Skip to content

Гарчиг руу орох

«Та нар эдгээрийг мэдээд зогсохгүй үйлддэг бол жаргалтай»

«Та нар эдгээрийг мэдээд зогсохгүй үйлддэг бол жаргалтай»

«Миний хоол бол намайг явуулсан нэгний хүсэл таалалд нийцүүлж, даалгасан ажлыг нь бүрэн гүйцэд хийх юм» (ЁОХ. 4:34).

ДУУ: 1, 42

1. Ертөнцийнхний аминч үзлийн нөлөөнд хэрхэн автаж мэдэх вэ?

БУРХНЫ ҮГНЭЭС мэдэж авсан зүйлээ хэрэгжүүлэхэд яагаад хэцүү байдаг вэ? Даруу байх амаргүй нь нэг шалтгаан юм. Яагаад гэвэл даруу хүн л мэдлэгээ ажил хэрэг болгодог. Бидний амьдарч буй «эцсийн өдрүүдэд» «аминч, мөнгөнд дуртай, сагсуу, их зантай», «биеэ хянадаггүй» хүн хаа сайгүй байна (2 Тим. 3:1–3). Бид Бурхны үйлчлэгчид учраас тэдний үйлдэл, үг яриаг таашаадаггүй. Гэхдээ ажил үйлс нь бүтэмжтэй явааг хараад атаархаж мэдэх юм (Дуу. 37:1; 73:3). «Бусдын эрх ашгийг өөрийнхөөсөө дээгүүр тавихын хэрэг байна уу? Өөрийгөө “өчүүхэн” болгоод байвал хүмүүс намайг хүндлэх үү?» гэсэн бодол төрж магадгүй (Лук 9:48). Хэрэв бид энэ ертөнцийнхний аминч үзлийн нөлөөнд автвал итгэл нэгтнүүдээ хайрлахаа больж, Христийн дагалдагч гэдэг нэрээ сэвтүүлнэ. Харин Библид гардаг сайн хүмүүсийн жишээг судлан, тэднийг дуурайвал ивээл хүртэнэ.

2. Ямар асуултыг бодож үзэх хэрэгтэй вэ? Энэ нь ямар ач тустай вэ?

2 Эртний үнэнч хүмүүс Бурхантай яаж дотноссон юм бол оо? Хэрхэн Бурхны таалалд нийцдэг хүн болсон бэ? Яагаад зөв юм хийж чадсан бэ? Библид тэмдэглэн үлдээсэн тэдний жишээг уншиж судлан, эргэцүүлэн бодвол итгэл маань улам батажна.

ҮРГЭЛЖ БАТ ИТГЭЛТЭЙ БАЙХЫН ТУЛД

3, 4. а) Ехова бидэнд заавар зөвлөгөөгөө хэрхэн өгдөг вэ? б) Бат итгэлтэй байя гэвэл мэдлэг олж авахаас гадна өөр яах хэрэгтэй вэ?

3 Бид Библи, ном хэвлэл, манай вэбсаитууд, JW телевиз, цуглаан, чуулганаар дамжуулан олон сайхан заавар зөвлөгөө авдаг. Гэхдээ Ёохан 4:34-т байдаг Есүсийн үгнээс харвал зөвхөн мэдлэг олж авахаас илүүг хийх хэрэгтэй. Юу хийх вэ? Есүс: «Миний хоол бол намайг явуулсан нэгний хүсэл таалалд нийцүүлж, даалгасан ажлыг нь бүрэн гүйцэд хийх юм» гэжээ.

4 Есүс хоол гэдгээр Бурхны заавар зөвлөгөөг дагахыг хэлсэн. Шимтэй хоол идэхээр гэдэс цадаж, бие махбод шим тэжээл авдаг шиг, Бурхны зааврыг биелүүлээд байвал бидний итгэл батажна. Дэлгэрүүлэх ажлын цуглаанд очих үедээ ядарчихсан, харин дэлгэрүүлснийхээ дараа сэтгэл сэргэж, хүч тэнхээ орсноо анзаарсан үе танд байсан уу?

