ХИЧЭЭЛ 13
Эхлэгч гэж хэн бэ?
«Эхлэгч» гэж аливаа ажил үйлийг эхлүүлдэг хүнийг хэлдэг. Есүс эхлэгч байсан гэж хэлж болно. Учир нь дэлхийд ирж хүмүүст амь өгөх ажил хийж, аврагдах боломж нээсэн (Матай 20:28). Өнөөдөр ч дагалдагчид нь Есүсийг дуурайн шавь бэлдэх ажилд аль болох олон цагаар оролцдог (Матай 28:19, 20). Зарим хүн эхлэгчээр үйлчилдэг.
Эхлэгчид сайн мэдээг бүрэн цагаар тунхагладаг. Еховагийн Гэрч бүгдээрээ сайн мэдээ дэлгэрүүлдэг. Зарим нь ажил амьдралаа зохицуулан байнгын эхлэгчээр үйлчлэх буюу сайн мэдээг сар бүр 70 цаг дэлгэрүүлдэг. Олон хүн байнгын эхлэгчээр үйлчлэхийн тулд бага цагаар ажилладаг. Зарим хүн сар бүр 130 буюу түүнээс олон цагаар дэлгэрүүлдэг тусгай эхлэгчээр үйлчлэх томилолт авч, дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар үйлчилдэг. Эхлэгчид энгийн амьдарч, Еховаг зайлшгүй хэрэгцээтэй зүйлээр нь хангана гэдэгт итгэдэг (Матай 6:31–33; 1 Тимот 6:6–8). Эхлэгчээр үйлчлэх боломжгүй хүмүүс ч дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцон туслах эхлэгчээр үйлчлэх буюу сард 30 юм уу 50 цаг дэлгэрүүлж болдог.
Эхлэгчид Бурхныг болон бусдыг хайрлах хайрандаа хөтлөгддөг. Есүсийн адилаар, бид өнөөдөр ч Бурхан болон санаа зорилгынх нь тухай мэддэггүйгээсээ болж цөхөрсөн хүн олон байдгийг ойлгодог (Марк 6:34). Бид тэдэнд яг одоо тус болох, ирээдүйн жинхэнэ найдвар өгөх чухал зүйлийг мэддэг. Эхлэгчид бусдыг хайрлах хайрандаа хөтлөгдөн сайн мэдээг тунхаглахын тулд цаг зав, хүч хөдөлмөрөө харамгүй зориулдаг (Матай 22:39; 1 Тесалоник 2:8). Үүний ачаар тэдний итгэл бэхжиж, Бурхантай улам дотносож, баяр хөөр эдэлдэг (Үйлс 20:35).
-
Таны бодлоор эхлэгч гэж ямар хүнийг хэлэх вэ?
-
Эхлэгч болох хүслийг юу төрүүлдэг вэ?