Шүүгчид 18:1–31

  • Данчууд газар нутаг хайв (1-31)

    • Микагийн шүтээнүүд болон тахилчийг нь авч явав (14-20)

    • Лаишийг эзэлж Дан гэж нэрлэв (27-29)

    • Данд шүтээн шүтэв (30, 31)

18  Тэр үед Израйл хаангүй байв. Бас тэр үед Дан овгийнхон Израйлын овгуудын дунд өв болгон авсан газар нутгаа эрхшээлдээ бүрэн оруулаагүй байсан учраас амьдрах газар нутаг хайж байлаа. 2  Данчууд газар нутаг тандан судлахад тохирсон, Зора болон Ештаолын таван эрийг сонгоод тэдэнд «Явж, газар нутгийг судал» гээд явуулав. Тэд Ефраимын уулархаг нутагт, Микагийн гэрт очиж хоноглов. 3  Тэд гэрийнх нь ойролцоо байхдаа леви залуугийн дууг* таниад очиж «Хэн чамайг энд авчрав? Энд юу хийж байгаа юм бэ? Энд юунд нь хоргодоод байгаа юм бэ?» гэж асуужээ. 4  Тэрбээр өөрийнх нь төлөө Микагийн юу хийснийг яриад «Мика надад мөнгө өгч тахилчаар үйлчлүүлж байгаа юм» гэхэд 5  тэд: «Бидний аян зам саадгүй байх эсэхийг Бурхнаас асууж өгөөч» гэлээ. 6  Тахилч залуу тэдэнд «Яв яв. Бүү санаа зов. Аян замын чинь турш Ехова та нартай хамт байх болно» гэв. 7  Тэгээд тэр тав цааш хөдөлж Лаишт очоод тэндхийн хүмүүсийг сидончууд шиг хэнээс ч хараат бус амьдарч байгааг харжээ. Тэндхийнхэн амар жимэр, айх аюулгүй амьдарч байсан бөгөөд газар нутгийг нь эзлэн түрэмгийлэх гэсэн хэн ч байсангүй. Лаишийн ард түмэн сидончуудаас алс хол төдийгүй хэнтэй ч харилцаа холбоогүй байжээ. 8  Туршуулуудыг Зора, Ештаолд буцаж ирэхэд ах дүүс нь: «Явсан хэрэг бүтсэн үү?» гэж асуув. 9  Тэд: «Маш сайхан нутаг оллоо. Явж, эзэлж авцгаая. Хойш суух хэрэг юу байна вэ? Хурдан явж эзэлцгээе. 10  Та нар айх аюулгүй амьдарч байгаа хүмүүс дээр, өргөн уудам нутагт очно. Бүх юмаар элбэг дэлбэг тэр газрыг Бурхан та нарт өгчээ» гэлээ. 11  Тэгээд Дан овгийн, зэвсэг агссан 600 эр Зора, Ештаолоос хөдлөв. 12  Тэд өгсөж явсаар Иудагийн Кириат-иеаримын ойролцоо очиж буудаллав. Тиймээс Кириат-иеаримын баруун талд байдаг уг газрыг Махане-дан* гэж нэрлэсэн бөгөөд өнөөг хүртэл тэр нэрээрээ байгаа. 13  Даны эрчүүд цааш хөдлөн Ефраимын уулархаг нутагт хүрч, Микагийн гэрт очив. 14  Лаишийн нутгийг тандсан таван эр ах дүү нартаа «Энэ байшингуудад ефод, терафим*, сийлмэл болон металл шүтээн байдаг юм. Та нар яахаа өөрсдөө мэд» гэжээ. 15  Тэр тав түр саатаж Микагийнд сууж буй леви залуугийн гэрт очоод амар мэндийг нь асуув. 16  Зэвсэг агссан 600 дан эр дааман хаалган дээр зогсож байлаа. 17  Лаишийг тандсан таван эр Микагийн гэрээс сийлмэл шүтээн, ефод, терафим, металл шүтээнийг нь авахаар оров. (Тахилч зэвсэг агссан 600 эртэй хамт дааман хаалганы өмнө зогсож байв. ) 18  Тэд Микагийн гэрт орж сийлмэл шүтээн, ефод, терафим, металл шүтээнийг авчээ. Тахилч тэдэнд «Яаж байгаа чинь энэ вэ?» гэхэд 19  тэд: «Дуугүй бай! Үг дуугүй бидэнтэй хамт явж, бидний зөвлөгч*, тахилч бол. Ганц айлын тахилч байсан нь дээр үү? Эсвэл Израйлын нэг овгийн тахилч байсан нь дээр үү?» гэж хэлэв. 20  Энэ санал таалагдсан тул тэрбээр ефод, терафим, сийлмэл шүтээнийг аваад тэдэнтэй хамт замд гарчээ. 21  Ингээд тэд хүүхэд багачууд, мал сүрэг, эд хөрөнгөө урдаа гаргаад аян замаа үргэлжлүүлэв. 22  Тэднийг Микагийн гэрээс нэлээд холдсоны дараа Мика гэрийнхээ ойр хавьд амьдардаг эрчүүдийг цуглуулаад данчуудыг гүйцэж очив. 23  Тэгээд данчуудыг дуудахад тэд эргэж хараад Микад «Юу болов? Яагаад ийм олуулаа ирээ вэ?» гэхэд 24  Мика: «Та нар миний хийсэн бурхдыг, тахилчийг маань авч явсан байна. Надад юу ч үлдээгээгүй байж “Юу болов?” гэж яаж асууж чадаж байна аа?» гэлээ. 25  Тэгэхэд данчууд: «Битгий дуугаа өндөрсгөөд бай! Үгүй бол манай уур омогтой эрчүүд та нарыг гэрийнхэнтэй чинь хөнөөнө шүү!» гэжээ. 26  Тэгээд данчууд цааш явлаа. Мика тэднийг дийлэхгүйгээ мэдээд гэр лүүгээ буцав. 27  Данчууд Микагийн хийсэн бурхад, бас тахилчийг нь авч Лаишт очоод, амар амгалан, айх аюулгүй амьдарч байсан хүмүүсийг илдээр хөнөөж, хотыг нь галдан шатаав. 28  Хотынхныг аврах хэн ч байсангүй. Учир нь энэ хотынхон Сидоноос алс хол, хэнтэй ч харилцаа холбоогүй байв. Тэд Бет-рехобт харьяалагддаг тал нутагт байжээ. Ингээд данчууд хотыг сэргээн босгож, тэндээ суурьшив. 29  Тэгээд хотыг өвөг эцгийнхээ нэрээр буюу Израйлын хүү Даны нэрээр нэрлэв. Өмнө нь уг хотыг Лаиш гэдэг байжээ. 30  Данчууд өөрсдөдөө зориулан өнөөх сийлмэл шүтээнийг тэнд байрлуулж, Мосегийн хүү Гершомын удмын Ионатаныг болон үр удмыг нь овгийнхоо тахилчид болгов. Тэд нутгийн оршин суугчдыг цөллөгт явах хүртэл тахилчаар үйлчилжээ. 31  Ийнхүү данчууд Микагийн бүтээсэн сийлмэл шүтээнийг тэнд байрлуулсан юм. Тэр нь жинхэнэ Бурхны шүтлэгийн асар Шилод байсан бүх хугацаанд тэнд байв.

Зүүлт

Эсвэл «аялгыг»
«Даны хуаран» гэсэн утгатай.
Эсвэл «гэрийн бурхад; шүтээнүүд»
Үгч. «эцэг»