Skip to content

Гарчиг руу орох

Бурхны сайшаалыг хүлээж болох л байсан

Бурхны сайшаалыг хүлээж болох л байсан

БИД Еховад үйлчилж, сайшаалыг нь хүлээхийг хүсдэг. Тэгвэл Ехова ямар хүнийг сайшааж, ивээх вэ? Ноцтой нүгэл үйлдсэн ч дараа нь Бурхны сайшаалыг хүлээсэн хүмүүс эрт цагт байсан. Гэтэл олон сайхан зан чанартай хэр нь Бурхны сайшаалыг хүлээж чадаагүй хүмүүс ч бий. Тэгвэл Ехова бидний юуг голлон анхаардаг вэ? Иудагийн хаан Рехобоамд тохиолдсон явдлаас энэ асуултын хариуг олцгооё.

МОРДОХЫН ХАЗГАЙ

Рехобоамын эцэг Соломон Израйлыг 40 жил захирсан (Х.дээд 11:42). Соломон хааныг МЭӨ 997 онд таалал төгсөхөд Рехобоам Иерусалимаас гарч хойд зүгт байдаг Шехем рүү явжээ. Тэнд байхад нь түүнийг хаанаар өргөмжилсөн (Ш.дэд 10:1). Мэргэн ухаанаараа гайхагдсан Соломоны халааг авна гэхээс Рехобоам айсан юм болов уу? Удалгүй тэрээр ярвигтай асуудлыг шийдвэрлэж чадах мэргэн ухаантай эсэхээ батлах хэрэгтэй болсон.

Израйлын ард түмэн дарлагдан зовж байсан тул Рехобоам руу төлөөлөгчдөө явуулжээ. Тэд: «Таны эцэг бидний буулгыг хүнд болгосон. Тийм учраас одоо бидний дээр тохсон хүнд буулга болон эцгийнхээ бэрх алба, татварыг хөнгөлж өгөөч. Тэгвэл бид танд үйлчилнэ» гэж хэлэв (Ш.дэд 10:3, 4).

Рехобоам ацан шалаанд оржээ! Хүсэлтийг нь хүлээж авбал ард түмнээс хэтэрхий их юм шаардахаа больж өөрөө ч, гэр бүл нь ч, ордныхон ч тансаг хэрэглээгээ багасгах шаардлагатай болно. Харин эс зөвшөөрвөл ард түмэн бослого гаргана. Яах вэ? Шинэ хаан эхлээд Соломоны зөвлөгч байсан настангуудтай зөвлөлдөв. Дараа нь үе тэнгийнхнээсээ зөвлөгөө авсан. Ингээд үе тэнгийнхнийхээ зөвлөснөөр ард түмэнд хатуу ширүүн зан гаргаж «Би [буулгыг] чинь илүү хүнд болгоно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол би та нарыг хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно» гэсэн хариу өгчээ (Ш.дэд 10:6–14).

Энэ явдал ямар сургамжтай вэ? Төлөвшсөн ахмад Гэрчүүдийн үгэнд орох хэрэгтэй. Яагаад гэвэл тэд туршлагатай учраас ямар шийдвэр гаргавал тустайг урьдчилж хараад зөв зөвлөгөө өгч чадна (Иов 12:12).

«ТЭД ЭЗЭНИЙ ҮГИЙГ СОНСОВ»

Рехобоам босогчдыг дарахаар цэргээ цуглуулав. Гэтэл Ехова Шемаиа зөнчөө илгээн «Та нар явж, өөрсдийн төрөл садан болох Израилийн хөвгүүдийн эсрэг дайтаж болохгүй. Энэ зүйл Надаас ирсэн учир хүн бүр өөр өөрсдийн гэр рүү харигтун» гэж хэлүүлжээ (Х.дээд 12:21–24). *

Еховагийн үгэнд орох нь Рехобоамд амархан байсан уу? Ард түмнээ «хилэнцэт хорхойгоор» сахилгажуулна гэж айлгаж байсан хаан энэ удаа босогчидтой тулалдахаа болилоо гэвэл хүмүүс юу гэж бодох вэ? (Шастирын дэд 13:7-той харьцуулаарай). Гэсэн хэдий ч хаан болон цэргүүд «ЭЗЭНий үгийг сонсоод, буцан ирж, ЭЗЭНий үгийн дагуу өөр өөрсдийн замаар одоцгоолоо».

Энэ явдлаас юу ойлгох хэрэгтэй вэ? Олны элэг доог болох байсан ч Бурханд захирагдах нь хэзээд зөв байна. Дуулгавартай хүнийг Ехова сайшааж, ивээдэг (Д.хууль 28:2).

Рехобоам Еховагийн үгэнд орж, шинээр байгуулагдсан улстай дайтахаа больсныхоо дараа юу хийсэн бэ? Өөрийнхөө захиргаанд буй Иуда, Бениамин овгийн нутагт хотууд байгуулахаар шийджээ. Бас олон хотыг «асар ихээр хүчирхэгжүүлэв» (Ш.дэд 11:5–12). Хамгийн гол нь, Еховагийн хуулийг хэсэг хугацаанд сахин биелүүлсэн. Арван овогт Израйлын хаант улс хиймэл шүтээн шүтэх болсон тул олон түмэн жинхэнэ шүтлэг болон «Рехобоамыг дэмжихээр» Иерусалимыг зорин ирцгээжээ (Ш.дэд 11:16, 17). Рехобоам Еховад дуулгавартай байсан учраас хаант төр нь бэхэжсэн.

