Тооллого 9:1–23

  • Дээгүүр өнгөрөх баярын идээ (1-14)

  • Асрын дээгүүрх үүл, гал (15-23)

9  Израйлчуудыг Египетийн нутгаас гарсны хоёр дахь жилийн эхний сард Синаин цөлд Ехова Мосед 2  «Израйлчууд Дээгүүр өнгөрөх баярын тахилыг товлосон цагт нь бэлдэх ёстой. 3  Товлосон цагт нь буюу энэ сарын 14-ний үдшийн бүрийгээр бүх зарлиг, журмынх нь дагуу бэлдэх ёстой» гэж айлдав. 4  Тиймээс Мосе израйлчуудад Дээгүүр өнгөрөх баярын тахилыг бэлдэхийг тушаав. 5  Иймээс тэд Синаин цөлд, эхний сарын 14-нд үдшийн бүрийгээр Дээгүүр өнгөрөх баярын тахилыг бэлджээ. Израйлчууд Еховагийн Мосед тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэв. 6  Гэтэл цогцост хүрснээс болж бузартсан хүмүүс тэр өдөр Дээгүүр өнгөрөх баярын тахилыг бэлдэх боломжгүй болжээ. Тиймээс тэд тэр өдөртөө Мосе Аарон хоёрын өмнө очоод 7  «Бид нар шарилд хүрээд бузартсан юм. Гэхдээ яагаад израйлчуудтай хамт товлосон цагт Еховагийн тахилыг нядалж болохгүй юм бэ?» гэлээ. 8  Мосе: «Та нар түр азнаж байгаарай. Еховагийн юу гэхийг нь мэдээдэхье» гэв. 9  Ехова Мосед 10  «Израйлчуудад ингэж хэл. “Та нарын хэн нэг нь эсвэл хойч үеийнхний чинь хэн нэг нь шарилд хүрч бузартсан юм уу холын аянд явсан байлаа ч Еховагийн Дээгүүр өнгөрөх баярын тахилыг бэлдэх ёстой. 11  Тэд тахилаа хоёр дахь сарын 14-ний үдшийн бүрийгээр бэлдэж, исгээгүй талх, гашуун ногоонуудтай хамт идэх ёстой. 12  Өглөө болтол юу ч үлдээж болохгүй. Тахилын малын нэг ч ясыг хугалж болохгүй. Дээгүүр өнгөрөх баярыг бүх зарлиг тушаалынх нь дагуу тэмдэглэх ёстой. 13  Харин бузартаагүй, холын аянд яваагүй мөртлөө Дээгүүр өнгөрөх баярын тахилыг бэлдээгүй бол тэр хүнийг хөнөөх ёстой. Яагаад гэвэл тэр хүн товлосон цагт нь Еховагийн тахилыг нядлаагүй юм. Тэр хүн нүглийнхээ хариуцлагыг хүлээнэ. 14  Та нарын дунд суугаа харийн хүн ч Еховад зориулж Дээгүүр өнгөрөх баярын тахилыг бэлдэх ёстой. Дээгүүр өнгөрөх баярын тахилыг зарлиг, журмынх нь дагуу бэлдэх ёстой. Та нар ч, харийн хүмүүс ч ялгаагүй энэ л хууль тушаалыг дагагтун”» хэмээн айлдав. 15  Шүтлэгийн асрыг босгосон өдөр асрыг үүл бүрхжээ. Тэр үүл оройноос өглөө болтол гэрчлэлийн асар буюу шүтлэгийн асрын дээгүүр гал мэт гэрэлтэж байлаа. 16  Энэ нь цаашдаа ч үргэлжилж, өдөр асрыг бүрхсэн үүл шөнө нь гал шиг гэрэлтүүлдэг байлаа. 17  Үүл асрын дээрээс өргөгдөхөд израйлчууд тэр даруй хөдөлж, үүл тогтоход тэр газарт нь буудалладаг байв. 18  Израйлчууд Еховагийн тушаалаар хөдөлж, Еховагийн тушаалаар буудалладаг байжээ. Үүл шүтлэгийн асрын дээрээс хөдлөхгүй бол тэд тэндээсээ нүүдэггүй байв. 19  Үүл асрын дээр олон хоног тогтвол израйлчууд мөн л Еховагийн үгийг дагаж нүүдэггүй байлаа. 20  Заримдаа үүл асрын дээр цөөхөн хоног тогтдог байв. Израйлчууд Еховагийн тушаалаар буудаллаж, Еховагийн тушаалаар хөдөлдөг байлаа. 21  Үүл заримдаа оройноос өглөө хүртэл л тогтдог байжээ. Өглөө өргөгдөхөд нь тэд хөдөлдөг байв. Өдөр ч, шөнө ч хэзээ л үүл өргөгдөнө, тэр үед нь тэд аян замдаа гардаг байжээ. 22  Үүл асрын дээр хоёр өдөр, нэг сар гээд хэчнээн ч удаан тогтсон бай израйлчууд тэндээ буудаллаж, нүүдэггүй байлаа. Харин өргөгдөхөд нь нүүдэг байв. 23  Ийнхүү тэд Еховагийн тушаалаар буудаллаж, Еховагийн тушаалаар нүүж байлаа. Тэд Еховагийн Мосед тушаасны дагуу Еховагийн үгийг дагаж байв.

Зүүлт