Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 23

Баптисм хүртэх зорилго тавиарай

Баптисм хүртэх зорилго тавиарай

Дагалдагч нь болохыг хүссэн хүн бүрийг баптисм хүртэх ёстой гэж Есүс хэлсэн (Матай 28:19, 20-ийг уншина уу). Баптисм гэж юу вэ? Баптисм хүртэх зорилгодоо хүрэхийн тулд ямар алхам хийх хэрэгтэй вэ?

1. Баптисм гэж юу вэ?

Баптисм гэж хөрвүүлдэг грек үг нь «шумбах» гэсэн утгатай. Есүс Иордан голд баптисм хүртээд «уснаас гарсан» гэж Библид байдаг (Марк 1:9, 10). Үүн шиг орчин үед Христийн жинхэнэ дагалдагчид бүтэн биеэрээ усанд булхаж баптисм хүртдэг.

2. Баптисм хүртэж байгаа хүн юуг батлан харуулдаг вэ?

Баптисм хүртэж байгаа хүн Ехова Бурханд өөрийгөө зориулснаа олон нийтэд харуулдаг. Тэгвэл Еховад өөрийгөө зориулна гэж яахыг хэлдэг вэ? Еховад хандан ганцаарчлан залбирч тангараг өргөхийг хэлдэг. Ингэхдээ ганцхан өөрийг нь шүтэж мөнхөд үйлчилнэ, бас хүслийг нь биелүүлэхийг бүхнээс илүү анхаарна гэж амладаг. Түүнээс гадна «өөрийнхөө төлөө амьдрахаа больж» Есүсийн үг сургаал, үлгэр жишээг «үргэлж дагахаар» шийдсэн гэдгээ хэлдэг (Матай 16:24). Ийнхүү Еховад өөрийгөө зориулж баптисм хүртсэн хүн Еховатай болон итгэл нэгтнүүдтэйгээ дотнын найз болдог.

3. Баптисм хүртэхийн тулд яах хэрэгтэй вэ?

Баптисм хүртэхийн тулд эхлээд Еховагийн тухай сурч мэдээд бат итгэдэг болсон байх хэрэгтэй (Еврей 11:6-г уншина уу). Тэгвэл Еховаг улам их хайрладаг болно. Ингээд түүний тухай ярьж, хэм хэмжээнийх нь дагуу амьдрах хүсэл оргилно (2 Тимот 4:2; 1 Ёохан 5:3). «Нэрийг нь зохистой авч яван» хэм хэмжээг нь сахиж амьдраад ирэхээрээ хүн өөрийн эрхгүй амь амьдралаа Еховад зориулж баптисм хүртэх хүсэлтэй болдог (Колосай 1:9, 10). a

УХАЖ ОЙЛГОЁ

Есүс баптисм хүртсэнээс бид юу мэдэж авах вэ? Энэ чухал алхмыг хийхийн тулд яаж бэлдэх вэ? Хариуг нь мэдэж аваарай.

4. Есүс баптисм хүртсэнээс бид юу мэдэж авах вэ?

Матай 3:13–17-г уншаад Есүс яаж баптисм хүртсэнийг дэлгэрэнгүй мэдэж аваарай. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Есүс нялх хүүхэд байхдаа баптисм хүртсэн үү?

  • Есүс яаж баптисм хүртсэн бэ? Толгой руу нь жаахан ус цацаад л болчихсон уу?

Есүс баптисм хүртээд Бурхны өгсөн онцгой даалгаврыг дэлхий дээр биелүүлж эхэлсэн. Лук 3:21–23; Ёохан 6:38-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Есүс баптисм хүртсэнийхээ дараа ямар ажлыг голлон анхаарах болсон бэ?

5. Баптисм бол хүрч болох зорилго

Бурханд өөрийгөө зориулж баптисм хүртэнэ гэхээр анхандаа санаанд багтахгүй байж болох юм. Гэхдээ тодорхой алхмуудыг хийвэл энэ чухал шийдвэрийг гаргахад бэлэн болно. Үүнийг харуулсан хэдэн жишээг ВИДЕОНООС хамт үзээрэй.

Ёохан 17:3; Яаков 1:5-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Баптисм хүртэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

  • А. Еховад өөрийгөө зориулж мөнхөд үйлчилнэ гэдгээ амлаж байгаа нь

  • Б. Еховад өөрийгөө зориулснаа олон нийтэд харуулж баптисм хүртэж байгаа нь

6. Баптисм хүртвэл Еховагийн гэр бүлийн гишүүн болно

Та баптисм хүртвэл дэлхий дахины нэгдсэн гэр бүлийн гишүүн болно. Бид өөр өөр хэл соёл, ахуй амьдралтай ч нэг итгэл үнэмшилтэй, Библид байдаг хэм хэмжээний дагуу амьдардаг хүмүүс билээ. Яаков 2:23; 1 Петр 2:17-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Баптисм хүртсэнээр Еховатай болон ард түмэнтэй нь ямар харьцаатай болох вэ?

ЗАРИМ ХҮН: «Би баптисм хүртэхэд бэлэн биш» гэдэг.

  • Танд бас тэгж санагдаж байна уу? Тийм бол баптисм хүртэхийн тулд хичээж мэрийе гэж бодож байна уу?

ДҮГНЭЛТ

Дагалдагч нь болъё гэвэл баптисм хүртэх ёстойг Есүс хэлсэн. Энэ зорилгод хүрэхийн тулд Еховад бат итгэж, хэм хэмжээнийх нь дагуу амьдарч, өөрийгөө зориулах хэрэгтэй.

Давтах асуулт

  • Баптисм хүртэнэ гэж яахыг хэлдэг вэ? Энэ нь яагаад чухал вэ?

  • Өөрийгөө зориулах баптисм хүртэх хоёр ямар холбоотой вэ?

  • Өөрийгөө зориулж баптисм хүртэхийн тулд ямар ямар алхам хийх хэрэгтэй вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Баптисмын талаар үнэн зөв ойлголттой болоорой.

«Баптисм гэж юу вэ?» (Веб өгүүлэл)

Баптисм хүртэхийн тулд яаж бэлдэхийг дэлгэрэнгүй мэдэж аваарай.

«Хайр, талархал—баптисм хүртэх хөшүүрэг» («Харуулын цамхаг», 2020 оны 3-р сар)

Нэг хүн баптисм хүртэхээр шийдэхдээ хэрхэн нухацтай хандсан талаар уншаарай.

«Тэд намайг үнэнийг өөрөө ойлгоосой гэж хүсэж байсан» («Харуулын цамхаг», 2013 оны 4–6 сар)

Яагаад баптисм хүртэх зорилго тавих хэрэгтэйг, яаж бэлдэхийг мэдэж аваарай.

«Би баптисм хүртэх хэрэгтэй юү?» («Залуучуудын асуулт. Ашигтай зөвлөгөө», 2-р дэвтэр, 37-р бүлэг)

a Өмнө нь сүмд баптисм хүртсэн байлаа ч Еховагийн Гэрч болохын тулд дахиад баптисм хүртэх шаардлагатай. Яагаад гэвэл сүмүүд Библид байдаг үнэнийг заадаггүй (Үйлс 19:1–5 болон 13-р хичээлийг үзнэ үү).