Хоёрдугаар Петр 3:1–18
3 Хайрт ах дүү нар аа, би та нарт хоёр дахь захидлаа бичиж байна. Та нарыг зөв боддог хэвээрээ байгаасай гэж эхний болон энэ захидлаар сануулга өгч байгаа минь
2 ариун зөнчдийн эрт цагт хэлсэн үг, элчүүдээр тань өгүүлсэн Эзэн ба Аврагчийн тушаалыг санаж байгаасай гэснийх юм.
3 Юуны өмнө үүнийг мэдэгтүн. Эцсийн өдрүүдэд басамжлан доромжлогчид басамжлан доромжилсоор гарч ирнэ. Тэд хүслээ дагаж муу юм хийх бөгөөд
4 «Тэр ирнэ гэж амласан нь хаана байна вэ? Өвөг дээдсийг маань нойрссоноос хойш бүх юм бүтээлийн эхэнд байсан тэр л янзаараа байна шүү дээ» гэцгээнэ.
5 Учир нь тэд энэ баримтыг санаатайгаар үгүйсгэдэг. Юу гэвэл, тэнгэр нь өнө эртнээс байсан бөгөөд Бурхны үгийн дагуу газар уснаас ил гарсны зэрэгцээ усан дотор байсныг болон
6 үер болоход тэр үеийн ертөнц усаар устгагдсаныг үгүйсгэдэг.
7 Гэхдээ өнөөгийн тэнгэр газар нь нүгэлт хүмүүсийг шүүж устгах тэр өдөр галаар устгагдахын тулд тэр л үгийн дагуу хадгалагдаж байна.
8 Харин та нар үүнийг мартах ёсгүй, хайрт ах дүү нар аа. Еховагийн* хувьд нэг өдөр нь мянган жил, мянган жил нь нэг өдөр юм.
9 Зарим хүний боддог шиг Ехова* амласнаа биелүүлэх гэж уддаггүй. Харин ч та нарт тэвчээртэй ханддаг. Учир нь тэр хэнийг ч үхүүлэхийг хүсдэггүй, харин бүх хүнд гэмших боломж олгохыг хүсдэг билээ.
10 Гэхдээ Еховагийн* өдөр хулгайч мэт ирнэ. Тэр өдөр тэнгэр нүргэлсээр алга болно. Тэнгэр болон газар дээрх юмс галд хайлна. Газар болон түүн дээрх ажлууд илчлэгдэнэ.
11 Ийнхүү энэ бүхэн хайлах учир та нар биеэ хэрхэн авч явдгаа, юу хийдгээ бодох нь зүйтэй. Та нар ариун байж, Бурханд үнэнчээ үйлсээрээ батлах ёстой.
12 Еховагийн* өдөр ирэхийг хүлээж, тод санаж бай*. Тэр өдөр тэнгэрүүд галаар устгагдаж, тэнгэр газар дээрх юмс халуунд хайлна!
13 Гэхдээ шинэ тэнгэр, шинэ газрыг Бурхан амласан учир бид хүлээж байна. Тэнд шударга ёс үүрд ноёлно.
14 Хайрт ах дүү нар аа, та нар эдгээрийг хүлээж байгаа учир өөгүй, толбогүй бөгөөд өөртэй нь сайн харьцаатай гэж Бурханд тооцогдохын тулд чадах бүхнээ хий.
15 Түүнээс гадна, Бурхны тэвчээрийг аврал гэж үз. Бурхны ачаар мэргэн ухаантай болсон, бидний хайрт итгэл нэгт Паул бас энэ тухай та нарт бичсэн.
16 Үнэндээ, бүх захидалдаа энэ талаар бичсэн шүү дээ. Ойлгоход амаргүй зарим юм түүний захидалд байдаг. Гэхдээ мэдлэггүй*, эргэлзэгч хүмүүс Судрын бусад хэсгийг гуйвуулдаг шигээ тэдгээрийг бас гуйвуулдаг. Ийнхүү өөрсдийгөө сүйрүүлэх юм хийдэг.
17 Тиймээс хайрт ах дүү нар аа, та нар энэ тухай урьдаас мэддэг учир нүгэлт хүмүүсийн худал сургаалыг дагаж тэдэнтэй хамт төөрч, зөв замаас хазайхгүйн тулд өөрсдийгөө хамгаал.
18 Эзэн ба Аврагч Есүс Христ та бүхнийг улам их энэрэн нигүүлсэж, өөрийнх нь тухай та нарын мэдлэгийг арвижуулах болтугай. Сүр жавхлан одоо ч, үүрд мөнхөд ч түүнийх билээ. Амен.
Зүүлт
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгч. «түргэлүүл»
^ Эсвэл «заалгаагүй»