5. Мэргэн ухаантай хүн ямар ивээл хүртдэг вэ?

5 Бурхны зааврыг биелүүлэх нь мэргэн ухаантайн шинж юм (Дуу. 107:43). Мэргэн ухаантай хүн ивээл хүртдэг. «Чиний хүсэх ямар ч зүйл түүнтэй зүйрлэшгүй. ... Түүнээс зуурагсдад тэр нь амийн мод. Түүнийг тэр даруй барьж авах хүн бүр ерөөлтэй» хэмээн Библид бичжээ (Сур. 3:13–18). Есүс: «Та нар эдгээрийг мэдээд зогсохгүй үйлддэг бол жаргалтай байна» гэж хэлсэн (Ёох. 13:17). Шавь нар нь Есүсийн зааврын дагуу яваад л байвал дундаршгүй жаргал эдэлнэ гэсэн үг байв. Тэд насан туршдаа Багшийнхаа сургаал зааврыг биелүүлж, мөрөөр нь дагаж амьдарсан.

6. Бид яагаад сурч мэдсэнээ ажил болгосоор байх хэрэгтэй вэ?

6 Сурч мэдсэнээ ажил хэрэг болгох гэж тууштай зүтгэдэг байх нь өнөөдөр маш чухал. Жишээ нь машин засаж явсан туршлагатай хүн байлаа гэж бодъё. Тэр хүн багажтай, сэлбэгтэй, мэдлэгтэй байж магадгүй. Гэхдээ түүнийгээ ашиглахгүй бол ямар ч ашиг тусгүй. Бас машин засах ажлыг хааяа нэг биш, харин байнга хийвэл сайн засварчин болно. Үүнтэй адил, бид анх Бурхны тухай үнэнийг Библиэс мэдээд, сурч мэдсэнээ ажил болгосныхоо үр дүнг үзээд баярласан. Гэхдээ дундаршгүй жаргал эдэлье гэвэл Еховагийн заадаг бүхнийг өдөр бүр биелүүлэх хэрэгтэй.

7. Эртний үнэнч хүмүүсээс юу сурч болох вэ?

7 Даруу байхад амаргүй хэдэн тохиолдлыг энэ өгүүллээр ярилцъя. Эртний үнэнч хүмүүс тийм үед хэрхэн даруу байж чадсан нь бидэнд сургамжтай. Гэхдээ тэдний түүхийг уншиж, мэдээлэл авах төдийхнөөр хязгаарлаж болохгүй. Уншсанаа эргэцүүлэн бодож, тэр хүмүүсийг даган дуурайх нь хамгийн чухал.

«БИД ТА НАРТАЙ Л АДИЛ ЖИРИЙН ХҮН»

8, 9. Элч Паулаас юу сурах вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

8 «Ямар ч хүнийг аврагдаасай, үнэний тухай зөв мэдлэгтэй болоосой гэж Бурхан хүсдэг» (1 Тим. 2:4). Бурхны тухай үнэнийг мэддэггүй хүмүүсийн талаар та ямар бодолтой явдаг вэ? Элч Паул синагогуудад очиж Еховаг тодорхой хэмжээгээр мэддэг иудей хүмүүст сайн мэдээг тунхагладаг байсан. Түүгээр зогсохгүй хуурамч бурхан шүтдэг хүмүүст ч дэлгэрүүлдэг байжээ. Ингэж явахад даруу эсэх нь соригдсон.

