Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 56

Эв эеийг эрхэмлэе

Эв эеийг эрхэмлэе

«Ах дүүсийн хувьд хамтдаа нэгдмэлээр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ!» гэж Давид дуулсан байдаг (Дуулал 133:1). Бид ах дүүсийнхээ дунд жинхэнэ амар тайвныг мэдэрдэг учраас энэ үгтэй санал нийлдэг. Эв нэгдэлтэй байдаг маань санамсаргүй хэрэг биш ээ. Харин дор бүрнээ хичээдгийн үр дүн юм.

1. Бурхны ард түмэн юугаараа онцгой вэ?

Та өөр улсад очлоо гэж бодъё. Цуглаанд нь суугаад хэлийг нь ойлгохгүй байлаа ч гэртээ байгаа юм шиг санагдана. Яагаад гэвэл яг адилхан хөтөлбөрөөр Библийг судална. Бас итгэл нэгт ах дүүсийнхээ хайрыг мэдэрнэ. Бид дэлхийн хаана ч амьдардаг бай Ехова Бурхнаа шүтэж, эв нэгдэлтэй үйлчилдэг (Зефаниа 3:9).

2. Хурлынхаа эв нэгдлийг хадгалахын тулд яаж хувь нэмэр оруулах вэ?

«Нэг нэгнээ чин зүрхнийхээ угаас хайрла» гэж Библид байдаг (1 Петр 1:22). Энэ зөвлөгөөг яаж хэрэгжүүлэх вэ? Итгэл нэгтнүүдийнхээ алдаа дутагдлыг биш сайн талыг анхаарч байгаарай. Зөвхөн хүсэл сонирхол нэгтэй хүмүүстэй л дотносох биш янз бүрийн хүмүүстэй танилцаж, найзалж нөхөрлөөрэй. Бас ялгаварлан гадуурхах үзэлтэй болж байгаагаа анзаарвал бүрмөсөн салахын тулд хичээх хэрэгтэй (1 Петр 2:17-г уншина уу). a

3. Итгэл нэгтэнтэйгээ ам муруйвал яах вэ?

Бид эвсэг гэр бүл ч гэлээ бидний дунд өө сэвгүй хүн гэж байхгүй. Тийм учраас заримдаа нэгнийгээ гомдоочихдог. Библид «Бие биеэ ... уучилж байгаарай. Ехова та нарыг дуртайяа уучилсны адил та нар бас дуртайяа уучлах учиртай» гэж байдаг (Колосай 3:13-ыг уншина уу). Биднийг алдаа гаргах болгонд Ехова уучилдаг. Тийм учраас биднийг ч гэсэн бусдыг уучилж байгаасай гэж хүсдэг. Хэрвээ бусдыг гомдоосноо мэдвэл санаачилга гаргаад эвлэрэхийг хичээгээрэй (Матай 5:23, 24-ийг уншина уу). b

УХАЖ ОЙЛГОЁ

Хурлаа амар тайван, эв нэгдэлтэй байлгахын тулд та яаж хувь нэмэр оруулж болохоо бодоорой.

Та эв зүйгээ олохын тулд юу хийх вэ?

4. Хэнийг ч ялгахгүй хайрлая

Бид итгэл нэгтнүүдээ бүгдийг нь хайрлахыг хичээдэг. Гэхдээ арьс өнгө, ахуй соёлоороо ялгаатай хүмүүстэй дотносон нөхөрлөх амаргүй байж болох юм. Тийм үед яах хэрэгтэй вэ? Үйлс 10:34, 35-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Ехова янз бүрийн хүнийг өөр лүүгээ татдаг. Үүнийг бодож үзвэл та өөрөөсөө тэс өөр хүнийг юу гэж үзэх хэрэгтэй вэ?

  • Танай нутагт ямар хүмүүсийг ялгаварладаг вэ? Бусдыг ялгаварлах нь яагаад буруу вэ?

2 Коринт 6:11–13-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Бүх итгэл нэгтэнтэйгээ, түүний дотор өөрөөсөө тэс өөр хүмүүстэй ч улам дотносохын тулд та яах хэрэгтэй гэж бодож байна вэ?

5. Дуртайяа уучилж, эвлэрээрэй

Ехова алдаа гаргадаггүй учраас биднээс уучлал гуйх шаардлага хэзээ ч гарахгүй. Тэгсэн хэдий ч биднийг уучлахад хэзээд бэлэн байдаг. Дуулал 86:5-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Ехова хэр ууч сэтгэлтэй вэ?

  • Та ууч сэтгэлтэй Еховад талархаж байна уу? Яагаад?

  • Ямар үед эвтэй байхад хэцүү байдаг вэ?

Эв нэгдэлтэй байх тал дээр Еховаг яаж дуурайх вэ? Сургаалт үгс 19:11-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Хүн таны дургүйг хүргэх юм уу гомдоовол яасан нь дээр вэ?

Бид заримдаа бусдыг гомдоочихдог. Тийм үед яах нь зүйтэй вэ? ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Гэрч эмэгтэй эвлэрэхийн тулд юу хийсэн бэ?

6. Итгэл нэгтнүүдийнхээ сайн талыг хараарай

Итгэл нэгтэнтэйгээ дотносох тусам сайн талыг нь ч, сул талыг нь ч олж хардаг. Яавал үргэлж сайн талыг нь харах вэ? ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Яавал итгэл нэгтнүүдийнхээ сайн талыг олж хардаг болох вэ?

Ехова үргэлж бидний сайн талыг хардаг. Шастирын дэд 16:9-ийн эхний өгүүлбэрийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Ехова үргэлж таны сайн талыг хардгийг мэдэхээр танд ямар санагдаж байна вэ?

Засаж янзалсан алмааз ч өө сэвтэй байдаг. Гэхдээ үнэ цэнээ алддаггүй. Үүн шиг итгэл нэгт ах дүү нар маань төгс биш ч, Еховад үнэ цэнтэй

ЗАРИМ ХҮН: «Тэр эхлээд уучлалт гуйвал би уучилна» гэдэг.

  • Бусдыг яагаад дуртайяа уучлах ёстой вэ?

ДҮГНЭЛТ

Итгэл нэгтнүүдээ дуртайяа уучилж, бүгдэд нь хайраа илэрхийлдэг бол хурлын эв нэгдэлд хувь нэмэр оруулна.

Давтах асуулт

  • Бусдыг ялгаварлахгүйн тулд яах хэрэгтэй вэ?

  • Итгэл нэгтэн тань гомдоовол та яах вэ?

  • Ууч сэтгэлтэй Еховаг та яагаад дуураймаар байна вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Бусдыг шүүмжлэхээ болиход Есүсийн хэлсэн үг яаж туслах вэ?

«Дүнзээ авч хая» (6:56)

Бусдыг ялгахгүй харьцаж сурахад нь зарим хүнд юу тус болсныг мэдэж аваарай.

«Алагчлах үзлээс ангид байх нь» (5:06)

Хурлын эв нэгдэлд аюул учрахаас өмнө маргаанаа яаж шийдэхийг мэдэж аваарай.

«Маргааныг хайраар шийдье» («Харуулын цамхаг», 2016 оны 5-р сар)

a Итгэл нэгтнээ хайрладаг хүн халдварт өвчин тараахаас яаж сэргийлдгийг Тайлбар 6-гаас үзнэ үү.

b Ажил хэргийн болон шүүхээр шийдүүлэх асуудал гарахад яах хэрэгтэйг Тайлбар 7-гоос үзнэ үү.