Skip to content

Гарчиг руу орох

АРВАН ДОЛООДУГААР БҮЛЭГ

«Би бол Еховагийн зарц охин билээ!»

«Би бол Еховагийн зарц охин билээ!»

1, 2. а) Үл таних зочин Мариатай хэрхэн мэндэлсэн бэ? б) Мариаг яагаад салаа замын эхэнд зогсож байсан гэж хэлж болох вэ?

ГЭРТ нь нэгэн зочин ирэхэд Мариа гайхан харлаа. Зочин, эцэг эхтэй нь уулзъя гэсэнгүй. Мариаг л зорьж иржээ! Назарын хүн яавч биш байлаа. Назар шиг жижигхэн хотод гадны хүн андашгүй. Тэр тусмаа энэ зочин бүр ч өөр юм. «Бурхны таалалд нийцдэг бүсгүй минь, амар байна уу? Ехова чамтай хамт байна» гэж мэндэлсэн нь Мариад хачин жигтэй санагдлаа (Лук 1:26–28-ыг уншина).

2 Галил мужийн Назар хотод суудаг Елийн охин Мариагийн тухай Библид бичсэн анхны үйл явдал бол энэ юм. Тэр үед Мариа, зүйрлэн хэлбэл, салаа замын эхэнд зогсож байжээ. Уг нь, Мариа Иосеф гэдэг мужаан залуутай сүй тавьсан байв. Энэ залуу бэл нимгэн ч бат итгэлтэй хүн. Тиймээс Мариа мужаан нөхрийнхөө арын албанд зүтгэж, үр хүүхэд төрүүлж өсгөн, эгэл жирийн амьдарна гэж бодож байсан биз ээ. Гэтэл амьдралыг нь өөрчлөх даалгаврыг Бурхан түүнд өгч байгааг гэнэт айлчилсан зочин дуулгалаа.

3, 4. Мариатай танилцахын тулд юуг анхаарч, юуг анхаарах ёсгүй вэ?

3 Библид Мариагийн тухай ихийг бичээгүйд олон хүн гайхдаг. Эцэг эхийнх нь талаар тун бага, зан чанарынх нь тухай бүр ч бага бичсэн бол царай зүснийх нь тухай огт бичээгүй. Гэхдээ Бурхны Үгэнд бичсэнийг ухаж бодвол ихийг мэдэж болдог.

4 Мариатай танилцахын тулд шашны номлол, хөрөг зураг, уран баримал зэрэгт түүнийг хэрхэн дүрсэлдгийг анхаарах хэрэггүй. Бас эгэл жирийн энэ эмэгтэйг «Бурхны эх», «Эх дагина» гэх зэргээр цоллодог шашны сургаал номлолыг хойш тавих нь зүйтэй. Харин Библид чухам юу гэж байдагт анхаарлаа хандуулъя. Ингэвэл энэ эмэгтэй хэр зэрэг бат итгэлтэй байсныг мэдэж, түүнийг дуурайж чадна.

Тэнгэрийн элч зочилсон нь

5. а) Мариа Габриелын үгэнд хэрхэн хандсанаас юу мэдэж болох вэ? б) Мариагийн юуг дуурайх нь чухал бэ?

5 Мариаг зорьж ирсэн зочин бол жирийн хүн бус, тэнгэрийн элч Габриел ажээ. Тэрээр Мариаг «Бурхны таалалд нийцдэг бүсгүй минь» гэсэн учир Мариа ихэд гайхаж, ийн мэндэлснийх нь учрыг олохыг оролдож байв (Лук 1:29). Мариа бусдаас онцгой хүндэтгэл хүлээхийг боддоггүй байв. Харин Бурхны сайшаалыг хүлээснийг нь тэнгэрийн элч хэллээ. Үүнийг сонсоод Мариа баярласан биз ээ. Гэлээ ч Бурхны таалалд нийцдэг гэдгээрээ бардамнаагүй. Залуу бүсгүй Мариа үүгээрээ бидэнд үлгэр дуурайл болдог. Бид Бурхны таалалд нийцье гэвэл тааллыг нь аль хэдийнээ олсон хэмээн бардамнах ёсгүй. «Бурхан бардам хүнийг эсэргүүцэж, харин даруу хүнийг нигүүлсдэг» (Яак. 4:6).

Мариа Бурхны таалалд нийцдэг гэдгээрээ бардамнаагүй

6. Тэнгэрийн элч Мариад тун онцгой ямар завшаан оногдохыг дуулгасан бэ?

