Skip to content

Гарчиг руу орох

БҮЛЭГ 19

Еховатай үргэлж дотно байгаарай

Еховатай үргэлж дотно байгаарай

1, 2. Хэн бидний хоргодох газар болдог вэ?

ТА ӨӨРИЙГӨӨ догшин шуургатай өдөр гадуур явж байна гээд төсөөл дөө. Тэнгэр харанхуйлж, цахилгаан цахилж, мөндөр орж эхлэх нь тэр. Төд удалгүй аадар бороо цутгалаа. Та нөмөр газар хайн гүйнэ. Ашгүй, хоргодчихмоор нөмөр газар олдов. Ямар их тайвшрах бол!

2 Бид дээрхтэй төстэй нөхцөлд амьдарч байна. Дэлхийн нөхцөл байдал улам л дордож байна. «Хаанаас найдвартай хоргодох газар олох вэ?» гэж та боддог байж болох юм. Нэг дуулалч Еховаг «Миний хоргодох газар, миний бат цайз, миний итгэдэг Бурхан» гэжээ (Дуулал 91:2). Зовлон бэрхшээлээр дүүрсэн өнөөгийн нийгэмд Ехова л бидэнд хоргодох газар болдог. Бас ирээдүйн гайхамшигтай найдвар өгдөг.

3. Еховаг яаж хоргодох газраа болгох вэ?

3 Ехова бидэнд яаж хоргодох газар болдог вэ? Ямар ч бэрхшээлийг давахад маань тусалдаг. Тэрээр бидэнд аюул учруулж болзошгүй хэнээс ч, юунаас ч хавьгүй илүү хүчтэй. Гай зовлон тохиолдлоо гэхэд Ехова хор хохирлыг нь ирээдүйд ор мөргүй арилгана. Библид «Бурхнаараа хайрлуулж яв» гэсэн уриалга байдаг (Юуда 21). Өөрөөр хэлбэл бид Еховатай үргэлж дотно байх ёстой. Тэгсэн цагт хүнд хэцүү үеийг давна.

БУРХНЫ ХАЙРЫГ ХАЙРААР ХАРИУЛААРАЙ

4, 5. Ехова биднийг хайрладгаа яаж баталдаг вэ?

4 Еховатай үргэлж дотно байхын тулд биднийг хэр их хайрладгийг нь ойлгох хэрэгтэй. Бидний төлөө хийсэн бүхнийг нь бодоод үз дээ. Өнгө алагласан цэцэг жимс, төрөл бүрийн ан амьтнаар дүүрэн үзэсгэлэнт дэлхийг бидэнд өгсөн. Бас идэх хоол, уух ус өгсөн. Түүнээс гадна хосгүй нэр, сэтгэл татам зан чанараа Библиэр дамжуулан мэдүүлсэн. Хамгийн гол нь хайртай Хүүгээ бидний төлөө дэлхий рүү илгээж амийг нь золиос болгон өгсөн (Ёохан 3:16). Бид Есүсийн золиосны ачаар ирээдүйн сайхан найдвартай болсон.

5 Ехова Мессиагийн Хаант төр буюу тэнгэрийн засгийн газрыг байгуулсан нь биднийг хайрладгийнх юм. Уг засгийн газар бүх зовлон бэрхшээлийг удахгүй арилгаж дэлхийг диваажин болгоно. Тэр үед хүмүүс үүрд мөнх аз жаргалтай, амар тайван амьдарна (Дуулал 37:29). Ехова хамгийн зөв амьдралыг зааж өгдөг нь биднийг хайрладгийн бас нэг баталгаа билээ. Түүнээс гадна залбирах хосгүй завшаан өгөөд зогсохгүй залбирлыг маань үргэлж сонсдог. Энэ бүхэн бол Ехова хүн нэг бүрийг хайрладгийн тодоос тод баталгаа юм.

6. Еховагийн хайрыг яаж хариулах вэ?

