Элчүүдийн үйлс 16:1–40

  • Паул Тимотыг сонгов (1-5)

  • Македон хүний тухай үзэгдэл (6-10)

  • Филипойд Лудиа баптисм хүртэв (11-15)

  • Паул, Силас хоригдов (16-24)

  • Шоронгийн хуяг гэрийнхэнтэйгээ баптисм хүртэв (25-34)

  • Паул албан ёсоор уучлал гуйхыг шаардав (35-40)

16  Паул Дербт, дараа нь Лустрад очжээ. Тэнд Христэд итгэдэг иудей эхтэй, грек эцэгтэй Тимот гэгч дагалдагч байжээ.  2  Түүний талаар Лустра болон Иконионы ах дүү нар ам сайтай байв.  3  Паул Тимотыг дагуулж явах хүсэлтэйгээ мэдэгдээд хамт явахаар болжээ. Гэхдээ эхлээд хөвчийг нь таслав. Учир нь нутгийн иудейчүүд Тимотыг грек эцэгтэй гэж мэддэг байлаа.  4  Ингээд тэд дайрч өнгөрсөн хот болгоныхоо дагалдагчдад Иерусалим дахь элчүүд, ахлагчдын гаргасан шийдвэрийг баримтлахыг уриалж явав.  5  Үүний үрээр хурлынхны итгэл улам бүр батжиж, тооны хувьд өдрөөс өдөрт нэмэгдэж байлаа. 6  Бурхан агуу хүчээрээ заавар өгч Ази мужид үгийг нь тунхаглахыг хориглосон учир тэд Фриг, Галатаар явжээ.  7  Тэгээд Муст ирээд Битун руу явахыг зорьсон боловч Есүс зөвшөөрөхгүй байгаагаа агуу хүчээрээ* мэдэгдэв.  8  Тэгэхээр нь Мус нутгаар явсаар Тройд ирлээ.  9  Шөнө нь Паул гайхамшгаар үзэгдэл үзжээ. Тэр үзэгдэлд нэгэн македон хүн: «Македонд ирж бидэнд туслаач» хэмээн гуйх ажээ.  10  Иймээс бид тэр даруй Македон руу явахаар болов. Учир нь тэдэнд сайн мэдээ тунхаглахыг Бурхан тушаалаа гэж ойлгосон юм. 11  Ийнхүү бид Тройгоос усан онгоцоор шууд Самотрак руу явж, маргааш нь Неаполд очлоо.  12  Тэндээсээ Македон мужийн төв, Ромын эзэмшил Филипой хотод хүрч хэд хонов.  13  Амралтын өдөр гол руу очихоор хотын хаалгаар гарлаа. Тэнд залбирлын газар байгаа болов уу гэж бид бодсон юм. Тэгээд тэнд байсан эмэгтэйчүүдтэй ярилцав.  14  Тэдний дунд Лудиа гэгч сүсэг бишрэлтэй эмэгтэй байлаа. Тэр Туатэр хотоос ирсэн бөгөөд ягаан өнгийн бөс даавуу худалдаалдаг байв. Ехова* туслахад* Лудиа Паулын хэлснийг хүлээн авчээ.  15  Тэгээд гэрийнхэнтэйгээ хамт баптисм хүртээд «Та нар намайг Еховад* үнэнч хүн гэж үздэг бол ирж манайд бай л даа» гэж ятгасаар байгаад гэртээ авчирсан юм. 16  Биднийг залбирлын газар луу явж байтал чөтгөрт эзэмдүүлсэн нэгэн зарц охин тааралдлаа. Тэрээр мэргэ төлгөөр эздэдээ их мөнгө олж өгдөг байжээ.  17  Өнөөх охин Паул бид хэдийг даган явж «Энэ хүмүүс бол Хамгийн дээд Бурхны зарц нар бөгөөд авралд хүрэх замыг та нарт тунхаглаж байна» гэж хашхирч байлаа.  18  Энэ явдал олон өдөр давтагдсан бөгөөд Паул залхсандаа охиныг эзэмдсэн чөтгөрт «Есүс Христийн нэрийн өмнөөс чамд тушааж байна. Охиноос гар» гэж хэлмэгц чөтгөр гарчээ. 