Танд баримт нотолгоо бий юү?
«Сонсохоосоо өмнө хариу хэлэх нь хүнд өөрт нь мунхаг хэрэг ба ичгүүр билээ» (СУР. 18:13).
ДУУ: 43, 27
1, 2. а) Бид ямар чадвартай байх шаардлагатай вэ? Энэ нь яагаад чухал бэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?
ХРИСТИЙН жинхэнэ дагалдагч бид мэдээллийг сайтар нягталж, зөв дүгнэлтэд хүрэх чадвартай байх ёстой (Сур. 3:21–23; 8:4, 5). Ийм чадвартай болохгүй бол ухаан санааг маань хордуулах гэсэн Сатан ба түүний ертөнцийн олз болно (Эф. 5:6; Кол. 2:8). Мэдээжээр, зөв дүгнэлт хийхэд баримт нотолгоо хэрэгтэй. Сургаалт үгс 18:13-т «Сонсохоосоо өмнө хариу хэлэх нь хүнд өөрт нь мунхаг хэрэг ба ичгүүр билээ» гэж байдаг.
2 Баримт олж аван, зөв дүгнэлт хийхэд хэцүү байдгийн учрыг энэ өгүүллээр авч үзье. Түүнчлэн холбогдох Библийн зарчим болон жишээнүүдийг ярилцъя. Энэ нь мэдээллийг сайтар нягтлах чадвартай болоход тустай.
«ЮМ БҮГДЭД» БҮҮ ИТГЭ
3. Сургаалт үгс 14:15-д байдаг зарчмыг баримтлах нь өнөө үед яагаад бүр ч чухал болоод байна вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).
3 Өнөөдөр хүмүүс мэдээллээр бөмбөгдүүлж байна. Сургаалт үгс 14:15-д «Гэнэн хүн юм бүгдэд итгэдэг. Харин хэрсүү хүн өөрийн алхмууддаа хянамгай ханддаг» гэж бий.
Интернэт, телевиз гээд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр барагдашгүй их мэдээ цацагддаг. Түүнчлэн олон хүн сайн санаат найз нөхөд, танилуудаасаа ирсэн э-мэил, мессежний үерт автаж байна. Санаатайгаар буруу ташаа мэдээлэл тараах, баримтыг мушгин гуйвуулах явдал түгээмэл болсон тул бид болгоомжтой байж, сонссон мэдээллээ сайтар нягтлах учиртай. Үүнд Библийн ямар зарчим тус болох вэ?4. Филиппой 4:8, 9-т байдаг зарчим ямар ач тустай вэ? Үнэн зөв мэдээлэл олж авах нь яагаад амин чухал бэ? (Түүнчлэн «Найдвартай эх сурвалжууд» гэсэн хавсралтыг үзнэ үү).
4 Зөв шийдвэр гаргахад хөдөлшгүй баримт хэрэгтэй. Тиймээс ямар мэдээ мэдээллийг уншихаа сонгохдоо болгоомжтой байх шаардлагатай (Филиппой 4:8, 9-ийг уншина). Бид нэр хүндгүй, баталгаагүй вэбсаитын мэдээ унших юм уу э-мэилээр ирсэн нотлогдоогүй мэдээллийг үзэх гэж цагаа үрэх учиргүй. Ялангуяа тэрслэгчдийн вэбсаитуудаас хол байх нь туйлын чухал. Тэрслэгчид бол Бурхны ард түмнийг үгүй хийх, үнэнийг мушгин гуйвуулах зорилготой хүмүүс. Худал ташаа мэдээлэл уншвал буруу шийдвэр гаргахад л хүрнэ. Ийм мэдээ мэдээлэл хүний оюун ухаан, зүрх сэтгэлд хүчтэй нөлөөлдгийг хэзээ ч бүү мартаарай (1 Тим. 6:20, 21).
5. Израйлчууд худал ташаа ямар мэдээ сонссон бэ? Тэгээд яасан бэ?
