Skip to content

Гарчиг руу орох

Бурхнаас ирдэг баяр баясгалан

Бурхнаас ирдэг баяр баясгалан

ХҮМҮҮС жаргалтай амьдрахыг хүсдэг. Гэвч «эцсийн өдрүүдэд илүү хэцүү цаг ирж» байгаа учраас зовлонгүй хүн нэг ч байхгүй (2 Тим. 3:1). Шударга бус явдал, өвчин, ажилгүйдэл гээд санаа зовоосон янз бүрийн асуудлаас болоод хүмүүс аажмаар баяр баясгалангүй болдог. Бурхны үйлчлэгчид хүртэл сэтгэлээр унаж, уйтгар гунигт автдаг. Та тэдний нэг бол эргээд баяр хөөртэй болохын тулд яах хэрэгтэй вэ?

Энэ асуултад хариулахаасаа өмнө жинхэнэ баяр баясгалан гэж юү вэ, зарим хүн хэцүү үед ч яагаад баяр баясгалангаа алдаагүй вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Мөн дандаа баяр баясгалантай байя гэвэл яах хэрэгтэйг мэдэж авъя.

БАЯР БАЯСГАЛАН ГЭЖ ЮҮ ВЭ?

Баяр баясгалантай байх гэдгийг хөгжилтэй, наргиантай байхтай андуурч болохгүй. Жишээ авъя. Зарим хүн согтохлоороо сэтгэл нь хөөрдөг. Харин архи нь гарахаараа инээх нь битгий хэл, нөгөө л бэрхшээлээр дүүрэн амьдралдаа буцаж ордог. Түр зуурын инээд баясал нь жинхэнэ баяр баясгалан биш юм (Сур. 14:13).

Харин жинхэнэ баяр баясгалан зүрхний угаас гардаг. Үүнийг «сайн зүйлийг авах эсвэл хүлээхэд бий болдог сэтгэл хөдлөл» гэж тодорхойлсон байдаг. Таатай, таагүй ямар ч нөхцөлд үргэлж жаргалтай байхыг баяр баясгалантай байх гэнэ (1 Тес. 1:6). Сэтгэл зовоох юм гарсан ч баяр баясгалангаа алддаггүй. Жишээ нь элчүүд Христийн тухай ярилаа гэж ташуурдуулсан ч «Есүсийн нэрнээс болж зовох зохистой хүн гэж тооцогдсондоо ... баяр хөөр болсоор Иудейн дээд шүүхээс гарч явлаа» гэж Библид байдаг (Үйлс 5:41). Ташуурын амт үзлээ гэж баярлаагүй нь мэдээж. Харин Бурхандаа үнэнч байж чадсандаа чин сэтгэлээсээ баярлажээ.

Ийм баяр баясгалантай болж төрсөн хүн байхгүй. Хар аяндаа ч ийм болчихдог юм биш. Яагаад? Жинхэнэ баяр баясгалан бол Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанар юм. «Шинэ хүнийг өмсөхөд», ялангуяа жинхэнэ баяр баясгалантай болоход Бурхны агуу хүч л тусална (Эф. 4:24; Гал. 5:22). Хэдийчинээ баяр баясгалантай болно, амьдралын бэрхшээлийг төдийчинээ даван туулна.

ДУУРАЙВАЛ ЗОХИХ ЖИШЭЭ

Ехова дэлхийг дандаа сайхнаар нь байлгахыг зорьсноос бус, өнөөгийн муу муухай юмыг үзье гэж огт бодоогүй. Гэхдээ хүмүүс бузар муу юм хийлээ гээд Еховагийн баяр баясгаланг үгүй хийж чадахгүй. «Түүний [орших] газарт хүч чадал, баяр баясгалан бий» гэж Бурхны Үгэнд бичжээ (Ш.дээд 16:27). Түүнээс гадна Ехова үйлчлэгчдийнхээ хийдэг сайн үйлсийг хараад баярладаг (Сур. 27:11).

