Сургаалт үгс 6:1–35
6 Хүү минь, чи өөр хүний батлан даагч болж,Эсвэл үл таних хүнтэй гар барин тохиролцсон бол,
2 Амлалт чинь чамд урхи,Үг чинь чамд занга болсон бол
3 Хүү минь, чи тэр хүний эрхэнд орсон учирМултрахын тулд ингэ.
Түүн дээр хурдан очоод, өршөөгөөч гэж гуй.
4 Нойрноосоо сэр.
Нүдээ тэвхэд.
5 Гөрөөчний гараас зугтах зээр мэт,Шувуу агнагчийн торноос мултрах шувуу мэт өөрийгөө авар.
6 Залхуу минь, явж очоод шоргоолжноос суралц.
Юу хийдгийг нь хараад ухаан сууж ав.
7 Дарга, захирагч, удирдагч байхгүй ч
8 Шоргоолж зун нь хоол хүнсээ базааж,Ургац хураах цагаар идэш тэжээлээ нөөцөлдөг.
9 Залхуу минь, чи наанаа хэдий болтол хэвтэх юм бэ?
Хэзээ чи нойрноосоо сэрэх юм бэ?
10 Жаахан унтаж, хэсэг зүүрмэглэн,Гараа хумхин амрах зуур чинь
11 Ядуурал дээрэмчин мэт,Гачигдал зэвсэг агссан хүн мэт ирнэ.
12 Үнэ цэнгүй, өөдгүй муу хүн буруу зөрүү юм ярьж явдаг.
13 Нүдээ ирмэн, хөлөөрөө дохио өгч, гар хуруугаараа зангадаг.
14 Зүрх сэтгэл нь гажуудсан тэрбээрЯмагт хорон төлөвлөгөө сэдэж, хэрүүл маргаан дэгдээдэг.
15 Тиймээс тэрбээр гэнэтийн гамшигт нэрвэгдэнэ.
Хэзээ ч сэхэхгүйгээр хормын дотор сүйрнэ.
16 Еховагийн үзэн яддаг зургаан зүйл бий.
Жигшлийг нь төрүүлдэг долоон ч зүйл байна. Эдгээр нь:
17 Бардам нүд, худалч хэл, гэмгүй хүний цусыг урсгадаг гар,
18 Хорон санаа сэддэг зүрх, муу юм хийх гэж яардаг хөл,
19 Ам нээх болгондоо худал ярьдаг хуурамч гэрч,Ах дүүсийн дунд хагарал үүсгэдэг аливаа хүн юм.
20 Хүү минь, эцгийнхээ тушаалыг сахь.
Эхийнхээ зөвлөгөөг* бүү үл тоомсорло.
21 Тэдгээрийг зүрхэндээ сийл.
Хүзүүндээ зүү.
22 Тэдгээр нь явахад чинь чамайг удирдана.
Хэвтэхэд чинь чамайг хамгаална.
Сэрэхэд чинь чамтай ярина*.
23 Тушаал нь дэнлүү,Хууль нь гэрэл,Зэмлэл, сахилга бат* нь амийн зам юм.
24 Эдгээр нь чамайг муу санаат эмээс,Садар* эмийн уран үгээс хамгаална.
25 Тэр эмийн гоо үзэсгэлэнг бүү хүсэмжил.
Дур булаам харцанд нь бүү эзэмдүүл.
26 Учир нь чи янхнаас болж ганц зүсэм талхнаас өөр юмгүй хоцорно.
Бусдын эхнэрээс болж алтан амиа алдана.
27 Хүн хувцсаа шатаалгүй гал өвөртөлж чадах уу?
28 Эсвэл хөлөө түлэлгүй халуун нүүрсэн дээр явж чадах уу?
29 Бусдын эхнэртэй нөхөцсөн хүн ийм л байна.
Хүний эхнэрт хүрсэн хэн боловч шийтгэлээс мултрахгүй.
30 Өлөн ходоодоо дүүргэх гэж хулгай хийсэн хүнийгХүмүүс жигшдэггүй.
31 Гэсэн ч тэр баригдвал долоо нугалж төлнө.
Гэрийнхээ үнэ цэнтэй бүхнийг өгнө.
32 Өөр хүний эхнэртэй завхайрдаг хэн боловч бодлогогүй үйлдэл хийж байгаа хэрэг юм.
Тийм хүн өөрөө өөрийгөө сүйрүүлдэг.
33 Тэрбээр өөртөө хор хүргэж, олны жигшлийг төрүүлнэ.
Тарьсан шившиг нь хэзээ ч арилахгүй.
34 Эмэгтэйн нөхөр хардаж уур хилэн нь дүрэлзэнэ.
Өчүүхэн ч өрөвдөлгүй өшөө авна.
35 Нөхөн төлбөрийг* огт хүлээж авахгүй.
Хэчнээн үнэтэй бэлэг өгсөн ч тайвшрахгүй.