Skip to content

Гарчиг руу орох

«Сургамжийг дагаж, ухаантай бологтун»

«Сургамжийг дагаж, ухаантай бологтун»

«Хөвгүүд минь, ... Сургамжийг дагаж, ухаантай бологтун» (СУР. 8:32, 33).

ДУУ: 34, 120

1. Мэргэн ухаантай болохын тулд яах хэрэгтэй вэ? Ямар ач тустай вэ?

ЕХОВА мэргэн ухааны Эх булаг учир бидэнд мэргэн ухаан өгдөг. Яаков 1:5-д «Хэрэв та нарын нэг нь мэргэн ухаанаар дутвал Бурхнаас гуйж бай. Учир нь хэнийг ч буруушаалгүй, бүгдэд өгөөмөр сэтгэлээр өгдөг Бурхан түүнд өгнө» гэж бичжээ. Бурхны мэргэн ухаантай болох нэг арга бол сахилгажуулахад нь дургүйцэхгүй байх юм. Ингэвэл буруу юм хийхгүй, Еховатай дотно хэвээрээ байна (Сур. 2:10–12). Улмаар «Бурхнаараа хайрлуулж», эцэст нь мөнх амьдарна (Юуд. 21).

2. Яавал Еховагийн авдаг сахилгын арга хэмжээний үнэ цэнг ойлгох вэ?

2 Ер нь хүн нүгэлт хандлага, гэрийн хүмүүжил гээд янз бүрийн хүчин зүйлээс болоод сахилга батын арга хэмжээ авхуулахдаа дургүй байдаг. Гэлээ ч сахилгын арга хэмжээний ач тусыг хүртвэл үнэ цэнг нь ойлгож, Еховагийн хайрыг мэдэрнэ. Сургаалт үгс 3:11, 12-т «Хүү минь, ЭЗЭНий сахилгажуулалтыг бүү дургүйц ... Учир нь ... ЭЗЭН хайрладаг хүнээ зэмлэдэг юм шүү» гэж байдаг. Ехова биднийг сайн сайхан явуулахыг хүсдэгийг хэзээ ч бүү мартаарай (Еврей 12:5–11-ийг уншина). Бурхан биднийг маш сайн мэддэг учраас хүн болгоныг тохирсон аргаар сахилгажуулдаг. Энэ өгүүллээр 1) сахилга баттай байх, 2) хүүхдээ хүмүүжүүлэх, 3) хурлын гишүүнийг сахилгажуулах, 4) сахилгын арга хэмжээ авхуулахаас ч дор юм байдаг гэсэн дөрвөн зүйлийг авч үзье.

САХИЛГА БАТТАЙ БАЙХ НЬ МЭРГЭН УХААНТАЙН ШИНЖ

3. Хүүхэд хэрхэн сахилга баттай болох вэ? Жишээгээр тайлбарлана уу.

3 Биеэ авч явах байдал болон бодол санаагаа хянадаг хүнийг сахилга баттай гэж хэлж болно. Сахилга баттай болоод төрчихдөг хүн гэж байхгүй. Хүн бүр суралцах шаардлагатай. Жишээ авъя. Дугуй унаж сураагүй хүүхэд тэнцвэрээ олж чаддаггүй. Эхний үед эцэг эх нь хүүхдийнхээ дугуйны араас түшиж өгдөг. Харин тэнцвэрээ олсон хэдэн хоромд нь түшилгүй ганцааранг нь явуулна. Дугуйгаа унаад сурчихвал туслах шаардлагагүй болдог. Үүнтэй адил, эцэг эхчүүд тууштай, тэвчээртэй байж, «Еховагийн зааж сургасны дагуу» хүмүүжүүлдэг бол хүүхэд нь мэргэн ухаантай, сахилга баттай болно (Эф. 6:4).

4, 5. а) Ахиц гаргахад сахилга бат яагаад чухал үүрэгтэй вэ? б) «Долоо бүдэрсэн» ч яагаад бууж өгөх ёсгүй вэ?

