Шүүгчид 6:1–40

  • Мидиан Израйлыг дарлав (1-10)

  • Тэнгэрийн элч шүүгч Гидеонд дэм өгөв (11-24)

  • Гидеон Баалын тахилын ширээг нураав (25-32)

  • Бурхан агуу хүчээ Гидеонд өгөв (33-35)

  • Ноосоор шалгав (36-40)

6  Израйлчууд Еховагийн бузар муу гэж үздэг зүйлсийг дахин хийсэн учраас Ехова тэднийг долоон жил мидианчуудын эрхшээлд байлгав. 2  Мидианчуудын дарлалаас болж израйлчууд уул, агуй болон хүрэхэд бэрх газруудад хоргодох газрууд* бэлтгэв. 3  Израйлчуудыг тариа тарих болгонд мидианчууд, амалекчууд, зүүн нутгийнхан довтолдог байлаа. 4  Тэд хуарагнан буудаллаад Газ хүртэлх бүх нутгийн ургацыг сүйтгэж, израйлчуудад ямар ч хоол хүнс, хонь, үхэр, илжиг үлдээдэггүй байжээ. 5  Тэд мал сүрэг, майхантайгаа царцаа шиг олуулаа ирдэг бөгөөд тэд ч, тэмээнүүд нь ч тоолохын аргагүй олон байв. Тэд ирж, газар нутгийг сүйтгэдэг байлаа. 6  Израйлчууд мидианчуудаас болоод үгүйрэн хоосорч, Еховагаас тусламж гуйжээ. 7  Тэднийг мидианчуудаас болоод Еховагаас тусламж гуйхад нь 8  Ехова Израйл руу зөнчөө илгээв. Тэр зөнч: «Израйлын Бурхан Ехова: “Би та нарыг Египетээс гарган авчирч, боолчлолоос чөлөөлсөн. 9  Би та нарыг Египетийн савраас, мөн бүх дайснаас чинь аварсан. Дайснуудыг чинь нутгаас нь хөөн гаргаад та нарт газар нутгийг нь өгсөн. 10  Би та нарт «Би бол та нарын Бурхан Ехова. Та нар оршин суугаа нутгийнхаа аморичуудын бурхдыг шүтэх* ёсгүй» гэж хэлж байсан. Гэтэл та нар миний үгийг дагаагүй” гэж айлдаж байна» гэжээ. 11  Дараа нь Еховагийн тэнгэрийн элч абиезер хүн Иоашийн эзэмшил болох Офрад байдаг том модны дор очиж суув. Тэгэхэд Иоашийн хүү Гидеон мидианчуудаас буудайгаа нуун усан үзмийн шахуургад цайруулж байлаа. 12  Еховагийн тэнгэрийн элч түүнд үзэгдэж «Хүчит дайчин минь, Ехова чамтай хамт байна» гэж хэлэв. 13  Тэгэхэд нь Гидеон: «Эзэнтэн минь, намайг өршөөгөөрэй. Ехова бидэнтэй хамт байгаа юм бол яагаад энэ бүхэн тохиолдоно вэ? “Ехова биднийг Египетээс гаргасан” гэж эцэг өвгөдийн маань яриад байсан тэр бүх гайхамшигт үйлс хаана байна вэ? Ехова биднийг орхиж, мидианчуудад дарлуулж байна» гэж хариулжээ. 14  Ехова* Гидеон руу хараад «Явж, хүчээ дайчлан израйлчуудыг мидианчуудаас авар. Би чамайг илгээж байна» гэж хэлэв. 15  Гидеон хариуд нь «Ехова, та намайг өршөөгөөрэй. Би яаж Израйлыг аврах билээ? Манай бүл Манассе овог дотроо хамгийн өчүүхэн нь. Би ч эцгийнхээ бүлийнхнээс хамгийн өчүүхэн нь шүү дээ» гэв. 16  Ехова түүнд «Би чамтай хамт байх учраас чи нэг хүнийг дийлэх мэт мидианчуудыг бут цохино» хэмээн айлджээ. 17  Гидеон: «Хэрвээ би таны таалалд нийцсэн бол энэ үгийг та өөрөө хэлж байгаа гэдгээ баталж тэмдэг үзүүлээч. 18  Би танд хоол хийж авчиръя. Тэр болтол битгий яваач» гэв. Тэгэхэд нь «Эргэж иртэл чинь би хүлээж байя» гэв. 19  Гидеон яваад ямаа төхөөрч, нэг ефа* гурилаар исгээгүй талх хийлээ. Махаа сагсанд хийж, шөлөө тогоонд хийгээд том модны дор авчирч, түүнд өгөв. 20  Жинхэнэ Бурхны тэнгэрийн элч: «Тэнд байгаа хадан дээр мах, исгээгүй талхаа тавь. Шөлөө асга» гэхэд Гидеон хэлснийх нь дагуу хийв. 21  Тэгэхэд нь Еховагийн тэнгэрийн элч гартаа барьсан таягныхаа үзүүрийг мах, исгээгүй талханд хүргэв. Хаднаас гал дүрэлзэж, мах болон талхыг шатааж орхижээ. Ингээд Еховагийн тэнгэрийн элч алга болов. 