6 Еховагийн хайрыг хэрхэн хариулах вэ? Таны төлөө хийсэн бүхэнд нь талархлаа илэрхийлж байгаарай. Өнөө үед талархах сэтгэлтэй хүн ховор болжээ. Есүсийг дэлхийд байхад ч тийм байсан. Нэг удаа Есүс уяман өвчтэй арван хүнийг эдгээхэд нэг нь л ирж, талархлаа илэрхийлжээ (Лук 17:12–17). Бид тэр хүнийг дуурайхыг хүсдэг. Тиймээс Еховад үргэлж талархахыг хичээдэг.

7. Бид Еховаг хэрхэн хайрлах ёстой вэ?

7 Бид бас Еховаг хайрладгаа харуулах хэрэгтэй. Есүс шавь нартаа Ехова Бурхныг бүхий л зүрх, амь амьдрал, оюун ухаанаараа хайрлах ёстой гэж хэлсэн (Матай 22:37-г уншина). Энэ нь юу гэсэн үг вэ?

8, 9. Еховаг хайрладгаа яаж харуулах вэ?

8 Хайртай гэж хэлээд л болоо юу? Үгүй. Бид Еховаг бүхий л зүрх, амь амьдрал, оюун ухаанаараа хайрладгаа үйл хэргээрээ батлах хэрэгтэй (Матай 7:16–20). Еховаг хайрладаг хүн хууль тушаалыг нь дуулгавартай дагадаг гэж Библид байдаг. Хууль тушаалыг нь дагахад хэцүү биш. Яагаад гэвэл «Бурхны тушаал хүнд дарамт биш» билээ (1 Ёохан 5:3-ыг уншина).

9 Харин ч Еховад дуулгавартай байсан цагт аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарна (Исаиа 48:17, 18). Тэгвэл одоо, Еховатай цаашдаа ч дотно байхын тулд яах хэрэгтэйг мэдэж авъя.

ЕХОВАТАЙ УЛАМ ДОТНОСООРОЙ

10. Еховагийн тухай үргэлж сурч мэдэх нь яагаад чухал бэ?

10 Та Еховатай яаж анд нөхөр болсон бэ? Библи судлан Еховаг таньж мэдээд дотноссон нь лавтай. Энэ нөхөрлөлийг гал өрдөхтэй зүйрлэж болно. Галаа унтраахгүйн тулд мод нэмдэг шиг андын холбоогоо зузаатгахын тулд Еховагийн тухай үргэлж сурч мэдэх хэрэгтэй (Сургаалт үгс 2:1–5).

Галаа унтраахгүйн тулд мод нэмдэг шиг Еховаг хайрлах хайраа хөргөхгүйн тулд мэрийх хэрэгтэй

11. Библи уншиж судлах тусам яадаг вэ?

11 Библи уншиж судлах тусам сэтгэл хөдөлдөг. Есүс хоёр шавьдаа Библийн зөгнөлийг тайлбарлаж өгөхөд тэд яасныг саная. «Тэд өөр хоорондоо “Замд бидэнтэй ярилцаж, Судрыг бүрэн ойлгуулж өгөхөд сэтгэл маань догдолж байсан бус уу?” гэжээ» (Лук 24:32).

12, 13. а) Бурхныг хайрлах хайр маань яаж магадгүй вэ? б) Хайраа хөргөхгүйн тулд яах вэ?

12 Есүсийн хоёр шавь Судрыг ойлгоод сэтгэл нь хөдөлсөн шиг Библийн сургаалыг анх ойлгоод таны сэтгэл хөдөлсөн биз ээ. Тэгээд Еховаг таньж мэдэн, хайрладаг болсон шүү дээ. Та энэ хайраа хөргөхийг хүсэхгүй нь лавтай (Матай 24:12).

13 Еховатай анд найз болсон бол нөхөрлөлөө зузаатгахын тулд цаашдаа ч хичээж мэрийх хэрэгтэй. Та Ехова Есүс хоёрын тухай үргэлж судлан, сурснаа эргэцүүлэн бодож, амьдралдаа хэрэгжүүлээрэй (Ёохан 17:3). Библи уншиж, судлахдаа өөрөөсөө «Эндээс би Ехова Бурхны тухай юу мэдэж авах вэ? Еховаг яагаад бүхий л зүрх, оюун ухаанаараа хайрлах ёстой вэ?» гэж асуугаарай (1 Тимот 4:15).

