Эхлэл 45:1–28

  • Иосеф өөрийгөө илчлэв (1-15)

  • Иосефын ах дүү нар Иаков дээр буцаж ирэв (16-28)

45  Иосеф зарц нарынхаа өмнө сэтгэлээ барьж чадахгүйд хүрээд «Бүгдээрээ гарцгаа!» гэж хашхирчээ. Ах дүүдээ өөрийгөө илчлэхэд нь нэг ч зарц тэнд байсангүй. 2  Иосеф чанга гэгч нь уйлж эхлэв. Уйлах нь египетчүүдэд ч, фараоны ордныхонд ч сонсогджээ. 3  Дараа нь Иосеф ах дүүдээ «Би Иосеф байна. Аав минь амьд сэрүүн байгаа юу?» гэхэд ах дүү нь гайхаж балмагдсандаа үг дуугарсангүй. 4  Иосеф: «Алив, нааш ирээч» гэхэд тэд дөхөн очлоо. Иосеф: «Би Иосеф байна. Та нарын египетчүүдэд зарсан дүү чинь байна. 5  Гэхдээ намайг зарсандаа бүү шанал, нэг нэгнээ бүү буруутга. Яагаад гэвэл Бурхан та нарын амийг аврахаар намайг та нараас түрүүнд ийш нь явуулжээ. 6  Газар нутаг өлсгөлөнд нэрвэгдээд хоёр дахь жилээ үзэж байна. Дахиад таван жил газар хагалахгүй, ургац хураахгүй. 7  Харин Бурхан та нарыг ер бусын аргаар аварч амьд үлдээх гээд, та нарын төлөө газар дээр үр удмыг чинь үлдээх гээд намайг та нараас түрүүнд явуулжээ. 8  Иймээс намайг ийш нь явуулсан нь та нар биш, жинхэнэ Бурхан юм. Бурхан намайг фараоны ахлах зөвлөх болгож, ордныг нь хариуцуулж, Египетийн бүх нутгийн захирагч болгохоор явуулжээ. 9  Аав дээр минь түргэн буцаж очоод ийн хэл. “Таны хүү Иосеф ингэж хэллээ. «Бурхан намайг Египетийн бүх нутгийн эзэн болгосон. Над дээр ирнэ үү. Даруйхан ирээрэй. 10  Тэгээд Гошен нутагт суугаарай. Тэгвэл та ч, таны үр хүүхэд, ач зээ нар ч, мал сүрэг, байгаа бүхэн тань ч надтай ойрхон байх юм. 11  Дахиад таван жил өлсгөлөн болох учраас би таныг, таны гэрийнхэн, байгаа бүхнийг тань тариа будаагаар хангая. Тэгвэл өлсгөлөнд нэрвэгдэхгүй»” гэж хэлээрэй. 12  Та нартай ярьж байгаа хүн бол Иосеф би үнэхээр мөн гэдгийг та нар ч, миний дүү Бениамин ч харж байна. 13  Иймээс Египетэд нэр хүндтэй явааг минь, бас үзсэн харсан болгоноо аавд ярьж өгөөрэй. Одоо бушуухан яваад аавыг минь аваад ир» гэжээ. 14  Тэгээд Иосеф дүү Бениаминаа хүзүүгээр нь тэвэрч аваад уйлахад Бениамин ч ахыгаа тэврэн уйллаа. 15  Иосеф ах нараа бүгдийг нь үнсээд тэвэрч уйлав. Үүний дараа тэд Иосефтой ярьжээ. 16  «Иосефын ах дүү иржээ!» гэсэн мэдээ фараоны ордныхонд хүрэхэд фараон болон зарц нар нь баярлажээ. 17  Тэгээд фараон Иосефт «Ах дүүдээ ийн хэл. “Унаа хөсөг, ачаа бараагаа аваад Канаанд очиж 18  эцгээ, гэрийнхнээ аваад над дээр ир. Би та нарт Египетийн сайн сайхан бүхнийг өгье. Та нар энэ газар нутаг дахь хамгийн сайныг иднэ”. 19  Бас ингэж хэлэгтүн. “Египетээс эхнэр хүүхдэдээ тэрэгнүүд авч яваад нэгэнд нь эцгийгээ суулгаад аваад ир. 20  Эд хөрөнгөдөө харамсах хэрэггүй. Учир нь Египетийн сайн сайхан бүхэн та нарынх болно”» гэжээ. 21  Израйлын хөвгүүд хэлснээр нь хийв. Иосеф тэдэнд замын хүнс, бас фараоны тушаалаар тэрэгнүүд өгчээ. 22  Хүн бүрд нэг ээлжийн хувцас, харин Бениаминд 300 мөнгөн шекел, таван ээлжийн хувцас өгөв. 23  Тэрбээр эцэгтээ зориулж 10 илжгэнд Египетийн сайхан эд зүйлсийг, 10 эм илжгэнд тариа будаа, талх, замынх нь хүнсийг ачаад явуулжээ. 24  Иосеф ах дүүгээ явахад нь «Замдаа битгий муудалцаарай» гэж захиад үдэж гаргав. 25  Ингээд тэд Египетээс Канаан руу явж эцэг Иаков дээрээ иржээ. 26  Тэгээд эцэгтээ «Иосеф одоо ч амьд байна. Бүр Египет нутгийн захирагч болжээ!» гэв. Гэвч эцэг нь тэдэнд итгээгүй тул ойшоосонгүй. 27  Харин тэднийг Иосефын хэлсэн ярьсан бүхнийг ярьж өгөхөд, бас өөрийг нь авчруулахаар Иосефын явуулсан тэрэгнүүдийг хараад Иаковын сэтгэл уужирч сэргэв. 28  Израйл: «Одоо л итгэлээ! Миний хүү Иосеф амьд байгаа юм байна! Үхэхээсээ өмнө явж хүүтэйгээ уулзъя!» гэлээ.

Зүүлт