ХЭСЭГ 26
Дэлхий диваажин болно!
Ехова Христ тэргүүтэй Хаанчлалын тусламжтайгаар нэрээ ариусгаж, хэмжээгүй эрх мэдэлтэйгээ батлан, ёс бус бүхнийг устгана
«ИЛЧЛЭЛТ» гэдэг нэртэй Библийн сүүлчийн ном хүн төрөлхтөнд сайхан ирээдүй амладаг. Элч Иохан энэхүү номд Еховагийн санаа зорилго оргилдоо хүрэх үед болох үйл явдлыг гайхамшгаар үзсэнээ дүрслэн бичжээ.
Иоханы үзсэн эхний үзэгдэлд, дахин амилсан Есүс хурлуудыг магтахын зэрэгцээ засаж залруулж байжээ. Дараа нь Иохан Бурхны тэнгэр дэх сэнтийг үзсэн бөгөөд сүнсэн бүтээлүүд Бурханд алдрыг өргөж байжээ.
Бурхны санаа зорилго аажмаар биелэх явцад Хурга буюу Есүс Христ долоон лацтай хуйлмал ном авчээ. Эхний дөрвөн лацыг эвдсэнд бэлгэдлийн морьтнууд гарч ирэв. Эхнийх нь цагаан морь унаж, хааны титэм өмссөн Есүс байлаа. Дараагийн морьтнууд өөр өөр зүсмийн морь унасан байх бөгөөд тэд энэ ертөнцийн эцсийн өдрүүдэд болох дайн, өлсгөлөн, тахлыг бэлгэддэг. Долоо дахь лацыг эвдсэнд Бурхны шүүлтийг тунхаглахыг бэлгэдэн долоон бүрээ татаж, бэлгэдлийн долоон гамшиг нүүрлэв. Энэ нь Бурхан уурлан хилэгнэж буйн шинж аж.
Дөнгөж төрсөн хүүгээр төлөөлүүлсэн Бурхны Хаанчлал тэнгэрт байгуулагдлаа. Дайн дэгдэж, Сатан болон түүний талд орсон тэнгэр элчүүд дэлхий рүү хаягдав. «Газар ... золгүй еэ!» гэх чанга дуу гарлаа. Диавол өөрт нь богинохон хугацаа байгааг мэдээд үлэмж ихээр уурлан хорсжээ (Илчлэлт 12:12).
Иохан хургаар төлөөлүүлсэн Есүсийг болон хүмүүсийн дундаас сонгогдсон 144 000 хүнийг түүнтэй хамт тэнгэрт байхыг харав. Тэр хүмүүс Есүстэй «хамт ... хаанчлах болно». Үрийн туслах хэсэгт багтах гишүүдийн нийт тоо 144 000 болохыг «Илчлэлт» ном ийнхүү илчилжээ (Илчлэлт 14:1; 20:6).
Дэлхийн удирдагчдыг Хармагедон буюу «Төгс хүчит Бурханы агуу өдрийн дайнд» цуглуулав. Тэд цагаан морьтон буюу тэнгэрийн цэргийн жанжин Есүстэй дайтлаа. Энэ ертөнцийн бүх удирдагч сөнөж, Сатан хүлэгдэв. Есүс болон 144 000 хүн дэлхийг «мянган жил» захирах бөгөөд мянган жилийн эцэст Сатан устгагдах ажээ (Илчлэлт 16:14; 20:4).
Христ болон түүнтэй хамт захирагчдын Мянган жилийн засаглалын үед дуулгавартай хүмүүс ямар ивээл хүртэх вэ? Иохан: «[Ехова] тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо» хэмээн бичжээ (Илчлэлт 21:4). Дэлхий диваажин болно!
Библи юу өгүүлдгийг «Илчлэлт» ном ийнхүү тайлдаг. Мессиагийн Хаанчлал Еховагийн нэрийг ариусгаж, хэмжээгүй эрх мэдэлтэйг нь үүрд мөнх, бүрэн төгс батална!
—«Илчлэлт» номд үндэслэв.