Уншигчдын асуулт
Уншигчдын асуулт
Цусыг зохистой хэрэглэх талаар өгсөн Бурхны тушаалын хүрээнд, өвчтөний цусыг өөрт нь эргүүлэн хийх эмчилгээний аргыг Еховагийн Гэрчүүд юу гэж үздэг вэ?
Христиан хүн дан ганц хувийн үзэл юм уу эмчийн саналыг үндэс болгон шийдэхийн оронд Библи юу хэлдгийг нухацтай авч үзэх хэрэгтэй. Энэ бол Еховатай тогтоосон харьцаанд хамаатай асуудал юм.
Амийн эх булаг Ехова цус хэрэглэхгүй байхыг тушаадаг (Эхлэл 9:3, 4). Цус нь амийг төлөөлдөг учраас Бурхан эртний израильчуудад өгсөн хуульдаа цусыг зохистой хэрэглэж байхыг анхааруулжээ. Тэрбээр: «Махан биеийн амь нь цусанд байдаг бөгөөд түүнийг Би та нарт өөрсдийн чинь амийн төлөө эвлэрүүллийг тахилын ширээн дээр хийхээр өгсөн юм» хэмээдэг. Хэрэв хүн хоол хүнсэндээ хэрэглэх зорилгоор амьтан агнавал яах вэ? Бурхан: «Аливаа хүн нь идэж болох амьтан буюу шувууг агнасан тохиолдолд түүнийхээ цусыг асган, шороогоор дарах ёстой» гэж хэлсэн байна (Левит 17:11, 13). * Ехова энэ тушаалыг олон удаа давтсан байдаг (Дэд хууль 12:16, 24; 15:23). Еврейчүүдийн нэгэн номд: «Цусыг хадгалах ёсгүй. Харин ч хэрэглэж болохгүй гэдгийг харуулж, газар асгах хэрэгтэй» хэмээн тайлбарлажээ («Soncino Chumash»). Израиль хүн ямар ч амьтны цусыг авч, хадгалж, хэрэглэдэггүй байв.
Мессиа үхсэнээр Мосегийн хуулийг сахих шаардлагагүй болсон. Гэхдээ Бурхан цусыг ариун гэж үздэг хэвээрээ байгаа. Бурхны ариун сүнсэнд хөтлөгдсөн элч нар «цусыг... цээрлэхийг» христиануудад тушаажээ. Энэхүү тушаалд хөнгөн хуумгай хандах учиргүй байв. Энэ нь, мөн чанартаа, садар самуун болон шүтээн шүтэхийг цээрлэхтэй адил тийм чухал тушаал юм (Үйлс 15:28, 29; 21:25). XX зуунд бусдад цусаа өгөх болон цус сэлбэх арга ажиллагаа түгээмэл болсон бөгөөд Еховагийн Гэрчүүд үүнийг Бурхны Үгтэй зөрчилддөг болохыг ойлгосон.
Заримдаа эмч өвчтөнд мэс засал хийхээс хэдэн долоо хоногийн өмнө цусыг нь авч хадгалаад, шаардлагатай үед эргүүлж сэлбэх аргыг санал болгодог. Гэхдээ цусыг ийнхүү авч, хадгалаад, эргүүлээд сэлбэх нь «Левит», «Дэд хууль» номд бичсэнтэй илт зөрчилддөг. Цусыг хадгалах ёсгүй бөгөөд газар асгах буюу, зүйрлэн хэлбэл, Бурханд буцаан өгөх шаардлагатай. Мосегийн хууль одоо хүчингүй ч, Еховагийн Гэрчүүд уг хуулиар өгсөн зарчмуудыг хүндэтгэдэг бөгөөд «цусыг цээрлэх» шийдвэр төгс байдаг. Тиймээс, бид «газар асгах» учиртай цусыг сэлбэх зорилгоор хадгалах юм уу донор болж цусаа өгдөггүй. Эс тэгвэл Бурхны хуулийг зөрчсөн хэрэг болно.