6 Мариад даруу зан нь тун их хэрэг болох байв. Учир нь тэнгэрийн элч Мариад тун онцгой завшаан оногдохыг дуулгах ажээ. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх хүү төрүүлэхийг нь тайлбарлаж «Ехова Бурхан өвөг Давидынх нь хаан ширээг түүнд өгнө. Тэрээр Хаан болж Иаковын үр удмыг үүрд захирах бөгөөд Хаант төр нь мөнхийнх юм» гэж хэлэв (Лук 1:32, 33). Ехова мянга гаруй жилийн тэртээ Давидад нэгэн амлалт өгснийг Мариа сайн мэдэж байлаа. Тэр амлалт ёсоор Давидын удмаас хүн төрөлхтнийг үүрд захирах нэгэн гарах учиртай байв (2 Сам. 7:12, 13). Мариагийн төрүүлэх хүү Бурхны ард түмний хэдэн зуун жил хүлээн байгаа Мессиа болох ажээ!

Тэнгэрийн элч Габриел Мариад тун онцгой завшаан оногдохыг дуулгав

7. а) Тавьсан асуултаас нь Мариагийн тухай юу мэдэж болох вэ? б) Залуучууд Мариагаас юу сурч болох вэ?

7 Түүнээс гадна, Мариагийн хүү «Хамгийн дээд Бурхны Хүү» гэгдэхийг тэнгэрийн элч хэлсэн. Бурхны Хүүг хүн төрүүлнэ гэж үү? Тэр тусмаа, Мариа хэрхэн хүү төрүүлэх билээ? Тэрээр Иосефтэй сүй тавьсан ч гэрлээгүй байсан. Тиймд Мариа: «Би эр хүнтэй хавьтаагүй учир яаж хүүхэдтэй болох юм бэ?» хэмээн шуудхан асуудаг (Лук 1:34). Мариа онгон гэдгээ хэлэхдээ ичиж зоволгүй, харин ч цэвэр ариун байдлаа эрхэмлэдгээ хэлснийг тэмдэглүүштэй. Орчин үед залуус бэлгийн харьцаанд орох гэж яардаг бөгөөд бэлгийн харьцаанд орж үзээгүй нэгнээ тохуурхдаг. Хүмүүсийн үзэл бодол тэр үеийнхээс их өөр болжээ. Харин Ехова өөрчлөгдөөгүй (Мал. 3:6). Өөрийнх нь тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг эрхэмлэдэг хүмүүсийг Мариагийн үед үнэлдэг байсан, одоо ч үнэлдэг (Еврей 13:4-ийг уншина).

8. Мариа төгс бус боловч хэрхэн төгс хүүхэд төрүүлэх болсон бэ?

8 Мариа Бурхны үнэнч үйлчлэгч мөн боловч төгс бус хүн. Тэгэхээр Бурхны төгс Хүүг хэрхэн төрүүлэх вэ? Габриел: «Бурхны агуу хүч чам дээр бууж, Хамгийн дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх нэгэн нь ариун гэгдэнэ, Бурхны Хүү гэгдэнэ» хэмээн тайлбарлажээ (Лук 1:35). Ер нь төгс бус хүнээс төгс бус үр хүүхэд төрдөг. Харин энэ удаа Ехова агуу гайхамшиг үйлдэх ажээ. Тэрээр тэнгэрт байгаа Хүүгийнхээ амийг Мариагийн хэвлий рүү шилжүүлээд агуу буюу ариун хүчээрээ Мариаг «бүрхэх» ажээ. Энэ нь Хүүдээ төгс бус байдлыг өвлүүлэхгүй гэснийх юм. Мариа тэнгэрийн элчийн үгэнд итгэсэн болов уу? Юу гэж бодсон бол?

Мариагийн хариу

9. а) Мариад тохиолдсон явдалд олон хүн яагаад эргэлздэг вэ? б) Габриел Мариагийн итгэлийг хэрхэн батжуулсан бэ?

