Skip to content

Гарчиг руу орох

Еховаг алдаршуулахын тулд «гэрэлт»!

Еховаг алдаршуулахын тулд «гэрэлт»!

«Хүмүүсийн өмнө та нар гэрэлт. Тэгвэл хүмүүс ... тэнгэрийн Эцгийг тань магтан алдаршуулна» (МАТ. 5:16).

ДУУ: 143, 9

1. Бид яагаад баярладаг вэ?

ЕХОВАГИЙН ард түмний эгнээ өргөжин тэлж байгааг харах шиг сайхан юм үгүй! Өнгөрсөн оны тайланг харвал Библийн хичээлийн дундаж тоо 10 саяас давжээ. Энэ бол Бурхны үйлчлэгчид «гэрэлтэж» буйн тодоос тод нотолгоо юм! Сонирхсон олон сая хүн бидний урилгыг хүлээн авч Дурсах цуглаанд хүрэлцэн ирснээр Бурхны хайрын илрэл болсон золиосын талаар мэдэж авсан (1 Ёох. 4:9).

2, 3. а) «Гэрэл мэт гэрэлтэхэд» маань юу саад болохгүй вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Еховагийн Гэрчүүд дэлхийн өнцөг булан бүрд байдаг бөгөөд янз бүрийн хэлээр ярьдаг. Гэхдээ энэ нь Эцэг Еховагаа эв нэгдэлтэйгээр магтан алдаршуулахад саад болдоггүй (Илч. 7:9). Бид хаана ч амьдардаг, ямар ч хэлээр ярьдаг бай «ертөнцөд гэрэл мэт гэрэлтэж» чадна (Флп. 2:15).

3 Бид эгнээгээ өргөжүүлж, эв нэгдэлтэй үйлчлэхийн зэрэгцээ сонор сэрэмжтэй байдаг. Тийм учраас Ехова Бурхан маань алдаршдаг. Энэ өгүүллээр үүнийг дэлгэрэнгүй авч үзье (Матай 5:14–16-г уншина).

ЕХОВАГ ШҮТДЭГ БОЛОХОД НЬ БУСДАД ТУСАЛЪЯ

4, 5. а) Дэлгэрүүлэхээс өөрөөр яаж гэрэлтэж болох вэ? б) Найрсаг нөхөрсөг байвал ямар үр дүнд хүрч болох вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

4 «Үлдэж байгаа энэ хугацаанд Эзэнд үнэнч байя гэж боддог хэн боловч заавал гэрэлтэх ёстой» гэж 1925 оны 6 дугаар сарын 1-ний «Харуулын цамхаг» сэтгүүлийн «Харанхуйд туссан гэрэл» гэсэн өгүүлэлд бичжээ. Тэгээд цааш нь «Тиймээс гэрэлтэхийн тулд хүн төрөлхтөнд сайн мэдээ хүргэж, гэрлийн замд нийцүүлэн амьдрах ёстой» гэжээ. Гэрэлтэх нэг арга нь сайн мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэх гэдэг нь эндээс харагдаж байна (Мат. 28:19, 20). Бас Христийн дагалдагчийн ёсоор биеэ авч явбал Еховаг алдаршуулна. Дэлгэрүүлэх үед биднийг олон хүн ажиглаж байдаг. Сайхан инээмсэглэж, халуун дотноор мэндэлбэл бидний талаар, Бурхны маань талаар их зүйлийг мэдэж авна.

5 «Айлд ороод мэндийг нь мэд» гэж Есүс шавь нартаа захижээ (Мат. 10:12). Есүс болон элчүүдийн дэлгэрүүлж байсан нутагт танихгүй хүнийг ч гэртээ урьж зочилдог заншилтай байв. Харин өнөөдөр ийм заншилтай улс орон цөөхөн. Гэхдээ ямар зорилгоор ирснээ тайлбарлахдаа нөхөрсөг, эелдэг байвал гэрийн эзэн айж түгшихээ, уурлаж унтууцахаа больж биднийг сонсох нь олонтоо. Хэвлэлээ тавиур дээр тавиад нийтэд дэлгэрүүлдэг Гэрчүүд инээмсэглэхийн ач тусыг сайн мэднэ. Та бас нийтэд дэлгэрүүлэхдээ инээмсэглэж байгаад мэндлээрэй. Тэгвэл хүмүүст таатай санагдахыг та анзаарах байх. Тэд ирээд хэвлэл авч магадгүй. Бүр ярилцах боломж ч олдож болох юм.

