Өнөө үе бол «эцсийн өдрүүд»
9-р хэсэг
Өнөө үе бол «эцсийн өдрүүд»
1, 2. Эцсийн өдрүүдэд амьдарч байгаа эсэхээ яаж мэдэх вэ?
БИД Бурхны Хаанчлал хүний засаглалыг бүрмөсөн халах үед амьдарч байна гэдэгтээ яагаад итгэлтэй байж болох вэ? Бурхан ёс бус явдал, зовлон зүдүүрийг арилгах цаг хаяанд ирснийг хаанаас мэдэх вэ?
2 Есүс Христийн шавь нар энэ талаар мэдэхийг хүсэж байв. Тэд Есүсийг Хааны эрх мэдэл аваад залран байх болон өнөөгийн «тогтолцооны төгсгөлийн үед» ямар «шинж тэмдэг» байхыг асуужээ (Матай 24:3, ШЕ). Тэгэхэд нь Есүс хүн төрөлхтнийг «эцсийн цаг», «эцсийн өдрүүдэд» амьдарч байгааг нотлох, дэлхий дахиныг донсолгом үйл явдал зэрэгцэн өрнөж, нөхцөл байдал үүсэхийг нэгбүрчлэн хэлжээ (Даниел 11:40; 2 Тимот 3:1). Олон хэсэг бүхий шинж тэмдэг эдүгээ хэн бүхэнд илэрхий байна!
Дэлхийн хэмжээний дайн
3, 4. Есүсийн хэлсэн зөгнөл дэлхийг хамарсан дайнуудтай ямар холбоотой вэ?
3 Үндэстэн үндэстнийхээ, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босохыг Есүс зөгнөсөн (Матай 24:7). 1914 онд нэгэн дайн дэгдэж, өмнө нь гарсан аль ч дайнаас олон улс гүрнийг хамарчээ. Тухайн үеийн түүхчид энэ дайныг Их дайн гэж нэрлэж байв. Ийм дайн урьд нь гарч байгаагүй бөгөөд дэлхийн нэгдүгээр дайн гэж тэмдэглэгдсэн юм. Энэ дайнд энгийн иргэд, цэрэг дайчид нийлээд 20 000 000 орчим хүн амь үрэгджээ. Өмнө нь ийм олон хүн дайнаас болж амиа алдаж байгаагүй.
4 Эцсийн өдрүүд эхэлснийг дэлхийн І дайн харуулсан. Есүс энэ болон бусад үйл явдлыг «төрөх өвдөлтийн эхэн» гэжээ (Матай 24:8). Энэ нь ч үнэн байсан. Дэлхийн ІІ дайн илүү их хөнөөл учруулж, энгийн иргэд, цэрэг дайчид нийлээд 50 000 000 орчим хүний амийг авч одсон. 20-р зуунд дайны уршгаар амиа алдсан хүний тоо 100 000 000 давсан нь өмнөх 400 жилийн хугацаанд дайн дажинд амиа алдсан хүнээс 4 дахин их ажээ. Хүний засаглал ямар харгис юм бэ!
Бусад баримт
5–7. Өнөө үеийг эцсийн өдрүүд гэж батлах өөр ямар баримт байна вэ?
5 Есүс эцсийн өдрүүдэд болох өөр олон үйл явдлыг мэдэгдэн «Газар ихэд хөдөлж, хааяагүй өлсгөлөн болж, тахал дэлгэрнэ» гэж хэлсэн (Лук 21:11; ШГ). 1914 оноос хойш иймэрхүү гамшиг тохиолдох нь ихсэж, хүмүүс их хор хохирол амсах болсон нь уг зөгнөл биелж байгааг тодорхой харуулдаг.
6 Хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүн амиа алдах явдал байнга гарах болжээ. Бас дэлхийн І дайны дараа дэгдсэн «испани томуу» гэхэд л 20 000 000 орчим, зарим тооцоогоор 30 000 000 гаруй хүний амийг авч одсон. ДОХ хэдэн зуун мянган хүнийг үхэлд хүргэсэн бөгөөд ойрын ирээдүйд энэ тоо хэдэн саяд хүрэх бололтой. Зүрхний өвчин, хавдар болон бусад өвчнөөр жил бүр олон сая хүн нас бардаг. Бас өлсгөлөн гэдэг удаан үхлээр сая сая хүн амиа алддаг. 1914 оноос хойш «Апокалипсийн морьтнууд» давхиж, улмаар дайн, хоол хүнсний хомсдол, тахал мэт өвчин хүн төрөлхтөнд уй гашуу авчирч байгаа нь илэрхий байна (Илчлэлт 6:3–8).
7 Хаа сайгүй гэмт хэрэг ихсэхийг ч Есүс урьдаас хэлсэн. Тэрбээр: «Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүний хайр хөрнө» хэмээсэн (Матай 24:12).
