Skip to content

Гарчиг руу орох

Шинэ хуралдаа хэрхэн дасах вэ?

Шинэ хуралдаа хэрхэн дасах вэ?

«ЭНД нүүж ирнэ гэж бодоод их сандарч байсан. Би энэ хурлынхантай дотносож чадах болов уу, тэд надтай найзлах болов уу гэдгийг мэдэхгүй байлаа» гэж Аалэн * хэлсэн юм. Гэрээс нь 1 400 километр зайтай газар байдаг шинэ хуралдаа Аалэн одоо дасаж байна.

Та бас өөр хуралд шилжиж очсон бол сандарч байгаа байх. Шинэ хуралдаа хэрхэн дасах вэ? Дасах нь санаснаас хэцүү байвал яах вэ? Нөгөө талаас, танай хуралд шилжиж ирсэн итгэл нэгтнүүддээ хэрхэн туслах вэ?

ХЭРХЭН ДАСАХ ВЭ?

Дараах жишээг бодъё. Модыг шилжүүлэн суулгахад стресстдэг. Ургаж буй газраас нь ухаж аваад, зөөвөрлөхөд амрыг нь бодож үндсийг нь тайрч багасгадаг. Шилжүүлэн суулгасан мод нэн даруй үндэслэх ёстой. Өөр хуралд шилжих нь ч бас стресст орох шалтгаан болж болох юм. Та хуучин хуралдаа сайхан найз нөхөдтэйгөө хамт Еховад тогтмол үйлчилж бат «үндэслэсэн». Харин одоо шинэ орчинд «ургахын» тулд шинээр «үндэслэх» шаардлагатай. Танд юу туслах вэ? Библийн зарчим. Одоо зарим зарчмыг авч үзье.

Библи тогтмол уншдаг хүн «урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ. Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөд навчис нь ч хатдаггүй. Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй» (Дуу. 1:1–3).

Мод эрүүл байхын тулд ус чийгийг өөртөө шингээх хэрэгтэй байдаг шиг Христийн дагалдагч Еховатай дотно байхын тулд үгээр нь өөрийгөө тэжээх ёстой. Үүний тулд Библийг өдөр бүр уншиж, цуглаандаа тогтмол яваарай. Гэр бүлийн хичээл хийх, бие дааж судлах хэвшлээ бүү алдаарай. Хуучин хуралд байхдаа Еховатай улам дотносохыг үргэлж хичээдэг байсан шигээ одоо ч хичээгээрэй.

«Бусдыг тэнхрүүлэгч өөрөө тэнхрэх болно» (Сур. 11:25).

Дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцвол урамшиж, хуралдаа хурдан дасна. Кээвн гэдэг ахлагч: «Эхнэр бид хоёр шинэ хуралд шилжиж ирээд нэг их удалгүй туслах эхлэгчээр үйлчилж эхэлсэн. Энэ нь их тустай байсан. Ах нартай, эхлэгчидтэй, дэлгэрүүлэх хэсэгтэйгээ хурдан танилцсан» гэж ярив. Роожер нутгаасаа 1 600 километрийн алсад байдаг газар нүүж очжээ. Тэрээр: «Шинэ хуралд дасах хамгийн сайн арга нь тогтмол дэлгэрүүлэх. Бас танхим цэвэрлэх, цуглааны хөтөлбөрийн аль нэг хэсгийг хөтлөх хүн ирээгүй бол орлох, итгэл нэгтнээ цуглаанд авч ирэх зэргээр ямар ч аргаар туслахад бэлэн гэдгээ ахлагчдад мэдэгдэх нь зүйтэй. Бусдын төлөө сэтгэл гаргадаг хүнтэй шинэ хурлынхан нь амархан дотносдог» гэж ярьсан юм.

«Та нар ч бидэнд адилхан хандаж, илүү их хайрла» (2 Кор. 6:13).