6. Настай эхнэр нөхөр хоёр идэвхтэй үйлчлэхийн тулд яасан бэ?

6 Англид амьдардаг настай эхнэр нөхөр хоёр эрүүл мэндийн байдлаас болоод урьдынх шигээ айлаар дэлгэрүүлж чадахаа больжээ. Ингээд тэд гэрийнхээ гадаа «гэрэлтэхээр» шийдсэн байна. Эцэг эхчүүд гэрийнх нь ойролцоох сургуулиас хүүхдээ авахаар ирдэг тэр цагийг тааруулаад ширээн дээр хэвлэл тавьдаг болов. «Залуучуудын асуулт. Ашигтай зөвлөгөө» номны 1, 2 дугаар боть гээд янз бүрийн хэвлэл авсан хүн олон. Хурлынх нь нэг эхлэгч эмэгтэй бас тэдэнтэй хамт зогсдог болжээ. Тэр эхлэгчийн найрсаг зан, настай хосын хүчин чармайлтын үр дүнд нэг аав Библийн хичээл заалгаж эхэлсэн гэнэ.

7. Дүрвэж ирсэн хүмүүст хэрхэн туслах вэ?

7 Сүүлийн үед нутгаасаа дүрвэж, өөр улс оронд очиж амьдардаг хүн олон болсон. Танай нутагт тийм хүмүүс байдаг бол Еховаг, Еховагийн санаа зорилгыг мэддэг болоход нь хэрхэн туслах вэ? Юуны өмнө тэдний хэлээр мэндэлж сурвал сайн. Тэгэхийн тулд JW Language (Жэй даблю лайнгвиж) аппликейшн ашиглаарай. Түүнээс гадна сонирхол төрүүлэхийн тулд хэд гурван үг сурахыг хичээгээрэй. Тэгвэл jw.org дээр тэдний хэлээр гарсан видео, хэвлэл үзүүлж чадна шүү дээ (Д.хууль 10:19).

8, 9. а) Ажлын өдрийн цуглаан бидэнд ямар ач тустай вэ? б) Эцэг эхчүүд хүүхдэдээ хэрхэн туслах вэ?

8 Дэлгэрүүлэх ажлынхаа чанарыг сайжруулахад тустай бүхнийг Ехова өгдөг. Жишээ нь бид Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг цуглааны үед заавар зөвлөгөө авдаг. Түүнийгээ ажил хэрэг болговол давтан уулзалт хийх, Библийн хичээл заахдаа өөртөө илүү итгэлтэй болно.

9 Жаахан хүүхэд цуглаан дээр хариулахад анх ирсэн хүмүүс их гайхдаг. Итгэл үнэмшлээ чин сэтгэлээсээ, энгийн өгүүлбэрээр хариулахыг нь сонсоод зарим хүн Библийн үнэнд татагддаг. Тиймээс эцэг эхчүүд ээ, өөрийнхөө үгээр хариулдаг болоход нь хүүхдэдээ туслаарай (1 Кор. 14:25).

ЭВ НЭГДЛИЙГ БАТЖУУЛЪЯ

10. Гэр бүлийн хичээл хийх нь яагаад чухал бэ?

10 Гэр бүл, хурлын эв нэгдлийг батжуулах нь «гэрэлтэх» бас нэг арга юм. Үүний тулд эцэг эхчүүд гэр бүлийн хичээлийг тогтмол хийх шаардлагатай. JW (жэй даблю) телевизийн нэвтрүүлгийг гэр бүлээрээ үзсэнийхээ дараа юу сурснаа, яаж хэрэгжүүлэхээ ярилцдаг айл олон байдаг. Эцэг эхчүүд гэр бүлийн хичээл удирдахдаа юуг санах нь зүйтэй вэ? Бага насны хүүхдүүдэд өгөх удирдамж заавар өсвөр насныхнаас ялгаатай байдаг. Гэр бүлийнхээ гишүүн бүрд ач тус хүртээе гэвэл судлах материалаа тохируулаарай (Дуу. 148:12, 13).

Настангуудад санаа тавивал хэн хэн нь сэргэнэ (11-р догол мөрийг үзээрэй)

11-13. Хурлын эв нэгдэлд хүн бүр хувь нэмрээ хэрхэн оруулах вэ?