14. Еховатай улам дотносоход залбирал ямар үүрэгтэй вэ?

14 Найзууд бие биетэйгээ байнга ярьж байж бүр дотно болдог. Үүнтэй адилаар тогтмол залбирдаг бол Еховатай улам дотносно (1 Тесалоник 5:17-г уншина). Залбирал бол тэнгэрийн Эцгийн маань өгсөн хосгүй завшаан юм. Тиймээс бид үргэлж чин сэтгэлээсээ залбирах учиртай (Дуулал 62:8). Цээжилсэн үгээ дахин дахин давталгүй, сэтгэлээ уудлан, илэн далангүй залбираарай. Библиэ үргэлж уншиж судлан, чин сэтгэлээсээ залбирдаг бол Еховаг гэсэн хайраа бөхөөхгүй.

ЕХОВАГИЙН ТУХАЙ БУСДАД ЯРИАРАЙ

15, 16. Дэлгэрүүлэх ажлыг та юу гэж үздэг вэ?

15 Еховатай үргэлж дотно байя гэвэл итгэл үнэмшлийнхээ тухай бусдад яриарай. Энэ нь туйлын завшаантай хэрэг юм (Лук 1:74). Есүс итгэл үнэмшлийнхээ тухай бусдад ярихыг бүх дагалдагчдадаа тушаасан. Тиймээс бидний хүн нэг бүр Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээ тунхаглах учиртай. Та энэ мэдээг тунхагладаг уу? (Матай 24:14; 28:19, 20).

16 Элч Паул дэлгэрүүлэх ажлыг чухалд үздэг байсан учраас «эрдэнэстэй» зүйрлэсэн (2 Коринт 4:7). Ехова Бурхан болон санаа зорилгынх нь талаар бусдад ярих нь хамгийн чухал ажил юм. Дэлгэрүүлэх ажилд оролцон Еховад үйлчилж байгаа таныг Ехова өндөр үнэлдэг (Еврей 6:10). Дэлгэрүүлэх нь танд ч, таныг сонсож байгаа хүмүүст ч ач тустай. Яагаад гэвэл энэ ажлын ачаар хэн хэн нь Еховатай дотносож мөнх амьдрах боломжтой болдог (1 Коринт 15:58-ыг уншина). Жинхэнэ ёсоор сэтгэл хангалуун болгодог өөр ажил байна гэж үү?

17. Дэлгэрүүлэх ажил яагаад хойшлуулшгүй, яаралтай ажил вэ?

17 Дэлгэрүүлэх ажил бол хойшлуулшгүй, яаралтай ажил юм. Бид «Бурхны үгийг ... хичээнгүйлэн тунхаглах» ёстой (2 Тимот 4:2). Хүмүүст Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээ дуулгах нь амин чухал. Яагаад гэвэл «ЭЗЭНий агуу өдөр ойрхон байна. Ойрхон бөгөөд маш хурдан ирж байна», төгсгөл «хоцролгүй заавал ирнэ» гэж Библид байдаг (Зефаниа 1:14; Хабаккук 2:3). Ехова тун удахгүй Сатаны бузар муу ертөнцийг устгана. Тиймээс төгсгөл ирэхээс өмнө хүмүүст сануулж, Еховад үйлчлэх шийдвэр гаргахад нь туслах хэрэгтэй.

18. Еховаг шүтэхдээ яагаад үйлчлэгчидтэй нь нэгдэх хэрэгтэй вэ?