Итгэл нэгтнүүдээ ах дүүгийн ёсоор хайрлаарай. Мелиса нөхөр охин хоёртойгоо шинэ хуралд шилжиж очсоныхоо дараа найз нөхөдтэй болохыг их анхаарчээ. «Бид цуглаандаа эрт очоод, цуглаан дууссанаас хойш нэлээд хожуу танхимаас гардаг байлаа. Тийм болохоор хүмүүстэй мэндлээд л өнгөрөх биш, удаан ярилцаж чаддаг байсан» гэж Мелиса ярилаа. Тэднийхэн шинэ найзуудынхаа нэрийг илүү хурдан тогтоож авчээ. Хурлынхнаа гэртээ урьдаг байсны ачаар бүр ч дотноссон гэнэ. Мелиса: «Утасны дугаараа солилцсон болохоор итгэл нэгтнүүдтэйгээ холбоотой байж хурлын болон бусад ажлаас хоцордоггүй байлаа» гэж нэмж хэлсэн.

Танилцаж амжаагүй хүмүүстэй ярилцахаас айж байгаа бол энгийн зүйлээс эхлээрэй. Жишээ нь инээх юм байхгүй байлаа ч инээмсэглээрэй. Тэгвэл хүмүүс танд татагдана. Тэгээд ч «дулаахан харц зүрхийг баярлуулдаг» гэдэг шүү дээ (Сур. 15:30). Төрсөн нутгаасаа хол газар нүүж очсон Рэйчил: «Би угаасаа ичимхий. Шинэ хурлынхантайгаа танилцахын тулд заримдаа өөрийгөө хүчлэх хэрэгтэй болдог. Танхимд хэнтэй ч ярихгүй ганцаараа сууж байгаа хүн байна уу гэж би хайдаг. Над шиг ичимхий байж магадгүй гэсэндээ тэр л дээ» гэв. Та цуглаан болгоны өмнө эсвэл дараа нь нэг шинэ хүнтэй танилцах зорилго тавивал ямар вэ?

Нөгөө талаас, та шинэ хүмүүстэй танилцсан эхний хэдэн 7 хоног баяр хөөртэй байсан байх. Харин цаг өнгөрөхийн хэрээр шинэ найзууд тань хуучин найз болно. Тиймээс шинэ найзуудтай болохыг хойшид ч хичээгээрэй.

Модыг шилжүүлэн суулгахлаар стресстдэг ч шинэ хөрсөндөө дахин үндэслэдэг

ЦАГИЙН ХУВААРИА ӨӨРЧЛӨХӨД БЭЛЭН БАЙ

Шилжүүлэн суулгасан модны үндэслэх хугацаа янз бүр байдаг. Үүнтэй адил, хүн болгон шинэ хуралдаа яг ижил хугацаанд дасна гэж байхгүй. Та шилжиж ирээд удаж байгаа ч дасах гэж ядаж байгаа бол дараах Библийн зөвлөгөөг дагаарай.

«Шантрахгүйгээр сайныг үйлдэж байцгаая. Бууж өгөхгүй байвал цаг нь болохоор хурааж авна» (Гал. 6:9).

Дасах гэж хэчнээн хичээсэн ч санаснаар болохгүй бол илүү их хугацаа шаардлагатай нь ойлгомжтой. Жишээлбэл Гилеад сургуулийг төгсөгчид томилогдож очсон газраасаа явалгүй нэлээд хэдэн жил болдог. Тийм учраас шинэ хурлынхантайгаа дотносож, ахуй соёлд нь дасдаг байна.

Алехандро олон удаа нүүсэн болохоор шинэ юманд дастал хугацаа хэрэгтэй байдгийг сайн мэднэ. Тэрээр: «Хамгийн сүүлд нүүх үед эхнэр маань: “Хуучин хуралд л бүх найзууд маань үлдлээ!” гэж хэлсэн» хэмээн ярив. Хоёр жилийн өмнө хуучин гээд байгаа энэ хуралд шилжиж ирэхдээ ч бас ингэж хэлж байсныг нь Алехандро эхнэртээ сануулжээ. Хоёр жилийн дотор эхнэр нь олон найзтай болсон байна.

«“Яагаад урьдын өдрүүд өнөөгийнхөөс дээр байсан юм бэ?” гэж бүү хэл. Ингэж асуух нь цэцэн ухааных биш» (Ном. 7:10).