5 Худал ташаа мэдээнд итгэвэл сүйрнэ. Жишээ авъя. Мосе 12 туршуулыг Амласан газар луу явуулжээ. Арав нь базаахгүй мэдээ авч ирэхэд юу болсныг бодоод үз дээ (Тоол. 13:25–33). Хэтрүүлж ярихыг нь израйлчууд сонсоод айж сандран, итгэл найдвараа бүрмөсөн алдсан (Тоол. 14:1–4). Еховагийн ард түмэн ийм байдалд хүрсний учир юу вэ? Туршуулуудын олонх нь муу мэдээ дуулгасан болохоор үнэн гэж бодсон байх. Тийм учраас үнэнч шударга Иошуа Калеб хоёрын мэдээг үл тоомсорлосон (Тоол. 14:6–10). Ард түмэн баримт нотолгоог анхаарч, Еховад найдахын оронд муу мэдээнд итгэсэн нь мунхаг хэрэг болжээ.
6. Еховагийн ард түмний талаар сэтгэл сэрд хийлгэм мэдээ сонсвол бид яагаад цочирдон гайхахгүй вэ?
6 Еховагийн ард түмний талаар мэдээ цацагдвал онцгой болгоомжтой байх ёстой. Сатан бол Бурхны үнэнч үйлчлэгчдийг буруутгагч гэдгийг хэзээ ч бүү мартаарай (Илч. 12:10). Эсэргүүцэгчид «элдвээр гүтгэнэ» гэдгийг Есүс анхааруулсан (Мат. 5:11). Энэ анхааруулгыг санаж явбал Еховагийн ард түмний талаар сэтгэл сэрд хийлгэм мэдээ сонссон ч цочирдон гайхахгүй.
7. Мессеж, э-мэил илгээхээсээ өмнө юуг бодож үзэх хэрэгтэй вэ?
7 Та найз нөхөд, танилууд руугаа э-мэил, мессеж явуулах дуртай юу? Мэдээний саитад шинээр гарсан мэдээллийг уншихаараа эсвэл хэн нэгэнд тохиолдсон явдлыг сонсохоороо бусдаас түрүүлж дуулгахыг хүсдэг байх. Гэхдээ илгээхээсээ өмнө «Энэ мэдээлэл баттай юу? Баримт байна уу?» гэж өөрөөсөө асууж байгаарай. Эргэлзэж байвал битгий илгээгээрэй. Харин устгаарай. Яагаад гэвэл итгэл нэгтнүүддээ худал мэдээллийг санаандгүй тарааж болзошгүй.
8. Зарим эсэргүүцэгч юу хийдэг вэ? Яавал тэдний хамсаатан болж болзошгүй вэ?
8 Өөр нэг аюулыг бодож үзье. Манай үйл ажиллагааг хязгаарласан эсвэл хориглосон улс орон байдаг. Тийм * Үүнд итгэсэн олон хүн Еховагийн байгууллагаас салан тусгаарласан нь харамсалтай! Гэхдээ хожим нь буцаж ирсэн хүн олон байсан. Зарим нь ирээгүй бөгөөд «итгэлийн хувьд сүйрсэн усан онгоц мэт болжээ» (1 Тим. 1:19). Ингэж сүйрэхгүйн тулд яах хэрэгтэй вэ? Баталгаагүй, сөрөг мэдээлэл тараахгүй байцгаая. Сонсож дуулсан болгондоо бүү итгээрэй. Баримт нотолгоог шалгаж байгаарай.
улс орнуудад биднийг айлгах, бие биедээ итгэх итгэлийг маань бусниулах зорилгоор эсэргүүцэгчид худал мэдээ тараадаг. Зөвлөлт Холбоот Улсад юу болсныг саная. КГБ гэж алдаршсан нууц цагдаагийнхан нэр хүндтэй ах нарыг Еховагийн ард түмнээс урвасан гэсэн цуурхал тараажээ.ДУТУУ ДУЛИМАГ МЭДЭЭЛЭЛ
9. Зөв дүгнэлтэд хүрэхэд юу саад болдог вэ?