18 Ехова таныг үйлчлэгчидтэй нь нэгдэн өөрийг нь шүтээсэй гэж хүсдэг. «Сайн юм хийдэг, хайрладаг болоход нь туслахын тулд нэг нэгэндээ санаа тавьж, цуглаан таслах зуршилтай зарим хүнийг дуурайлгүй үргэлж цуглаж, бие биеэ урамшуулан зоригжуулж байя. Тэр өдөр ойртож байгаа учир энэ бүхнийг бүр их анхааръя» гэж Библид байдаг (Еврей 10:24, 25). Цуглаан дээр бие биеэ урамшуулан зоригжуулах боломж олддог. Тиймээс нэг ч цуглаан таслахгүйн тулд бүх боломжоо дайчлаарай.

19. Яавал хурлынхныгаа хайрладаг болох вэ?

19 Та цуглаанд явснаар Еховад үйлчлэхэд тус дэм болох найз нөхөдтэй болно. Бас Еховад үйлчлэхийн тулд тан шиг бүх боломжоо дайчилдаг янз янзын хүмүүстэй танилцана. Тэд тан шиг л төгс бус, алдаа гаргадаг хүмүүс. Тийм учраас алдаа гаргахад нь дуртайяа уучилж байгаарай (Колосай 3:13-ыг уншина). Бас үргэлж сайн талыг нь хардаг бол тэднийгээ ч хайрладаг болно, Еховатай ч дотносно.

ЖИНХЭНЭ АМЬ

20, 21. «Жинхэнэ амь» гэж юу вэ?

20 Ехова анд найзуудаа сайн сайхан амьдруулахыг хүсдэг. Ирээдүйд амьдрал одоогийнхоос тэс өөр байхыг Библид бичсэн байдаг.

Ехова таныг «жинхэнэ амьтай» болоосой гэж хүсдэг. Харин та яах вэ?

21 Бид ирээдүйд одоогийнх шиг 70, 80-хан жил биш, үүрд мөнх амьдарна. Диваажин болсон үзэсгэлэнт дэлхий дээрээ эрүүл саруул, амар тайван, аз жаргалтай мөнх амьдарна. Үүнийг Библид «жинхэнэ амь» гэдэг. Ехова биднийг жинхэнэ амьтай болгоно гэж амласан учраас «жинхэнэ аминаас зуурахын» тулд бид одоо чадах бүхнээ хийх учиртай (1 Тимот 6:12, 19).

22. а) «Жинхэнэ аминаас зуурахын» тулд яах хэрэгтэй вэ? б) Бид яагаад өөрсдийнхөө хүчээр мөнхийн амьтай болж чадахгүй вэ?

22 Тэгвэл «жинхэнэ аминаас зуурахын» тулд яах хэрэгтэй вэ? «Сайныг үйлдэж, сайн үйлсээр баян болоорой» (1 Тимот 6:18). Энэ нь Библиэс сурсан зүйлээ ажил хэрэг болгоно гэсэн үг. Гэхдээ жинхэнэ амьтай болох эсэх нь дан ганц бидний хичээл зүтгэлээс шалтгаалахгүй. Яагаад гэвэл бид яаж ч хичээгээд өөрсдийнхөө хүчээр мөнхийн амьтай болж чадахгүй. Энэ бол үнэнч үйлчлэгчдэдээ өгөх Еховагийн нигүүлсэнгүй сэтгэлийн бэлэг юм (Ром 5:15). Тэнгэрийн Эцэг маань бидэнд энэ бэлгийг өгөхийг маш их хүсдэг.

23. Одоо зөв шийдвэр гаргах нь яагаад чухал бэ?

23 «Би Еховаг таалалд нь нийцүүлэн шүтэж байгаа бил үү?» гэж өөрөөсөө асуугаарай. Засах хэрэгтэй зүйл байгаагаа анзаарсан бол шууд засаарай. Еховад найдаж, дуулгавартай байхын тулд чадах бүхнээ хийвэл Ехова таны хоргодох газар болно. Тэрээр Сатаны бузар муу ертөнцийн эцсийн өдрүүдэд амьдарч буй үнэнч үйлчлэгчдээ хамгаална. Тэгээд амласан ёсоороо диваажин дэлхийд мөнх амьдруулна. Та Бурханд үйлчлэх шийдвэрийг одоо гаргавал жинхэнэ амьтай болно!