8. 2 Тимот 3-р бүлэгт бичсэн зөгнөл өнөө үед хэрхэн биелж байна вэ?
8 Түүнээс гадна, дэлхий дахинд хүмүүс ёс суртахууны доройтолд орохыг Библид ингэж зөгнөсөн байжээ. «Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ. ... Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид, эцэг эхдээ захирагдахгүй, үл талархагч, ариун бус, үл хайрлагч, эвлэршгүй, гүжирдэгчид, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагчид, тэрслэгчид, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болох болно. Тэд бурханлаг байдлын дүртэй байх боловч түүний хүчийг нь үгүйсгэдэг. ... Муу хүмүүс, мэхлэгч нар хуурч, хуурагдан улам бүр бузар муу болно» (2 Тимот 3:1–13). Энэ бүхэн бидний нүдэн дээр биелж байна.
Өөр нэг хүчин зүйл
9. Дэлхий дээр эцсийн өдрүүд эхлэхэд тэнгэрт юу болсон бэ?
9 Хүн төрөлхтний зовлон нэмэгдэхэд өөр нэг хүчин зүйл нөлөөлсөн. 1914 онд эцсийн өдрүүд эхлэхэд хүн төрөлхтөнд бүр их хөнөөл учруулах нэг явдал болжээ. Библийн сүүлийн номд бичсэн зөгнөл ёсоор тэр үед «тэнгэрт дайн болов. Михаел [тэнгэрийн Хааны эрх мэдлийг авсан Христ] болон түүний тэнгэр элч нар луутай [Сатан] тулалдлаа. Луу болон түүний тэнгэр элч нар [чөтгөрүүд] тулалдаад, тэдэнд хүч дутсан бөгөөд тэдэнд тэнгэрт байх газар олдсонгүй. Өнөөх агуу том луу буюу бүх ертөнцийг мэхлэгч диавол ба Сатан гэгддэг эртний могой доош хаягдав. Тэр дэлхий уруу хаягдлаа. Түүний хамт тэнгэр элч нар нь ч доош хаягдав» (Илчлэлт 12:7–9).
10, 11. Сатан болон чөтгөрүүд дэлхий рүү хаягдсан нь хүмүүст хэрхэн нөлөөлсөн бэ?
10 Энэ явдал хүн төрөлхтөнд ямар уршиг тарьсан бэ? Уг зөгнөлд цааш нь «Газар ба тэнгис золгүй еэ! Яагаад гэвэл диавол үлэмж их уур хилэнтэйгээр та нар уруу бууж ирсэн. Өөрт нь богинохон хугацаа байгааг тэр мэдэж байгаа» гэж бичжээ. Тийм ээ, Сатан өөрийнх нь эрхэнд байдаг тогтолцоо удахгүй устахыг мэддэг учир үүнээс урьтаж хүн төрөлхтнийг Бурхны эсрэг босгохын тулд чадах бүхнээ хийдэг (Илчлэлт 12:12; 20:1–3). Энэ сүнсэн бүтээлүүд сонгох эрх чөлөөгөө буруу эдэлсний улмаас ийм гутамшигт байдалд хүрсэн! Тэдний нөлөөгөөр дэлхийн нөхцөл байдал, ялангуяа 1914 оноос эрс мууджээ!
11 Тэгэхлээр, өнөө үеийн талаар Есүс: «Тэнгэрээс аймшиг болон үлэмж тэмдгүүд үзэгдэнэ» гэж хэлсэнд гайхах хэрэггүй юм (Лук 21:11).
Хүний болон чөтгөрүүдийн засаглал эцэс болно
12. Өнөөгийн тогтолцоо устахаас өмнө ямар зөгнөл биелэх вэ?
12 Бурхан энэ тогтолцоог устгахаас өмнө биелэх учиртай өөр хэдэн зөгнөл байгаа бол? Тун цөөхөн. Хожим биелэх зөгнөлийн нэг нь 1 Тесалоник 5:3-т бичсэн «Хүмүүсийг „Амар тайван, аюулгүй байдал“ гэж ярьж байх үед ... тэдэн дээр сүйрэл нь гэнэт ир[нэ]» хэмээсэн зөгнөл юм. Төгсгөл «хүмүүсийг ... ярьж байх үед» ирэхийг онцолжээ. Энэ явдал хүмүүсийг огт бодоогүй байхад нь болно. Өөрөөр хэлбэл, өнөөгийн тогтолцоо хүмүүсийг удаан хүсэн хүлээсэн энх тайван, аюулгүй байдалд анхаарлаа хандуулж байхад гэнэт сүйрнэ.
13, 14. Есүс ямар гамшиг болохыг зөгнөсөн бэ? Тэр гамшиг юугаар төгсөх вэ?