4 Еховатай танилцаж байгаа томчууд ч дээрх зарчмыг хэрэгжүүлж болно. Том хүмүүс их бага ямар нэг хэмжээгээр өөрийгөө захирч сурсан байдаг. Гэлээ ч тэд төлөвшсөн Гэрч биш, шинэхэн шавь нар шүү дээ. Хэрэв тэд Христийг дуурайх гэж мэрийхийн зэрэгцээ «шинэ хүнийг өмсөх» гэж хичээдэг бол аяндаа төлөвшинө (Эф. 4:23, 24). Ахиц гаргахад сахилга бат чухал үүрэгтэй. Сахилга баттай хүн л «Бурхны хүсэл таалалд нийцдэггүй болон энэ ертөнцөд байдаг муу муухай бүхнийг хүсэхгүй байж, өнөө үед ухаалаг, гэм зэмгүй, Бурханд үнэнч байж» сурна (Тит 2:12).

5 Гэхдээ бид бүгдээрээ нүгэлтэй (Ном. 7:20). Тэгвэл алдаа гаргасан хүн өөрийгөө захирахдаа тааруухан эсвэл өөрийгөө захирах чадваргүй гэсэн үг үү? Үгүй. «Зөв шударга хүн долоо бүдрэвч сэхнэ» гэж Сургаалт үгс 24:16-д байдаг. Хэрхэн «сэхэх» вэ? Өөрийн хүчээр биш, харин Бурхны агуу хүчний нөлөөгөөр «сэхнэ» (Филиппой 4:13-ыг уншина). Яагаад гэвэл Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог нэг зан чанар бол биеэ барих юм. Энэ нь сахилга баттай нягт холбоотой.

6. Бурхны Үгийг сайн судалдаг болохын тулд яах хэрэгтэй вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

6 Сахилга баттай болохын тулд чин сэтгэлээсээ залбирч, Библи судалж, эргэцүүлэн бодоорой. Гэхдээ судлах дургүй, Бурхны Үгийг судлахад хэцүү санагддаг бол яах вэ? Еховагаас тусламж аваарай. Ехова таныг Библи унших дуртай болгоно (1 Петр 2:2). Бурхны Үгийг судлахад сахилга баттай байх шаардлагатай учраас, юуны түрүүнд энэ талаар залбираарай. Дараа нь залбирсныхаа дагуу хичээл зүтгэл гаргаарай. Жишээ нь эхний үед хэдхэн минут судалж болох юм. Яваандаа судлах нь илүү хялбар, таатай болно! Тэгээд Еховагийн үнэт сургаалыг эргэцүүлэн бодох цагаа үнэлж эрхэмлэдэг болно (1 Тим. 4:15).

7. Бурханд үйлчлэх зорилгодоо хүрэхэд сахилга бат яагаад чухал бэ?

7 Бурханд үйлчлэх зорилгодоо хүрэхэд мөн л сахилга бат чухал. Жишээ нь эхнэр хүүхэдтэй нэг Гэрч идэвх муутай болсноо анзаармагцаа байнгын эхлэгчээр үйлчлэх зорилго тавьжээ. Тэгээд залбирч, байгууллагын ном хэвлэлээс эхлэгчээр үйлчлэхэд тус болох өгүүлэл уншдаг болов. Яваандаа Еховатай дотносож, эхлэгч болох хүсэл нь оргилжээ. Тэгээд хааяа туслах эхлэгчээр үйлчилдэг болов. Ямар үр дүнд хүрсэн бэ? Саад тулгарч байсан ч зорилгоосоо ухралгүй явсаар байнгын эхлэгч болжээ.

ЕХОВАГИЙН ЗААСНААР ХҮМҮҮЖҮҮЛ

Зөв буруугийн тухай мэдлэгтэй төрдөг хүүхэд байдаггүй тул тэднийг сургах хэрэгтэй (8-р догол мөрийг үзээрэй)

8-10. Үр хүүхдээ Еховад үйлчилдэг хүн болгож хүмүүжүүлэхийн тулд эцэг эхчүүд яах шаардлагатай вэ? Жишээ хэлнэ үү.

