Тооллого 4:1–49
4 Дараа нь Ехова Мосе Аарон хоёрт
2 «Левичүүдийн дундаас Кохатын үр удмыг ураг ургаар нь, эцгийн бүлүүдээр нь тоологтун.
3 Ингэхдээ цугларалтын асартай хамаатай ажил хийхээр томилогдсон 30–50 насны эрчүүдийг нь тоол.
4 Кохатчууд цугларалтын асрын маш ариун зүйлстэй хамаатай дараах үүргийг хүлээнэ.
5 Хуаранг нүүх болоход Аарон хөвгүүдтэйгээ асарт орж, гэрчлэлийн авдрын хажуу дахь хөшгийг буулган авч авдрыг бүтээнэ.
6 Бас далайн хавын арьсан бүтээлгийг дээр нь тавьж, дээгүүр нь хөх даавуугаар бүтээгээд авдарт дамнуургуудыг шургуулна.
7 Тэд бас талх тавьдаг ширээг хөх даавуугаар бүтээж, дээр нь аяга тавагнууд, ундаан өргөлийн домбонууд болон савнуудыг тавина. Тэгээд ширээн дээр байнга өргөдөг талхнуудаа тавих ёстой.
8 Дээгүүр нь час улаан даавуу болон далайн хавын арьсан бүтээлгээр бүтээгээд дамнуургуудыг нь шургуулна.
9 Тэгээд хөх даавуу авч дэнгийн суурийг дэнгүүд, чимхүүрүүд, галын гаргуулууд, байнга асаалттай байлгахад хэрэглэх тосыг хийдэг савнуудыг бүтээнэ.
10 Дэнгийн суурийг бүх эд хэрэгсэлтэй нь далайн хавын арьсан бүтээлгэнд ороогоод модон дамнуурга дээр тавих ёстой.
11 Мөн тэд утлагын алтан ширээг хөх даавуу болон далайн хавын арьсан бүтээлгээр бүтээгээд дамнуургуудыг нь шургуулна.
12 Дараа нь ариун газарт тогтмол хэрэглэгддэг бүх эд хэрэгслүүдийг хөх даавуун дээр тавьж далайн хавын арьсан бүтээлгэнд ороогоод дамнуурган дээр тавих ёстой.
13 Тэд тахилын ширээний үнсийг нь* цэвэрлээд нил ягаан ноосон даавуугаар бүтээнэ.
14 Тахилын ширээн дээр тахил өргөхөд хэрэглэгддэг бүх эд хэрэгсэл буюу галын гаргуулууд, сэрээнүүд, хүрзнүүд, савнуудыг тавина. Тэгээд далайн хавын арьсан бүтээлгээр бүтээж, дамнуургуудыг нь шургуулах ёстой.
15 Хуаранг нүүхээс өмнө Аарон хөвгүүдтэйгээ ариун газрын бүх зүйлсийг бүтээсэн байх ёстой. Тэгээд кохатчууд зөөхөөр очно. Тэд ариун газрын эд зүйлсэд хүрч болохгүй бөгөөд хүрвэл үхнэ. Цугларалтын асартай хамаатай кохатчуудын үүрэг нь энэ юм.
16 Тахилч Аароны хүү Елеазар гэрэлтүүлгийн тос, анхилуун утлага, байнгын идээн өргөл, тосолгооны тосыг хариуцах үүрэгтэй. Мөн шүтлэгийн асрыг ариун газар болон доторх эд хэрэгсэлтэй нь бүхэлд нь хариуцна» гэжээ.
17 Ехова цааш нь Мосе Аарон хоёрт
18 «Кохатчууд левичүүдийн дундаас устгагдах учиргүй.
19 Тэднийг маш ариун зүйлсэд ойртож үхүүлэхгүй, амьд байлгахын тулд тэдний төлөө дараах зүйлийг хий. Аарон хөвгүүдтэйгээ цугларалтын асарт орж кохатчуудад ажлыг нь хуваарилж, юу зөөхийг нь зааж өгнө.
20 Кохатчууд асарт орох юм уу ариун зүйлсийг харж болохгүй. Халти орох юм уу харсан ч үхнэ» гэж айлдав.
21 Тэгээд Ехова Мосед
22 «Гершоны үр удмыг ураг ургаар нь, эцгийн бүлүүдээр нь тоологтун.
23 Ингэхдээ цугларалтын асарт ажиллахаар томилогдсон 30–50 насны эрчүүдийг нь тоол.
24 Гершоны ургууд дараах зүйлсийг хариуцаж, зөөх үүрэгтэй.