9 Паул анх удаа миссионерын аялал хийж явахдаа Барнабтай хамт Лустр хотод очжээ. Тэнд амьдардаг лукаончууд Паул Барнаб хоёрыг ер бусын хүчтэй баатрууд мэт үзэж Зевс, Хермес бурхад хүний дүрээр ирлээ гэцгээсэн. Паул Барнаб хоёр үүнийг алдар нэр олох боломж гэж үзсэн үү? Өмнө нь очсон хотуудын оршин суугчид тэднийг хавчин гадуурхсан бол, эндхийнхэн найрсгаар хүлээн авсан гээд тайвширсан уу? Сайн мэдээгээ илүү олон хүнд сурталчлах сайхан боломж гэж бодсон уу? Үгүй! Шууд л эсэргүүцэл илэрхийлэн хувцсаа ураад, цугласан олны дунд орж «Та нар юунд ингэнэ вэ? Бид та нартай л адил жирийн хүн шүү дээ» хэмээн хашхирсан (Үйлс 14:8–15).

10. Паул Барнаб хоёр өөрсдийгөө лукаончуудаас илүү гэж бодоогүйн учир юу вэ?

10 Паул Барнаб хоёр лукаончуудад «Бид та нартай л адил жирийн хүн шүү дээ» гэж хэлсэн нь тэдэнтэй төгс бусаараа адилхан гэсэн үг байлаа. Түүнээс биш, шүтлэгээрээ адилхан гэж хэлэх гээгүй. Тэд бол Бурхны томилсон миссионерууд юм (Үйлс 13:2). Бас Бурхны агуу хүчээр тослогдсон, гайхалтай найдвар өвөрлөсөн хүмүүс байсан. Гэхдээ энэ нь өөрсдийгөө лукаончуудаас илүү гэж бодох шалтгаан биш. Сайн мэдээг хүлээж авбал лукаончууд ч бас тэнгэрт амьдрах найдвартай болохыг Паул Барнаб хоёр мэдэж байв.

11. Яавал Паул шиг даруу байх вэ?

11 Яавал даруу байх вэ? Юуны өмнө, Паулыг дуурайх хэрэгтэй. Тэрээр дэлгэрүүлэх ажил юм уу Еховагийн хүчээр хийсэн зүйлийнхээ төлөө магтаал сонсохыг хүсдэггүй байсан. Хүн бүр өөрөөсөө «Би хэсгийнхээ хүмүүсийн талаар ямар бодолтой явдаг вэ? Зарим үндэстнийг ялгаварлан гадуурхдаг уу?» гэж асуух нь зүйтэй. Дэлхий даяар буй Еховагийн Гэрчүүд сайн мэдээнд нааштай хандах хүмүүсийг олохын тулд хэсгээ сайтар боловсруулдаг. Тэр бүү хэл, бусдад ад шоо үзэгддэг үндэстэн ястны хэлийг сурах, өв соёлоос нь суралцах гэж хичээдэг хүмүүс ч бий. Өөрсдийгөө тэднээс илүү гэж хэзээ ч боддоггүй. Харин ч Хаант төрийн үрийг зүрх сэтгэлд нь суулгахын тулд хүн бүрийг ойлгохыг хичээдэг.

БУСДЫН НЭРИЙГ ДУРДАЖ ЗАЛБИР

12. Епафр бусдад хэрхэн санаа тавьдаг байсан бэ?

12 Даруу байх өөр нэг арга нь итгэл нэгтнүүдийнхээ төлөө залбирах юм. Тэд «үнэлж баршгүй үнэнийг мэдээд бидэнтэй адил итгэдэг болсон хүмүүс» билээ (2 Петр 1:1). Епафр тэгдэг байжээ. Библид Епафрын тухай гуравхан удаа гардаг. Гурвууланг нь элч Паул бичжээ. Паул Ромд гэрийн хорионд байхдаа Колосай дахь Христийн дагалдагчдад бичсэн захидалдаа «[Епафр] үргэлж шаргуу залбирдаг» гэжээ (Кол. 4:12). Епафр ах дүү нараа сайн мэддэг, тэдэнд ихэд санаа тавьдаг байв. Паул Епафрыг «надтай адил хоригдож байгаа» гэснээс үзвэл Епафр өөрөө ч зовж байжээ (Флм. 23). Тэгсэн хэр нь бусдад санаа тавьж, тусалж дэмждэг байсан. Амиа боддоггүй нь харагдаж байгаа биз? Бид бас Епафрыг дуурайн итгэл нэгтнүүдийнхээ нэрийг хэлээд залбирч болно. Тийм залбирал «их үр нөлөөтэй» (2 Кор. 1:11; Яак. 5:16).

