Эхлэл 6:1–22
6 Газар дээр хүмүүс өнөр өтгөн болж эхлэв. Тэднийг охидтой болоход
2 жинхэнэ Бурхны хөвгүүд* хүний охидын гоо үзэсгэлэнтэйг хараад сонгосон болгоноо эхнэрээ болгон авах болжээ.
3 Тэгэхэд Ехова: «Би нүгэлт хүмүүсийг дандаа тэвчээд байж чадахгүй. Иймээс тэдний амьд явах хугацаа 120 жил* байх юм» гэж айлдав.
4 Бурхан үүнийг айлдах үед дэлхий дээр нефилимүүд* байжээ. Яагаад гэвэл тухайн үед жинхэнэ Бурхны хөвгүүд эмэгтэйчүүдтэй унтаж, хөвгүүдтэй болж байв. Тэдний дундаас төрсөн хөвгүүд алдар нэртэй, хүч чадалтай хүмүүс байлаа.
5 Дэлхий дээрх хүмүүсийн хорон муу явдал үлэмж ихсэж, зүрхнийх нь бодол хандлага ямагт муу муухай байх болсныг Ехова харжээ.
6 Тэгээд Ехова дэлхий дээр хүнийг бүтээсэндээ харамсан*, сэтгэл нь энэлэн шаналав.
7 Иймд Ехова: «Би хүмүүсийг мал амьтан, хэвлээр явагч, тэнгэрийн шувуудтай хамт газрын хөрснөөс арчина. Яагаад гэвэл би тэднийг бүтээсэндээ харамсаж байна» хэмээжээ.
8 Харин Ноа Еховагийн таалалд нийцсэн юм.
9 Энэ бол Ноагийн түүх юм.
Ноа үнэнч шударга хүн байв. Тухайн үеийнхнийхээ дунд гэм зэмгүй бөгөөд жинхэнэ Бурхантай хамт явсан хүн билээ.
10 Тэрбээр Шем, Хам, Иафет гэдэг гурван хүүтэй болсон юм.
11 Бурхныг харахад дэлхий завхарч, хүчирхийллээр дүүрсэн байлаа.
12 Бурхныг харахад дэлхий үнэхээр завхарсан байв. Дэлхий дээрх бүх хүн завхарчээ.
13 Үүний дараа Бурхан Ноад «Хүнээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрсэн тул би тэднийг устгахаар шийдлээ. Иймд тэднийг болон газар дээрх бүхнийг устгана.
14 Чи давирхайт модоор хөвөгч авдар барь. Тасалгаа гаргаж, авдраа дотор гадаргүй давирхайд.
15 Хөвөгч авдраа ингэж бариарай. Урт нь 300 тохой*, өргөн нь 50 тохой, өндөр нь 30 тохой байх ёстой.
16 Авдрын оройгоос нэг тохой доор гэгээвч* хий. Авдар хажуу талдаа хаалгатай, гурван давхар байна.
17 Би тэнгэрийн доорх амин амьсгалтай бүх махан биетнийг устгахаар газар дэлхий дээр үер буулгана. Газар дэлхий дээрх бүхэн устана.
18 Би чамтай гэрээ байгуулж байна. Чи эхнэр, хөвгүүд, бэрүүдтэйгээ хөвөгч авдарт орох ёстой.
19 Түүнчлэн амьтдыг аврахын тулд төрөл бүрээс нь хоёрыг буюу эр, эмээр нь хөвөгч авдарт оруул.
20 Эсэн мэнд үлдэхийн тулд жигүүртэн амьтад төрөл төрлөөрөө, мал адгуус төрөл төрлөөрөө, хэвлээр явагч бүх амьтан төрөл төрлөөрөө, бүгд хос хосоороо чам дээр ирж авдарт орно.
21 Харин чи өөртөө болон амьтдад зориулж бүх төрлийн хоол хүнсийг цуглуулж, авч орох ёстой» хэмээн айлдав.
22 Ноа Бурхны тушаасан болгоныг биелүүлэв. Бүхнийг хэлсэн ёсоор нь гүйцэтгэжээ.
Зүүлт
^ Тэнгэрийн элчүүдийг хэлдэг еврей хэлц үг
^ Үерээр хорон муу хүмүүсийг устгатал 120 жил үлдсэнийг хэлжээ.
^ «Унагаагч» буюу бусдыг унагадаг гэсэн утгатай бололтой. Үгийн тайлбараас «Нефилим»-ийг үзнэ үү.
^ Эсвэл «гашуудан»
^ 1 тохой нь 44,5 см. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
^ Еврейгээр «цохар». Энэ үгээр гэгээвчийг биш, нэг тохой өндөр, налуу дээврийг хэлдэг гэж тайлбарлах нь бий.