Хэрвээ ажил үйлс маань санаснаар болохгүй бол хэтэрхий их санаа зовохын оронд Еховаг дуурайцгаая. Одоо байгаа сайн сайхан юмаа анхаараад, ирээдүй сайхан болно гэдэгт итгэн тэвчээртэй хүлээх нь зүйтэй. *

Хэцүү үед ч баяр баясгалантай байсан хүмүүсийн жишээ Библид олон бий. Амь насанд нь аюул учирч, бусад хүнээс болж зовж явсан ч баяр баясгалангаа алдаагүй хүмүүсийн нэг нь Абрахам юм (Эх. 12:10–20; 14:8–16; 16:4, 5; 20:1–18; 21:8, 9). Яагаад тэгж чадсан бэ? Мессиагаар удирдуулах шинэ ертөнцийн тухай боддог байжээ (Эх. 22:15–18; Евр. 11:10). Есүс: «Та нарын эцэг Абрахам миний юу хийхийг үзнэ гэж найдан ихэд баярлаж байсан» гэжээ (Ёох. 8:56). Бид Абрахамыг дуурайн, ирээдүйд болох тэр сайхан цагийг төсөөлөн бодож болно (Ром 8:21).

Паул Силас хоёр Бурхны амлалтыг анхаардаг бат итгэлтэй Абрахам шиг хүмүүс байсан. Янз бүрийн бэрхшээл туулсан ч баяр баясгалангаа алдаагүй. Жишээ нь тэд ташуурдуулаад шоронд хоригдсон шөнөө «Бурханд залбирч, магтуу дуулсан» (Үйлс 16:23–25). Хавчигдаж зовсондоо бус, харин Христийн дагалдагч учраас баяр баясгалангаа алдаагүй. Паул Силас хоёрыг дуурайн, Бурханд үнэнч үйлчлэхийн сайн сайхныг санаж явцгаая (Флп. 1:12–14).

Зовлон бэрхшээл тулгарсан ч баяр баясгалангаа алдаагүй итгэл нэгтнүүд орчин үед олон бий. Тэдний нэг нь Филиппиний Таклобанд амьдардаг Жоорж юм. 2013 оны 11 дүгээр сард Хайяан хар салхи Филиппиний төв хэсгийг дайран өнгөрөхөд итгэл нэгтнүүдээс маань 1 000 гаруй гэр бүл орон гэргүй болжээ. Жоорж: «Юу ч тохиолдсон, ах дүү нар маань баяр хөөрөө алддаггүйг би тэр үед мэдэрсэн. Үүнийгээ үгээр илэрхийлж чадахгүй байна» гэжээ. Хэчнээн их зовж байсан ч бидний төлөө Еховагийн хийсэн бүхнийг бодож талархдаг бол баяр хөөрөө алдахгүй. Биднийг баяр баясгалантай байлгахын тулд Ехова өөр юү өгдөг вэ?

БАЯР БАЯСГАЛАНТАЙ БАЙХ ШАЛТГААН

Бурхантай ойр дотно болсон маань баяр баясгалантай байх хамгийн гол шалтгаан биш гэж үү? Бид орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзнийг мэддэг. Тэрээр бидний Эцэг, Бурхан бас Анд найз билээ! (Дуу. 71:17, 18).

Түүнчлэн амьд явж, амьдралын сайхныг мэдрэх чадвар хайрласан Еховадаа талархаад баршгүй (Ном. 3:12, 13). Тэрээр биднийг өөртөө татсан учраас юу хүсдэгийг нь бид ойлгож авсан (Кол. 1:9, 10). Тиймд амьдралынхаа жинхэнэ утга учрыг ойлгож, яаж амьдрах ёстойгоо мэддэг болсон. Гэтэл ихэнх хүн амьдралын утга учрыг мэддэггүй. Энэ ялгааг Паул онцолж «“Чихэнд сонсогдоогүй, нүдэнд үзэгдээгүй, хүмүүний санаанд ороогүй юмыг Бурхан өөрийг нь хайрладаг хүмүүст зориулж бэлтгэсэн” ... Харин бидэнд эдгээрийг Бурхан агуу хүчээрээ илчилж өгсөн» хэмээн бичжээ (1 Кор. 2:9, 10). Еховагийн хүсэл таалал, санаа зорилгыг ойлгодог болсондоо бид баяртай байдаг.

