Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 90

Худгийн дэргэд эмэгтэйтэй ярилцсан нь

Худгийн дэргэд эмэгтэйтэй ярилцсан нь

ЕСҮС Самари мужаар явж байхдаа нэгэн худгийн дэргэд амсхийжээ. Шавь нар нь хоол хүнс авахаар хот уруу явсан байлаа. Тэр үед Есүс ус авахаар ирсэн нэг эмэгтэйтэй ярилцсан юм. Есүс түүнд: «Уух юм өгөөч» гэв.

Тэгтэл тэр эмэгтэй их гайхжээ. Яагаад гэвэл Есүс иудей хүн, харин тэр эмэгтэй самари хүн байсан юм. Иудейчүүдийн ихэнх нь самари хүмүүст дургүй байжээ. Бүр үг ч дуугардаггүй байв! Харин Есүс бүх хүнд хайртай байлаа. Тийм болохоор: «Хэрэв чамаас уух юм гуйж байгаа хүн хэн болохыг чи мэдсэн бол өөрөө түүнээс гуйж, тэр чамд амь өгөх ус уулгах байсан» гэж хэлжээ.

Тэр эмэгтэй: «Хүн гуай, энэ худаг гүн, танд утгах юм юу ч алга. Та тэр усыг хаанаас авах юм бэ?» гэж гайхан асуув.

— Чи энэ худгаас ус уувал дахин цангана. Харин миний өгөх ус хүнийг мөнх амьдруулна гэж Есүс тайлбарлалаа.

— Хүн гуай, тэр уснаасаа надад өгөөч! Тэгвэл би хэзээ ч цангахгүй. Ус авахаар дахин энд ирэхгүй болох нь гэж эмэгтэй хэлэв.

Эмэгтэй, Есүсийг жирийн усны тухай ярьж байна гэж боджээ. Гэтэл Есүс Бурхны тухай болон Бурхны Хаанчлалын тухай үнэнийг ярьж байжээ. Энэ үнэн бол амь өгөх устай адилхан юм. Энэ нь хүнд мөнхийн амь өгнө.

Есүс эмэгтэйд: «Явж, нөхрөө дуудаад ир» гэж хэлэв.

— Би нөхөргүй гэж түүнийг хариулахад,

— Чи зөв хариуллаа. Чи таван нөхөртэй байсан бөгөөд одоо чамтай амьдарч байгаа хүн нөхөр чинь биш гэж Есүс хэлэв.

Бүгд үнэн байсан учраас эмэгтэй гайхжээ. Есүс үүнийг хаанаас мэдсэн бэ? Тийм ээ, Есүс бол Бурхны илгээсэн Амласан Нэгэн байсан ба Бурхан түүнд энэ бүхнийг мэдүүлсэн юм. Энэ үеэр Есүсийн шавь нар ирээд, самари эмэгтэйтэй ярьж байхыг нь хараад гайхжээ.

Энэ бүхнээс бид ямар сургамж авч болох вэ? Эндээс, Есүс бүх л үндэстэнд сайхан сэтгэлээр ханддаг байсан нь харагдаж байна. Бид ч бас тэгэх ёстой. Бид хүнийг өөр үндэстэн болохоор нь л муу хүн гэж бодож болохгүй. Есүс бүх хүнийг мөнхийн амь уруу хөтлөх үнэнийг мэдээсэй гэж хүсдэг. Бид ч бас энэ үнэнийг сурахад нь хүмүүст туслах хүсэлтэй байх ёстой.