22  Гидеон Еховагийн тэнгэрийн элчтэй уулзсанаа мэдээд: «Аяа, Хэмжээгүй эрхт эзэн Ехова минь, би Ехова таны тэнгэрийн элчтэй нүүр тулан уулзжээ!» гэжээ. 23  Ехова түүнд «Амар тайван бай. Битгий ай. Чи үхэхгүй» гэж хэлэв. 24  Гидеон тэнд Еховад тахилын ширээ босгожээ. Тэр тахилын ширээг Ехова-шалом* гэдэг бөгөөд одоо ч абиезерчүүдийн хот Офрад бий. 25  Тэр шөнө Ехова Гидеонд «Эцгийнхээ залуу бухыг долоон настай бухын* хамт ав. Бас Баалд зориулан босгосон эцгийнхээ тахилын ширээг нураагаад хажуугийнх нь ариун шонг* цавчиж унага. 26  Тэгээд энэ өндөрлөгийн орой дээр чулуу өрж Ехова Бурхандаа зориулан тахилын ширээ босго. Унагасан шонгийнхоо модыг хагалж түлээд, хоёр дахь бухаараа шатаалт тахил өргө» гэлээ. 27  Ингээд Гидеон зарц нараасаа 10 эрэгтэйг дагуулан явж, Еховагийн хэлснээр хийв. Гэхдээ эцгийнхээ гэрийнхнээс, хотын хүмүүсээс айсан тул өдрөөр хийж зүрхлэлгүй, шөнөөр хийв. 28  Хотын эрчүүд маргааш өглөө нь эрт босоод хартал Баалын тахилын ширээг нурааж, хажуугийнх нь ариун шонг цавччихсан байв. Тэнд шинээр тахилын ширээ босгоод, дээр нь хоёр дахь бухаар тахил өргөсөн байжээ. 29  Тэд бие биеэсээ «Хэн үүнийг хийчхэв ээ?» гэж асууж лавлаад «Иоашийн хүү Гидеон л байж таарна» гэцгээв. 30  Тиймээс хотын эрчүүд Иоашт «Хүүгээ авчир. Хүү чинь үхэх ёстой. Баалын тахилын ширээг нурааж, хажуугийнх нь ариун шонг цавчиж унагасан байна» гэв. 31  Иоаш тэдэнд «Та нар яагаад Баалын төлөө тэмцэх ёстой гэж? Та нар түүнийг аврах ёстой юу? Баалын төлөө тэмцэх гэсэн хэн боловч энэ өглөө үхнэ гэж мэд! Баал бурхан л юм бол нураагдсан тахилын ширээнийхээ төлөө өөрөө тэмцэг» гэв. 32  Иоаш: «Баал бурхан л юм бол нураагдсан тахилын ширээнийхээ төлөө өөрөө тэмцэг» гээд Гидеоныг Иеруббаал* гэж нэрлэжээ. 33  Мидианчууд, амалекчууд, зүүн нутгийнхан бүгдээрээ хүчээ нэгтгэв. Тэд Иордан голыг гатлан, Иезреелийн талд ирж буудаллалаа. 34  Тэгэхэд Ехова агуу хүчээ Гидеонд өгөв. Гидеон бүрээ үлээж абиезерчүүдийг цуглуулахад тэд түүнийг дагалаа. 35  Бас бусад манассечууд руу элч нарыг илгээхэд тэд ч Гидеоныг дагав. Түүнээс гадна ашерчууд, зебулунчууд, нафталичууд руу элч нарыг илгээхэд тэд түүнтэй уулзахаар ирэв. 36  Ингээд Гидеон жинхэнэ Бурханд хандан «Та амласан ёсоороо надаар дамжуулан Израйлыг аврах бол 37  ийм нэг тэмдэг үзүүлээч. Би үтрэмд ноос тавина. Зөвхөн ноосон дээр нь шүүдэр бууж, бусад газар нь хуурай байвал таныг амласан ёсоороо, надаар дамжуулан израйлчуудыг аварна гэж ойлгоё» гэлээ. 38  Тэгтэл яг хэлснээр нь болжээ. Гидеоныг маргааш өглөө нь эрт босоход ноос шүүдэрт норсон байлаа. Ноосыг мушгихад том аяга дүүрэхээр ус гарав. 39  Гидеон дахиад жинхэнэ Бурханд «Та надад битгий уурлаарай. Би танаас дахиад ганцхан удаа гуйя. Дахин нэг удаа шалгахыг минь зөвшөөрнө үү. Энэ удаа газар дээр шүүдэр буулгаж, ноосыг хуурай байлгаж өгөөч» гэлээ. 40  Бурхан тэр шөнө хэлснээр нь газарт шүүдэр буулгаж, ноосыг хуурай үлдээв.

Зүүлт

Эсвэл «зоориуд» гэсэн бололтой.
Үгч. «бурхдаас эмээх»
«Септуагинт»-д «Еховагийн тэнгэрийн элч» гэж байдаг.
22 л орчим. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
«Ехова бол амар тайван» гэсэн утгатай.
Үгч. «хоёр дахь залуу бухын»
«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.
«Баал хууль ёсоор өөрийгөө хамгаалаг» гэсэн утгатай.