«Таны нэрийг ... мэдүүлсэн»
«Таны нэрийг ... мэдүүлсэн»
«Ертөнцийн дундаас надад өгсөн таны хүмүүст би нэрийг тань илчилсэн. ... Би ... таны нэрийг тэдэнд мэдүүлсэн бөгөөд мэдүүлэх болно» (ЁОХАН 17:6, 26).
Энэ нь юу гэсэн үг вэ? Есүс үнэнийг тунхаглахдаа Бурхны нэрийг мэдүүлдэг байсан. Тэрбээр заншсан ёсоороо Судраас уншихдаа хүмүүст Бурхны оноосон нэрийг хэлж өгдөг байв (Лук 4:16–21). Бас дагалдагчдадаа «Тэнгэрийн Эцэг минь, таны нэр ариусаасай» гэж залбирч байхыг захижээ (Лук 11:2).
Христийн эртний дагалдагчид ямар байсан бэ? Элч Петр Иерусалим дахь ахлагчдад «Бурхан нэрийнхээ төлөөх ард түмнийг харь үндэстнүүдийн дундаас сонгож авсныг» ярьж өгчээ (Үйлс 15:14). Элч нар болон Христийн бусад дагалдагч «Еховагийн нэрээр дууддаг хүн бүр аврагдана» гэж тунхагладаг байсан (Үйлс 2:21; Ром 10:13). Тэд номууддаа Еховагийн нэрийг бичдэг байв. МЭ 300-аад онд бичигдэж дууссан Иудейн хуулийн эмхэтгэл болох «Тосефта» гэдэг номд Христийн дагалдагчдын номуудыг эсэргүүцэгчид шатаасан тухай ийн бичжээ. «Сайн мэдээ тунхаглагчдын номууд болон минимчүүдийн [Иудей Христийн дагалдагчдыг хэлсэн бололтой] номуудыг шатаах ёстой. Тэр номуудыг хаа байгаа газар нь, ... дотор нь гардаг Бурхны нэртэй нь шатааж болно».
Өнөөдөр хэн ийм байдаг вэ? Америкийн Нэгдсэн Улсын Христийн Сүмүүдийн Үндэсний Зөвлөлийн эрхлэн гаргасан «Америкийн Стандарт Орчуулгын шинэчилсэн хувилбар»-ын өмнөх үгэнд «Цорын ганц үнэн Бурхны оноосон нэрийг хэрэглэвэл Бурхнаас ялгах хэрэгтэй өөр олон бурхад байдаг юм шиг болно. Мөн Христийн тооллын өмнө иудейн шашинд Бурхны нэрийг хэрэглэхээ больсон бөгөөд Бурхны нэрийг хэрэглэх нь энэ дэлхийд байгаа Христэд итгэдэг бүх хүнд байж болшгүй зүйл юм» гэж тэмдэглэжээ. Иймээс Бурхны оноосон нэрийг ЭЗЭН гэдэг цолоор нь бичих болсон байна. Саяхан Ватикан хот улс католик шашны хамба лам нарт зориулж гаргасан захирамждаа «Бурхны нэрийг тэмдэглэдэг ЙХВХ * гэсэн дөрвөн үсгийг буюу Тетраграмматоныг дуу, залбиралд оруулах юм уу хэлэхийг хориглоно» гэж заажээ.
Тэгвэл хэн өнөөдөр Бурхны нэрийг хэлж таниулдаг вэ? Сергей өсвөр насандаа Киргизэд байхдаа Бурхны нэрийг Ехова гэж гардаг кино үзжээ. Тэрнээс хойш бараг 10 жил Бурхны нэрийг сонсоогүй байна. Харин хожим нь Америкт нүүж очсоных нь дараа хоёр Еховагийн Гэрч гэрт нь ирж, Библиэс Бурхны нэрийг үзүүлжээ. Сергей Еховагийн нэрийг хэлж таниулдаг хүмүүстэй уулзсандаа маш их баярлаж гэнэ. Сонирхолтой нь, нэгэн тольд Ехова Бурхныг «Хамгийн агуу Бурхан гэж алдаршсан бөгөөд зөвхөн Еховагийн Гэрчүүдийн шүтдэг Бурхан» гэж тодорхойлжээ («Webster’s Third New International Dictionary»).
[Зүүлт]
^ д/м 5 Монгол хэлэнд Бурхны нэрийг Ехова гэж буулгадаг.