25 Тэдний зөөх зүйлс нь цугларалтын асар буюу шүтлэгийн асрын бүрээсүүд болох дотор, гадар бүрээс, хамгийн дээд талынх нь далайн хавын арьсан бүрээс, цугларалтын асрын үүдний хөшиг,
26 шүтлэгийн асар ба тахилын ширээг тойрсон хашааны хөшиг, хашааны үүдний хөшиг, уяанууд, тэдгээрийн багаж хэрэгсэл, асартай хамаатай ажил хийхэд хэрэглэгддэг бүхэн юм. Тэд ийм үүрэг хүлээсэн билээ.
27 Гершончууд Аарон болон хөвгүүдийнх нь хэлж зааварласны дагуу бүх ажлаа хийж, дээрх ачааг зөөнө. Аарон хөвгүүдтэйгээ дээрх бүх ачааг зөөхийг тэдэнд үүрэг болгоно.
28 Цугларалтын асартай хамаатай Гершоны ургуудын гүйцэтгэх үүрэг, хийх ажлыг тахилч Аароны хүү Итамар удирдан зааварлана.
29 Мераригийн үр удмыг ураг ургаар нь, эцгийн бүлүүдээр нь тоологтун.
30 Ингэхдээ цугларалтын асарт ажиллахаар томилогдсон 30–50 насны эрчүүдийг нь тоол.
31 Тэд цугларалтын асрын үйлчлэлтэй хамаатай дараах зүйлсийг зөөх үүргийг хүлээнэ. Тэд асрын яс модон хүрээнүүд, хөндлөвч моднууд, баганууд, углуургууд,
32 хашааны баганууд, хашааны углуургууд, асрын гадаснууд, асрын уяаг бүх тоног хэрэгсэлтэй нь, үйлчлэлтэйгээ хамаатай бүх зүйлийг зөөнө. Тэдний зөөх бүх эд хэрэгслийг нэг бүрчлэн нэрээр нь зааж өгөх ёстой.
33 Мераригийн ургуудыг цугларалтын асартай хамаатай ажил хийхэд нь тахилч Аароны хүү Итамар удирдан зааварлана» гэжээ.
34 Ингээд Мосе, Аарон болон чуулганы удирдагчид Кохатын үр удмыг ураг ургаар нь, эцгийн бүлүүдээр нь бүртгэв.
35 Ингэхдээ цугларалтын асарт ажиллахаар томилогдсон 30–50 насны эрчүүдийг бүртгэжээ.
36 Ургуудынхаа дагуу бүртгэгдсэн хүмүүс нийтдээ 2 750 байв.
37 Эдгээр нь Кохатын ургуудаас бүртгэгдсэн, асартай хамаатай ажил хийх хүмүүс юм. Мосе Аарон хоёр тэднийг Еховагийн Мосед тушааснаар бүртгэжээ.
38 Гершоны үр удмыг ураг ургаар нь, эцгийн бүлүүдээр нь бүртгэв.
39 Ингэхдээ цугларалтын асарт ажиллахаар томилогдсон 30–50 насны эрчүүдийг бүртгэжээ.
40 Ураг ургаараа, эцгийн бүлүүдээрээ бүртгэгдсэн хүмүүс нийтдээ 2 630 байв.
41 Эдгээр нь Гершоны ургуудаас бүртгэгдсэн, асартай хамаатай ажил хийх хүмүүс юм. Мосе Аарон хоёр тэднийг Еховагийн тушааснаар бүртгэжээ.
42 Мераригийн үр удмыг ураг ургаар нь, эцгийн бүлүүдээр нь бүртгэв.
43 Ингэхдээ цугларалтын асарт ажиллахаар томилогдсон 30–50 насны эрчүүдийг бүртгэжээ.
44 Ургуудынхаа дагуу бүртгэгдсэн хүмүүс нийтдээ 3 200 байв.
45 Эдгээр нь Мераригийн ургуудаас бүртгэгдсэн хүмүүс юм. Мосе Аарон хоёр тэднийг Еховагийн Мосед тушааснаар бүртгэжээ.
46 Мосе, Аарон, Израйлын овгийн удирдагчид эдгээр левичүүдийг ураг ургаар нь, эцгийн бүлүүдээр нь бүртгэв.
47 Ингэхдээ цугларалтын асартай хамаатай ажил хийхээр, асрын эд зүйлийг зөөхөөр томилогдсон 30–50 насны эрчүүдийг бүртгэжээ.
48 Бүртгэгдсэн хүмүүс нийтдээ 8 580 байв.
49 Тэднийг Еховагийн Мосед тушаасны дагуу, цугларалтын асартай хамаатай ямар ажил хийж, юу зөөхөөр нь бүртгэсэн юм. Тэд яг Еховагийн Мосед тушааснаар гүйцэтгэжээ.
Зүүлт
^ Эсвэл «тостой үнсийг нь». Энэ нь тахилын өөхний тос нэвчсэн үнс.