НҮГЭЛ ҮЙЛДСЭН Ч ГЭМШСЭН НЬ

Гэвч хаант төр нь бэхэжмэгц Рехобоам болчимгүй юм хийж орхив. Тэрээр Еховагийн хуулийг сахихаа больж, хуурамч бурхдыг шүтдэг болжээ. Яагаад? Рехобоамын эх нь аммон хүн байв (Х.дээд 14:21). Ээж нь түүнийг уруу татсан юм болов уу? Тийм ч бай, үгүй ч бай, ард түмэн хааныхаа муу жишээг дагажээ. Тэгэхээр нь Ехова Египетийн хаан Шишакийн гарт Иудаг өгөв. Рехобоам хотуудыг хэчнээн сайн бэхэлж хамгаалсан ч Шишак Иудагийн олон хотыг эзэлж авсан (Х.дээд 14:22–24; Ш.дэд 12:1–4).

Шишакийн арми Иерусалим руу довтлохоор ирэхэд байдал улам эгзэгтэй болов. Тэгэхэд зөнч Шемаиа Рехобоам болон ноёд дээр хүрч ирэн «Та нар Намайг умартсан учраас Би ч мөн та нарыг Шишакт өгөн умартсан» хэмээсэн Бурхны мэдээг уламжилжээ. Ехова ийнхүү сахилгын арга хэмжээ авахад Рехобоам яасан бэ? «Израилийн ноёд болон хаан өөрсдийгөө даруу болгон, “ЭЗЭН бол зөв шударга” гэцгээв». Тийм учраас Ехова Рехобоамыг аварчээ. Иерусалим ч устгагдаагүй (Ш.дэд 12:5–7, 12).

Үүний дараа Рехобоам өмнөд хаант улсыг захирсаар байсан. Нас барахаасаа өмнө хөвгүүддээ их хэмжээний бэлэг тарааж өгөв. Хаан ширээ залгамжлах хүү Абиад нь тэрслэхээс болгоомжилсных бололтой (Ш.дэд 11:21–23). Урьд нь гаргаж байгаагүй хэрсүү ухаан гаргасан нь энэ байлаа.

САЙН УУ, МУУ ЮУ?

Рехобоам сайн юм хийх гэж хичээсэн ч «бузар мууг үйлдсэн» гэж Библид бичжээ. Яагаад? «ЭЗЭНийг хайхаар зүрх сэтгэлээ чиглүүлээгүй» ажээ. Тийм учраас Бурхны сайшаалыг хүлээж чадаагүй (Ш.дэд 12:14).

Давид хаан Еховатай дотно байсан, харин Рехобоам тийм байж чадаагүй

Бодоод үз дээ. Рехобоам заримдаа Бурханд захирагддаг байсан. Бас Еховагийн ард түмний төлөө сайн юм хийж байсан удаатай. Тэрээр Еховагийн үгэнд орохоор шийдсэн нь бусдын нөлөөнд автсаных уу эсвэл буруугаа гэмшээд, Еховаг баярлуулъя гэж бодсоных уу гэдгийг бид мэдэхгүй (Ш.дэд 11:3, 4; 12:6). Юутай ч насныхаа эцэст дахин муу юм хийдэг болжээ. Рехобоам Еховатай дотносохыг хичээгээгүй. Еховаг баярлуулах гэсэн оргилуун хүсэл түүнд байгаагүй. Үүний улмаас зөв юм хийхээ больж, хуурамч бурхдыг шүтдэг болжээ. Өвөг эцэг Давидаасаа ямар их ялгаатай байж вэ! Давид алдаа гаргасан нь үнэн. Гэхдээ ноцтой нүгэл үйлдсэндээ үнэн голоосоо гэмшсэн. Бас насан туршдаа Еховаг хайрлаж, жинхэнэ шүтлэгийг эрхэмлэж явсан (Х.дээд 14:8; Дуу. 51:1, 17; 63:1).

Рехобоамын түүх бидэнд сургамжтай. Бид гэр бүлээ тэжээхийн зэрэгцээ Бурхандаа үйлчлэхийн тулд нөр их хөдөлмөрлөх шаардлагатай. Гэхдээ Еховагийн сайшаалыг хүлээе гэвэл жинхэнэ шүтлэгийг бүхнээс дээгүүр тавьж, Еховатай дотно байх ёстой.

Ингэхийн тулд Еховаг зүрхнийхээ угаас хайрласаар байх учиртай. Түлээ нэмээд байвал гал унтардаггүй шиг, Үгийг нь тогтмол судалж, уншсанаа эргэцүүлж, байнга залбирдаг бол Бурхнаа гэсэн хайр хөрөхгүй (Дуу. 1:2; Ром 12:12). Ийм хайр байвал юу ч хийсэн Еховагаа баярлуулахыг хүснэ. Бас алдаа гаргасан ч үнэн голоосоо гэмшинэ. Тэгээд Ехова Бурхандаа хэзээ ямагт үнэнч үйлчилнэ. Ийнхүү Рехобоамаас ялгаатай гэдгээ баталцгаая (Юуд. 20, 21).

^ д/м 9 Соломон үнэнч байж чадаагүй учир хаант төрийг нь хуваахаар шийдсэнээ Ехова аль эрт мэдэгдсэн билээ (Х.дээд 11:31).