Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 106

Шоронгоос суллагдсан нь

Шоронгоос суллагдсан нь

ШОРОНГИЙН хаалга онгойлгож байгаа тэнгэр элчийг хараач. Тэр, Есүсийн элч нарыг суллаж байна. Тэд юунаас болоод шоронд орсныг мэдэцгээе.

Есүсийн шавь нарыг ариун сүнс авснаас хойш төдий л удаагүй байхад ийм явдал болжээ. Нэгэн өдөр үдээс хойш Петр Иохан хоёр Иерусалимын сүмд очжээ. Сүмийн үүдэнд төрөлхийн тахир дутуу хүн байв. Хүмүүс түүнийг өдөр бүр энд авчирж тавихад тэр хүн сүмд ирэгсдээс гуйлга гуйдаг байжээ. Тэрбээр Петр Иохан хоёрыг хараад, юм өгөхийг гуйв. Элч нар яах бол?

Тэд зогсоод, мөнөөх гуйлгачин хүн уруу харлаа. «Надад мөнгө алга. Гэхдээ би өөрт байгаагаа чамд өгье. Есүсийн нэрээр босоод алх!» гэж Петр хэлээд, нөгөө хүний баруун гараас барьтал тэр хүн босон харайгаад, явж эхлэв. Хүмүүс үүнийг хараад гайхаж, энэ гайхамшгийг үзсэндээ их баяртай байлаа.

«Бид Есүсийг дахин амилуулсан Бурхны хүчээр энэ гайхамшгийг үйлдлээ» гэж Петр хэлэв. Иохан Петр хоёрыг тийн ярьж байх зуур шашны удирдагчид тэдэн дээр ирэв. Петр Иохан хоёр Есүсийн дахин амилсныг хүмүүст ярьж байсанд тэд уурлажээ. Тэгээд тэднийг барьж аваад, шоронд хийв.

Маргааш өдөр нь шашны удирдагчид хуралдав. Тэнд Петр Иохан хоёрыг, эдгээсэн хүнтэй нь хамт аваачлаа. Шашны удирдагчид: «Энэ гайхамшгийг та хоёр ямар хүчээр үйлдсэн бэ?» гэж асуув.

Есүсийг дахин амилуулсан Бурхны хүчээр үйлдсэнээ Петр хэлэв. Тахилчид ийм гайхамшиг үнэхээр болсныг үгүйсгэж чадаагүй тул яахаа мэдэхгүй байлаа. Тийм болохоор Есүсийн тухай дахин ярихгүй байхыг элч нарт анхааруулаад, тавьж явуулжээ.

Өдөр хоног өнгөрсөөр, элч нар Есүсийн тухай дэлгэрүүлж, өвчтэй хүмүүсийг эдгээсээр байлаа. Энэ гайхамшгийн тухай мэдээ энд тэндгүй тархав. Тиймээс Иерусалим орчмын хотуудаас өвчтэй нэгнээ эдгээлгэх гэсэн хүмүүс элч нарын зүг бөөн бөөнөөрөө цувж байлаа. Үүнээс болоод шашны удирдагчид атаархан хорсож, элч нарыг дахин барьж шоронд хийжээ. Гэвч элч нар тэнд удаан байсангүй.

Шөнө дөлөөр Бурхны тэнгэр элч шоронгийн хаалга онгойлгосныг зураг дээр дүрсэлжээ. Тэр тэнгэр элч: «Явж, сүмд очоод, ард олонд үргэлжлүүлэн яригтун» гэлээ. Маргааш өглөө нь шашны удирдагчид элч нарыг авчруулахаар шорон уруу хүмүүс явуулсанд тэд алга болсон байжээ. Сүүлд тэднийг сүмд дэлгэрүүлж байхад нь олоод Дээд шүүхийн танхимд авчирлаа.

Шашны удирдагчид: «Есүсийн тухай дахин заахгүй байхыг бид та нарт хатуу тушаасан. Гэтэл та нар Иерусалимыг сургаалаараа дүүргэлээ» гэв. Тэгэхэд нь элч нар: «Бид хүнд захирагдахаасаа илүү Бурханд захирагдах ёстой» гэж хариулав. Тийнхүү тэд «сайн мэдээ» дэлгэрүүлсээр л байлаа. Энэ нь бидний хувьд дагаж дуурайх сайхан жишээ биш гэж үү?

Үйлс 3—5-р бүлэг.