9 Зөв дүгнэлтэд хүрэхэд саад болдог бас нэг зүйл нь үнэн худлыг хутгасан юм уу дутуу дулимаг мэдээлэл юм. Ердөө 10 хувь нь үнэн, бусад нь худал мэдээлэл байхад л хүн итгэчихдэг. Үнэний хувьтай ч төөрөгдүүлэх мэдээлэлд хууртахгүйн тулд яах хэрэгтэй вэ? (Эф. 4:14).
10. Израйлчууд яагаад ах дүүтэйгээ тулалдах шахсан бэ? Яагаад больсон бэ?
10 Иошуагийн үед Иордан голын баруун талд амьдардаг байсан израйлчуудаас ямар сургамж авч болохыг одоо ярилцъя (Иош. 22:9–34). Иордан голын зүүн талд амьдардаг израйлчууд (реубенчүүд, гадчууд, Манассегийн хагас овгийнхон) Иорданы дэргэд сүрлэг том тахилын ширээ босгожээ гэсэн мэдээллийг баруун талынхан хүлээж авчээ. Энэ нь үнэний хувьтай байлаа. Гэхдээ тэд дутуу дулимаг энэ мэдээлэлд тулгуурлан ах дүү нараа Еховад тэрсэлжээ гэж дүгнэсэн. Ингээд тэдэнтэй тулалдахаар цугларав (Иошуа 22:9–12-ыг уншина). Харин довтлохоосоо өмнө найдвартай хүмүүсийг явуулж бүх үнэнийг олж мэдэхээр болжээ. Явсан төлөөлөгчид юу олж мэдсэн бэ? Реубен, Гад овгийнхон болон Манассегийн хагас овгийнхон тахил өргөхийн тулд бус, харин дурсгал болгохын тулд тахилын ширээ босгосныг мэдэв. Еховагийн үнэнч үйлчлэгчид гэдгээ хойч үедээ мэдүүлэх гэсэндээ тийнхүү босгосон ажээ. Иордан голын баруун талд амьдардаг израйлчууд дутуу дулимаг мэдээлэлд үндэслэн ах дүү нараа алж хядаагүйдээ, цаг зав гарган баримтыг шалгасандаа хэчнээн их баярласан бол оо!
11. а) Мефибошет яаж шударга бус явдлын хохирогч болсон бэ? б) Давид яасан бол ийм шударга бус явдал гаргахгүй байсан бэ?
11 Та бид үнэн худлыг хутгасан юм уу дутуу дулимаг мэдээллээс болоод шударга бус явдлын хохирогч болж мэдэх юм. Мефибошетод тохиолдсон явдлыг ярилцъя. Давид хаан түүнд өгөөмөр сэтгэл гарган өвөө Саулынх нь бүх газрыг эргүүлэн өгчээ (2 Сам. 9:6, 7). Гэвч хожим нь Мефибошетын талаар таагүй мэдээ сонссон. Тэгээд шалгаж нягтлалгүй хамаг хөрөнгийг нь хураан авчээ (2 Сам. 16:1–4). Гэхдээ Давид хожим нь Мефибошеттой яриад буруугаа ухааран, эдлэн газрынх нь заримыг буцааж өгөхөөр болсон (2 Сам. 19:24–29). Хэрвээ Давид дутуу дулимаг мэдээнд үндэслэн шийдэлгүй, цаг зав гаргаад баримтыг шалгасан бол Мефибошет шударга бус явдлаас болж хохирохгүй байх байсан.
12, 13. а) Есүс гүтгүүлээд яасан бэ? б) Бидний талаар худал мэдээ тарвал яах хэрэгтэй вэ?