Шинэ хурлаа хуучин хуралтайгаа бүү харьцуулаарай. Жишээ нь шинэ хурлын итгэл нэгтнүүд тань илүү зожиг эсвэл илүү аманцар байж болох юм. Гэлээ ч тэдний сайн талыг хараарай. Та ч бас сайн талыг минь олж хардаг байгаасай гэж хүсдэг биз дээ? Шинэ хуралд шилжиж очсон зарим хүн өөрөөсөө «Би итгэл нэгтнүүдээ бүгдийг нь үнэхээр хайрладаг билүү?» гэж асуухад хүрчээ (1 Петр 2:17).

«Гуйгаад бай, тэгвэл танд өгнө» (Лук 11:9).

Тусламж гуйж залбирахаа битгий болиорой. Дэйвид гэдэг ахлагч: «Шүд зуугаад өнгөрье гэж бодох хэрэггүй. Еховагийн тусламжгүйгээр хийж чадахгүй юм олон байдаг шүү дээ. Залбираарай!» хэмээн зөвлөсөн. Дээр дурдсан Рейчил: «Хурлынхнаасаа хөндийрөөд байгаа юм шиг санагдсан үедээ нөхөр бид хоёр энэ тухайгаа Еховад тодорхой хэлдэг. “Итгэл нэгтнүүдтэйгээ дотносохын тулд юу хийх хэрэгтэйг мэдүүлж өгөөч. Яагаад дотно биш байгаагаа мэдэхэд туслаач” гэж залбирдаг. Дараа нь тэдний төлөө илүү их зав цаг гаргахыг хичээдэг» гэж ярьсан юм.

Эцэг эхчүүд ээ, танай хүүхдэд ийм бэрхшээл тулгарч байгаа бол хамт залбираарай. Шинэ найзуудтай болоход нь туслахын тулд янз бүрийн арга хэмжээ зохиогоорой.

ШИНЭЭР ИРСЭН ИТГЭЛ НЭГТЭНТЭЙГЭЭ НАЙЗ БОЛООРОЙ

Хуралд тань шилжиж ирсэн итгэл нэгтэндээ та хэрхэн туслах вэ? Ирсэн цагаас нь л жинхэнэ найз нь болоорой. Та шинэ хуралд шилжиж очсон бол юунд баярлаж, юуг таашаахаа бодоод түүнийгээ хийгээрэй (Мат. 7:12). Жишээ нь тэр хүнийг гэр бүлийн хичээлдээ урих юм уу эсвэл JW телевизийн хөтөлбөрийг хамт үзэж болно. Цуг дэлгэрүүлье гэж хэлбэл сайн. Авч яваа хөнгөн зуушаа хуваагаад идвэл тэр хүнд сайхан дурсамж үлдэх биз ээ. Өөрөөр яаж туслах вэ?

Карлос: «Биднийг шинэ хуралд шилжиж ирэхэд нэг эгч хямд бараатай дэлгүүрийн нэрсийг жагсааж бичээд өгсөн юм. Их хэрэг болсон шүү» гэж дурссан. Танайхаас өөр уур амьсгалтай газраас ирсэн хүмүүст халуун хүйтэнд эсвэл борооны улирлаар ямар хувцас өмсөхийг хэлж өгвөл баярлах байх. Түүнчлэн тухайн газрынхаа үүх түүх, нутгийн хүмүүсийн шүтдэг шашны талаар ярьж өгвөл дэлгэрүүлэх ажлаа илүү үр өгөөжтэй хийхэд нь тустай.

ДАСАХЫН ТУЛД ӨӨРИЙГӨӨ ДАЙЧИЛ

Өгүүллийн эхэнд гарсан Аалэн шинэ хуралд шилжиж ирээд жил гаруй болж байгаа ажээ. Тэрээр: «Би хурлынхнаа сайн мэддэг болохын тулд өөрийгөө дайчлах хэрэгтэй байсан. Харин одоо нэг гэр бүл мэт болсон. Их баяртай байна» гэж ярьсан. Шилжлээ гээд найз нөхдөө алдаагүй, харин ч шинэ найзуудтай болсон гэдгээ Аалэн ойлгожээ. Тэд насан туршдаа нөхөрлөх нь дамжиггүй.

^ д/м 2 Зарим нэрийг өөрчлөв.