Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 10

Усан галав

Усан галав

ХӨВӨГЧ АВДРЫН гадна үлдсэн хүмүүс хуучнаараа амьдарсаар л байв. Тэд Усан галав болно гэдэгт урьдын адил итгэхгүй байлаа. Тэд өмнөхөөсөө бүр илүү шоолон инээж байсан нь магад. Гэвч удалгүй шоолохоо больсон.

Гэнэт бороо цутгаж эхлэв. Тэнгэрээс яг хувингаар ус асгаж байгаа юм шиг байв. Ноагийн зөв байлаа! Гэхдээ хөвөгч авдарт оръё ч гэсэн дэндүү оройтсон байв. Ехова хаалгыг дангинатал хаажээ.

Удалгүй нам дор газрууд усаар дүүрч, маш том гол мөрөн шиг болов. Үерийн ус ой модыг үндсээр нь булга булга татан, том том чулууг өнхрүүлэн урсгаж, асар их дуу чимээ хадааж байлаа. Хүмүүс айдаст автаж, өндөрлөг газар өөд авирав. Тэд Ноагийн үгэнд орж, авдрын хаалга хаагдахаас өмнө тийшээ орохгүй яав даа гэж ямар их халагласан бол оо! Даанч хожимджээ.

Ус улам нэмэгдсээр байв. 40 өдөр, 40 шөнийн турш бороо цутгажээ. Ус уулын хормойгоор нэмэн нэмэгдсээр удалгүй хамгийн өндөр уулын орой ч далд оров. Тийнхүү Бурхны хэлснээр хөвөгч авдрын гадна байсан бүх хүн амьтан үхжээ. Харин дотор нь байгсад бүгд эсэн мэнд үлдэв.

Ноа хөвгүүдийнхээ хамт хөвөгч авдар барьсан нь тун сайн хэрэг болсон юм. Авдар дээш өргөгдөн, усны мандлаар хөвж байлаа. Нэг өдөр бороо зогсож нар гарчээ. Эргэн тойрноо харахад ямар байсан гэж санана! Хаашаа ч харсан далайн ус цэлийж, мандлаар нь ганцхан авдар хөвж байлаа.

Аварга хүмүүс байхгүй болжээ. Тэд орчныхоо хүмүүст хор хүргэхээ нэгэнт больжээ. Аварга хүмүүс, тэдний ээжүүд, мөн бусад бүх муу хүн үхсэн аж. Тэгвэл тэдний аавууд яасан бэ?

Аварга хүмүүсийн аавууд нь бидэн шиг жирийн хүмүүс байгаагүй юм. Тэд хүн болж амьдрахаар дэлхийд бууж ирсэн тэнгэр элчүүд байлаа. Тиймээс Усан галав болоход бусад хүнтэй хамт үхээгүй аж. Тэд өөрсдийн хийсэн хүн биеэ орхин, эргээд тэнгэр элч болон хувирч, тэнгэр өөдөө явжээ. Гэвч Бурхан тэднийг сүнсэн гэр бүлдээ дахин оруулаагүй юм. Тийм учраас тэд Сатаны тэнгэр элчүүд болжээ. Библид тэднийг «чөтгөр» гэж нэрлэдэг.

Дараа нь Бурхан салхи салхилуулахад үерийн ус татарч эхлэв. Таван сарын дараа хөвөгч авдар нэгэн уулын оройд тогтжээ. Дотор нь байсан хүмүүс олон хоногийн дараа гадагш хартал уулын орой үзэгдэв. Ус улам татарсаар байлаа.

Нэгэн өдөр Ноа хэрээ гэдэг хар өнгөтэй шувууг гадагш гаргав. Хэрээ нисэж нисэж, суух газар олоогүй учир буцаад иржээ. Ийм байдлаар түүнийг хэд хэдэн удаа нисгэхэд тэр болгонд нь буцан ирж, авдар дээр сууж байлаа.

Ноа ус татарсан эсэхийг мэдэхийг хүсэж байсан учраас дараагийн удаа тагтаа нисгэв. Гэтэл тагтаа суух газар олоогүй тул бас л буцаад ирэв. Харин түүнийг хоёр дахь удаагаа нисгэтэл, буцаж ирэхдээ чидун модны нахиа зуугаад иржээ. Тийнхүү Ноа ус татарсныг мэдэв. Тагтааг гурав дахь удаагаа нисгэхэд хуурай газар олсон учир эргэж ирсэнгүй.

Тэгээд Бурхан Ноад: «Авдраас гарагтун. Гэрийнхнийгээ, мөн бүх амьтныг гаргагтун» гэж хэлжээ. Тэд авдарт жил гаруй болсон ажээ. Тэд амьд үлдэж, газар дээр дахин хөл тавьсандаа хэчнээн их баяртай байсныг төсөөлөөд нэг үзээрэй!