БҮЛЭГ 11
Гэрлэсний дараа
«Хайр хэзээ ч дуусдаггүй» (1 КОРИНТ 13:8).
1, 2. Гэр бүлд бэрхшээл тулгарвал бүтэлгүйтсэн гэсэн үг үү? Тайлбарлана уу.
ГЭР БҮЛ бол Бурхны бэлэг билээ. Гэрлээд илүү жаргалтай амьдарч болох юм. Гэхдээ айл бүрд бэрхшээл тулгардаг. Ийм үед, сэтгэл амар явахгүй юм байна даа, бие биеэ урьдынх шигээ хайрлахаа больж дээ гэж санагдаж ч мэднэ.
2 Эхнэр нөхрүүдэд үе үе бэрхшээл тулгардагт гайхах хэрэггүй. Гэр бүлд бэрхшээл тулгарах нь бүтэлгүйтсэн гэсэн үг биш ээ. Ноцтой бэрхшээл тулгарсан ч давах арга замыг олоод гэр бүлээ илүү бат бөх болгосон эхнэр нөхрүүд байдаг. Яаж тэгсэн юм бол?
БУРХАНТАЙ БОЛОН ХАНЬТАЙГАА ИЛҮҮ ДОТНОСОХ
3, 4. Зарим эхнэр нөхрийн харьцаа ямар болдог вэ?
3 Эрэгтэй эмэгтэй хоёр хүн гэрлэж эхнэр нөхөр болсон ч дур сонирхол, үзэл бодол, дадал хэвшил нь ялгаатай шүү дээ. Бас үндэс угсаа, ахуй соёл нь өөр байж болох юм. Бие биеэ илүү сайн таньж, ойлгодог болоход цаг хугацаа ч орно, хичээл зүтгэл ч хэрэгтэй.
4 Аажимдаа эхнэр нөхөр хоёр тус тусын ажил алба, дур сонирхол гэж яваад бие биеэсээ хөндийрөх нь бий. Бараг тусдаа амьдарч байгаа юм шиг санагдаж мэднэ. Тэгвэл илүү дотно болоход юу тус болох вэ?
5. а) Ханьтайгаа илүү дотносохын тулд яах хэрэгтэй вэ? б) Еврей 13:4-т бичсэнээр яах хэрэгтэй вэ?
5 Еховагийн өгдөг мэргэн зөвлөгөөг дагавал Еховатай ч, ханьтайгаа ч илүү дотно болно (Дуулал 25:4; Исаиа 48:17, 18). Ехова: «Бүгд гэрлэлтийг хүндлэг» гэж заадаг (Еврей 13:4). Ер нь, хүн хайрладаг юмаа нандигнаж хамгаалдаг, онцгойлж үздэг. Ехова биднийг гэр бүлээ ингэж эрхэмлээсэй гэж хүсдэг.
ЕХОВАГ ХАЙРЛАХ НЬ ГЭР БҮЛД ТУСТАЙ
6. Матай 19:4–6-д бичсэнээр Ехова гэр бүлийг юу гэж үздэг вэ?
6 Ехова гэр бүлийг санаачилж, анхны хуримыг зохион байгуулжээ. Еховагийн Хүү Есүс: «Хүнийг анхнаас нь эрэгтэй, эмэгтэйгээр нь бүтээснийг та нар уншаагүй юм уу? Бурхан: “Тиймээс эр хүн эцэг эхээ орхиж, эхнэртэйгээ нийлээд нэг бие болно” хэмээсэн. Тэгэхээр, тэд цаашдаа хоёр биш, нэг бие юм. Тиймээс Бурхны нийлүүлснийг хэн ч бүү салгаг» гэж хэлсэн байдаг (Матай 19:4–6). Ехова гэр бүлийг үүрдийн холбоо байхаар санаачилсан. Гэр бүлийн хүмүүсийг ойр дотно харьцаатай байж, жаргалтай сайхан амьдраасай гэж хүсжээ.
7. Яавал гэр бүлээ бат бөх болгох вэ?
