Шүүгчид 10:1–18
10 Абимелехийг нас барсны дараа Ефраимын уулархаг нутаг дахь Шамирт суудаг иссахар хүн Додогийн ач, Пуагийн хүү Тола Израйлыг шүүх болов.
2 Тэрбээр Израйлыг 23 жил шүүжээ. Түүнийг нас барахад Шамирт оршуулав.
3 Түүний дараа гилеад хүн Иаир шүүгч болж Израйлыг 22 жил шүүв.
4 Тэрбээр 30 хүүтэй байжээ. Хөвгүүд нь тус бүр илжигтэй, өөрийн гэсэн хоттой байлаа. Гилеад нутгийн тэдгээр 30 хотыг Хаввот-иаир гэдэг бөгөөд өнөөг хүртэл энэ нэрээрээ байгаа.
5 Иаирыг нас эцэслэхэд Камонд оршуулав.
6 Израйлчууд дахин Еховагийн бузар муу гэж үздэг зүйлсийг хийж, Баалууд, Ашторетын шүтээнүүд, Арам*, Сидон, Моаб, Аммон, Филистийн бурхдыг шүтэв. Ийнхүү тэд Еховагаас нүүр буруулан, түүнийг шүтсэнгүй.
7 Тийм учраас Ехова уурлан хилэгнэж тэднийг филистчүүд, аммончуудын эрхшээлд оруулжээ.
8 Ингээд тэр жил филистчүүд, аммончууд израйлчуудыг эрхшээлдээ оруулж ихэд дарлан зовоов. Иорданы зүүнтээд Гилеад дахь аморичуудын нутагт суудаг израйлчуудыг тэд 18 жил дарлав.
9 Аммончууд бас Иорданыг гаталж Иуда, Бениамин, Ефраим овогтой тулалджээ. Израйлчууд их зовлон амсав.
10 Тэгээд Еховад «Бид танаас нүүр буруулж Баалыг шүтсэнээрээ нүгэл үйлджээ» гээд тусламж гуйжээ.
11 Харин Ехова израйлчуудад «Би та нарыг египетчүүд, аморичууд, аммончууд, филистчүүд,
12 сидончууд, амалекчууд, мидианчуудад дарлуулж байхад чинь авраагүй гэж үү? Надаас тусламж гуйн хашхирахад чинь би та нарыг аварсан билээ.
13 Гэтэл та нар надаас нүүр буруулж, өөр бурхдыг шүтсэн. Би та нарыг дахин аврахгүй.
14 Та нар өөрсдийнхөө сонгосон бурхдаасаа тусламж гуй. Тэд та нарыг зовлон зүдүүрээс чинь авраг» гэж хэлэв.
15 Тэгэхэд нь израйлчууд Еховад «Бид нүгэл үйлджээ. Иймээс та бидэнд хүссэнээрээ хандана уу. Гагцхүү энэ өдөр л биднийг авраач» гэж хэлээд
16 шүтээнүүдээ үгүй хийж, Еховаг шүтэв. Тийм учраас Бурхан израйлчуудын зовохыг хараад зүгээр сууж чадсангүй.
17 Аммончууд цуглаж Гилеадад хуарагнав. Израйлчууд ч цуглан Мизпад хуарагнажээ.
18 Гилеад дахь израйлчууд, удирдагчид өөр хоорондоо «Аммончуудтай тулалдахад хэн биднийг удирдах вэ? Тэр хүнийг Гилеадынхны удирдагч болгоё» гэцгээв.
Зүүлт
^ Эсвэл «Сири»