8 Гэрч эцэг эхчүүд «Еховагийн зааж сургасны дагуу хүүхдүүдээ хүмүүжүүлэх» үүрэгтэй (Эф. 6:4). Энэ үүргийг биелүүлэх тийм ч амархан биш. Ялангуяа өнөөгийн ертөнцөд маш хэцүү (2 Тим. 3:1–5). Дөнгөж төрсөн хүүхэд зөв бурууг ялгаж салгаж чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ тэдэнд сайн мууг ялгах төрөлхийн чадвар бий. Түүнийг нь «хүмүүжүүлэх» хэрэгтэй (Ром 2:14, 15). «Хүмүүжүүлэх» гэж орчуулдаг грек үг нь «хүүхдийг хөгжүүлэх» буюу хариуцлагатай хүн болгож өсгөх гэсэн утгатай гэж нэгэн Библи судлаач тайлбарлажээ.

9 Эцэг эх нь хүүхдээ хайрын сэтгэлээр сурган хүмүүжүүлдэг бол хүүхэд нь юунаас ч айж түгшихгүй. Тэд эрх чөлөө хязгаартайг, шийдвэр гаргах болон биеэ авч явах нь сайн муу үр дагавартайг мэдэж авдаг. Тэгэхээр эцэг эхчүүд Еховагаас удирдлага заавар гуйх нь чухал. Хүүхэд хүмүүжүүлэх арга улс болгонд харилцан адилгүй бөгөөд цаг үеэ дагаад өөрчлөгдөж байдгийг бүү мартаарай. Бурхны мэргэн ухаанаар удирдуулдаг эцэг эхчүүд хүүхдээ таамгаар хүмүүжүүлэхгүй, туршлагадаа дулдуйдахгүй, хүний үзэл бодолд найдахгүй.

10 Ноагийн тухай ярилцъя. Ехова түүнд хөвөгч авдар хийх даалгавар өгчээ. Ноа авдар хийж байгаагүй учраас Еховад найдах хэрэгтэй байв. Тэгээд «Бурханы өөрт нь тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэжээ» (Эх. 6:22). Энэ нь ямар үр дүнтэй байсан бэ? Хөвөгч авдарт орсон Ноагийнхан гэр бүлээрээ эсэн мэнд үлдсэн. Түүнээс гадна Ноа сайн аав байв. Бурхны мэргэн ухаанд найддаг байсан учраас тэр юм. Үер болохоос өмнөх цаг үе хэцүү байсан ч хүүхдүүдээ сайн сургаж, өөрөө ч үлгэр жишээ үзүүлсэн (Эх. 6:5).

11. Хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд эцэг эхчүүд яагаад чадах бүхнээ хийх хэрэгтэй вэ?

11 Эцэг эхчүүд Бурхны тушаасан бүхнийг «ёсоор гүйцэтгэхийн» тулд яах хэрэгтэй вэ? Еховад дуулгавартай байгаарай. Үгээрээ, байгууллагаараа өгдөг удирдлага зааврынх нь дагуу хүүхдээ хүмүүжүүлээрэй. Хэзээ нэгэн цагт танай хүүхэд хийсэн бүхний тань төлөө талархах биз ээ! Нэг Гэрч залуу: «Намайг зөв хүмүүжүүлсэн аав ээждээ би талархдаг. Тэд чадах бүхнээ хийсэн учраас сэтгэл хөдөлсөн. Бурхантай дотно болсон минь тэдний л ач» гэж бичжээ. Эцэг эх нь хамаг чадлаараа хичээсэн ч Еховаг хаяад явдаг хүүхэд байдаг нь үнэн. Гэсэн хэдий ч хүүхдийнхээ зүрх сэтгэлд үнэний үрийг суулгахын тулд чадах бүхнээ хийсэн эцэг эх санаа зовдоггүй. Нэг л өдөр Ехова руу эргээд ирнэ гэдэгт итгэдэг.

12, 13. а) Хүүхэд нь хурлаас хасагдвал эцэг эхчүүд Бурханд дуулгавартайгаа хэрхэн батлах вэ? б) Еховад дуулгавартай байсан нэгэн эцэг эх ямар ач тус хүртсэн бэ?

12 Хурлаас хасагдсан хүүхэдтэй харьцах талаарх Бурхны тушаалыг биелүүлэх нь зарим эцэг эхийн хувьд хамгийн том сорилт болдог. Жишээ нь нэг эмэгтэйн охин хурлаас хасагдаад гэрээсээ явжээ. Тэр ээж: «Охин зээ хоёртойгоо хамт байх боломж байна уу гэж байгууллагын ном хэвлэлээс их хайдаг байлаа» гэж үнэнээ хэлсэн юм. Харин нөхөр нь түүнд нэг чухал зүйлийг ойлгуулжээ. «Бид хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн болохоор одоо хүүхдийнхээ амьдралд хөндлөнгөөс оролцох шаардлагагүй» гэж хэлсэн байна.