7 Орчин үед гэр бүлд урьдынхаас илүү их дарамт, бэрхшээл учирдаг болжээ. Дэндүү их дарамт үзэхээрээ зарим хүн найдвар тасарч, бууж өгдөг. Гэхдээ Ехова гэр бүлийг юу гэж үздэгийг ойлговол бэрхшээлийг давахад тус болно (1 Ёохан 5:3).
8, 9. а) Еховагийн зааврыг ямар үед дагах хэрэгтэй вэ? б) Гэр бүлээ эрхэмлэдэг хүн яадаг вэ?
8 Ехова үргэлж бидний сайн сайхныг бодож заавар зөвлөгөө өгдөг. Дээр бичсэнээр, «Бүгд гэрлэлтийг хүндлэг» гэж зөвлөдөг (Еврей 13:4; Номлогчийн үгс 5:4). Еховагийн зааврыг дагахад амаргүй үед ч дагадаг бол ач тусыг нь хүртэнэ (1 Тесалоник 1:3; Еврей 6:10).
9 Гэр бүлээ эрхэмлэдэг хүн ханиа гомдоох үг хэлдэггүй, гэр бүлээ бусниулах юм хийдэггүй. Харин гэр бүлээ улам бат бөх болгохыг хичээдэг. Үүний тулд яах хэрэгтэй вэ?
ХАНИА ХҮНДЭЛДЭГ ХҮНИЙ ҮГ ЯРИА, ҮЙЛ ХЭРЭГ
10, 11. а) Зарим хүн ямар ноцтой алдаа гаргадаг вэ? б) Ханьтайгаа зөв харьцах нь яагаад чухал бэ?
10 Ханиа гомдоох амархан. Бурхны үйлчлэгч хүн ханиа зодож цохих юм уу биед нь халдах ёсгүйг бид мэддэг. Гэхдээ үг хэлээрээ нэгнээ гомдоож мэднэ. Үг яриа аюултай зэвсэг болох нь бий. Нэг эмэгтэй: «Нөхөр маань намайг үргэлж хэл амаар дайрч доромжилдог. Нүдэнд харагдахаар ил шарх сорви биед минь байхгүй л дээ. Нөхөр маань намайг “Чам шиг хар дараа алга”, “Чи бол хэнд ч хэрэггүй амьтан” гэх мэтээр байнга басамжлан зүрхийг минь шархлуулсан» гэж хэлжээ. Бас нэг эрэгтэйг эхнэр нь байнга доромжилж, нэр хоч өгдөг гэнэ. Тэр эрэгтэй: «Юу гэж хэлдгийг нь хүнд хэлэхээс ч ичмээр. Би эхнэртэйгээ үг сольж чаддаггүй. Ийм болохоор орой болтол ажил дээрээ байдаг. Тэр нь амар байдаг юм» гэжээ. Сэтгэл шархлуулам, хүйтэн цэвдэг үг хэлэх, үг хэлээр доромжлох нь одоо жирийн явдал болжээ.
11 Ханийнхаа амнаас хүйтэн цэвдэг үг сонсохоор сэтгэл гүн шархалдаг. Ийм шарх удаан аньдаг. Ехова эхнэр нөхрийг бие биетэйгээ ингэж харьцаасай гэж огт хүсдэггүй. Гэтэл хүн өөрөө ч мэдэлгүй ханиа гомдоож мэднэ. Та өөрийгөө ханьтайгаа сайхан харьцдаг гэж боддог байж болох юм. Гэхдээ хань тань юу гэж боддог бол? Ханиа гомдоодог бол энэ зангаа засах уу? (Галат 5:15; Эфэс 4:31-ийг уншина).
12. Гэр бүлтэй хүний юуг Ехова харж байдаг вэ?
12 Та ханьтайгаа хоёулхнаа байхдаа, хүний дэргэд байхдаа яаж харьцдагийг Ехова харж байдаг (1 Петр 3:7-г уншина). Яаков 1:26-д «Хэрэв хүн өөрийгөө Бурхан шүтдэг гэж боддог ч хэл амаа хазаарладаггүй бол өөрийгөө хуурч, дэмий хоосон шүтэж байгаа хэрэг» гэсэн сануулга байдаг.
