Удирдах Зөвлөлийн захиа
Хайрт ах дүү нар аа
Бид Бурхныг болон хүмүүсийг хайрладаг учраас «явж бүх үндэстнийг шавь болгон» «баптисм хүртээхийг» хичээдэг (Мат. 28:19, 20; Марк 12:28–31). Энэ хайр маань «мөнх амь руу хөтлөх үнэнийг хүлээж авах зөв хандлагатай» хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөдөг (Үйлс 13:48).
Цээжилсэн үгээ хэлж, хэвлэл өгөхийг анхаардаг байсан цаг саяхан. Харин одоо ярих чадвараа сайжруулах тухай бодох хэрэгтэй болжээ. Бид хүмүүст хайраа илэрхийлэхийг хүсдэг. Нэг арга нь тэдний сонирхдог сэдвээр ярилцах юм. Ингэхийн тулд уян хатан байж, тухайн хүний санааг зовоож байгаа, сонирхлыг нь татаж болох зүйлийг сайтар бодож үзэх хэрэгтэй. Энэ товхимол хэрхэн туслах вэ?
12 хичээлтэй энэхүү товхимол нь бидэнд хүнийг хайрлаж, шавь болгоход хэрэгтэй зан чанар, ур чадварыг хөгжүүлэхэд тус болно. Есүс болон эртний дагалдагчид дэлгэрүүлэхдээ ямар зан чанар илэрхийлснийг хичээл болгоноор авч үзнэ. Зорилго нь цээжилсэн үг хэлүүлэх биш, харин хүмүүст хайраа илэрхийлэх аргыг заах юм. Дурдсан зан чанар, ур чадвар нь ямар ч аргаар дэлгэрүүлэхэд зайлшгүй шаардлагатай. Гэхдээ яриа эхлүүлэх, давтан уулзах, Библийн хичээл заахад аль зан чанар нь хэрхэн тус болохыг тайлбарлана.
Хичээл бүрийг үзэхдээ тухайн зан чанарыг хэрхэн илэрхийлэхээ сайтар бодоорой. Еховаг болон хүмүүсийг улам их хайрладаг болоорой. Шавь бэлдэх гэсэн зорилгодоо хүрэхэд ийм хайр ямар ч аргаас илүү чухал.
Та бүхэнтэйгээ мөр зэрэгцэн үйлчлэхийг бид агуу завшаан гэж үздэг (Зеф. 3:9). Хүмүүсийг хайрлаж, шавь болгох гэсэн зүтгэлийг тань Ехова арвин их ивээх болтугай!
Ах дүү нар тань,
Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөл