ХЭСЭГ 6
Гуйвшгүй үнэнч Иов
Сатан Иовыг Бурханд үнэнч байж чадахгүй хэмээн маргаан дэгдээсэн ч Иов Еховад гуйвалтгүй үнэнч байж чадсан
ХҮНИЙГ тэвчээрийг нь барагдтал соривол, эсвэл Бурханд дуулгавартай байлаа гээд эд баялагтай болдоггүй юм гэж ойлгуулбал Бурханд үнэнч байж чадах болов уу? Иов гэдэг хүнд ийм асуулт тулгарч, хариу нь ч олджээ.
Израильчуудыг Египетэд байхад Абрахамын садангийн Иов одоогийн Арабт амьдран суудаг байв. Тэр цагт тэнгэр элчүүд Бурхны өмнө цуглажээ. Тэгэхэд тэрслүү Сатан ч бас очив. Ехова тэнгэрийн чуулганыг тийнхүү хуралдуулахдаа үнэнч үйлчлэгч Иовдоо итгэж явдгаа хэлээд, түүн шиг тийм үнэнч хүн өөр хаа ч байхгүй гэжээ. Гэтэл Сатан Иовыг Бурхны ивээл, хамгаалалтад байдаг учраас л Бурханд үйлчилдэг хэмээн маргажээ. Байгаа бүхнээс нь салгачихвал Иов Бурхныг харааж л таарна гэж зүтгэв.
Бурхан Сатанд эхлээд Иовыг эд хөрөнгө, үр хүүхдээс нь салгахыг, дараа нь эрүүл мэндээр нь хохироохыг зөвшөөрчээ. Энэ бүхний цаана Сатан байгааг мэдээгүй Иов Бурхныг ямар учраас ийм их зовлон учруулж байгааг ойлгохгүй байлаа. Гэсэн хэдий ч Бурхнаа харааж зүхээгүй юм.
Хуурамч гурван нөхөр нь Иов дээр ирж, олон юм ярьсныг «Иов» номд тэмдэглэсэн байдаг. Тэд Иовд, нууцаар нүгэл үйлдсэнийх нь төлөө Бурхан шийтгэж байна гэж итгүүлэхийг оролджээ. Тэр байтугай, Бурхныг үйлчлэгчдэдээ итгэдэггүй, тэднийг огт таалдаггүй гэж хэлсэн. Иов тэдний буруу зөрүү яриаг огт тоогоогүй бөгөөд үхэн үхтэлээ үнэнч байхаа шийдвэртэйгээр мэдэгджээ!
Гэхдээ тэрбээр өөрийгөө хэтэрхий их зөвтгөсөн нь алдаа байлаа. Елиху гэдэг залуу тэр дөрвийн маргааныг дуустал нь сонсоод, дараа нь санасан бодсоноо зоригтой хэлжээ. Ехова Бурхны хэмжээгүй эрх мэдлийг зөвтгөх нь ямар ч хүнийг зөвтгөхөөс хамаагүй чухал гэдгийг ойлгоогүй Иовыг шүүмжлэв. Бас Иовын хуурамч нөхдийг хатуу зэмлэсэн.
Дараа нь Ехова Бурхан ярьж, Иовыг үзэл бодлоо засахад нь тусалсан. Гайхаж бишрэм олон бүтээлээ зааж, хүн агуу Бурхны дэргэд хэчнээн өчүүхэн байдгийг бодуулав. Иов зөвлөгөөг нь даруухнаар хүлээн авсанд, «Энэрлээр дүүрэн агаад өршөөнгүй» Ехова түүнийг эдгээж, өмнөхөөс нь хоёр дахин их мал хөрөнгө өгч, арван сайхан хүүхэдтэй болгожээ (Иаков 5:11). Иов гашуун зовлон амсаж байхдаа ч Еховад үнэнч хэвээрээ байснаар, сорилт тулгарахад Бурханд үнэнч үлдэх хүн гарахгүй гэсэн Сатаны үгийг няцааж чадсан юм.
—«Иов» номд үндэслэв.