Өвчтөний цусыг хэрэглэдэг эмчилгээний зарим арга болон цусны шинжилгээ Бурхны тогтоосон зарчимтай илт зөрчилдөөд байдаггүй. Тухайлбал, шинжилгээ хийсний дараа үлдэгдлийг нь устгахаар бол олон христиан цусаа шинжилгээнд өгөхийг зөвшөөрдөг. Мөн өөрийнх нь цусыг хэрэглэх эмчилгээний илүү нарийн арга ч байдаг.
Жишээ нь, мэс заслын үед цусны зарим хэсгийг цусны эргэлтээс салгалгүйгээр биеэс гадагшлуулж байгаад, буцааж юүлдэг арга байдаг. Үүнийг «гемодилюц» гэж нэрлэдэг. Энэ аргын үед гадагшлуулсан цусны оронд тэр хэмжээний цус орлох шингэн сэлбэдэг. Дараа нь биеэс гадна байгаа цусыг өвчтөнд буцаан юүлснээр цусан дахь гемоглобины хэмжээ хэвийн болдог. Өөр нэг арга бол шархнаас алдсан цусыг соруулан авч, шүүгээд эргүүлээд юүлдэг. Үүнийг «цус хэмнэх арга» гэдэг. Бас цусыг зүрх, уушги, бөөр гэх мэтийн эрхтний үүргийг түр хугацаагаар гүйцэтгэдэг төхөөрөмжөөр дамжуулан эргэлтэд оруулдаг арга байдаг. Мөн цусыг гэмтэж, муудсан эсээс нь цэвэрлэхийн тулд ялгагч төхөөрөмжид (центрифугт) залгадаг. Цусны аль нэг хэсгийг ялгаж аваад, биед хэрэглэх арга ч бас бий. Түүнээс гадна, хэсэг цус авч, эм холиод өвчтөндөө буцааж хийх арга байдаг.
Энэ мэтээр эмчилгээний арга бүр нарийн ялгаатай байдаг бөгөөд цаашдаа ч эмчилгээ, шинжилгээний шинэ шинэ арга нэвтрэх нь дамжиггүй. Бид энэ бүхнийг нэг бүрчлэн задлан шинжилж, ямар нэг шийдвэр гаргах зорилт тавиагүй юм. Гэрч бүр мэс засал, шинжилгээ болон өөр ямар нэг эмчилгээ хийлгэх үедээ цусаа яахаа зөвхөн өөрөө шийдэх ёстой. Эмчилгээ, шинжилгээний үед цусыг нь яах гэж байгаа талаар эмч, мэргэжилтнүүдээс урьдчилан асууж лавлах хэрэгтэй. Тэгээд мөс чанарынхаа дагуу шийдвэл зохино. (Доорх хавсралтыг үзнэ үү).
Христианууд Бурханд өөрсдийгөө зориулснаа, Бурхныг «бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадал, бүх оюун ухаанаараа хайрлах» үүрэгтэйгээ санах учиртай (Лук 10:27). Еховагийн Гэрчүүд Бурхантай тогтоосон харьцаагаа ихэд эрхэмлэдгээрээ ертөнцийн хүмүүсээс ялгаатай. Амь Өгөгч маань бүх хүнийг Есүсийн асгаруулсан цусанд итгэхийг уриалдаг. Библид: «[Есүс Христийн] дотор цусаар нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бидэнд байдаг» гэж өгүүлдэг (Эфэс 1:7).
[Зүүлт]
^ д/м 4 Профессор Фрэнк Горман: «Цусыг газар асгах нь амьтны амийг ариун гэж үздэгээ, цаашлаад тэрхүү амийг өгсөн, одоо ч тэтгэсээр байгаа Бурхныг гүн хүндэтгэдгээ харуулах хамгийн тохиромжтой арга мөн» гэж бичжээ.
[Хавсралт/зураг]
ӨӨРИЙГӨӨ ШАЛГАХ АСУУЛТ
Хэрэв надаас цус аваад, түр хугацаагаар цусны эргэлтээс гадуур байлгавал түүнийг биеийнхээ нэг хэсэг гэж үзээд «газар асгахгүй» байхыг мөс чанар минь зөвшөөрөх үү?
Хэрэв шинжилгээ юм уу эмчилгээний явцад өөрөөс минь авсан цусны бүтцийг өөрчлөөд, эргүүлээд биед минь хийхийг Библиэр сургасан мөс чанар минь зөвшөөрөх үү?