13. Яавал ханийнхаа сэтгэлийг шархлуулах аюултай вэ?
13 Өөр бусад асуудлаар ч ханийнхаа сэтгэлийг боддог байх хэрэгтэй. Жишээ нь, та өөр хүнд цаг их гаргадаг бол ханьд тань ямар санагдах бол? Дэлгэрүүлэх, туслах гэх мэтээр цаг гаргах нь буруу биш байж болох ч таны хань гомдох юм биш биз? Нэг Гэрч эмэгтэй: «Нөхөр минь хурлын өөр эмэгтэйд тийм их цаг гаргаж, анхаарал тавьдагт би их гомддог. Намайг дорд үзэж байгаа юм шиг санагддаг» гэж хэлжээ.
14. а) Эхлэл 2:24-т ямар чухал зарчим байдаг вэ? б) Өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?
14 Бурханд үйлчилдэг хүн эцэг эхээ асрах, итгэл нэгтнүүддээ туслах үүрэгтэй нь үнэн. Гэхдээ гэр бүлтэй хүний гол үүрэг бол ханиа хайрлаж халамжлах юм. Эр хүн «эхнэртэйгээ нийл[нэ]» гэж Ехова хэлсэн (Эхлэл 2:24). Ханийнхаа сэтгэлийг боддог байх нь чухал. Ийм учраас «Би ханьдаа цаг харамгүй гаргаж, анхаарал тавьж, хайр халамжаар дутаахгүй байж чаддаг уу?» гэж өөрөөсөө асуугаарай.
15. Яагаад ханиасаа өөр хүнтэй хэт их дотносох ёсгүй вэ?
15 Ханиасаа өөр хүнтэй хэт их дотносвол гэр бүлдээ аюул учруулна. Тэр хүнд сэтгэл алдарч, хайр сэтгэлийн холбоотой болж магадгүй (Матай 5:28). Ийм байдал даамжирвал гэр бүлийнхээ нэр төрийг гутаах юм хийж мэднэ.
«ГЭРЛЭСЭН ХҮМҮҮСИЙН ОР БУЗАРТААГҮЙ БАЙГ»
16. Гэрлэсэн хүмүүст хамаатай ямар тушаал Библид байдаг вэ?
16 Библид «Бүгд гэрлэлтийг хүндлэг» гээд цааш нь «Гэрлэсэн хүмүүсийн ор бузартаагүй байг. Учир нь ганц бие ч бай, гэрлэсэн ч бай садар самуун явдалтай бүх хүнийг Бурхан шүүнэ» гэж бичсэн байдаг (Еврей 13:4). «Гэрлэсэн хүмүүсийн ор» гэдгээр эхнэр нөхрийн бэлгийн харьцааг хэлжээ. (Сургаалт үгс 5:18). Яавал гэр бүлээ хүндэлж, энэ нандин харьцаагаа бузартуулахгүй байх вэ?
17. а) Хүмүүс завхай явдлыг юу гэж үздэг вэ? б) Гэрч хүн завхай явдлыг юу гэж үзэх ёстой вэ?
17 Ханьдаа үнэнч бус байхыг ноцтой юм биш гэж зарим хүн боддог. Бид ийм хандлагад автах ёсгүй. Ехова садар самуун, завхай явдлыг жигшдэгээ тун тодорхой хэлдэг (Ром 12:9-ийг уншина; Еврей 10:31; 12:29). Ханиасаа өөр хүнтэй бэлгийн харьцаанд орвол эхнэр нөхрийн нандин харьцаагаа бузарлана. Бас ёс суртахууны хэм хэмжээ тогтоосон Еховаг хүндэлдэггүй болж таарна. Еховатай тогтоосон харьцаандаа сэв суулгана. Иймээс завхай явдалд хүргэх эхний алхмыг ч хийх ёсгүй. Эхний алхам нь ханиасаа өөр хүний тухай ёс журамгүй юм бодохоос эхэлж мэдэх юм (Иов 31:1).
