Тооллого 30:1–16

  • Эрэгтэй хүн тангараг өргөвөл (1, 2)

  • Эмэгтэйчүүд, охид тангараг өргөвөл (3-16)

30  Дараа нь Мосе Израйлын овгуудын тэргүүнүүдэд «Ехова ингэж тушааж байна. 2  Хэрэв эрэгтэй хүн ямар нэг юм хийхээр Еховад амлавал эсвэл ямар нэг юмыг хийхгүй байхаар ам өчиг өгвөл хэлснээсээ няцаж болохгүй. Харин амласнаа биелүүлэхийн тулд бүхнийг хийх ёстой. 3  Хэрэв эмэгтэй хүн залуу насандаа, эцгийнхээ гэрт амьдарч байхдаа Еховад амлалт өгөх юм уу ямар нэг юмыг хийхгүй байхаар ам өчиг өгвөл 4  эцэг нь охиныхоо амлалт өгснийг эсвэл ямар нэг юмыг хийхгүй байхаар ам өчиг өгснийг сонсоод дургүйцээгүй бол охиных нь бүх амлалт болон ямар нэг юмыг хийхгүй байхаар өгсөн ам өчиг нь хүчинтэй хэвээрээ байна. 5  Харин охиныхоо өргөсөн амлалт эсвэл ямар нэг юмыг хийхгүй байхаар өгсөн ам өчгийг эцэг нь сонсоод хоригловол хүчин төгөлдөр болохгүй. Эцэг нь хориглосон учраас Ехова тэр эмэгтэйг уучилна. 6  Хэрэв эмэгтэй хүн амлалт өгсөн юм уу яаран ам өчиг өгсөн байхдаа нөхөрт гарвал, 7  нөхөр нь тэр тухай сонссон өдрөө дургүйцэхгүй бол эхнэрийнх нь амлалт болон ямар нэг юмыг хийхгүй байхаар өгсөн ам өчиг нь хүчинтэй хэвээр байна. 8  Харин нөхөр нь эхнэрийнхээ өгсөн амлалт эсвэл сайн бодохгүй өгсөн ам өчгийнх нь тухай сонссон өдрөө хориглож хүчингүй болговол Ехова тэр эмэгтэйг уучилна. 9  Бэлэвсэн юм уу салсан эмэгтэй амлалт өгвөл амласан бүхнээ биелүүлэх ёстой. 10  Хэрэв нөхөртэй эмэгтэй амлалт өгөх юм уу ямар нэг юмыг хийхгүй байхаар ам өчиг өгвөл 11  нөхөр нь энэ тухай сонсоод дургүйцэлгүй зөвшөөрвөл эхнэрийнх нь бүх амлалт болон ямар нэг юмыг хийхгүй байхаар өгсөн ам өчиг хүчинтэй хэвээрээ байна. 12  Харин нөхөр нь сонссон өдрөө тас хоривол эхнэрийнх нь өгсөн амлалт эсвэл ямар нэг юмыг хийхгүй байхаар өгсөн ам өчиг хүчингүй болно. Нөхөр нь хүчингүй болгосон учраас Ехова тэр эмэгтэйг уучилна. 13  Эхнэрийнхээ өгсөн аливаа амлалт эсвэл өөрийгөө хорьж хязгаарлах амлалтыг нөхөр нь хүчинтэй эсвэл хүчингүй болгоно. 14  Хэрэв нөхөр нь эхнэрийнхээ өгсөн амлалт эсвэл ямар нэг юмыг хийхгүй байхаар өгсөн ам өчгийг сонссон ч хэдэн өдөр юу ч хэлээгүй бол тэдгээрийг хүчинтэй болгосон хэрэг. Тэрбээр эхнэрийнхээ ямар нэг амлалт өгснийг сонссон өдрөө дургүйцээгүй учраас амлалтыг нь хүчинтэй болгосон гэсэн үг. 15  Харин сонссоноосоо хойш хэдэн өдрийн дараа хүчингүй болговол эхнэрийнхээ гэм буруугийн хариуцлагыг үүрнэ. 16  Эдгээр нь эхнэр нөхөр, эцгийнхээ гэрт амьдардаг охин болон эцэгтэй нь хамаатайгаар Еховагийн Мосед өгсөн хууль тушаал юм» гэжээ.

Зүүлт