Skip to content

Гарчиг руу орох

БҮЛЭГ 14

Үргэлж үнэнч шударга байя

Үргэлж үнэнч шударга байя

«Бид үргэлж шударга байхыг хүсдэг» (ЕВРЕЙ 13:18).

1, 2. Биднийг үнэнч шударга байвал Еховад ямар санагддаг вэ?

 ЖААЛ ХҮҮ хичээлээ тарж явахдаа их мөнгөтэй түрийвч олжээ. Одоо яах бол? Олсон мөнгөө өөрөө авч болох л юм. Гэхдээ хүү тэгсэнгүй. Эзнийг нь олоод өгчээ. Ээж нь энэ тухай мэдээд хүүгээрээ их бахархжээ.

2 Ер нь, үр хүүхэд нь үнэнч шударга байвал эцэг эх баярладаг. Тэнгэрийн Эцэг Ехова бол «үнэний Бурхан». Иймээс биднийг үнэнч шударга байвал баярладаг (Дуулал 31:5). Бид ч сэтгэлд нь нийцүүлж, «үргэлж шударга байхыг хүсдэг» (Еврей 13:18). Үнэнч шударга байхад амаргүй амьдралын дөрвөн хүрээг авч үзье. Үнэнч шударга байвал ямар ивээл хүртэхийг мэдэж авъя.

ӨӨРИЙГӨӨ ХУУРАХГҮЙ БАЙХ

3–5. а) Хүн яаж өөрийгөө хуурдаг вэ? б) Өөрийгөө шударгаар шалгахын тулд яах хэрэгтэй вэ?

3 Бусдад үнэнч байя гэвэл эхлээд өөртөө үнэнч буюу өөрийгөө хуурдаггүй байх ёстой. Энэ нь тэр бүр амар байдаггүй. Нэгдүгээр зууны Лаодик хотын хурлынхан өөрсдийгөө Бурхны сэтгэлд нийцдэг гэж бодсон ч үнэндээ нийцдэггүй байжээ (Илчлэл 3:17). Бид ч өөрсдийгөө хуурч мэднэ.

4 Христийн шавь Яаков: «Хэрэв хүн өөрийгөө Бурхан шүтдэг гэж боддог ч хэл амаа хазаарладаггүй бол өөрийгөө хуурч, дэмий хоосон шүтэж байгаа хэрэг» гэж тайлбарлажээ (Яаков 1:26). Бусдыг басамжлан доромжилдог, худал хэлдэг, бүдүүлэг үг яриатай байлаа ч сайн юм хийдэг л бол Бурхан буруутгахгүй гэж боддог хүн өөрийгөө хуурч байгаа хэрэг. Өөрийгөө хуурахгүйн тулд яах хэрэгтэй вэ?

5 Хүн толинд зүс царай, гаднах төрхөө хардаг. Харин Библийг уншаад доторх хүнээ мэдэж авдаг. Сайхан зан чанараа ч, алдаа дутагдлаа ч олж хардаг. Үзэл бодол, үйл хэрэг, үг яриагаа яаж засаж өөрчлөх хэрэгтэйгээ ухаардаг (Яаков 1:23–25-ыг уншина). Өөрийгөө ямар ч дутагдалгүй гэж боддог бол засарч сайжрахгүй. Өөрийгөө шударгаар шалгахын тулд Библийг удирдлага болгох хэрэгтэй (Иеремиагийн гашуудал 3:40; Хаггаи 1:5). Бас залбирдаг бол зүрхнийхээ угт юу байдгийг мэдэж авна. Шалгаж өгөөч, дутагдлаа олж хараад засахад туслаач гэж Еховад залбирах хэрэгтэй (Дуулал 139:23, 24). «Муу зальтай хүн ЭЗЭНий хувьд жигшүүртэй. Харин Тэр цэх шулуун хүнтэй дотно байдаг юм» гэдгийг санаж явах хэрэгтэй (Сургаалт үгс 3:32).

ГЭР БҮЛДЭЭ ҮНЭНЧ БАЙХ

6. Эхнэр нөхөр хоёр яагаад бие биедээ үнэнч байх ёстой вэ?

