Элчүүдийн үйлс 3:1–26
3 Петр Ёохан хоёрыг залбирлын цаг буюу есдүгээр цагт* сүмд очихоор явж байхад
2 хүмүүс төрөлхийн доголон нэг хүнийг авчирч байв. Тэд түүнийг өдөр бүр сүмийн Үзэсгэлэнт хэмээх хаалганы дэргэд суулгахад өнөөх эрэгтэй сүмд ирж буй хүмүүсээс гуйлга гуйдаг байлаа.
3 Тэрээр сүм рүү орж яваа Петр Ёохан хоёрыг хараад гуйлга гуйв.
4 Петр Ёохан хоёр түүн дээр харц тогтоон «Наашаа хар даа» гэж хэлэхэд
5 юм өгөх нь гэж горьдон анхааралтай гэгч нь харав.
6 Петр: «Надад алт мөнгө байхгүй. Гэхдээ байгаагаа өгье. Назарын Есүс Христийн нэрийн өмнөөс хэлье. Босоод алх!» гээд
7 баруун гараас нь барьж өндийлгөхөд тэр даруй өнөөх эрийн хөл, шагайд хүч оржээ.
8 Тэгэхэд үсрэн босоод явж эхлэв. Тэгээд үсэрч цовхчин Бурхныг магтсаар тэдэнтэй хамт сүмд орлоо.
9 Хүмүүс түүний явж байгааг, Бурхныг алдаршуулж байгааг хараад
10 Үзэсгэлэнт хэмээх хаалганы дэргэд суудаг байсан гуйлгачин мөн болохыг таньж, ихэд гайхан, итгэж ядан байв.
11 Өнөөх эр Петр Ёохан хоёрын гараас барин зогсож байтал гайхсан хүмүүс Соломоны баганат танхим руу яаран гүйж ирлээ.
12 Петр үүнийг хараад «Израйлчууд аа, та нар юунд ингэтлээ гайхна вэ? Бид өөрсдийнхөө чадлаар, эсвэл Бурханд үнэнчийнхээ ачаар энэ хүнийг явдаг болгосон мэт юунд биднийг ширтэнэ вэ?
13 Абрахам, Исаак, Иаковын Бурхан, өвөг дээдсийн маань Бурхан өөрийн Үйлчлэгч Есүсээ өргөмжилсөн. Та нар түүнийг барьж өгсөн ч Пилат суллах бодолтой байсан. Гэтэл та нар түүнийг Пилатын өмнө үгүйсгэсэн.
14 Тийм ээ, ариун, гэмгүй хүнийг үгүйсгэж, харин алуурчныг суллаж өгөхийг хүссэн шүү дээ.
15 Тэгсэн атлаа амь өгөхөөр томилогдсон Нэгнийг* алсан. Гэвч Бурхан түүнийг амилуулсны гэрч нь бид юм.
16 Тэгэхээр та нарын мэддэг, одоо харж байгаа энэ хүнийг бид Есүст* итгэдгийнхээ ачаар, Есүсийн нэрээр та бүхний өмнө бүрэн эдгээлээ.
17 Ах дүү нар аа, та нар удирдагчдынхаа адилаар юу хийж байгаагаа мэдэлгүй түүнийг алсныг би мэдэж байна.
18 Гэхдээ Христийг зовно гэж бүх зөнчөөрөө урьдаас хэлүүлснээ Бурхан биелүүлсэн хэрэг байсан юм.
19 Тиймээс нүглээ уучлуулъя гэвэл гэмшиж, Бурхан руу эргэцгээ. Тэгвэл Ехова* та нарыг сэргээж,
20 та нарын төлөө томилсон Христ буюу Есүсийг илгээнэ.
21 Бурхан эртний ариун зөнчдөөрөө хэлүүлсэн бүхнээ сэргээх тэр цаг болтол Есүс тэнгэрт байх учиртай.
22 Мосе: “Та нарын Бурхан Ехова* ах дүүгийн чинь дундаас над шиг зөнчийг гаргаж ирнэ. Та нар түүний хэлэх бүхнийг биелүүлэх ёстой.
23 Тэр Зөнчийн хэлснийг биелүүлээгүй хэнийг ч Бурхан бүрмөсөн устгана” гэж хэлсэн.
24 Самуел болон түүнээс хойших бүх зөнч тэр өдрүүдийг тодорхой тунхагласан.
25 Та нар тэр зөнчдийн үр удам бөгөөд өвөг дээдэстэй чинь Бурхны байгуулсан гэрээний ач тусыг хүртэгчид билээ. Бурхан Абрахамд “Чиний үр хүүхдээр дамжуулан дэлхийн бүх айл өрх ивээл хүртэнэ” хэмээсэн.
26 Бурхан Үйлчлэгчээ амилуулаад та нар луу эхэлж явуулсан нь та нарын хүн нэг бүрийг бузар муу замаасаа эргэхэд туслан ивээхийн тулд юм» гэж хэллээ.
Зүүлт
^ 15 цагийн орчим
^ Үгч. «Гол удирдагчийг»
^ Үгч. «түүний нэрэнд»
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.