Skip to content

Гарчиг руу орох

ХЭСЭГ 25

Итгэл, биеэ авч явах байдал, хайрын талаар өгсөн зөвлөгөө

Итгэл, биеэ авч явах байдал, хайрын талаар өгсөн зөвлөгөө

Иаков Петр Иохан Иуда нар итгэл нэгтнүүдийнхээ урмыг сэргээх захидал бичжээ

ИАКОВ Иуда хоёр бол Есүсийн дүү нар юм. Петр Иохан хоёр Есүсийн 12 элчийн тоонд багтдаг. Энэ дөрвөн хүн нийтдээ долоон захидал бичсэн нь Христиан Грек Сударт бий. Захидал бүр бичсэн эзнийхээ нэрээр нэрлэгджээ. Эдгээр захидалд Бурхнаар удирдуулан бичсэн сануулга байдаг бөгөөд христиануудыг Ехова болон Бурхны Хаанчлалд үнэнч хэвээрээ байхад нь туслах зорилготой аж.

Итгэлээ батлах. Итгэдэг гэж зүгээр нэг хэлэх нь учир дутагдалтай. Жинхэнэ итгэл үйл хэргээр батлагддаг. Иаков: «Үйлсгүй итгэл ... үхмэл болой» хэмээн бичжээ (Иаков 2:26). Бэрхшээлийг итгэлтэйгээр даван туулахад тэвчээр бий болдог. Христиан хүн сорилтыг тэвчихийн тулд огтхон ч эргэлзэхгүйгээр Бурхнаас мэргэн ухаан гуйх хэрэгтэй. Тэвчвэл Бурхны сайшаалыг хүлээнэ (Иаков 1:2–6; 12). Хэрэв бид Ехова Бурхныг гуйвшгүй итгэлтэйгээр, чин үнэнчээр шүтвэл Бурхан бидэнтэй ойр дотно байх болно. Иаков: «Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно» гэж бичжээ (Иаков 4:8).

Христиан хүний итгэл хэдийчинээ бат байна, хорхой хүргэм зүйл, садар самууныг төдийчинээ сайн тэвчиж чадна. Тухайн үеийнх нь хүмүүс ёс суртахууны хувьд уруудан доройтож байсан учир Иуда «итгэлийн төлөө тэмцэхийг» итгэл нэгтнүүддээ уриалж байжээ (Иуда 3).

Цэвэр ариун байх. Ехова шүтэгчдээ ариун байгаасай, бүх талаараа цэвэр байгаасай гэж хүсдэг. Петр: «Бүх л зан байдалдаа ... ариун байгтун. Яагаад гэвэл „Би [Ехова] ариун учраас та нар ариун байгтун“ гэж бичигдсэн юм» хэмээжээ (1 Петр 1:15, 16). Христиануудад дуурайвал зохих жишээ бий. Энэ тухай Петр: «Та нарыг Өөрийнхөө мөрөөр дагуулахын тул та нарт үлгэр дуурайллыг үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн» гэж хэлсэн (1 Петр 2:21). Христианууд Бурхны хэм хэмжээг баримталдгаасаа болоод зовлон амсаж болох ч «сайн мөс чанараа» гээдэггүй (1 Петр 3:16, 17). Петр христиануудыг Бурхны шүүх өдөр болон «зөвт байдал оршдог» шинэ ертөнцийг хүлээнгээ үргэлж цэвэр ариун байж, Бурханд үнэнч гэдгээ батлах үйлс хийхийг уриалсан (2 Петр 3:11–13).

«Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно»​Иаков 4:8

Хайраа илэрхийлэх. Элч Иохан «Бурхан бол хайр» гэж бичихдээ, Есүсийг «бидний нүглийн төлөө» золиос болгон илгээж, агуу хайраа илэрхийлснийг нь онцолсон байна. Христианууд хариуд нь яах ёстойг цааш нь тайлбарлаж: «Хайртууд минь, хэрэв Бурхан биднийг ийнхүү хайрласан бол бид ч бие биеэ хайрлах ёстой» хэмээн бичжээ (1 Иохан 4:8–11). Тийн хайрладгаа харуулах нэг арга бол итгэл нэгтнүүдээ дэмжиж, зочлон хүндлэх явдал юм (3 Иохан 5–8).

Тэгвэл Еховаг хайрладгаа яаж харуулах вэ? Энэ асуултад Иохан: «Бурханы[г] хайрлах нь Түүний тушаалуудыг сахих юм. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ» гэж хариулсан (1 Иохан 5:3; 2 Иохан 6). Хэрэв бид Бурханд тийнхүү захирагддаг бол «мөнх амь» өгөхөө амладаг Бурхан биднийг үргэлж хайрлана гэдэгт итгэлтэй байж болно (Иуда 21).

«Иаков»; «1 Петр»; «2 Петр»; «1 Иохан»; «2 Иохан»; «3 Иохан»; «Иуда» номд үндэслэв.