ӨГҮҮЛЛЭГ 111
Нойрондоо дийлдсэн хүү
ХҮҮЕ, та минь! Энд юу болоод байна аа? Газар хэвтэж байгаа хүү айхтар гэмтсэн юм уу даа? Хараач! Гэрээс гарч ирж байгаа хүмүүсийн нэг нь Паул байна! Тэнд бас Тимот байгааг харж байна уу? Хүү арай цонхноос уначихсан юм биш биз дээ?
Тийм ээ, үнэхээр тэгжээ. Паул Трой хотод шавь нартай ярилцаж байлаа. Маргааш өдөр нь усан онгоцонд суугаад, энэ хотоос явах ёстой тул тэдэнтэй дахин уулзахгүй удна гэдгээ мэдэж байсан юм. Тиймээс шөнө дунд хүртэл ярилцсан аж.
Тэгтэл Юутух гэдэг энэ хүү цонхны тавцан дээр сууж байгаад, нойрондоо дийлдээд унтчихав. Тэгснээ гурван давхрын цонхноос газар ойчлоо! Хүмүүс яагаад ингэж их санаа зовсныг чи одоо ойлгосон байх. Тэд хүүг үхчихсэн байх вий гэж айж байлаа. Тэгээд өргөж аваад хартал хүү үнэхээр үхчихсэн байв!
Паул, хүүг үхсэнийг мэдмэгц, дээр нь хэвтээд тэврэв. Тэгээд: «Бүү зов. Тэр зүв зүгээр!» гэлээ. Үнэхээр тийм байв! Энэ бол гайхамшиг байлаа! Паул түүнийг амилуулжээ! Бүгд хөөрөн баярлав.
Тэд буцаад дээд давхарт гарч, хооллолоо. Паул тэдэнтэй үүр цайтал ярилцжээ. Харин Юутух дахиж нойрмоглоогүй нь ойлгомжтой! Дараа нь Паул, Тимот болон тэдэнтэй хамт аялагч шавь нар усан онгоцонд суув. Тэд хаашаа явж байгааг чи мэдэх үү?
Паул гурав дахь удаагийн дэлгэрүүлэх аяллаа дөнгөж сая дуусгаад, гэртээ харих замдаа гарч байна. Паул энэ удаагийн аяллаараа ганц Ефес хотод л гэхэд гурван жил байсан билээ. Тийм учраас энэ нь хоёр дахь аяллаас удаан үргэлжилжээ.
Усан онгоц Тройгоос гараад, Милетэд түр зогсов. Эндээс Ефес хүртэл хэдхэн километр зайтай учраас Паул сүүлчийн удаа ярилцахаар Ефес хотын хурлын ахлагчдыг Милетэд ир гэж дуудсан байлаа. Дараа нь усан онгоц хөдлөх цаг болж, Паулыг явахад тэдэнд хэчнээн гунигтай байсан гээч!
Эцэст нь усан онгоц Кайсари хотод ирлээ. Паулыг Филип гэдэг шавийн гэрт байхад зөнч Агаб түүнд сэрэмжтэй байхыг сануулав. Тэр зөнч Паулыг Иерусалимд очмогцоо шоронд орно гэж хэлжээ. Гэтэл үнэхээр ийм юм болсон. Сүүлд, Паулыг Кайсари хотын шоронд хоёр жил хорьсны дараа «цезарь» буюу Ромын захирагчийн өмнө шүүхээр Ром уруу явуулжээ. Тийшээ очих замд юу тохиолдсоныг үзэцгээе.
Үйлс 19—26-р бүлэг.