ивээж байгаа нь эргэлзээгүй.

17. Еховагийн байгууллагыг хэрхэн дэмжих вэ?

17 «Би Еховагийн байгууллагын дэлхий дэх хэсэгт багтдагтаа баярладаг уу?» гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Мосегийн үед Ехова томилсон хүмүүсээ сайшааснаа баталж тэнгэрээс гал илгээсэн. Үүнтэй адил, байгууллагаа удирдаж байгаагаа тов тодорхой харуулдаг. Бид үүнд маш их талархдаг (1 Тес. 5:18, 19). Еховагийн байгууллагыг хэрхэн дэмжих вэ? Ном хэвлэл, цуглаан, чуулганаар өгдөг Библид үндэслэсэн заавар зөвлөгөөг дагах хэрэгтэй. Түүнээс гадна, дэлгэрүүлэх, заах ажилд идэвхтэй оролцдог бол дэмжиж байгаа хэрэг юм (1 Кор. 15:58).

18. Та яахаар шийдсэн бэ?

18 «Левит» номоос сурч авсан зүйлээ хэрэгжүүлэхээр эргэлт буцалтгүй шийдэцгээе. Еховагийн сайшаалыг хүлээцгээе. Тэгвэл Ехова бидний тахилыг хүлээж авна. Түүнд талархах сэтгэлээр үйлчилцгээе. Еховаг бүхий л зүрх сэтгэлээрээ хайрлан хамгийн сайныгаа өгч байцгаая. Мөн Еховагийн ивээж буй байгууллагыг дэмжихийн тулд чадах бүхнээ хийцгээе. Ингэдэг бол Гэрч нь байх завшаанаа өндөр үнэлдгээ харуулна!

ДУУ 20 Цуглааныг маань ивээгээч

^ д/м 5 «Левит» номд эртний Израйлд зориулж өгсөн Еховагийн хууль байдаг. Христийн дагалдагч бид энэ хуулийг сахидаггүй ч ач тусыг нь хүртэх боломжтой. Энэ өгүүллээр «Левит» номоос юу сурч болохыг авч үзнэ.

^ д/м 4 Мөргөлийн асарт уугиулдаг утлагыг ариун гэж үздэг байв. Эрт цагт ийм утлагыг зөвхөн Еховад зориулж уугиулдаг байжээ (Ег. 30:34–38). Христийн І зууны дагалдагчид шашин шүтлэгийн зорилгоор утлага уугиулсан тухай тэмдэглэл байдаггүй.

^ д/м 54 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Эвлэрүүллийн өдрөөр Израйлын тэргүүн тахилч Ариунаас ариун газар утлага, цогтой нүүрстэй орж өрөөг анхилуун үнэрээр дүүргэсний дараа нүглийн төлөөх тахилын амьтны цусыг бариад дахин ордог байжээ.

^ д/м 56 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Израйл эрэгтэй гэр бүлийнхэнтэйгээ хамт Еховад талархлаа илэрхийлэхээр эвийн тахилын хонийг нэг тахилчид өгч байна.

^ д/м 58 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Есүс дэлхий дээр үйлчилж байхдаа Еховагийн тушаалыг дагадаг, мөн өөр шиг нь байхыг дагалдагчдадаа уриалдаг байв. Ийнхүү Еховад хайртайгаа баталсан.

^ д/м 60 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Өндөр настай, хөл муутай ч захиагаар дэлгэрүүлж Еховад хамгийн сайныгаа өгч буй Гэрч эмэгтэй.

^ д/м 62 ЗУРГИЙН ТАЙЛБАР: 2019 оны 2-р сард Удирдах Зөвлөлийн гишүүн Геррит Лөш «Шинэ ертөнц орчуулга» герман хэлээр гарсныг зарлахад хүмүүс талархаж, баяр хөөр болон хүлээж авчээ. Өнөөдөр Герман дахь дэлгэрүүлэгчид шинэ Библиэ ашиглан баяр хөөртэй дэлгэрүүлдэг.