13 Сатаны эрхшээлд байдаг тогтолцооны төгсгөл тун ойрхон байна. Есүс: «Ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, мөн хэзээ ч болохгүй агуу их гай гамшиг болно» хэмээсэн бөгөөд чухам энэ гамшгийн үеэр өнөөгийн тогтолцоо устана (Матай 24:21).
14 «Агуу их гай гамшиг» Хармагедон хэмээх Бурхны дайнаар оргилдоо хүрнэ. Энэ нь зөнч Даниелын хэлснээр, Бурхан «тэдгээр бүх хаанчлалыг бутлан сөнөөх» үе юм. Өөрөөр хэлбэл, Бурхнаас хамааралгүй хүний бүх засаглал эцэс болно гэсэн үг. Бурхны Хаанчлал бүх хүн төрөлхтнийг тэнгэрээс захирна. Захирах эрх дахин хэзээ ч «бусад ард түмний гарт орохгүй» гэж Даниел зөгнөжээ (Даниел 2:44; Илчлэлт 16:14–16).
15. Сатан болон чөтгөрүүдэд юу тохиолдох вэ?
15 Тэр үед бас Сатан болон чөтгөрүүдийн нөлөө бүрмөсөн арилна. «Үндэстнүүдийг цаашид мэхлүүлэхгүйн» тулд самуун дэгдээгч тэр сүнсэн бүтээлүүдийг арчин зайлуулна (Илчлэлт 12:9; 20:1–3). Тэдэнд үхлийн ял оноосон бөгөөд удахгүй устгана. Сатан болон чөтгөрүүдийн нөлөөнөөс ангижирна гэдэг ямар сайхан бэ!
Хэн эсэн мэнд үлдэж, хэн үгүй болох вэ?
16–18. Энэ тогтолцоо төгсөхөд хэн эсэн мэнд үлдэж, хэн устах вэ?
16 Бурхан Сатаны тогтолцоог шүүхэд хэн эсэн мэнд үлдэж, хэн устах вэ? Библид бичсэнээр, Бурхан өөрт нь захирагдахыг хүсдэг хүмүүсийг хамгаалж, эсэн мэнд үлдээнэ. Харин Бурханд захирагдахыг хүсдэггүй хүмүүс Сатаны ертөнцтэй устгагдана.
17 Сургаалт үгс 2:21, 22-т «Цэх шулуун хүн л [Бурханд захирагдахыг хүсдэг хүн] газар дэлхий дээр амьдарч, буруугүй нь байсаар байх болно. Харин хар санаатан [Бурханд захирагдахыг хүсдэггүй хүн] газраас тастагдаж, итгэлийг эвдэгч хүн газрын хөрснөөс арчигдана» гэж байдаг.
18 Бас Дуулал 37:10, 11-д «Тун удахгүй хорон санаатан үгүй болно. ... Харин даруу хүн газар нутгийг өвлөж, элбэг амар амгалангаар баярлана» гэж бичжээ. Мөн 29-р зүйлд «Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» гэж тэмдэглэсэн байдаг.
19. Ямар зөвлөгөө хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?
19 Дуулал 37:34-т «ЭЗЭНийг хүлээж, Түүний замаас бүү гар. Тэгвэл газар нутгийг өвлүүлэхээр Тэр чамайг өргөмжилнө. Хорон муу хүн таслагдахад чи үүнийг үзэх болно» гэж зөвлөснийг бид хэрэгжүүлэх учиртай. Мөн 37, 38-р зүйлд «Гэм зэмгүй хүнийг тэмдэглэж, шулуун шударга хүнийг харагтун. Учир нь амар амгалан хүн сайн сайхныг авна. Харин нүгэлтнүүд цөмөөрөө устгагдана. Хорон муу хүний хойч үеийнхэн ч таслагдана» гэж байдаг.
20. Өнөө үеийг чухал цаг үе гэж болохын учир юу вэ?
20 Бурхан хүмүүс бидэнд санаа тавьдгийг, удахгүй ёс бус явдал, зовлон зүдүүрийг бүрмөсөн арилгахыг мэдэхлээр сэтгэл уужирдаг! Дээр дурдсан гайхалтай зөгнөлүүд тун удахгүй биелэхийг үзэхэд сэтгэл хэчнээн их хөдлөх бол оо!
[Догол мөрийн асуулт]
[20-р хуудасны зураг]
Библид эцсийн өдрүүдийн «шинж тэмдгийг» бүрдүүлэх олон үйл явдлыг зөгнөсөн
[22-р хуудасны зураг]
Бурханд захирагдахыг хүсдэггүй хүмүүс удахгүй Хармагедоноор устгагдаж, харин Бурханд захирагдахыг хүсдэг хүмүүс эсэн мэнд үлдэж, шинэ ертөнцийг үзнэ