13 Хэдэн жилийн дараа охиных нь Гэрч байх эрхийг сэргээжээ. Ээж нь: «Охин маань бараг өдөр бүр надтай утсаар ярих юм уу мессеж бичдэг! Бурханд дуулгавартай байсан нөхөр бид хоёрыг охин маань их хүндэлдэг. Одоо бид улам дотноссон» гэжээ. Хүүхэд тань хурлаас хасагдвал та «бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэх» үү, «өөрийн ойлголтод» түшиглэх үү? (Сур. 3:5, 6). Сахилгын арга хэмжээ нь Еховагийн зүйрлэшгүй мэргэн ухаан, дуусашгүй хайрын илрэл гэдгийг санаарай. Бүх хүний, ялангуяа танай хүүхдийн төлөө Хүүгээ өгснийг нь бүү мартаарай. Бурхан хэнийг ч үхүүлэхийг хүсдэггүй (2 Петр 3:9-ийг уншина). Тиймээс Бурхны арга хэмжээ, удирдлага заавар зөв гэдэгт итгээрэй. Хэчнээн хэцүү байлаа ч Еховагийн хэлснийг хийгээрэй. Эсэргүүцэхийн оронд Бурхантай хамтран ажиллаарай.

ХУРЛЫН ГИШҮҮНИЙГ САХИЛГАЖУУЛАХ НЬ

14. «Итгэмжит нярвын» өгдөг удирдлага заавар танд ямар ач тустай вэ?

14 Ехова үйлчлэгчдэдээ санаа тавьж, хамгаалж, зааж сургахаа амласан. Амласнаа янз янзын аргаар биелүүлдэг. Жишээ нь хурлын гишүүдийг Хүүдээ хариуцуулсан. Хүү нь цагт нь хоол унд өгөх «итгэмжит нярвыг» томилсон (Лук 12:42). «Итгэмжит нярав» удирдлага заавар өгч биднийг сургадаг. Та өөрөөсөө «Би илтгэл сонсоод, сэтгүүл уншаад бодол санаа, биеэ авч явах байдлаа засаж сайжруулж байсан уу?» гэж асуугаарай. Тийм бол маш сайн байна. Та Еховагийн гарын аясаар хэлбэрждэг зөөлөн шавар болсон гэсэн үг юм (Сур. 2:1–5).

15, 16. а) Христийн өгсөн «бэлгийн» ач тусыг хүртье гэвэл яах хэрэгтэй вэ? б) Ахлагчдын ачааг хэрхэн хөнгөлөх вэ?

15 Христ бас хурлуудад «хүмүүсийг бэлэг болгон өгсөн». Тэд бол Бурхны сүргийг хариулах хоньчид буюу ахлагчид юм (Эф. 4:8, 11–13). Энэ «бэлгийн» ач тусыг хүртье гэвэл яах вэ? Үлгэр дуурайл болсон, бат итгэлтэй тэдгээр ахлагчийг дуурайх нь нэг арга юм. Мөн тэдний өгсөн Библийн үндэстэй зөвлөгөөг дагах хэрэгтэй (Еврей 13:7, 17-г уншина). Ахлагчид таныг хайрладаг бөгөөд Бурхантай дотносоосой гэж хүсдэг. Жишээлбэл цуглаан тасалж, дэлгэрүүлэх ажилд идэвх муутай оролцдог болсныг тань анзаарвал тэр даруй тусална. Таны яриаг анхааралтай сонсоод, урам сэргээх үг хэлж, танд тохирсон Библийн үндэстэй зөвлөгөө өгнө. Энэ нь таныг гэсэн Еховагийн хайрын илрэл биш гэж үү?

