Эфэсчүүдэд бичсэн захидал 5:1–33
5 Тиймээс, хайрт хүүхдүүдийнх нь хувьд та нар Бурхныг дуурайж яваарай.
2 Бас Христ биднийг* хайрласан бөгөөд бидний* төлөө өөрийгөө анхилуун үнэрт өргөл ба тахил болгож Бурханд өргөсний адилаар хайранд хөтлөгдөж яваарай.
3 Ариун хүмүүст үл нийцэх садар самуун*, аливаа бузар булай, шуналын талаар та нар дурсах ч учиргүй.
4 Ичгүүргүй авирлах, дэмий хоосон* юм ярих, шалиг завхай юм ярьж хошигнох нь зохисгүй. Харин Бурханд талархаж бай.
5 Учир нь садар явдалтай* хүн, ариун бус хүн, шүтээн шүтэгчтэй зүйрлэм шунахай хүн Бурхны болон Христийн Хаант төрийг өвлөхгүй гэдгийг та нар мэддэг, ойлгодог.
6 Хэний ч хоосон үгэнд бүү хуурт. Яагаад гэвэл дээр дурдсан зүйлийг үйлддэг дуулгаваргүй хүмүүст Бурхан уурладаг.
7 Тиймээс тэдэн шиг байж болохгүй.
8 Яагаад гэвэл та нар харанхуй байсан ч Эзнийх болсон учир одоо гэрэл юм. Гэрлийн хүүхдүүд бай.
9 Учир нь аливаа сайн үйл, шударга сайн явдал, үнэн нь гэрлийнх*.
10 Эзний таалалд юу нийцдэгийг магадалж бай.
11 Харанхуйн үр ашиггүй* үйл хэрэгт оролцохоо боль. Харин ч тэдгээрийг илчил.
12 Учир нь тэдний нууцаар хийдэг юмыг ярихаас ч ичмээр.
13 Гэрэл бүхнийг илчилдэг. Илчлэгдсэн бүхэн нь гэрэл болдог.
14 Тиймд «Нойрсогч оо, сэр. Амил*. Христ чиний дээр гэрэлтэнэ» хэмээсэн байдаг.
15 Мунхаг биш, мэргэн байхын тулд өөрсдийгөө үргэлж шалга.
16 Цагаа зөв ашигла*. Учир нь бид хэцүү цаг үед* амьдарч байна.
17 Тийм учраас мунхаглахаа боль. Ехова* юу хүсдэгийг ухаар.
18 Түүнчлэн, согтож болохгүй*. Ингэвэл дураараа дургих аюултай. Харин Бурхны агуу хүчээр удирдуулж бай.
19 Еховаг* зүрх сэтгэлийнхээ угаас магтаж, дуулал, магтуу, түүнд зориулсан дууг талархах сэтгэлээр дуулан нэг нэгнээ* зоригжуул.
20 Бүх юмны төлөө Эзэн Есүс Христээр дамжуулан* Эцэг буюу Бурхандаа хэзээ ямагт таларх.
21 Христийг гүнээ хүндэтгэж бие биедээ захирагдаж бай.
22 Эхнэрүүд ээ, Эзэнд захирагддаг шигээ нөхөртөө захирагд.
23 Христ бол хурлын тэргүүн, биеийн аврагч билээ. Үүнтэй адилаар, нөхөр нь эхнэрийнхээ тэргүүн юм.
24 Хурал Христэд захирагддаг шиг эхнэр хүн бүх талаар нөхөртөө захирагдах ёстой.
25 Нөхрүүд ээ, Христ хурлыг хайрлаад амиа өгсний адил эхнэрээ хайрлаж яв.
26 Христ хурлыг ус буюу Бурхны үгээр угааж ариусгасан нь
27 хурлыг цог жавхлантай буюу ямар ч толбогүй, ямар ч үрчлээсгүй, өөр ямар ч өө сэвгүй, харин ариун, гэм зэмгүй байлгахыг хүссэнийх юм.
28 Үүнтэй адил, нөхөр хүн эхнэрээ өөрийн бие шиг хайрлах ёстой. Эхнэрээ хайрладаг хүн өөрийгөө хайрладаг.
29 Хүн хэзээ ч өөрийгөө* үзэн яддаггүй, харин тэжээдэг, хайрладаг. Христ ч хурлыг тэжээдэг, хайрладаг.
30 Яагаад гэвэл бид биеийнх нь эрхтнүүд.
31 «Тиймээс эр хүн эцэг эхээ орхиж, эхнэртэйгээ нийлээд* нэг бие болно».
32 Энэ ариун нууц нь агуу юм. Би Христ болон хурлын тухай хэлж байна.
33 Хүн бүр өөрийгөө хайрладаг шигээ эхнэрээ хайрлах ёстой. Харин эхнэр хүн нөхрөө гүнээ хүндэтгэх ёстой.
Зүүлт
^ Эсвэл «та нарыг» гэсэн бололтой.
^ Эсвэл «та нарын» гэсэн бололтой.
^ Грекээр «порнея». Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгч. «мунхаг»
^ Үгийн тайлбараас «Садар самуун»-ыг үзнэ үү.
^ Үгч. «гэрлийн үр жимс»
^ Үгч. «үр жимсгүй»
^ Үгч. «үхэгсдээс бос»
^ Үгч. «Цагийг худалдаж ав»
^ Үгч. «бузар булай өдрүүдэд»
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгч. «дарсанд согтож болохгүй»
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Эсвэл «өөрийгөө» гэсэн бололтой.
^ Үгч. «Христийн нэрээр»
^ Үгч. «махан биеэ»
^ Грек үг нь «нийлүүлээд наачихсан мэт салахгүй байх» гэсэн утгатай.