13. Епафрыг хэрхэн дуурайх вэ?

13 Та нэрийг нь дурдаж залбирах хүмүүсийнхээ талаар бод доо. Хурлынхаа найзууд эсвэл гэр бүлүүдийг бодож байна уу? Тэд чухал шийдвэр гаргах юм уу сорилтыг тэвчих шаардлагатай байж мэдэх юм. Түүнээс гадна jw.org-ийн «Итгэл үнэмшлийнхээ улмаас хоригдож буй Еховагийн Гэрчүүд» гэдэг өгүүлэлд нэрийг нь жагсаасан, зүсийг нь ч харж байгаагүй хүмүүсийн төлөө залбирч болох юм (МЭДЭЭ > ХУУЛЬ ЗҮЙН МЭДЭЭ гэж орно уу). Бас хайртай дотнын хүнээ алдсан, байгалийн гамшигт өртсөн, дайн дажинд нэрвэгдсэн эсвэл мөнгө төгрөгөөр гачигдаж яваа хүмүүсийн төлөө залбирч болно. Нэрийг нь дурдаад залбирах итгэл нэгтэн олон. Тэдний төлөө залбирдаг бол «зөвхөн өөрийнхөө бус, бусдын эрх ашигт нийцүүлдгийн» шинж юм (Флп. 2:4). Ехова ийм залбирлыг сонсдог!

«СОНСОХОД БЭЛЭН БАЙ»

14. Ехова ямар агуу жишээ үзүүлдэг вэ?

14 Даруу байх бас нэг арга нь бусдын ярихыг анхааралтай сонсох явдал юм. Яаков 1:19-т бичсэнээр, бид «сонсоход бэлэн байх» ёстой. Бусдыг сонсох талаар Ехова хамгийн агуу жишээ үзүүлдэг (Эх. 18:32; Иош. 10:14). Тухайлбал, Египетээс гарсан нь 32:11–14-өөс ямар сургамж авахыг бодоцгооё (Уншина). Ехова Мосегоор дутна гэж үү дээ? Мэдээж үгүй. Гэсэн хэдий ч саналаа хэлэх боломжийг түүнд олгосон. Буруу зөрүү бодоод, бодсоноороо хийчихдэг хүний үгийг та тэвчээртэй сонсох уу? Үгүй л болов уу. Харин Ехова бол итгэлтэйгээр залбирдаг бүх хүнийг тэвчээртэй сонсдог Бурхан юм.

15. Бусдыг хүндэлдэг Еховаг хэрхэн дуурайх вэ?

15 Хүн бүр дараах асуултыг өөрөөсөө асуух нь зүйтэй. «Хэрэв Ехова Бурхан Абрахам Рахел Мосе Иошуа Маноа Елиа Хезекиа нарыг сонсож даруу байсан юм бол би бас тийм байх хэрэгтэй биш үү? Ах дүү нараа хүндэтгэн сайн талыг нь харж, санал бодлыг нь сонсож, хэлснийг нь хийхэд болохгүй гэж үү? Яг одоо хурлынхаа эсвэл гэрийнхнийхээ хэнийг анхаарах шаардлагатай байгаа билээ? Үүний тулд би яах нь зөв бэ?» (Эх. 30:6; Шүү. 13:9; Х.дээд 17:22; Ш.дэд 30:20).