16 Хурлын гишүүдэд зөвлөгөө өгөх нь ахлагчдад амархан биш байдаг. Давид хаан нүглээ нуух гэж оролдоход зөнч Натан түүнтэй уулзаж ярихаар болжээ. Ямар хэцүү байсан бол оо! (2 Сам. 12:1–14). Арван хоёр элчийн нэг Петр иудей ах дүүдээ тал засжээ. Алдааг нь хэлж өгөхийн тулд элч Паул зориг гаргах хэрэгтэй болсон биз ээ (Гал. 2:11–14). Хурлынхаа ахлагчдын ачааг та яаж хөнгөлөх вэ? Даруу байж, талархаж, ярилцахад амар хүн болоорой. Хэрэв тэд танд зөвлөгөө өгвөл Бурхны хайрын илрэл гэж үзээрэй. Ингэвэл танд ч тустай, тэд ч ажил үүргээ баяр хөөртэй биелүүлнэ.

17. Ахлагчид нэг Гэрч эмэгтэйд хэрхэн тусалсан бэ?

17 Гэрч эмэгтэй урьдын явдлаас болоод Еховаг хайрлаж чаддаггүй байжээ. Тэрээр: «Урьдын явдал, өөр янз бүрийн асуудлаас болоод сэтгэлээр маш их унасан. Тэгээд ахлагчидтай ярилцсан. Тэд намайг ерөөсөө загнаагүй, шүүмжлээгүй. Харин ч урам сэргээж, зоригжуулсан. Хэчнээн завгүй байсан ч цуглаан болгоны дараа аль нэг нь ирж ямар байгааг минь асуудаг байсан. Өнгөрсөн явдлаас болоод би өөрийгөө Бурхнаар хайрлуулах эрхгүй гэж боддог байсан. Гэхдээ Ехова надад хайртай гэдгээ батлахын тулд хурлынхан, ахлагчдыг дахин дахин явуулдаг байсан. Танаас хэзээ ч холдохгүй байхад минь туслаарай гэж би Еховад байнга залбирдаг» гэжээ.

АРГА ХЭМЖЭЭ АВХУУЛАХААС Ч ДОР ЮМ БИЙ

18, 19. Сахилга батын арга хэмжээнээс ч дор юм юү вэ? Жишээ хэлнэ үү.

18 Сахилга батын арга хэмжээ авхуулах сайхан биш ч, түүнээс дор юм бий. Энэ нь сахилга батын арга хэмжээг хүлээж аваагүйгээс гарах үр дагавар юм (Евр. 12:11). Каин болон Зедекиа хааны тухай ярилцъя. Каин Абелийг үзэн ядсан. Тэр байтугай алах санаатай байлаа. Тэгэхэд Бурхан: «Чи юунд уурлана вэ? Юуны учир уруу царайлаад байгаа юм бэ? Хэрэв чи сайныг үйлдвэл тэргүүнээ өргөх биш үү? Хэрэв чи сайныг хийхгүй бол гэм нүгэл үүдэн дээр чинь гэтэн, нүгэл хилэнц чамайг хүсэвч, чи түүнийг дийлэх ёстой» гэжээ (Эх. 4:6, 7). Каин Еховагийн үгэнд оролгүй дүүгээ хөнөөснийхөө горыг насан туршдаа амссан (Эх. 4:11, 12). Хэрвээ Бурхны үгэнд орсон бол тийм их зовлон туулахгүй байх байсан.

19 Хорон муу Зедекиа хааны үед Иерусалимын байдал туйлын хүнд байлаа. Зөнч Иеремиа Зедекиа хаанд дахин дахин сануулж, буруу замаасаа эргэхийг ятгасан боловч үл ойшоосон. Үүнээсээ болоод мөн л аймшигтай үр дагавар амссан (Иер. 52:8–11). Ехова биднийг ийм зовлон эдлээсэй гэж огтхон ч хүсдэггүй! (Исаиа 48:17, 18-ыг уншина).

20. Бурхан сахилгажуулахад хүлээж авсан болон аваагүй хүний ирээдүй ямар байх вэ?

20 Өнөө үед Бурхны авдаг сахилга батын арга хэмжээг үл ойшоож басамжилдаг хүн олон байдаг. Гэхдээ үүнийхээ горыг удахгүй амсана (Сур. 1:24–31). Иймээс «сургамжийг дагаж, ухаантай» байцгаая. Сургаалт үгс 4:13-т «Сургамжийг зууран барь. Алдаж үл болно. Мэргэн ухааныг хамгаал, учир нь тэр бол чиний амь мөн» гэж бий.