6 Үнэнч байх нь гэр бүлийн амьдралд туйлын чухал. Эхнэр нөхөр хоёр үнэнч байдаг бол сэтгэл санаа тайван байж, бие биедээ бүрэн итгэдэг. Ханьдаа үнэнч байх гэдгээр садар самуун явдлаас хол явахыг л хэлдэг юм биш ээ. Жишээ нь, сээтэн хаях, порно үзэх, ханиасаа өөр хүнтэй хайр сэтгэлийн холбоотой болох зэрэг нь үнэнч биш байгаа хэрэг. Дуулалч: «Би хуурмаг хүмүүстэй хамт суудаггүй, дүр эсгэгч нартай хамт ч явахгүй» гэж хэлснийг бодож үзье (Дуулал 26:4). Өөр хүний тухай ёс журамгүй юм бодох нь бас л ханьдаа үнэнч бусын шинж юм. Энэ нь эхнэр нөхрийн харьцаанд сэв суулгадаг.

Эхнэр нөхрийн харьцаанд сэв суулгах бүхнээс шууд харц буруулаарай

7, 8. Үр хүүхдэдээ үнэнч шударга байхын чухлыг ойлгуулахдаа Библиэс ямар ямар жишээ татаж болох вэ?

7 Эцэг эхчүүд үнэнч шударга байхын чухлыг үр хүүхдэдээ ойлгуулах хэрэгтэй. Хүүхдээ үнэнч шударга хүн болгож хүмүүжүүлэхэд Библи тустай. Библид гардаг үнэнч бус хүмүүсийн тухай, жишээ нь хулгай хийсэн Ахан, мөнгөтэй болохын тулд худал хэлсэн Гехази, 30 мөнгөн зоосны төлөө Есүсээс урвасан, хулгайч Юудасын тухай ярьж өгөөрэй (Иошуа 6:17–19; 7:11–25; Хаадын дэд 5:14–16, 20–27; Матай 26:14, 15; Ёохан 12:6).

8 Библид үнэнч шударга хүмүүсийн тухай бас гардаг. Жишээ нь, олсон мөнгөө эзэнд нь буцааж өгөхийг Иаков хөвгүүддээ захисан. Иефта ба түүний охин Бурханд амласнаа биелүүлсэн. Есүс хэцүү үед ч үнэнч байсан (Эхлэл 43:12; Шүүгчид 11:30–40 *; Ёохан 18:3–11). Эдгээр жишээг ярьж өгвөл хүүхэд тань үнэнч шударга байхын чухлыг ойлгох биз ээ.

9. Эцэг эх үнэнч шударга байх нь хүүхдэд ямар тустай вэ?

9 Библид «Бусдад заадаг та яагаад өөртөө заадаггүй юм бэ? “Хулгай бүү хий” гэж сургадаг та яагаад өөрөө хулгай хийдэг юм бэ?» гэж байдаг. Эцэг эхчүүд үүнээс нэг чухал зарчмыг ойлгох хэрэгтэй (Ром 2:21). Эцэг эхийнх нь ам ажил хоёр зөрдгийг хүүхэд мэддэг. Үнэнч шударга байхыг хүүхдэдээ заадаг ч өөрөө үнэнч шударга байдаггүй бол хүүхэд яах учраа олохгүй. Эцэг эх нь өчүүхэн юманд ч худлаа ярьдаг бол хүүхэд нь дуурайж мэднэ (Лук 16:10-ыг уншина). Харин эцэг эх нь үнэнч шударга байдгийг харж өссөн хүн өөрөө эцэг эх болохоороо үнэнч шударга байх биз ээ (Сургаалт үгс 22:6; Эфэс 6:4).

ХУРАЛ ДОТОР ҮНЭНЧ ШУДАРГА БАЙХ

10. Итгэл нэгтнүүдтэйгээ харьцахдаа яаж үнэнч шударга байх вэ?

10 Бид итгэл нэгтнүүдтэйгээ харьцахдаа ч үнэнч шударга байх хэрэгтэй. Жирийн яриа заримдаа хов жив, бүр гүтгэлэг болдог. Баттай мэдэхгүй юмаа бусдад яривал худал мэдээлэл тарааж мэднэ. Иймээс «амаа захирах» хэрэгтэй (Сургаалт үгс 10:19). Үнэнч шударга байна гэдэг нь санасан бодсон, сонссон бүхнээ, бас мэддэг юмаа яриад явна гэсэн үг биш. Бидний ярих гэж байгаа юм хэдий үнэн байлаа ч, бусдын хэрэгт хошуу дүрсэн болох, ярих онцын шаардлагагүй эсвэл хүний сэтгэлийг шархлуулах юм байж мэднэ (1 Тесалоник 4:11). Зарим хүн бодлогогүй юм ярьдаг бүдүүлэг зангаа зөвтгөж «Би үнэнийг нь л хэлж байна» гэдэг. Гэхдээ Еховаг шүтдэг бид үргэлж эелдэг байж, сэтгэл сэргээх юм ярихыг хүсдэг (Колосай 4:6-г уншина).