9 Онгон эмэгтэй хүүхэд төрүүлсэн гэдэгт олон хүн, тэр дундаа Христ шашны лам хуврагууд ч итгэж чаддаггүй. Тэд мэдлэг боловсролтой хэр нь «Бурхан айлдсан л бол биелүүлдэг» гэсэн энгийн үнэнийг ойлгодоггүй (Лук 1:37). Мариа бат итгэлтэй байсан учир Габриелын хэлсэн үгэнд огтхон ч эргэлзээгүй. Энэ нь мухар сохроор итгэсэн хэрэг биш ээ. Оюун ухаант хүн баримт нотолгоонд үндэслэн итгэж үнэмшдэг. Габриел ч Мариад баттай баримт хэлжээ. Мариагийн садан, өндөр настай, хүүсэр Елизабетыг Бурхан гайхамшгаар хөл хүнд болгосныг хэллээ.

10. Мариад завшаантай боловч амаргүй үүрэг оногдсон гэхийн учир юу вэ?

10 Мариа яасан бэ? Бурхан өөрт нь онцгой даалгавар оноогоод зогсохгүй Габриелын хэлсэн бүхнийг хийнэ гэдгийг тэрээр баттай мэдэж авчээ. Мариад завшаантай боловч амаргүй үүрэг оногдсон нь гарцаагүй. Тухайлбал хөл хүнд болсныг нь мэдвэл Иосеф түүнтэй гэрлэх болов уу? Бас Еховагийн хамгийн эрхэм, хайртай хүүг нь хэвлийдээ тээнэ шүү дээ! Энэ бол маш хариуцлагатай үүрэг билээ. Нялх балчраас нь өсгөж хүмүүжүүлэн, муу муухайгаар дүүрэн ертөнцөөс хамгаалах ёстой болно. Үнэхээр бэрх даалгавар байлаа!

11, 12. а) Бурхан даалгавар өгөхөд бат итгэлтэй зарим эрэгтэй яасан бэ? б) Мариагийн хариултаас юу мэдэж болох вэ?

11 Эр зоригтой, бат итгэлтэй эрчүүд хүртэл Бурхны өгсөн даалгаврыг хүлээж авахаас цааргалж байсан удаатай. Жишээ нь Мосе өөрийгөө Еховагийн төлөөлөгч байхаар уран үгтэй хүн биш гэж зүтгэдэг (Ег. 4:10). Иеремиа өөрийгөө «залуу» гэсэн нь Бурхны оноосон даалгаврыг биелүүлэхэд дэндүү залуудна гэж бодсоных байв (Иер. 1:6). Иона даалгавраа биелүүлэлгүй, өөр тийшээ зугтчихдаг! (Иона 1:3). Тэгвэл Мариа яах бол?

12 Хэчнээн даруу, дуулгавартай байсан нь хэлсэн үгнээс нь илэрхий. Түүний хэрхэн хариулсныг мэддэг хүн өнөөдөр ч олон. Мариа: «Би бол Еховагийн зарц охин билээ! Таны хэлснээр болог» гэдэг (Лук 1:38). Зарц охин гэдэг нь бусад үйлчлэгчдийн хамгийн дорд нь бөгөөд амь амьдрал нь эзнийх нь мэдэлд байдаг хүнийг хэлдэг. Мариа ийм л даруу хүн бөгөөд Эзэн Еховадаа бат итгэж найддаг байжээ. Еховагийн хамгаалалтад байгаа цагт айх юм байхгүйг, үнэнч хүнд Ехова үнэнч ханддагийг Мариа мэдэж байв. Бас амаргүй даалгавар оногдсон ч чадах бүхнээ хийвэл ивээнэ гэдгийг нь мэдэж байлаа (Дуу. 18:25).

Үнэнч Бурхан Еховагийнхаа хамгаалалтад байгаа цагт айх юм байхгүйг Мариа мэддэг байв

13. Бурхны өгсөн даалгавар заримдаа амаргүй, бүр халширмаар санагдвал Мариаг хэрхэн дуурайх вэ?

13 Бурхны өгсөн даалгавар заримдаа амаргүй, бүр халширмаар санагдаж болох юм. Гэхдээ Мариагийн адилаар Бурханд итгэж найдах олон шалтгааныг Библиэс мэдэж болно (Сур. 3:5, 6). Та бас Еховад бат итгэж найддаг уу? Хэрэв тэгж найдвал Ехова шагнаад зогсохгүй итгэлээ батжуулахад маань тусална.

Елизабеттай уулзсан нь

14, 15. а) Мариаг Зехариа болон Елизабетын гэрт очиход нь Ехова хэрхэн шагнасан бэ? б) Лук 1:46–55-ыг үзвэл Мариагийн тухай юу мэдэж болох вэ?