19  Зарц охины эзэд дахин орлого олох аргагүй болсноо ойлгоод Паул Силас нарыг барьж, захирагчид руу хүргэхээр зах* руу хүчээр авч явав.  20  Тэгээд захирагчдад «Энэ иудейчүүд хотыг маань түйвээж байна.  21  Ромчууд бидний хувьд хүлээн авч, сахиж мөрдөх ёсгүй зан заншлыг зааж байна» гэцгээжээ.  22  Цугласан олон ч Паул Силас хоёрыг эсэргүүцэв. Тэгэхэд захирагчид тэдний хувцсыг хүү татаж, ташуурдахыг тушаалаа.  23  Олон удаа ташуурдсаны эцэст шоронд хориод сайтар манахыг хуягт тушаажээ.  24  Хуяг ч тушаал ёсоор тэднийг шоронгийн мухрын өрөөнд хорьж, хөлийг нь дөнгөлөв. 25  Шөнө дунд Паул Силас хоёр Бурханд залбирч, магтуу дуулахад хоригдлууд бүгдээрээ сонсож байв.  26  Гэнэт газар хүчтэй хөдөлж, шоронгийн суурь доргив. Бас шоронгийн бүх хаалга нээгдэж, хоригдлуудын гинж тайлагджээ.  27  Хуяг сэрээд хартал шоронгийн хаалганууд онгорхой байв. Хоригдлуудыг оргожээ гэж бодоод амиа хорлохоор сэлмээ гаргаж ирэхэд  28  Паул чанга дуугаар «Амиа бүү хорло! Бид бүгдээрээ энд байна» гэж хашхирчээ.  29  Хуяг бамбар авчруулаад Паул Силас хоёр луу гүйн очиж, айж чичирсээр өмнө нь сөхрөн унав.  30  Тэгээд тэднийг гадагш гаргаад «Эрхмүүд ээ, би яавал аврагдах вэ?» гэж асуухад  31  тэд: «Эзэн Есүст итгэ. Та ч, танай гэрийнхэн ч аврагдана» хэмээжээ.  32  Тэгээд Еховагийн* үгийг хуяг болон гэрийнхэнд нь ярилаа.  33  Хуяг тэдний шархыг угааж болохоор газар дагуулж очоод цэвэрлэж боожээ. Тэгээд гэрийнхэнтэйгээ тэр даруй баптисм хүртэж  34  Паул Силас хоёрыг гэртээ дагуулж ирээд ширээ засан хооллож ундалжээ. Бурханд итгэдэг болсондоо тэднийхэн ихэд баярлав. 35  Өглөө болоход захирагчид «Тэр хүмүүсийг сулла» гэж хэлүүлэхээр цагдаа нарыг явуулжээ.  36  Хуяг: «Та хоёрыг суллуулахаар захирагчид хүн явуулсан байна. Гараад амар тайван яв даа» гэж Паулд хэлэв.  37  Харин Паул цагдаа нарт «Ромын иргэн биднийг албан ёсоор шүүгээгүй атлаа олны өмнө ташуурдаж шоронд хийчихээд одоо нууцаар гаргах нь уу? Тэгж ярихгүй шүү! Захирагчид өөрсдөө ирж биднийг гаргаг» гэжээ.  38  Цагдаа нар Паулын хэлснийг захирагчдад дамжуулахад Ромын иргэд гэдгийг мэдээд айв.  39  Тиймээс өөрсдөө ирж, уучлал гуйжээ. Тэгээд шоронгоос гаргаад хотоос явахыг гуйв.  40  Харин Паул Силас хоёр Лудиагийн гэрт очоод ах дүү нартай уулзаж, урамшуулан зоригжуулаад замд гарчээ.

Зүүлт

Бурхан Есүст агуу хүч өгсөн.
Үгч. «зүрх сэтгэлийг нь өргөн нээхэд»
Наймаа хийхээс гадна олон нийтээрээ цугладаг газар