11, 12. а) Нүгэл үйлдсэнээ нуувал яагаад улам хүнд байдалд ордог вэ? б) Найз тань ноцтой алдаа гаргасныг мэдвэл юу гэж бодох ёсгүй вэ? Яагаад? в) Еховагийн байгууллагад үнэнч хүн яадаг вэ?

11 Хурлын гишүүдэд туслах хариуцлагатай үүргийг Ехова ахлагчдад оноосон. Бид ахлагчдад үнэнээ хэлдэг бол тэд бидэнд илүү сайн тусалж чадна. Яагаад тэгж хэлж болох вэ? Та өвдөөд эмчид үзүүлэх болжээ гэж бодъё. Тэгвэл та өвчнийхөө зарим шинж тэмдгийг эмчээсээ нуух уу? Хэрэв тэгвэл эмч танд яаж туслах билээ дээ. Үүнтэй адилаар, ноцтой алдаа гаргавал алдаагаа нуун худал хэлж хэрхэвч болохгүй. Болсон бүхнийг нууж хаалгүйгээр ахлагчдад ярих нь зүйтэй (Дуулал 12:2; Үйлс 5:1–11). Өөр жишээ татъя. Та найзыгаа ноцтой алдаа гаргасныг мэдвэл яах вэ? (Левит 5:1). «Би найз нь юм чинь нууцыг нь хадгална» гэх үү? Эсвэл та, ахлагчид бол найзыг тань алдаагаа засаад Еховатай урьдынх шигээ дотно харьцаатай болоход нь туслах хүмүүс гэдгийг санах уу? (Еврей 13:17; Яаков 5:14, 15).

12 Бид Еховагийн байгууллагад үнэнч байх хэрэгтэй. Жишээ нь, дэлгэрүүлэх ажлын тайлангаа үнэн зөв бичих хэрэгтэй. Бас эхлэгчийн анкет гэх зэргийн бусад анкетыг ч үнэн зөв бөглөх ёстой (Сургаалт үгс 6:16–19-ийг уншина).

13. Ажил хэргийн харьцаатай Гэрчүүд үнэнч шударга байхын тулд яах хэрэгтэй вэ?

13 Ажил хэргийн асуудлыг шүтлэг мөргөлөөс ангид байлгах хэрэгтэй. Жишээ нь, бид цуглааны танхимд юм уу дэлгэрүүлэх ажлын үеэр ажил албаны асуудлаа хэлэлцдэггүй, бие биедээ юм зардаггүй. Бас итгэл нэгтнүүдээ ажил хэргийн зорилгоор ашигладаггүй. Хэрэв итгэл нэгтнээ ажиллуулдаг бол цалин хөлсийг нь амласан хэмжээгээрээ, цаг тухайд нь өгч, хуульд заасан бусад олговрыг олгох ёстой. Жишээ нь, эрүүл мэндийн даатгал, цалинтай чөлөө, амралтын мөнгийг дурдаж болох юм (1 Тимот 5:18; Яаков 5:1–4). Хэрэв итгэл нэгтнийхээ удирдлага дор ажилладаг бол харж үзэхийг шаардах ёсгүй (Эфэс 6:5–8). Гэрээнд заасан цагаар ажиллаж, ажлаа үнэнчээр хийх ёстой (2 Тесалоник 3:10).

14. Гэрчүүд хамтран бизнес эрхлэх болбол яах нь зүйтэй вэ?

14 Гэрчүүд бизнес эрхлэхийн тулд хувь нийлүүлэх юм уу хамтарч зээл авах бол яах хэрэгтэй вэ? Иймэрхүү нөхцөлд баримтлах хэрэгтэй нэг тустай зарчим Библид байдаг. Энэ бол бичгээр гэрээ хийх буюу баримт үйлдэх юм. Зөнч Иеремиа газар худалдаж аваад гэрээг хоёр хувь үйлдэн нэг дээр нь гэрчүүдээр гарын үсэг зуруулжээ. Тэгээд хоёр гэрээг хоёуланг нь хадгалжээ (Иеремиа 32:9–14; мөн Эхлэл 23:16–20-ийг үзнэ үү). Зарим хүн гэрээ хийхийг нэг нэгэндээ итгэхгүй байгаагийн шинж гэж үздэг. Гэхдээ үнэн хэрэгтээ, бичгээр гэрээ хийвэл үл ойлголцол, гомдол, санал зөрөлдөөн гарахаас урьдчилан сэргийлнэ. Хамтарч ажилладаг Гэрчүүд хурлын эв нэгдлийг ажил хэргийн асуудлаас илүү чухал гэдгийг санаж явах хэрэгтэй (1 Коринт 6:1–8; Тайлбар 30-ийг үзнэ үү).

