Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 52

Гидеон ба түүний 300 дайчин

Гидеон ба түүний 300 дайчин

ЭНД юу болж байгааг харж байна уу? Эд бүгд Израилийн дайчид ажээ. Сөхөрч суугаа хүмүүс ус ууж байна. Тэдний дэргэд зогсоод, яаж уухыг нь харж байгаа хүн бол шүүгч Гидеон юм.

Хүмүүс янз бүрийн байрлалаас ус ууж байгааг анхааралтай хар даа. Зарим нь ус уруу тонгойн амаараа ууж байна. Харин нэг хүн гараараа ус утган, эргэн тойронд нь юу болж байгааг ажиглангаа ууж байна. Энэ их чухал юмсанжээ. Юу гэвэл, ус уухдаа сонор сэрэмжтэй байсан эрчүүдийг л сонгож аваарай гэж Ехова Гидеонд хэлжээ. Бурхны тушааснаар бусад нь гэр гэртээ харих ёстой байв. Яагаад ингэх болсны учрыг мэдье.

Израильчууд дахиад л их гай зовлонд унав. Учир нь тэд Еховад дуулгаваргүй байснаас болж мидианчуудын дарлалд орсон байлаа. Тийм учраас израильчууд тусламж гуйсанд Ехова сонсжээ.

Ехова Гидеонд цэрэг цуглуулахыг тушаав. Гидеон 32 000 дайчин цуглуулав. Гэвч Израилийн эсрэг 135 000 цэрэгтэй арми зогсож байлаа. Хэдий тийм ч Ехова Гидеонд: «Чиний хүмүүс хэтэрхий олон байна» гэж хэлжээ. Яагаад ингэж хэлсэн бэ?

Хэрэв израильчууд тулалдаанд ялбал: «Бид дайснаа өөрсдийн хүчээр яллаа. Ингэж ялахад Еховагийн тусламж хэрэггүй байлаа» гэж бодож магадгүй байв. Тийм учраас Ехова Гидеонд: «Айж байгаа хүмүүсийг гэрт нь буцаа» гэж хэлэв. Хэлсэн ёсоор болсонд 22 000 хүн гэр гэртээ буцав. Тийнхүү дайсны 135 000 цэрэгтэй байлдахаар ердөө л 10 000 хүн үлджээ.

Тэгтэл яасан гээч! Ехова: «Чиний хүмүүс бас л олон байна» гэж хэлэв. Тэгээд Гидеонд энэ горхиноос цэргүүддээ ус уулга гэлээ. Ус уруу тонгойн амаараа уусан хүмүүсийг гэрт нь буцаах ёстой байв. Ехова Гидеонд: «Ус уухдаа сонор сэрэмжтэй байсан 300 дайчныхаа хамт ялалт байгуулахад чинь би тусална» гэж амлав.

Тулалдах цаг боллоо. Гидеон 300 хүнээ гурван бүлэг болгон хуваав. Хүн бүрд эвэр бүрээ, дотроо дэнлүүтэй сав бариулав. Шөнө дунд болоход тэд дайсны хуаранг бүслэв. Дараа нь бүрээгээ зэрэг үлээн, савнуудаа хага цохиод: «Ехова ба Гидеоны илд!» хэмээн хашгиралдав. Дайсны цэргүүд сэрээд, сандран үймж, айн зугтацгаав. Израильчууд тулалдаанд ялжээ.

Шүүгчид 6—8-р бүлэг.