Хоёрдугаар Коринт 11:1–33

  • Паул ба мундаг элчүүд (1-15)

  • Паул элч болоод бэрхшээл туулсан нь (16-33)

11  Бага зэрэг мунхаглахыг минь тэвчихийг та бүхнээс гуйя. Үнэндээ бол та нар намайг тэвчдэг.  2  Бурхан та нарын төлөө санаа зовдог шиг би ч санаа зовж байна. Учир нь би та нарыг нэг эрэгтэй буюу Христтэй гэрлүүлэхээр амласан бөгөөд түүнд та нарыг ариун онгон бүсгүй мэт өгөхийг хүсдэг.  3  Харин могой зальжин аргаар Еваг мэхэлсэн шигээ та нарын бодол санааг яаж ийж байгаад самууруулж, бузар, үнэнч бус болгох вий гэхээс айж байна. Христийн дагалдагч үнэнч, ариун байх ёстой.  4  Хэн нэгэн нь Христийн талаар бидний ярьдгаас өөр юм ярихад, та нарын хүлээж авснаас өөр хүч та нарыг удирдахад, мөн хүлээж авснаас өөр сайн мэдээг тунхаглахад та нар тэвчдэг.  5  Танай мундаг элчүүдээс би юугаараа ч дутахгүй гэж боддог.  6  Би уран цэцэн ярьж чаддаггүй ч, мэдлэгийн хувьд дутах юмгүй. Үүнийг бид бүх юмаар, бүх талаар харуулсан. 7  Би Бурхны тухай сайн мэдээг та нараас юу ч авалгүй тунхагласан. Ийнхүү та нарыг өргөмжлөхийн тулд өөрийгөө даруу болгосон минь нүгэл үү?  8  Та нарт үйлчлэхийн тулд бусад хурлынхнаар туслуулж байсан минь тэднийг цөлмөснөөс өөрцгүй.  9  Та нартай хамт байхдаа юм юмаар дутаж байсан ч хэнд ч тээр болоогүй. Учир нь Македоноос ирсэн итгэл нэгтнүүд хэрэгтэй бүхнээр минь элбэг дэлбэг хангасан. Тийм ээ, би ямар нэг байдлаар тээр болохгүйг хичээсэн, хойшид ч хичээнэ.  10  Христийг дагаж байсан цагтаа Ахейн хүмүүст үүгээрээ бахархахаа хэзээ ч болихгүй.  11  Та нарт тээр болохгүй гэж хичээсэн минь ямар учиртай вэ? Хайргүй учраас уу? Хайртайг минь Бурхан мэднэ. 12  Би юу хийж байгаагаа үргэлжлүүлэн хийнэ. Энэ нь өөрсдийгөө элч гэдэг, бидэнтэй эн зэрэгцэхийг оролддог сайрхуу хүмүүсийг бардамнуулахгүйн тулд юм.  13  Учир нь тэд хуурамч элч бөгөөд хүмүүсийг мэхэлдэг, Христийн элчийн дүр үзүүлдэг.  14  Үүнд гайхах юм алга. Сатан ч тэнгэрийн сайн* элч болж хувирдаг.  15  Тэгэхээр, үйлчлэгчид нь ч зөв юм хийдэг болж хувирах нь мэдээжийн хэрэг. Гэхдээ тэдний төгсгөл үйлсийнх нь дагуу байх юм. 16  Би дахин хэлье. Намайг мунхаг гэж бүү бод. Гэхдээ мунхаг гэж бодож байвал намайг хүлцэн тэвчинэ үү. Би ч бас бага зэрэг сайрхах гэсэн юм.  17  Одоо би Эзний жишээг дагалгүй, өөрөөрөө сайрхдаг мунхаг хүн шиг ярьж байна.  18  Олон хүн ертөнцийн юмаар сайрхаж байгаа бол би ч бас сайрхъя.  19  «Ухаантай» та нар мунхаг хүмүүсийг яаж тэвчдэг юм бэ?  20  Өөрсдийг чинь боолчилдог, эд хөрөнгийг чинь сүйтгэдэг, байгаа юмыг чинь булаадаг, та нарыг дорд үзэн өөрсдийгөө өргөмжилдөг, нүүрэн дундуур чинь цохиод авдаг хүмүүсийг та нар хүлцэн тэвчдэг шүү дээ. 21  Та нарын зарим нь биднийг эрх мэдлээ эдэлж чадахааргүй арчаагүй хүмүүс гэж бодсон учраас ийм ичмээр юм хэллээ. Хэрэв зарим хүн сайрхахаасаа ичдэггүй юм бол би ч ичихгүй. Намайг мунхаг гэж бодвол ч бодог.  22  Тэд еврейчүүд үү? Би ч еврей. Тэд израйлчууд уу? Би ч израйл. Тэд Абрахамын үр удам уу? Би ч мөн.  23  Тэд Христийн дагалдагчид уу? Би галзуу хүн шиг хэлье. Би бол жинхэнэ дагалдагч нь мөн. Хийж бүтээснээрээ ч илүү, хоригдсоноороо ч илүү. Тоо томшгүй жанчуулж, үхлийн аюулд олон удаа орж байсан.  24  Иудейчүүд намайг таван удаа гучин ес ташуурдсан.  25  Намайг гурван удаа саваагаар жанчсан, над руу нэг удаа чулуу шидэцгээсэн юм. Би гурван удаа усан онгоцны сүйрэлд өртөж, тэнгисийн усанд өдөр шөнийг өнгөрүүлсэн.  26  Олон удаа аялж, гол усны аюул, дээрэмчдийн аюул, үндэс угсаа нэгтний аюул, харь үндэстний аюул, хотын аюул, говийн аюул, тэнгисийн аюул, хуурамч ах дүүгийн аюулд өртөж байсан.  27  Хүнд хүчир ажилд нухлуулж, ядарч туйлдан, олон удаа нойргүй хонож, өлсөж цангаж, хоол ундаар дутаж, даарч хөрч, өмсөх юмгүй болж* байлаа. 28  Эдгээрээс гадна өдөр бүр хурлуудын төлөө өөрийн мэдэлгүй санаа зовдог.  29  Сул дорой хүний төлөө санаа зовдог, бусдад гай болдог* хүнд уурладаг. 30  Хэрэв би сайрхах ёстой бол мөхөс гэдгээрээ сайрхана.  31  Эзэн Есүсийн Бурхан Эцэг, мөнхөд магтагдах нэгэн худал яриагүйг минь мэднэ.  32  Дамаск хотод Арет хааны захирагч намайг баривчлах гэж хотын хаалгыг цагдаж байлаа.  33  Итгэл нэгтнүүд маань намайг сагсанд суулгаад цонхоор гаргаж, хотын хана дагуулан буулгасан юм. Ингэж би түүний гараас мултарсан.

Зүүлт

Эсвэл «гэрлийн»
Үгч. «нүцгэрч»
Эсвэл «бусдыг бүдрүүлдэг»