«ЭЗЭН МИНИЙ ЗОВЛОНТ БАЙДЛЫГ ХАРЖ ... МАГАД»

Давид: «Түүнийг орхи» гэж хэлсэн. Та яах байсан бэ? (16, 17-р догол мөрийг үзээрэй)

16. Шимеи өөдгүй зан гаргахад Давид хаан яасан бэ?

16 Уураа барих нь даруу хүний шинж юм (Эф. 4:2). Нэг гайхалтай жишээг 2 Самуел 16:5–13-т бичжээ (Уншина). Саул хааны садангийн Шимеи гэгч хүн Давид ба түүний албатуудыг хараан зүхэж, дайрч давшилсан. Давид энэ явдлыг таслан зогсоож чадах байсан ч Шимеигийн ааш аягийг хүлцэн тэсвэрлэжээ. Яагаад биеэ барьж чадсан бэ? Үүнийг мэдэхийн тулд 3-р дууллыг судлах хэрэгтэй.

17. Давид яагаад биеэ барьж чадсан бэ? Бид хэрхэн дуурайх вэ?

17 Давид 3-р дууллыг Абсалом хүүгээсээ амь зулбан зугтаж явахдаа зохиожээ. Яг тэр хэцүү үед нь Шимеи дайрч давшилсан. Гэвч Давид биеэ бариад тайван байж чадсан. Яагаад? Дуулал 3:4-ийг үзвэл тэрээр: «Би ЭЗЭНд хандан дуу хоолойгоороо хашхирсан бөгөөд Тэрээр ариун уулаасаа надад хариулсан» гэж итгэл төгс хэлжээ. Хүмүүс бидэн рүү дайрч давшилбал Давидыг дуурайн залбирах нь зүйтэй. Тэгвэл Ехова агуу хүчээ өгнө. Өөдгүй зан гаргаж буй хүнийг хараад та биеэ барьдаг уу? Уучилж чаддаг уу? Зовох цагт Ехова тусалж дэмжинэ, ивээнэ гэдэгт та итгэдэг үү?

«ХҮСЭЖ БОЛОХ ЯМАР Ч ЗҮЙЛСИЙГ ТҮҮНТЭЙ ЗҮЙРЛЭХИЙН АРГАГҮЙ»

18. Бурхны зааврыг байнга биелүүлээд байвал ямар ач тустай вэ?

18 Зөв гэж мэддэг юмаа хийвэл арвин ивээл хүртэнэ. Сургаалт үгс 8:11-д мэргэн ухааны тухай бичихдээ «Хүсэж болох ямар ч зүйлсийг түүнтэй зүйрлэхийн аргагүй» гэсэн нь санамсаргүй хэрэг биш ээ. Мэргэн ухааны үндэс нь мэдлэг юм. Гэхдээ мэдлэгтэй л бол мэргэн ухаантай гэсэн үг биш. Мэдлэгээ ашиглаад зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Библид шоргоолжийг мэргэн гэсэн байдаг. Учир нь шоргоолж Бурхны өгсөн зөнд хөтлөгдөн зуны цагт идэш тэжээлээ базаадаг (Сур. 30:24, 25). «Бурхны ... мэргэн ухаан» гэгддэг Христ цаг ямагт Эцгийнхээ таалалд нийцүүлдэг (1 Кор. 1:24; Ёох. 8:29). Бид бас Христ шиг даруу байж, Бурхны таалалд нийцүүлдэг бол ивээл хүртэнэ (Матай 7:21–23-ыг уншина). Тийм учраас даруу хүмүүсээс бүрдсэн сайхан хуралтай байхын тулд дор бүрнээ даруу байхыг хичээцгээе. Цаг хугацаа, тэвчээр шаардлагатай ч зөв гэж мэддэг юмаа ажил хэрэг болгох нь даруугийн шинж бөгөөд одоо ч, ирээдүйд ч аз жаргалтай амьдарна.