Ехова ард түмнийхээ төлөө өөр юү хийснийг бод доо. Нүглийг маань уучлах арга хэмжээ авсан. Та үүнд баярладаг биз дээ? (1 Ёох. 2:12). Ехова бидэнд шинэ ертөнцөд амьдрах итгэл найдварыг өгсөн (Ром 12:12). Одоо ч гэсэн итгэл нэгт олон хүнийг бидэнд найз нөхөд болгон өгдөг (Дуу. 133:1). Сатан болон чөтгөрүүдээс хамгаалдаг (Дуу. 91:11). Бурхны энэ бүх ивээлийг эргэцүүлэн бодвол зүрх сэтгэл маань баяр баяслаар улам бүр цалгина (Флп. 4:4).

БҮР Ч ИХ БАЯР БАЯСГАЛАНТАЙ БОЛЪЁ ГЭВЭЛ ...

Урьдынхаасаа илүү баяр баясгалантай болж болох уу? Болно. Есүс: «Та нарыг над шиг баяр баясгалантай байгаасай, та нарын баяр баясгалан улам бүр бялхаасай гэсэндээ би эдгээрийг хэллээ» гэжээ (Ёох. 15:11). Бүр ч их баяр баясгалантай болохыг гал өрдөхтэй адилтгаж болно. Түлээ нэмэх тусам гал илчтэй болдог шиг Бурхантай тогтоосон харьцаагаа зузаатгах тусам улам бүр баяр баясгалантай болдог. Баяр баясгалан Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдгийг санаарай. Тиймээс Еховагаас агуу хүчийг нь тогтмол гуйн залбирч, агуу хүчний удирдлагаар бичигдсэн Үгийг нь эргэцүүлэн боддог байх нь чухал (Дуу. 1:1, 2; Лук 11:13).

Бурхны таалалд нийцдэг ажилд идэвхтэй оролцдог бол улам их баяр баясгалантай болдог (Дуу. 35:27; 112:1). Яагаад? Бид «Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагахаар» бүтээгдсэн билээ. «Энэ нь хүн бүхэнд хамаарна» (Ном. 12:13). Тэгэхээр Еховад үйлчилж байсан цагт л маш их баяр баясгалантай, сэтгэл хангалуун амьдардаг байх нь ээ. *

БАЯР БАЯСГАЛАНТАЙ БАЙХЫН АЧ ТУС

Баяр баясгалантай байхын ач тус их ээ. Жишээлбэл ямар ч бэрхшээл тулгарсан баяр хөөртэй үйлчилдэг бол тэнгэрийн Эцгээ баярлуулна (Д.хууль 16:15; 1 Тес. 5:16–18). Түүнээс гадна жинхэнэ баяр баясгаланг эдэлдэг учраас эд юм цуглуулж чинээлэг амьдрал хөөхийн оронд, Бурхны Хаант төрийн төлөө эрх ашгаа золиослохыг чухал гэж үздэг болно (Мат. 13:44). Үр дүнг нь үзэхлээрээ өөрөө ч баяр баясгалантай байна, бусдад ч баяр баясгалан бэлэглэнэ (Үйлс 20:35; Флп. 1:3–5).

АНУ-ын Небраскагийн их сургуульд эрүүл мэндийн чиглэлээр судалгаа хийдэг нэгэн судлаач: «Та одоо сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдардаг бол эрүүл мэнддээ хөрөнгө оруулж байна гэсэн үг» гэж бичжээ. Энэ үг «Баяр хөөртэй зүрх бол сайн эм» хэмээсэн Библийн сургаал үгтэй таардаг (Сур. 17:22). Баяр баясгалантай болох тусам бие эрүүлждэг.

Бид бухимдлаар дүүрэн нийгэмд амьдардаг ч залбирч, Библи судалж, эргэцүүлэн боддог бол Бурхны агуу хүчийг авч жинхэнэ баяр баясгалан эдэлнэ. Бас хүртэж байгаа ивээлээ анхаарч, бат итгэлтэй хүмүүсийг дуурайж, Бурхны хүсэл таалалд нийцүүлэх гэж хичээдэг бол баяр баясгалангаар улам бүр бялхана. Эцэст нь Дуулал 64:10-ыг биеэрээ мэдэрнэ. Тэнд «Зөв шударга хүн ЭЗЭНий дотор баярлаж, Түүний дотор хоргодно» гэж бичжээ.

^ д/м 10 Энэхүү цуврал өгүүллийн дараагийнх нь тэвчээрийн тухай юм.

^ д/м 20 « Баяр баясгалантай болох өөр аргууд» гэсэн хавсралтыг үзээрэй.