Филемонд бичсэн захидал 1:1–25
1 Христ Есүст итгэдгийнхээ улмаас хоригдож буй Паул болон итгэл нэгт Тимотоос хамтран зүтгэгч, хайрт Филемон,
2 итгэл нэгт Апфиа, Христийн цэрэг Архийп болон танайд цугладаг хуралд бичиж байна.
3 Бурхан Эцэг болон Эзэн Есүс Христ та бүхнийг хойшид ч нигүүлсэж, амар тайвныг соёрхоосой гэж бид залбирдаг.
4 Би чиний төлөө залбирахдаа Бурханд үргэлж талархдаг.
5 Эзэн Есүст итгэдгийг чинь, түүнийг болон Бурхны ард түмнийг* хайрладгийг чинь хүмүүс дандаа ярьдаг юм.
6 Христэд үйлчилдэг бид их ивээл хүртдэгийг итгэл нэгт чамайг ойлгоосой гэж би залбирдаг.
7 Дүү минь, итгэл нэгтнүүдээ хайрладаг чинь намайг ихэд баярлуулж, тайвшруулдаг. Чиний ачаар итгэл нэгтнүүд чинь бие биеэ халуун сэтгэлээр хайрладаг*.
8 Ийм болохоор чамаас хүсэх юм байна. Зөвийг үйлд гэж чамд тушаах бүрэн эрх Христийн элч Паул надад байгаа ч
9 насаар ахмад, эдүгээ Христ Есүст итгэдгийнхээ улмаас хоригдож байгаа би, бусдыг гэсэн сэтгэлтэй Филемон чамаас гуйя.
10 Би шоронд байхдаа нэг хүүтэй болсон юм. Тэр хүн бол Онесим.
11 Өмнө нь тэр чамд хэрэггүй хүн байсан бол одоо чамд ч, надад ч хэрэгтэй хүн болсон.
12 Хайрт энэ хүүгээ би чам руу явуулж байна.
13 Сайн мэдээнээс болж хорионд байгаа би чиний оронд Онесимоор туслуулмаар байгаа ч
14 чиний зөвшөөрөлгүйгээр юу ч хиймээргүй байна. Сайн үйл чинь албадлагынх бус, чин сэтгэлийнх байгаасай.
15 Онесим чамтай үүрд хамт байх байсан учир чамаас хэсэг зуур холдсон ч юм бил үү.
16 Одоо чам руу очиж байгаа хүн бол жирийн нэг боол бус, харин хайрт дүү чинь юм. Онесим миний хувьд онцгой хайртай хүн болсон. Тэгвэл чиний хувьд бүр ч онцгой хүн байх учиртай. Тэр чиний боол ч мөн, итгэл нэгт дүү чинь ч мөн.
17 Тиймд, бас чи намайг анд нөхрөө гэж үздэг бол яг намайг хүлээж авдаг шигээ түүнийг элэгсэг хүлээж аваарай.
18 Түүнээс гадна, тэр чамд муу юм хийсэн бол эсвэл чамайг хохироосон бол хариуцлагыг нь би хүлээнэ.
19 Өрийг нь төлнө гэдгээ би өөрийн гараар бичиж байна. Нөгөөтээгүүр, чи надад бүр их өртэй ч үүнийг бичих нь илүүц болов уу.
20 Тиймээс итгэл нэгт дүү минь, Христийн дагалдагчийн ёсоор миний сэтгэлийг амраагаач*.
21 Гуйлтыг минь биелүүлнэ гэдэгт итгэж байгаа учир үүнийг бичлээ. Үнэндээ бол чи үүнээс ч илүүг хийх хүн мөн.
22 Бас надад байр бэлдээрэй. Та нарын залбирлын ачаар нүүр тулан уулзана гэж найдаж байна.
23 Христ Есүсээс болж надтай адил хоригдож байгаа Епафр,
24 бас хамтран зүтгэгч Аристарх, Дем, Лук чамд мэнд хүргэж байна.
25 Зөв хандлагатай та нарыг Эзэн Есүс Христ нигүүлсэх болтугай.
Зүүлт
^ Үгч. «ариун хүмүүсийг»
^ Үгч. «ариун хүмүүсийн дотор эрхтэн шинэчлэгддэг»
^ Үгч. «дотор эрхтнийг минь шинэчлээч»