11 Хурлын эв нэгдлийг батжуулахад хүүхэд залуус хэрхэн хувь нэмэр оруулж болох вэ? Өндөр настай итгэл нэгтнүүдтэйгээ найз болох зорилго тавиарай. Еховад олон жил тууштай үйлчлэхэд юу тус болдгийг тэднээс асууж, үүх түүхийг нь яриулаарай. Та нарын ч, тэдний ч сэтгэл сэргэж, үнэний гэрлийг гэрэлтүүлэх хүсэл бадрах нь дамжиггүй. Түүнээс гадна цуглаанд ирж буй хүмүүсийг угтаж авахыг хурлын гишүүн бүр зорилгоо болгох нь зүйтэй. Шинээр ирсэн хүмүүстэй нөхөрсгөөр мэндлэн, сайхан инээмсэглэж, урьж суулгах юм уу бусад хүнтэй танилцуулах зэргээр санаа тавиарай. Тэгвэл тэдэнд гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрж, гэрэлтэх хүсэлтэй болох биз ээ.

12 Хэрэв та дэлгэрүүлэх ажлын цуглааныг удирдаж байгаа бол настай хүмүүст ихээхэн тус дэм болохыг хичээгээрэй. Яаж? Тэдэнд тохиромжтой хэсэг хуваарилж, залуу хүнтэй хамт явуулаарай. Гэрчүүд өтөлж хөгшрөөд, тамир тэнхээгүй болохоороо урьдынх шигээ дэлгэрүүлж чадахаа больсон гээд сэтгэлээр унадаг. Та санаа тавьж, ойлгохыг хичээвэл тэд тайвшрах биз ээ. Хөгшин залуу, туршлагатай туршлагагүй ямар ч хүн таны сайхан сэтгэлийг мэдрээд сайн мэдээг идэвх зүтгэлтэй тунхаглах нь лавтай (Лев. 19:32).

13 Израйлчууд нэг дор байхдаа бие биеэ даган дуурайж Ехова Бурхнаа эв нэгдэлтэй шүтдэг байв. «Ах дүүсийн хувьд хамтдаа нэгдмэлээр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ!» гэж нэгэн дуулалч дуу алджээ (Дуулал 133:1, 2-ыг уншина). Энэ эв нэгдлийг тостой зүйрлэжээ. Анхилуун үнэрт тос сэтгэл сэргээдэг шиг, бид эелдэг найртай байвал ах дүүгээ сэргээж, хурлынхаа эв нэгдлийг улам батжуулна. Та итгэл нэгтнүүдтэйгээ сайн танилцахын тулд илүү ихийг хийж чадах уу? (2 Кор. 6:11–13, зүүлт).

14. Яавал айл хөршийнхөндөө гэрэлтэх вэ?

14 Айл хөршийнхөндөө Библийн үнэний гэрлийг хэрхэн тусгах вэ? Эелдэг, тусч байвал тэдний анхаарлыг Ехова руу хандуулж болох юм. Өөрөөсөө ингэж асуугаарай: «Манай хөршүүд миний тухай юу гэж боддог бол? Би гэр орон, хашаа хороогоо үргэлж цэвэр цэмцгэр байлгадаг уу? Санаачилга гаргаад бусдад тусалдаг уу?». Биеэ үлгэр жишээ авч яваад хамаатнууд, хөршүүд, хамт ажилладаг хүмүүс, ангийнхандаа хэрхэн нөлөөлснийг итгэл нэгтнээсээ асуугаарай. Тэд сонирхолтой тохиолдол ярих нь эргэлзээгүй (Эф. 5:9).

СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙ

15. Үргэлж сонор сэрэмжтэй байх нь яагаад чухал бэ?

15 Хурц гэрэл мэт гэрэлтсээр байя гэвэл ямар цаг үед амьдарч байгаагаа ухамсарлах хэрэгтэй. Есүс шавь нартаа «Сонор сэрэмжтэй бай» хэмээн байнга захидаг байсан (Мат. 24:42; 25:13; 26:41). «Агуу их гамшиг» болох хаа байсан юм, бидний үед л болохгүй гэж бодвол хүмүүст Еховагийн тухай мэдүүлэх боломж бүрийг ашиглахаа болино (Мат. 24:21). Үүнээс болоод хурц гэрэл мэт гэрэлтэхийн оронд улам бүр бүдгэрсээр эцэстээ унтарч мэднэ.

16, 17. Байнга сонор сэрэмжтэй байхын тулд яах хэрэгтэй вэ?