18. а) Завхайрах, хуурамч бурхан шүтэх юугаараа адилхан бэ? б) Ехова завхай явдлыг юу гэж үздэг вэ?
18 Мосегийн хуулийг мөрддөг эртний израйлчууд завхай явдлыг хуурамч бурхан шүтэхтэй адил ноцтой нүгэл гэж үздэг байсан. Хуурамч бурхан шүтсэн, завхайрсан хүний хэн хэнд нь үхлийн ял оноодог байв (Левит 20:2, 10). Завхайрахыг яагаад хуурамч бурхан шүтэхтэй адил гэж үзсэн бэ? Израйл хүн хуурамч бурхан шүтвэл Еховад үнэнч байна гэсэн амлалтаа зөрчсөн хэрэг болно. Харин завхайрвал ханьдаа үнэнч байна гэсэн амлалтаа зөрчсөн хэрэг болно (Египетээс гарсан нь 19:5, 6; Дэд хууль 5:9; Малахи 2:14-ийг уншина). Эрт үед Ехова завхай явдлыг ноцтой нүгэл гэж үздэг байсан нь илэрхий байна.
19. Завхайрахгүй байя гэж бат шийдэхийн тулд юуг бодох хэрэгтэй вэ?
19 Тэгвэл одоо Ехова ямар бодолтой вэ? Ехова биднээс Мосегийн хуулийг сахихыг шаарддаггүй ч үзэл бодлоо өөрчлөөгүй. Бид хуурамч бурхан яасан ч шүтэхгүй шүү дээ. Яг үүнтэй адилаар, ханьдаа үнэнч бус байхыг огт хүсэхгүй (Дуулал 51:1, 4; Колосай 3:5). Үнэнч бус болбол гэр бүлээ ч, Ехова Бурхнаа ч гутаана (Тайлбар 26-г үзнэ үү).
ГЭР БҮЛЭЭ УЛАМ БАТ БӨХ БОЛГОХ
20. Мэргэн ухаантай байх нь гэр бүлтэй хүнд ямар тустай вэ?
20 Яавал гэр бүлээ улам бат бөх болгох вэ? Бурхны Үгэнд «Гэр орон мэргэн ухаанаар сүндэрлэж, оюун ухаанаар тогтдог» гэж байдаг (Сургаалт үгс 24:3). Хүйт даасан, ханхай хоосон байшин ч байдаг, дулаахан, тохилог, аюулгүй байшин ч байдаг. Гэр бүлийг байшинтай зүйрлэж болох юм. Мэргэн ухаантай хүн гэр бүлээ аюулгүй байлгаж, таатай сайхан орчин бүрдүүлдэг.
21. Гэр бүлийг илүү бат бөх болгоход мэдлэг ямар тустай вэ?
21 Библид цааш нь «Мэдлэгийн хүчээр өрөөнүүд чинь эрхэм нандин баялгаар дүүрнэ» гэжээ (Сургаалт үгс 24:4). Бурхны Үгийг судлах нь гэр бүлээ илүү сайхан авч явахад тустай (Ром 12:2; ). Ханьтайгаа хамт Библи болон Библид үндэслэсэн хэвлэл уншиж, сурсан юмаа яаж ажил хэрэг болгохыг ярилцаж байгаарай. Ханиа хайрлаж, хүндэлдгээ батлан харуулах, сайхан сэтгэл гаргах, анхаарал халамж тавих боломж хайж байгаарай. Гэр бүлээ илүү бат бөх болгоход, бас ханийнхаа хайрыг татсан хүн болоход хэрэгтэй зан чанарыг Еховагаар заалгаж бий болгоорой ( Филиппой 1:9Сургаалт үгс 15:16, 17; 1 Петр 1:7).
22. Ханиа яагаад хайрлаж, хүндлэх ёстой вэ?
22 Ханиа хайрлаж, хүндлэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой. Тэгвэл бие биетэйгээ илүү дотносно, гэр бүл илүү бат бөх болно. Хамгийн гол нь, Еховаг баярлуулна (Дуулал 147:11; Ром 12:10).