12 Хэрэв та гүтгүүлсэн бол яах вэ? Есүс ч, баптисм хүртээгч Ёохан ч гүтгүүлж явсан (Матай 11:18, 19-ийг уншина). Есүс яасан бэ? Өөрийнх нь талаарх мэдээлэл худал гэдгийг батлахад хамаг хүч чадал, цаг заваа үрсэн үү? Үгүй. Харин баримтыг анхаарахыг хүмүүст уриалсан. Өөрөөр хэлбэл, юу хийж, юу зааж байгааг минь хараасай гэж хүссэн учраас «Мэргэн ухаантай нь үйлсээс нь харагддаг» гэж хэлсэн.
13 Есүс бидэнд маш чухал зүйлийг зааж өгчээ. Хүмүүс заримдаа бидний талаар худал ташаа, сөрөг мэдээлэл тараадаг. Үүнээс болоод нэр төрөө сэргээхийн тулд ямар нэгэн юм хийж чаддаг ч болоосой гэсэн бодол төрж магадгүй. Гэхдээ бидэнд хийж чадах юм бий. Худал мэдээ тарвал үнэн чанартаа ямар хүн гэдгээ үйлсээрээ батлах хэрэгтэй. Христийн дагалдагчийн ёсоор биеэ зөв авч явбал үнэн худлыг хутгасан мэдээллийг эсвэл худал гүтгэлгийг няцааж болдгийг Есүс баталсан.
ТА ӨӨРИЙНХӨӨ ТАЛААР ЮУ ГЭЖ БОДДОГ ВЭ?
14, 15. Яагаад өөртөө найдаж болохгүй вэ?
14 Зөв дүгнэлт хийхэд тулгардаг нэг саад нь найдваргүй мэдээлэл гэдгийг үзлээ. Өөр нэг саад нь бидний төгс бустай холбоотой. Олон арван жил Еховад үнэнч үйлчилж яваа хүн эргэцүүлэн бодох, зөв бурууг ялгах чадвар сайтай байдаг учраас хүндэтгэл хүлээдэг. Гэхдээ энэ нь урхи болж мэдэх юм. Яаж?
15 Өөртөө хэт найддаг болж магадгүй. Тэгээд бүх баримт байхгүй байлаа ч сэтгэл хөдлөл, үзэл бодолдоо захирагдан тухайн байдлыг бүрэн ойлгож байгаа мэтээр бодож эхэлдэг. Үнэхээр аюултай байгаа биз? Өөрийн ойлголтод түшиглэхгүй байхыг Библид тов тодорхой анхааруулсан байдаг шүү дээ (Сур. 3:5, 6; 28:26).
16. Том юу харсан бэ? Юу гэж дүгнэсэн бэ?
16 Дараах дүр зургийг төсөөлөөрэй.
Туршлагатай ахлагч Том нэгэн үдэш ресторанд сууж байгаад ахлагч Жоныг эхнэрээсээ өөр эмэгтэйтэй хамт байхыг хараад гайхаж орхив. Тэр хоёр инээлдэж, их л жаргалтай байгаа бололтой. Бас нэг нэгнээ энхрийлэн тэврэхийг хараад Томын сэтгэл улам түгшиж эхлэв. Одоо яана аа? Жон эхнэрээсээ салах болов уу? Эхнэр нь яах бол? Хүүхдүүд нь яах вэ? Ийм хэцүү явдал гардгийг Том мэдэх билээ. Хэрэв та Томын оронд байсан бол танд ямар санагдах байсан бол?17. Том юу олж мэдсэн бэ? Энэ явдал бидэнд ямар сургамжтай вэ?