16 Цаг үе хэцүү болж байгаа учраас бид бүгдээрээ байнга сонор сэрэмжтэй байх ёстой. Еховагийн товлосон цагт төгсгөл болох нь ойлгомжтой (Мат. 24:42–44). Тэр болтол тэвчээртэй байж, ирээдүйгээ голлон анхаарах хэрэгтэй. Бурхны Үгийг өдөр бүр уншиж, цаг ямагт залбирч байгаарай (1 Петр 4:7). Еховад олон жил үйлчилж буй итгэл нэгтнүүдээсээ суралцаарай. Жишээлбэл «Харуулын цамхаг» сэтгүүлээс тэдний намтрыг уншиж болно. Олон сайхан намтар байдгийн нэг нь 2012 оны 4 дүгээр сарын 15-ны дугаарын 18–21-р хуудсанд нийтлэгдсэн «Далан жил нэг иудей хүний хувцаснаас зуурч явна» гэсэн өгүүлэл юм.

17 Бусдын төлөө сайн үйл хийж, итгэл нэгтнүүдтэйгээ байнга холбоотой байгаарай. Ингэвэл баяр баясгалантай байна, цаг хугацаа өнгөрснийг ч анзаарахгүй (Эф. 5:16). Өнгөрсөн 100 жилд ах нар маань чөлөө завгүй ажиллаж, их ч юм амжуулсан. Өнөөдөр Ехова бүр ч их ажлыг биднээр хийлгэж байна. Бид төсөөлж ч байгаагүйгээрээ хурц гэрэл мэт гэрэлтэж байна.

Хоньчны эргэлтийн үеэр Бурхны мэргэн ухаанаас суралцах боломжтой (18, 19-р догол мөрийг үзээрэй)

18, 19. Ахлагчид хурлынхандаа хэрхэн тусалдаг вэ? Жишээ хэлээрэй.

18 Ехова биднийг алдаа гаргадаг гэж гололгүй өөртөө үйлчлүүлдэг нь хэчнээн сайхан бэ! Бидэнд туслахын тулд ахлагчдыг «бэлэг болгон өгсөн» (Эфэс 4:8, 11, 12-ыг уншина). Ахлагчид тантай уулзахаар ирвэл мэргэн ухаанаас нь суралцаж, зөвлөгөөнийх нь ач тусыг хүртэх боломжийг бүү алдаарай.

19 Англид амьдардаг эхнэр нөхөр хоёр гэр бүлийн асуудлаас болоод ахлагчдаас тусламж хүсжээ. Еховатай дотносоход туслах ёстой атал үүргээ хангалттай биелүүлдэггүй гэж эхнэр нь нөхрөө буруутгасан байна. Нөхөр нь ч сайн багш биш гэдгээ, гэр бүлийн хичээлийг тогтмол удирдаж чаддаггүйгээ хүлээн зөвшөөрчээ. Ахлагчид тэр хоёрт Есүсийн тухай бодуулав. Есүс шавь нартаа санаа тавьж, хэрэгцээ шаардлагыг нь анхаардаг байсан. Түүнийг дуурайхыг нөхөрт зөвлөв. Тэвчээртэй байхыг эхнэрт захижээ. Бас гэр бүлийн хичээлээ хоёр хүүхэдтэйгээ дөрвүүлээ хийхийн тулд яах талаар хэдэн зөвлөгөө өгсөн байна (Эф. 5:21–29). Зөвлөгөөг нь ажил болгож яваа нөхрийг нь ахлагчид магтаад, өрхийн сайн тэргүүн болохыг хойшид ч хичээн, Бурхны агуу хүчинд найдаж явахыг захижээ. Ахлагчид сайхан сэтгэлээр санаа тавьсан учраас тэр гэр бүл гэрэлтдэг болсон байна.

20. Гэрэлтэхийн үр дүн юу вэ?

20 «ЭЗЭНээс эмээдэг, Түүний замаар замнагч хүн бүр юутай ерөөлтэй вэ!» хэмээн дуулалч дуулжээ (Дуу. 128:1). Хэрэв та хүмүүст Бурхны тухай зааж, гэр бүл болон хурлынхаа эв нэгдлийг батжуулж, байнга сонор сэрэмжтэй байх зэргээр гэрэлтвэл улам бүр баяр баясгалантай болно. Бусад хүн ч таны сайн үйлсийг хараад тэнгэрийн Эцэг Еховаг магтан алдаршуулах биз ээ (Мат. 5:16).