14 Елизабетын тухай ярьсан Габриелын үгнээс Мариа ихийг ойлгожээ. Одоо Мариаг хамгийн сайн ойлгох хүн бол Елизабет билээ. Ингээд Мариа гурваас дөрвөн өдрийн зайтай уулархаг нутгийг зорин Иудагийн нэг хот руу яаран явлаа. Тахилч Зехариа болон Елизабетын гэрт очиход Ехова итгэлийг нь батжуулах хөдөлшгүй нотолгоо үзүүлсэн нь Мариаг шагнасан хэрэг байв. Елизабет Мариагийн мэндлэхийг сонсмогц хэвлий дэх хүүхэд нь баярлан хөдлөхийг мэдэрчээ. Елизабет Бурхны агуу хүчээр удирдуулан, Мариаг «Эзний минь эх» гэж хэлдэг. Мариагийн хүү Эзэн буюу Мессиа болохыг Ехова Елизабетэд илчлэв. Бас Елизабет бат итгэлтэй, дуулгавартай Мариаг магтаж Еховагийн хэлсэн үгэнд «итгэсэн эмэгтэй жаргалтай» хэмээжээ (Лук 1:39–45). Үнэхээр ч Еховагийн Мариад хэлсэн бүхэн биелэх байлаа!

Мариа Елизабет хоёр бие биедээ өмөг түшиг болсон сайн найзууд байсан

15 Мариа хариуд нь юу гэж хэлснийг Бурхны Үгэнд тэмдэглэн үлдээжээ (Лук 1:46–55-ыг уншина). Мариагийн хэлж ярьсныг Библид тэмдэглэснээс хамгийн урт нь энэ зүйлүүдэд байдаг. Хэлсэн үгнээс нь түүний тухай ихийг мэдэж болно. Мессиаг төрүүлэх завшаан олгосон Еховаг магтан алдаршуулсан нь талархах сэтгэлтэй хүн гэдгийг нь харуулдаг. Ехова бардам хүмүүс болон эрх мэдэлтнүүдийг дорд болгодог бөгөөд өөрт нь үйлчлэхийг хүсдэг дорой, ядуу хүмүүст тусалдаг хэмээсэн нь бат итгэлтэйг нь нотолдог. Бас Мариа Судрыг сайн мэддэг байжээ. Нэг тооцоогоор, тэрээр Еврей Судраас 20 гаруй удаа эш татжээ! *

16, 17. а) Мариа болон түүний хүү бидэнд ямар үлгэр жишээ үзүүлсэн бэ? б) Мариа Елизабеттай уулзсаныг бодвол юуг ивээл гэж ойлгож болох вэ?

16 Мариа Бурхны Үгийг сайтар эргэцүүлж боддог байсан нь илэрхий. Бас өөрийнхөө үгээр ярихыг бус, Судраас эш татахыг эрхэмлэдэг даруу хүн байжээ. Мариагийн хүү ч тийм хүн болох байв. Хожим нь хүү нь: «Би өөрийнхөө биш, намайг илгээсэн нэгний сургаалыг заадаг» гэж хэлсэн билээ (Ёох. 7:16). Бид дор бүрнээ «Би Бурхны Үгийг Мариа шиг эрхэмлэж хүндэлдэг үү? Эсвэл өөрийнхөө ойлголт, үзэл бодлыг илүү чухалчилдаг уу?» гэж бодох нь зүйтэй. Мариа үргэлж зөв үзэлтэй байжээ.

17 Мариа Елизабеттай гурван сар орчим хамт байхдаа бие биеэ урамшуулан зоригжуулсан биз ээ (Лук 1:56). Найз нөхөдтэй байх нь Бурхны ивээл гэдгийг энэ түүх ойлгуулдаг. Ехова Бурхныг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүстэй нөхөрлөхийг хичээвэл Еховатай улам дотносдог (Сур. 13:20). Эцэст нь Мариа харихаар явжээ. Хөл хүнд гэдгийг нь мэдээд Иосеф яах бол?

Мариа Иосеф хоёр

18. Мариа Иосефт юу хэлсэн бэ? Иосеф яасан бэ?