БУСАД ҮЕД ҮНЭНЧ ШУДАРГА БАЙХ

15. Ажил алба явуулахдаа бусдыг хуурч мэхэлдэг бол Еховад ямар санагдах вэ?

15 Бид бүх хүнтэй, тэр дундаа Гэрч биш хүнтэй харьцахдаа ч үнэнч шударга байх ёстой. Бидний үнэнч шударгыг Ехова анхаарч ажигладаг. «Алдаатай дэнслэх нь ЭЗЭНий зэвүүцлийг төрүүлдэг. Харин зөв дэнслэх нь Түүнд тааламжтай ажээ» (Сургаалт үгс 11:1; 20:10, 23). Библийг бичиж байх үед дэнс, жинлүүр зэргийг худалдаа наймаанд хэрэглэдэг байсан. Зарим наймаачин буруу хэмждэг дэнс, жинлүүр зэргийг хэрэглэж өгөх ёстойгоосоо багыг өгөх юм уу авах ёстойгоосоо илүү мөнгө авч хүмүүсийг луйварддаг байв. Өнөө үед бас ажил албаа шударга бус аргаар явуулдаг хүн олон. Ехова эрт цагт шударга бус явдлыг үзэн яддаг байсан шигээ өнөө үед ч үзэн яддаг.

16, 17. Үнэнч шударга хүн яах ёсгүй вэ?

16 Ажилд орохын тулд юм уу төр засгийн байгууллагад бичиг баримт бүрдүүлж өгөхөд, шалгалт шүүлэг өгөхөд бидний үнэнч шударга байдаг эсэх харагддаг. Худал ярих, дэгсдүүлж ярих, буруу ойлголт төрүүлэхээр хариу хэлэхэд буруу юм байхгүй гэж олон хүн боддог. Бид үүнд гайхдаггүй. Яагаад гэвэл энэ ертөнцийн эцсийн өдрүүдэд хүмүүс «аминч, мөнгөнд дуртай, ... сайныг үзэн ядагч» болохыг Библид зөгнөсөн байдаг (2 Тимот 3:1–5).

17 Заримдаа энэ нийгэмд шударга бус хүмүүс илүү сайхан амьдраад байгаа юм шиг санагддаг (Дуулал 73:1–8). Христийн дагалдагч хүн үнэнч шударгаасаа болоод ажилгүй болох, мөнгө төгрөгөөр хохирох юм уу ажил дээрээ дарамтлуулж мэдэх юм. Тэглээ ч үнэнч шударга байх нь маш чухал. Яагаад тэр вэ?

ҮНЭНЧ ШУДАРГА БАЙХЫН АЧ ТУС

18. Үнэнч шударга байх нь ямар ач тустай вэ?

18 Орчин үед үнэнч шударга, итгэл хүлээдэг хүн ховор, илүү их хүндэтгэл хүлээдэг болжээ. Уг нь хүн болгон тийм нэр хүндтэй болох боломжтой (Мика 7:2). Үнэнч шударга хүнийг зарим хүн элэглэн дооглож, янз бүрээр хэлдэг байхад олон хүн хүндэлж, итгэл хүлээлгэдэг. Дэлхий даяар Еховагийн Гэрчүүд үнэнч шударгаараа олны хүндэтгэлийг хүлээдэг. Гэрчүүдийг үнэнч шударга гэж мэддэг хүмүүс ажилд авах дуртай байдаг. Шударга бус хүмүүс ажлаасаа халагдаж байхад Гэрчүүд халагдаагүй тохиолдол олон бий.

Ажилч хичээнгүй байвал Ехова Бурхнаа алдаршуулна

19. Үнэнч шударга байвал Еховатай ямар харьцаатай байх вэ?

19 Үргэлж үнэнч шударга байвал мөс чанар цэвэр, сэтгэл амар явна. «Буруу юм хийдэг гэж доторх хүн маань биднийг буруутгадаггүй» гэж хэлсэн Паулын үгийг бид бас хэлж чадна (Еврей 13:18). Хамгийн гол нь, хайр халамжтай Эцэг Ехова маань үргэлж үнэнч шударга байхыг хичээдэг биднийг хараад баярлаж бахархана (Дуулал 15:1, 2; Сургаалт үгс 22:1-ийг уншина).

^ Библийн еврей эх бичгийг үзвэл Иефтагийн охин насаараа Бурхны асарт үйлчилж, ганц бие явжээ.