17 Гэхдээ хүлээгээрэй. Том Жоныг эхнэртээ үнэнч бус болчихож гэж яаран дүгнэсэн ч бүх юмыг мэдэж байгаа билүү? Шөнө нь Том Жонтой утсаар ярив. Жоны эмэгтэй дүү хөдөөнөөс ирснийг мэдээд Томын санаа амарлаа. Жон дүүтэйгээ олон жил уулзаагүй ажээ. Дүү нь хэдхэн цагийн дараа явах гэж байсан учраас уулзах ганц боломж нь ресторанд хамт хоол идэх байлаа. Жоны эхнэр ирж чадаагүй ажээ. Том буруу ойлгосноо хүн амьтанд хэлээгүй нь яамай даа. Энэ нь бидэнд ямар сургамжтай вэ? Бид олон жил Христийн дагалдагчийн ёсоор амьдарч, их туршлага хуримтлуулсан байж болох ч бүх юмыг мэддэг гэсэн үг биш. Тийм учраас баримтыг шалгах хэрэгтэй.
18. Буруу дүгнэлт хийхээс зайлсхийе гэвэл яах ёстой вэ?
18 Хурлынхаа итгэл нэгтэнтэй ам мурийсан үед тухайн асуудлыг зөвөөр дүгнэхэд амаргүй байж болох юм. Эвлэрэхгүй яваад байвал ах дүүгээ «сэжиглэн хардаг» болж магадгүй. Тэгээд тэр хүний талаар таагүй юм дуулдвал үнэн гэсэн баталгаа байхгүй байлаа ч шууд л итгэнэ. Эндээс юу ойлгох хэрэгтэй вэ? Ах дүүдээ хар буруу санаад явбал эш үндэсгүй, ташаа мэдээлэлд үндэслэн буруу дүгнэлт хийнэ (1 Тим. 6:4, 5). Тэгэхээр буруу дүгнэлт хийхээс зайлсхийе гэвэл атаархах, хардахаас сэрэмжлэх шаардлагатай. Дотроо муу юм бодохын оронд ах дүүгээ хайрлах ёстойгоо ухамсарлаж, чин зүрхнээсээ уучлах хэрэгтэй (Колосай 3:12–14-ийг уншина).
БИБЛИЙН ЗАРЧМЫГ БАРИМТАЛБАЛ ХАМГААЛАГДАНА
19, 20. а) Мэдээллийг сайтар нягтлахад Библийн ямар зарчмууд тус болох вэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
19 Баримт нотолгоо байлаа ч зөв дүгнэлт хийх амархан биш. Яагаад гэвэл худал ташаа юм уу үнэн худлыг хутгасан мэдээлэл их байна. Бас бид өөрсдөө төгс бус. Эдгээр бэрхшээлийг хэрхэн давах вэ? Холбогдох Библийн зарчмыг мэддэг, баримталдаг байх хэрэгтэй. Тухайлбал, баримтыг «сонсохоосоо өмнө хариу хэлэх нь хүнд өөрт нь мунхаг хэрэг ба ичгүүр билээ» гэсэн зарчим тустай (Сур. 18:13). Бас лавлаж нягтлахгүйгээр «юм бүгдэд итгэх» хэрэггүй гэсэн зарчим бий (Сур. 14:15). Түүнээс гадна бид хэчнээн туршлагатай Гэрч байлаа ч «Өөрийн ойлголтод бүү түшиглэ» гэсэн зарчмыг санах нь зүйтэй (Сур. 3:5, 6). Эдгээр зарчмын дагуу, баттай эх сурвалжаас авсан баримтыг үндэс болговол зөв дүгнэлт хийж, зөв шийдвэр гаргана.
20 Гэхдээ зөв дүгнэлт хийхэд тулгардаг өөр нэг бэрхшээл бий. Бид ямар нэг юмыг эсвэл хүнийг гаднаас нь хараад дүгнэчихдэг. Дараагийн өгүүллээр үүнтэй холбоотой зарим түгээмэл алдааг авч үзэн, тэдгээрээс хэрхэн зайлсхийхийг ярилцана.
^ д/м 8 2004 оны «Жил тутмын ном»-ны 111, 112-р хуудас, 2008 оны «Жил тутмын ном»-ны 133–135-р хуудсанд нийтлэгдсэн (англи).