18 Хөл хүнд болсныг нь Иосеф өөр хүнээс дуулаасай гэж Мариа бодоогүй байх. Тиймээс Иосефт өөрөө л хэлэх ёстой байсан нь лавтай. Даруу төлөв зантай, Бурхнаас эмээдэг сүйт залуу нь яаж хүлээж авах бол гэж бодсон биз ээ. Юутай ч, Иосефтэй уулзаад болсон бүхнийг ярьжээ. Иосефт тун амаргүй байсан нь ойлгомжтой. Хайртай бүсгүйдээ итгэхийг хүсэж байвч өөрт нь үнэнч байж чадаагүй юм шиг санагдана. Иосеф юу бодож, хэрхэн эргэцүүлснийг Библид бичээгүй боловч Мариагаас салахаар шийдсэнийг бичжээ. Тэр үед, сүй тавьсан хүмүүсийг эхнэр нөхөр гэж үздэг байв. Гэхдээ Иосеф Мариаг шившиг болгохыг хүсээгүй учир олонд мэдэгдэлгүй салъя гэж шийддэг (Мат. 1:18, 19). Сэтгэл нь шаналж яваа Иосефыг харах Мариад ч амаргүй байсан байж таарна. Гэвч Мариа Иосефыг салахаар шийдлээ гэж буруутгаагүй билээ.

19. Иосефыг зөв юм хийхэд Ехова хэрхэн тусалсан бэ?

19 Сайхан сэтгэлтэй Ехова Иосефыг зөв юм хийхэд тусалдаг. Тэнгэрийн элч Иосефын зүүдэнд үзэгдэж, Бурхны агуу хүчний нөлөөгөөр Мариа хөл хүнд болсныг тайлбарлажээ. Иосефын сэтгэл сая л нэг уужрав! Ингээд тэрээр Мариатай адилаар, Еховагийн зааврыг дагажээ. Мариатай гэрлэж, Еховагийн Хүүг өсгөж хүмүүжүүлэх хариуцлагатай үүргийг биелүүлэхээр бэлдэж эхлэв (Мат. 1:20–24).

20, 21. Эхнэр нөхрүүд болон гэр бүлтэй болохыг бодож яваа хүмүүс Иосеф Мариа хоёроос юу сурч болох вэ?

20 Эхнэр нөхрүүд болон гэр бүлтэй болохыг бодож яваа хүмүүст 2 000 орчим жилийн өмнө амьдарч байсан энэ хосоос сурах юм их бий. Мариаг эх хүний үүргээ сайн биелүүлэхийг хараад Иосеф Еховагийн тэнгэрийн элчийн зааврыг дагасандаа баярласан нь гарцаагүй. Бас том шийдвэр гаргахдаа Еховад найдахын чухлыг ухаарсан байж таарна (Дуу. 37:5; Сур. 18:13). Аливааг олон талаас нь бодож байгаад шийдвэр гаргадаг сайхан сэтгэлтэй өрхийн тэргүүн болсон нь эргэлзээгүй.

21 Иосефтой гэрлэхэд бэлэн байсан Мариагаас юу сурч болох вэ? Иосефын хувьд болсон явдалд итгэхэд эхэндээ хэцүү байсан биз ээ. Гэлээ ч Мариа шийдвэр гаргатал нь тэвчээртэй хүлээсэн. Яагаад гэвэл Иосеф өрхийн тэргүүн нь болно шүү дээ. Энэ явдал Мариад ч сургамжтай байсан, өнөөгийн Гэрч эмэгтэйчүүдэд ч тустай. Мөн Иосеф Мариа хоёр ч илэн далангүй харьцахын чухлыг сайн ойлгосон байж таарна (Сургаалт үгс 15:22-ыг уншина).

22. Иосеф Мариа хоёр гэр бүлээ ямар үндэс суурин дээр цогцлоосон бэ? Тэднийг юу хүлээж байсан бэ?

22 Энэ залуу хос хамгийн сайн үндэс суурин дээр гэр бүлээ цогцлоосон. Иосеф Мариа хоёр Еховаг маш их хайрладаг байсан бөгөөд хариуцлагатай, халамжтай эцэг эх болохыг хичээсэн. Тэд их ивээл хүртэх байлаа. Түүнээс гадна янз бүрийн сорилт бэрхшээл ч амсах байв. Хамгийн агуу хүн болох Есүсийг өсгөж хүмүүжүүлэх том ажил тэднийг хүлээж байлаа.

^ д/м 15 Мариа Еврей Судраас эш татахдаа Еховагийн ивээлээр хүүхэдтэй болсон үнэнч эмэгтэй Ханнагийн үгнээс бас эш татсан бололтой. 6-р бүлгээс «Онцгой хоёр залбирал» гэсэн хавсралтыг үзнэ үү.