Тооллого 28:1–31

  • Тахил өргөх заавар (1-31)

    • Өдөр бүрийн тахил (1-8)

    • Амралтын өдрийн тахил (9, 10)

    • Сар бүрийн тахил (11-15)

    • Дээгүүр өнгөрөх баярын тахил (16-25)

    • Долоо хоногуудын баярын тахил (26-31)

28  Дараа нь Ехова Мосед 2  «“Надад өргөх хүнс буюу өргөл тахилд хянамгай ханд. Надад шатаан өргөх тааламжит үнэрт тахилуудыг тогтсон цагт нь өргөгтүн” гэж израйлчуудад тушаа. 3  Бас тэдэнд ингэж хэл. “Еховад дараах өргөл тахилыг шатаан өргөтүгэй. Өдөр бүр согоггүй хоёр эр хургыг байнгын шатаалт тахил болгон өргөх ёстой. 4  Нэг эр хургыг нь өглөө, нөгөөг нь үдшийн бүрийгээр өргө. 5  Ингэхдээ цохиж гаргасан хинийн* дөрөвний нэг тостой хольсон нарийн ширхэгтэй гурилаас ефагийн аравны нэгийг* идээн өргөл болгон хамт өргөнө. 6  Энэ нь анх Синаи уулан дээр тогтоогдсон байнгын шатаалт тахил бөгөөд Еховад зориулсан тааламжит үнэрт, шатаан өргөх тахил юм. 7  Эр хурга бүртэй хамт хинийн дөрөвний нэг хэмжээтэй ундаан өргөл болох хатуу ундааг өргөнө. Ингэхдээ ундаан өргөлөө Еховад зориулж ариун газар асгана. 8  Нөгөө эр хургыг нь үдшийн бүрийгээр өргөхдөө өглөө өргөдөг шигээ идээн өргөл, ундаан өргөлтэй өргө. Үүнийг Еховад тааламжит үнэрт тахил болгон шатаан өргөх ёстой. 9  Амралтын өдөр согоггүй хоёр эр хургыг ундаан өргөлтэй нь, бас идээн өргөл болох тостой хольсон нарийн ширхэгтэй гурилаас ефагийн аравны хоёрыг өргөгтүн. 10  Энэ бол Амралтын өдөр өргөх шатаалт тахил юм. Түүнчлэн байнгын шатаалт тахилыг ундаан өргөлтэй нь өргө. 11  Сар бүрийн эхэнд Еховад шатаалт тахил болгон хоёр залуу бух, нэг хуц, согоггүй долоон эр хурга өргөгтүн. 12  Бух бүртэй хамт идээн өргөл болох тостой хольсон нарийн ширхэгтэй гурилаас ефагийн аравны гурвыг, хуцтай хамт идээн өргөл болох тостой хольсон нарийн ширхэгтэй гурилаас ефагийн аравны хоёрыг, 13  эр хурга бүртэй хамт идээн өргөл болох тостой хольсон нарийн ширхэгтэй гурилаас ефагийн аравны нэгийг өргө. Эдгээр нь Еховад шатаан өргөх тааламжит үнэрт шатаалт тахил юм. 14  Мөн бух бүртэй хамт хагас хин дарс, хуцтай хамт хинийн гуравны нэг дарс, эр хурга бүртэй хамт хинийн дөрөвний нэг дарсыг ундаан өргөл болгон өргөнө. Жилээс жилд сар бүр эдгээр шатаалт тахилыг өргөх ёстой. 15  Байнгын шатаалт тахилыг ундаан өргөлтэй нь өргөхөөс гадна нэг залуу ухныг нүглийн төлөөх тахил болгон Еховад өргөгтүн. 16  Нэг дэх сарын 14-ний өдөр Еховад зориулсан Дээгүүр өнгөрөх баяр болно. 17  Уг сарын 15-нд баяр наадамтай бөгөөд долоон хоног исгээгүй талх иднэ. 18  Эхний өдөр нь ариун чуулгантай. Та нар ямар ч хүнд хүчир ажил хийж болохгүй. 19  Хоёр залуу бух, нэг хуц, долоон эр хургыг шатаалт тахил болгон Еховад өргө. Тэдгээр нь согоггүй байх ёстой. 20  Идээн өргөл нь тостой хольсон нарийн ширхэгтэй гурил байх бөгөөд бух бүртэй хамт ефагийн аравны гурвыг, хуцтай хамт ефагийн аравны хоёрыг, 21  долоон эр хурга тус бүртэй хамт ефагийн аравны нэгийг өргөгтүн. 22  Мөн нүглээ уучлуулахын тулд нэг ухныг нүглийн төлөөх тахил болгон өргө. 23  Та нар эдгээрийг байнгын шатаалт тахил болох өглөөний шатаалт тахилаас гадна өргөх ёстой. 24  Эдгээрийг та нар ийм маягаар долоон өдрийн туршид Еховад зориулж тааламжит үнэрт, шатаан өргөх хүнс болгон өргөгтүн. Үүнээс гадна байнгын шатаалт тахилыг ундаан өргөлтэй нь өргө. 25  Долоо дахь өдөр нь ариун чуулган хий. Та нар ямар ч хүнд хүчир ажил хийж болохгүй. 26  Долоо хоногуудын баяраар буюу анхны боловсорч гүйцсэн үр жимс өргөх өдрөө Еховад шинэ тариа өргөж, ариун чуулган хий. Ямар ч хүнд хүчир ажил хийж болохгүй. 27  Та нар хоёр залуу бух, нэг хуц, долоон эр хургыг Еховад тааламжит үнэрт шатаалт тахил болгон өргө. 28  Тэдгээрийн идээн өргөл нь тостой хольсон нарийн ширхэгтэй гурил байх бөгөөд бух бүртэй хамт ефагийн аравны гурвыг, хуцтай хамт ефагийн аравны хоёрыг, 29  долоон эр хурга тус бүртэй хамт ефагийн аравны нэгийг өргөгтүн. 30  Мөн нүглээ уучлуулахын тулд нэг залуу ухныг нүглийн төлөөх тахил болгон өргө. 31  Та нар эдгээрийг байнгын шатаалт тахил болон ундаан өргөлөөс нь гадна өргөх ёстой. Мөн согоггүй байх ёстой бөгөөд ундаан өргөлтэй нь өргөгтүн.

Зүүлт

1 хин нь 3,67 л. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
Аравны нэг ефа нь 2,2 л. Хавсралт Б14-ийг үзнэ үү.